Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр бид 1994 оноос буюу Монгол
Улсыг Азийн бар болгоно хэмээн тухайн үеийн манай ерөнхийлөгчийн хэлсэн
реклам (одоогийнхоор бол Пи Ар) ч гэмээр юм уу, аль эсвэл өөртөө нэг
аффоризм бий болгох оролдлого ч гэмээр ч юм уу, нэг тиймэрхүү дэврүүн
мөртлөө хээ шаагүй уриа гарган цацаж тэр нь хот хөдөөгүй дэрвэж байх үед
анхны алхмуудыг хийж эхэлсэн байдаг. Яг хорин жил өнгөрчээ. Анх Монгол
Улсын Засгийн газар Дэлхийн банктай хамтран Ядуурлыг бууруулах төсөл
хэрэгжүүлж эхэлснийг ер нь эхлэл нь гэж үзэж болно. Улмаар 1996 онд
Бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч гол байгууллагуудын нэг болгохоор
тооцож, улмаар иргэдийн өөрсдийнх нь хүчээр жижиг дунд үйлдвэрлэл
хөгжүүлэх, төвлөрөл бий болгох үүднээс хадгаламж зээлийн хоршоонуудыг
байгуулж эхэлсэн нь буруу замаар будаа тээгчдэд олз болж одоо ч асуудал
нь шийдэгдээгүй юм зөндөө байна. Ажиглаад байхад манай төр, засаг жижиг
дунд үйлдвэрийн хөгжлийг дэмжих бодлогоо санхүүгийн зохистой орчин
бүрдүүлэх талаас нь түлхүү анхаарч ирсэн байдаг.
Улмаар 1999
оноос анхны банк бус санхүүгийн байгууллага бий болж, 2002 онд Банк бус
санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар зээл олголт,
зээлийн хүндрэл чирэгдэл бага ч гэсэн буурсан боловч хямд санхүүгийн эх
үүсвэр дутагдалтай, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш уналтаас үүдэлтэй
санхүүгийн дарамт байсаар ирлээ, өнөөдөр ч байна. 2004 онд Монгол Улс
анх удаа "Бичил зээл ба бизнес" үндэсний чуулган зохион байгуулж, жижиг
дунд үйлдвэрийг дэмжих үндэсний хөтөлбөр гаргасны дараа жил нь буюу 2005
оныг тухайн үеийн Засгийн газар "Бичил санхүүгийн жил" хэмээн онцлон
зарлаж байлаа. Үүний улбаагаар 2006 онд ЖДҮ-ийг дэмжих зорилгоор хоёр
тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж зарцуулж байсан нь манайдаа л
анхны ч гэсэн зоригтой алхам болсон юм.
Гэсэн хэдий ч жижиг
дунд үйлдвэрийн салбарыг ганц хоёр удаагийн оролдлогоор босгож ирэх зүйл
биш гэдэг нь нэгэнт тодорхой болсон учраас 2007 онд Жижиг дунд
үйлдвэрийн тухай хууль гарган батлаж, 2008 онд Засгийн газрын
хэрэгжүүлэгч агентлаг болох Жижиг дунд үйлдвэрийн газрыг байгуулж
байлаа. Үүний мөрөөр 2009 онд жижиг дунд үйлдвэрийн зориулалттай тоног
төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас 2012 оныг дуустал чөлөөлөх тухай
хуулийг батлаж, 2009 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг
шинэчлэн батласан байдаг. Үүнтэй зэрэгцэн орон нутагт жижиг дунд
үйлдвэрлэл хөгжүүлэх үүднээс "Орон нутгийг үйлдвэржүүлэх чиглэл"-ийг
Засгийн газраас зэрэгцүүлэн гаргалаа. Энэ ажлын хүрээнд 2009 онд Монгол
улсыг хөгжүүлэх хөтөлбөр-ийг Засгийн газраас батласны дотор Санхүүжилтын
эх үүсвэрийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан бий болгох, хөрөнгө
оруулалтын сан бий болгохоор Монголын хөрөнгийн биржийг татан оролцуулж
эхэлснээс гадна, 2009-2010 онуудад ЖДҮ-ийг дэмжих зорилгоор 60.8 тэрбум
төгрөгийг улсын төсвөөс хуваарилж, 2010 онд ЖДҮ-ҮҮДЭД зориулж олгох 25
сая долларын зээлд АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн зээлийн
хөтөлбөрөөс баталгаа гаргаж өгсөн.
