Османы эзэнт улсад нутгийн армян үндэсний эсрэг явуулсан цуст яргаллыг хоморголон устгах ажиллагаа (геноцит) гэдгийг хүлээн зөвшөөрч, буруутгасан тогтоолыг Германы парламент (бундестаг) дэмжин батлав. Баримтыг баталсан нь тун тааруухан хэмжээнд байгаа Герман-Туркийн харилцаанд ноцтой нөлөөлөх аюулд оржээ. Бундестагийн шийдвэрийг эсрэг Анкара өөрийн Элчин сайдыг эргүүлэн дуудаж байгаагаа мэдэгдээд байна.
Османы эзэнт улсын Засгийн газар армянчуудыг бөөнөөр нь хоморголон устгасан 1915 оны үйл явдлыг хоморголон устгалт гэж үзэн буруутгасан тухай тогтоолыг бундестагийн депутатууд бараг зуун хувиар дэмжлээ. Нийт 130 хүн санал өгснөөс нэг нь эсрэг санал өгч нөгөө нь түдгэлзсэн байв.
Тогтоолын төслийг "Ногоонтнуудын” жигүүр санаачлан өргөн барьсан юм. Сонирхуулахад, герман хэлэнд дэлхийн олон оронд хэрэглэдэг грек, латин үндэстэй геноцид гэдэг үг байхгүй бөгөөд тэд энэ утгаар "Vцlkermord” гэсэн үгийг хэрэглэдэг ажээ. Бундестагийн тогтоолд армянчуудыг бөөнөөр яргалсан нь "Армян түмний мянган жилийн асар их үр дагавартай томоохон сүйрэл байсан” гэж өгүүлэв. "Геноцид” гэсэн томъёолол нь Туркийн хувьд хүлээн зөвшөөрөгддөггүй юм. Османы эзэнт улсыг өвлөн залгамжилсан Туркийн удирдлага 1.5 сая хүнийг устгасан гэж хохирогчдын тоог хэтрүүлсэн. Хохирогчдын бодит тоо нь армян, турк талуудаас тус тус 300-500 мянган хүн байсан гэж үздэг. Тэр үйл явдлыг Туркт иргэний дайны үр дагавар гэж гэж тооцож ирсэн юм.
"Энэ үйл явдлыг болсон хэрэг гэж үзсэн баримт нь Дэлхийн нэгдүгээр дайнд Герман нь Туркийн холбоотон байсан гэдэг талаасаа ихээхэн чухал” хэмээн Москвагийн армянчуудын холбооны дарга Юрий Навоян хэлж байна. "Герман улс Туркт жишээ үзүүлж байна. Энэ орон еврей нарыг хоморголон устгаж байснаа хүлээн зөвшөөрч, түүхийн ичгүүртэй хуудсаа эргүүлж чадсан юм” хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Армяны Гадаад хэргийн яамны тэргүүн Эдвард Налбандян "Германы парламентын шийдвэрт Армян улс баяр хүргэж байна” гэв. Харин Туркийн холбоотон Азербайжан германчуудын тогтоолыг "түүхийг улс төрийн зорилгоор урвуулан ашигласан, албаар гаргасан, бодит биш” хэмээн нэрлэжээ.
Германы парламентад "Ногоонтнуудаас” гадна уг тогтоолыг эрх баригч, Ангела Меркелийн Христийн ардчилагчид ба социал-демократуудын эвсэл дэмжжээ. Канцлерийн албан ёсны төлөөлөгч өмнө нь мэдэгдэхдээ, Меркель өөрөө тогтоолыг дэмжиж байгаа ч ажлынхаа дэгийн улмаас санал хураалтад оролцохгүй гэжээ. Мөн Германы Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайер тогтоолыг батлах нь хоёр орны хоорондын харилцааг ээдрээтэй болгоно гэж онцолж байлаа.
Ер нь бол хоёр орны харилцаа муудаад эхэлсэн. Германчууд Эрдагоныг шоглосон хошин шогч Ян Бемерманныг мөрдөн мөшгөх гэсэнд Ерөнхийлөгч Эрдагонд дургүй байгаа. Мөн Туркт чөлөөт хэвлэлийн эсрэг явуулж байгаа довтолгоон олон тооны германчуудад таалагдахгүй байна.
Туркийн "Sabah” сонин тогтоолыг баталснаар, Германд оршин суусан туркууд "шахан гадуурхагдах болно” гэж өмнө нь бичиж байлаа.
Өнөөдөр Германд 3.5 сая турк амьдардаг бөгөөд сонгуульд нь мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болох юм. Герман-Туркийн парламентын хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга Сирин Унал уг тогтоолыг батлах нь аль аль талд ашиггүй гэж байлаа.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Бундестагийн санал хураалтын өмнө "Хэрэв тогтоол батлагдвал хоёр орны харилцаанд маш сөргөөр нөлөөлөх болно” гэжээ. Тэр нь ч удаан хүлээгдсэнгүй, санал хураалтын дараа Турк өөрийн Элчин сайд Хусейн Авни Карслыоглуг зөвлөлдөх үүднээс гээд эргүүлэн дуудсан байна. Хоёр орны хооронд нэлээд ээдрээтэй харилцаа үүсээд байгаа энэ үеэр уг тогтоол батлагдсан юм. Саяхан Турк, Герман хоёр Европын холбооны өмнөөс дүрвэгсдийн асуудлаар наймаалцсан билээ. Анкара нь Европт үлдэх эрхгүй дүрвэгсдийг эргүүлэн хүлээн авна гэж тохиролцсон байв.
Үүний оронд нь Герман турк иргэдийг визгүй Европт зорчих тал дээр ажиллана гэж амлажээ. Тавдугаар сарын эхээр Еврокомисс Турктэй визгүй зорчих урьдчилсан зөвшөөрөл өгсөн. Гэхдээ Туркийн тал терроризмын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Үүний улмаас туркчууд долдугаар сар дуустал Европт визгүй зорчих эсэх нь эргэлзээтэй болж байна.Дэлхийн 26 улс орон армянчуудыг хоморголон устгасан гэдгийг болсон хэрэг гэж үзээд буруутгасан байгаа. Франц улс Армяны ард түмнийг хоморголон устгасан гэдгийг үгүйсгэж байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийг 2012 онд баталсан юм. Мөн яг ийм хууль Швейцарьт үйлчилдэг. Оросын Төрийн дум арямны геноцидийг буруутгасан мэдэгдлийг 1995 онд баталж байв. Жилийн өмнө энэ эмгэнэлийн 100 жилийн ойн арга хэмжээнд Владимир Путин Ереванд очин оролцохдоо түүнийг "геноцид” гэж нэрлэжээ. Тэр нь Туркийн Ерөнхийлөгчийн дургүйцлийг хүргэж байсан юм.