Бусдыг ирлэсэн нь үнэн үү? гэтэл
Булан ч хэлтрээгүй "молиг” байлтай
Билүүний хэлтэрхий мөн үү? гэтэл
Биендээ үстэй "золиг” байлтай
Огт үзээгүй чулуу юу? гэтэл
Оюун ухаант хүмүүн байлтай
Оройн дээд намдаа үнэнчийг нь бодохоор
Одоо хүртэл "комун” байлтай
Бичсэн шүлгийг нь уншаад байхлаар
Бэлэн хүүхнүүдийн "эрлэг” байлтай
Битүү сахлыг нь ажаад байхлаар
Бичнээс долоон дор "зэрлэг” байлтай
Хүчтэй, ухаантай мичийг нь бодохоор
Хүннү, Сүннүгээс татгалзахад хүрлээ
Хүүхэд шуухад төрүүлчихсэнийг нь бодохоор
Хүн үү? Мич үү? гэж эргэлзэхэд хүрлээ
Тэнгис далайн тэртээх гадаадын олон эрдэмтэд
Чингис судлалаар "диссертаци” хамгаалж байхад
Барьж авахаас ч наахнуур бараг хүй нэгдлээрээ байгаа
"Бавуу судлал”-аар би докторын зэрэг хамгаална аа!
ЯРУУ НАЙРАГЧ ТАНГАДЫН ГАЛСАНД
Захиргаадалтын үед зангарагтай явсан "эрэмгий” Галсан
Засаг төрийг зад шүүмжилсэн "түрэмгий” Галсан
Зайлуул тэгээд хэлмэгдэж хохирсон "ямаачин” Галсан
Залуу насаа хөдөө өнгөрүүлсэн "тэмээчин” Галсан
Хэцүү цаг үед хэгжүүрхэн чадсан "ёжтой” Галсан
Хэдэн шавиа хэлэмгий болгосон "ачтай” Галсан
Хэдэр эрийг хэмх өшиглөх "чацтай” Галсан
Хээнцэр бүсгүйг хэдэнтээ жаргаах "чалхтай” Галсан
Уран үгтэй, ундарга сайтай "хангал” Галсан
Уйгаржин бичгэнд нугасгүй хайртай "монгол” Галсан
Ухаант дээдсийн угшилыг хадгалсан "монхор” Галсан
Урьдын цагт бол баатар байхаар "банхар” Галсан
Эгшиглэнт найргийн Янжинлхамын "барлаг” Галсан
Эрхэм дээдсийг битүү түншихдээ "урлаг” Галсан
Энгийн сайхан дөрвөн мөртийн "эрлэг” Галсан
Эцэнхий хужааг шанаадаж мэдэх "зэрлэг” Галсан
ЯРУУ НАЙРАГЧ БААТАРЫН ГАЛСАНСҮХЭД
Ардчиллын хүчит шуурганаар авъяас билэг нь тэсрээд
Авангард шүлэгч Эзра Паундыг бишрээд
Аюулын танхай модернист фронтыг командлаад
Алаг эрвээхэйс, хун галуусыг Америк руу нисгээд
Архагшсан соц реализмын толгой дээр гишгээд
Алдарт хүрэхийн даваан дээр агшин зуур бүдрээд
Арван долоон чингэлэг спиртийн хуурцгыг авч зугтаад
Будилж будилж эцэст нь Горькийн сургууль дүүргээд
Буцлам халуун авъяасаараа "Болор цом”-ыг хүртээд
Будда, Христ, Аллахтай гар хангалга хийж мөчөөрхөөд
Бурханд хүртэл зөвлөгөө өгдөг… Чи ер нь хэн бэ?