Мөн онд Европын комиссоос
манай улсын жижиг дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих, өрсөлдөх
чадварыг нэмэгдүүлэхээр дөрвөн сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор
болж, Монгол Улсад жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх үүднээс Япон улсын
Засгийн газраас 75 тэрбум төгрөгийн санхүүжилтыг хоёр үе шаттайгаар
хийхээр болов. 2011 оны нэгдүгээр улиралд ЖДҮ эрхлэх зориулалтаар
арилжааны банкнуудаас 48 мянга гаруй зээлдэгчдийг санхүүжүүлж, зээлийн
өрийн үлдэгдлийн дүн нь 690 тэрбум төгрөг болсон нь 2010 оны эцсээс 65
тэрбум төгрөг буюу 10 шахам хувиар өссөн дүн мэдээ байлаа. Гэсэн хэдий ч
жижиг дунд үйлдвэрийг дэмжих санхүүгийн орчин маш муу хэвээр, түүн
дотроо энэ салбарын хөгжил сул, хуримтлал бага байгаагаасаа үүдэн
зээлийн барьцаа хөрөнгөний асуудал хүн бүхэнд шахуй толгой дараалан
үүсдэг учраас Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийг санаачлан
2012 онд батлаж, уг хуулийн дагуу байгуулагдсан Зээлийн батлан даалтын
сан нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээл авах үед нь барьцаа хөрөнгө
дутагдах аваас банкинд баталгаа гаргаж өгдөг болсон нь томоохон
дэвшилтэт алхам боллоо.
Эдгээр зүйлсийг нуршин өгүүлэхийн учир
нь бид юу хийж, яаж ажиллаж ирэв, одоо нөхцөл байдал ямар байна,
цаашдаа яах ёстой тухайг шүүн тунгааж, өөрийн санаа бодлоо уншигч танд
толилуулахад ойлгомжтой байх болов уу гэж бодсоных минь юм. Өнгөрсөн
хугацаанд ямар ч байсан бид зүгээр суусангүй. Гэхдээ хурд удаан, байгаа
оноогүй тойм төдий хандсан зүйл олон байсныг үгүйсгэх аргагүй. Ер нь
жижиг дунд үйлдвэрлэгчид гэж хэн болохыг бодоод үзэхээр бизнесийнхэн
бүгдээрээ л тэр ангилалд орчих гээд байна. Учир нь Жижиг дунд үйлдвэрийн
хуулинд зааснаар бол 199 хүртэлх тооны ажиллагсадтай, жилийн 1.5 тэрбум
хүртэлх төгрөгний борлуулалттай үйлдвэрлэгч, худалдаа үйлчилгээ
эрхлэгч, бичил бизнесмен гээд бүгд л энэ ангилалд орж байгаагаас үзэхэд
манай улсын бизнесийн салбарын 90 хол давсан хувь нь энэ хэсэгт хамаарч
байна. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдийн тухай ярина гэдэг нь нийт
эдийн засгийнхаа тухай ярина гэсэн үг юм биш үү?
2010 оны
байдлаар ААН-үүдийн 90 орчим хувийг ЖДҮ-үүд эзэлж, 300 мянга орчим
хүнийг ажлын байраар хангаж байсан бол өнөөдөр энэ хувь өсөж харин
хангаж буй ажлын байрны тоо бараг 600 гаруй мянгад хүрээд байна. Гэтэл
энэ салбараас төлөгдөж буй татварын хэмжээ маш бага, ЖДҮ-үүдийн зах
зээлд эзэлж буй хувь хэмжээ, борлуулалт туйлын доогуур байгаа нь энэ
салбар баттай хөгжиж, байр сууриа олж чадаагүй байгаагийн шинж юм. Нөгөө
талаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үндсэндээ гадны импортоор
хангагдаж байгаа нь жижиг дунд үйлдвэрийн салбар импортыг орлох,
экспортлох, дотоодын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээнд очоогүй байгааг
харуулж байна. Эндээс мэдээж яагаад гэдэг асуулт урган гарч байна. Бас
яах ёстой тухай ч бодох, хийх хэрэгтэй болно.