ЯРУУ НАЙРАГЧ ЦООДОЛЫН ХУЛАНД
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдарч байсан чинь
Зүгээргүй муусайн юмнууд
Зүлгэн дээгүүр хамаагүй гишгээд
Барьсан гэр лүү минь чулуу нүүлгээд
Байж суухын аргагүй шоглодог байгаа
Одоо тэгвэл би ёстой
Ордон хавьцаа очиж ханхалзана
Сүхийн талбай дээр байшин бариад
Сүртэй бараатайхан шиг дүүхэлзэнэ
Уянгын шүлгээ түр орхиод засагт ажиллаад эхэлсэн чинь
Улсын хүүхэлдэйн театрыг хувьдаа авчихлаа гэж гүтгэсэн
Унхиа муутай хэдэн хүнийг ажлаас халж орхисон чинь
Ууртай догшин Филатова авгай амилаад ирлээ гэж гонгиносон
Гоц санаа цухалзуулаад жаахан улс төр ярьчихсан чинь
Годрон ямаа төрийн толгойд гарлаа гэж басамжилсан
Гоёхон бөгөөд соньхон Хулан гэдэг нэрийг маань хүртэл
"Говийн зэрлэг адуу” гэж доромжилсон
Одоо тэгвэл би ёстой
Ордон хавьцаа очиж ханхалзана
Зүлгэн дээр барьсан гэрээ буулгаж зараад
Зүгээр нэг амьдрахаа болиод
Сүхийн талбай дээр байшин бариад
Сүртэй бараатайхан шиг дүүхэлзэнэ ээ!
ЯРУУ НАЙРАГЧ БАЯРХҮҮГИЙН ИЧИНХОРЛООД
Өнгө тансаг уянгын шүлгийн "Хатан” Хорлоо
Өсч дэвжихээр Америкаар зугаалсан "Зочин” Хорлоо
Өдөлсөн бүргэдийг Монголын тэнгэрт аргамжсан "Хачин” Хорлоо
Өврийн хангайг Халхын хавтгайд дуурсгасан Ичинхорлоо
Хөг аялгуу эгшиглэсэн "Хөөрхөн” Хорлоо
Хөдөө хотгүй атаархам "Гоёхон” Хорлоо
Хөөж огт таргалаагүй "Туяхан” Хорлоо
Хөгшин надад хүртээлгүй "Уяхан” Хорлоо
Реалист найргийг эвдэж цойлсон бардам омог
Ерээд оны их тэсрэлтийн бахдам домог
Эгшиглэнт эх Янжинлхамын баясгалант чимэг
Энэхэн цагийн яруу шүлгийн бадрангуй цомог
Олон жилийн өмнөх онгон зэрлэг хөдөөний бор охин
Одоо бол унаж тусмаар хотын ганган хүүхэн
ЯРУУ НАЙРАГЧ ГОМПИЛДООГИЙН МӨНХЦЭЦЭГТ
Агсам танхай найрагчдын
Аяыг нь олж тайтгаруулах
Аатай цуутай заримыг нь
Ахайтны харцаар жижигрүүлэх
Асар их ажил байна, Мөнхцэцэг ээ!
Аашилж битгий зандраарай!
Дэлчигнэсэн залуу шүлэгчийн
Дэвэлзсэн омгийг дарах
Дэнжигнээд ирсэн зохиолчийн
Дэгтэрсэн шарыг тайлах
Дэндүү их ажил байна, Мөнхцэцэг ээ!
Дэлгүүр лүү хурдан гүйгээрэй!
Наадам цэнглийг хослуулж
Начин нөхрөө энхрийлэх
Намжаа дэлхийг баясгаж
Яруу шүлгээ туурвих
Янзын их ажил байна, Мөнхцэцэг ээ!
Ядаргаанд битгий орчихоорой!
Уянгатай, түүхтэй Зохиолчдын ордонг
Утга зохиолын шилтгээн болгох
Ухаантай, сүйхээтэй Удвал ахайтны
Урмыг сэргээж, шийрийг хатаах
Ундарсан их ажил байна, Мөнхцэцэг ээ!
Утсаа битгий салгаарай!
Эцэст нь нэгийг сануулъя!
Энэ бол ажил биш ээ!
Танхи ялдам аалинд чинь
Тансаг яруу шүлгэнд чинь
Танимхай дөлгөөн харцанд чинь
Татагдаж ирээд сээтэгнэх
Тачаангуй найрагч олон байна, Мөнхцэцэг ээ!
Тайчиж л битгий балраарай!