Үйлдвэрлэл
эрхлэхтэй холбоотой аливаа хүндрэл бэрхшээлүүдийн дундаас борлуулалттай
холбоотой асуудал хамгийн хүндрэлтэй нь байдаг. Үүнтэй холбоотойгоор
Жижиг дунд үйллдвэрлэгчдэд нэн тэргүүнд зах зээлийн эзэмшил,
хамгаалалтын асуудал тулгардаг. Жижиг үйлдвэрийг хөл дээр босгох нь
зүйрлэн хэлэхэд шинэ төл хүлээж авахтай ижил. Бизнесийг инкубаторлах
орчин хэрэгтэй гэсэн үг л дээ. Тэд дөнгөж үйлдвэрлэлээ явуулж эхлэх
үеэсээ л тэднээс өмнө зах зээлд хөлөө олчихсон том үйлдвэрлэгчид болоод
импортын бараа бүтээгдэхүүнүүдтэй шууд нүүр тулдаг. Хамгаалалт яасан бэ?
Манайд жижиг дунд үйлдвэрлэгчдээ хамгаалах бодлого, хууль эрх зүйн
зохицуулалтыг цогцоор нь шийдэж өгөөгүйгээс болж жижиг дунд
үйлдвэрлэгчид боксын рингэн дээр булчин шөрмөс нь зангирсан булиа
амьтантай тулалдах гээд зогсож байгаа живхтэй хүүхэд шиг л байдаг шүү
дээ. Үүнийг зах зээлийн өрсөлдөөнийхөө журмаар явж байна гэж ойлгож
болох уу?
Нөгөө талаас жижиг байтугай том үйлдвэрлэгчид маань
дотоодын зах зээл дээрээ импортын бүтээгдэхүунүүдэд зах зээлээ алдаж
байгааг хэн бүхэн л харж байгаа. Энэ нь зах зээл хамгаалалтын асуудал
ямар түвшинд байгааг давхар нотлон харуулдаг. Манайд экспортын
баримжаатай боловсруулах үйлдвэр одоо хүртэл олигтой хөгжихгүй
байгаагаас том үйлдвэрүүдэд \жижиг үйлдвэрээр экспортод гарна гэж
үндсэндээ байдаггүй\ гадагшаа тэлж, дотоодын зах зээлээ чөлөөлөх
бололцоог олгохгүй байна. Бид бүтээгдэхүүнээ экспортлох чиглэлээр
чадварлаг хүмүүсээ түлхүү оролцуулж идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Том
гүрнүүд бол ер нь л хөгжил султай орны экспортыг дэмждэггүй, янз бүрийн
хууль дүрэм, стандарт гэж байгаад тэдний экспортлох чадамжийг бууруулах
замаар байгалийн нөөц, газар нутаг, түүхий эд ажиллах хүчинд нь хяналт
тогтоохыг зорьдог.
Бас нэг зүйл гэвэл хэрэглэгч талаасаа тэд
чанар сайтай, нэр хүндтэй барааг л авахаас энэ нь шинэ, жижиг
үйлдвэрлэгчийнх юм яах вэ дээ, авчихья гэхгүй шүү дээ. Тэр тусмаа манай
зах зээл жижигхэн, түүнийг эзэмшдэг томоохон ханган нийлүүлэгчид
зонхилдог. Тэдгээр зонхилогчид нь борлуулалтын суваг, түгээлтийн сүлжээ,
нэр хунд, боловсон хүчний ур чадвар гээд бүхий л давуу талуудыг эзэмшиж
байдаг. Энэ үед л жижиг үйлдвэрлэгчид бизнес бол ганцхан банкнаас зээл
аваад тоног төхөөрөмжөөрөө үйлдвэрлэл явуулаад эхлэх асуудал биш юм
байна гэдгийг хатуу ойлгож эхэлдэг. Үүнийг зах зээлийн эзэмшлийн асуудал
гээд байгаа юм. Монополь байдлыг саармагжуулах, шударга өрсөлдөөнийг
зохицуулах үүдээс эдгээртэй холбоотой хуулиндаа жижиг дунд үйлдвэрийг
хамгаалах тусгай бодлогуудыг суулгаж өгмөөр байна. Үүн дээр хөрөнгө
оруулалт, франчайзингийн зохицуулалтын хуулиудаа ч эргэж хармаар л
байна. Сүүлийн үед томоохон компаниуд өөрсдөө эрсдэл гаргахгүй байж
байгаад жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээж бий болгосон бэлэн бизнес, зах
зээлийг францайзинг, брэндийн түрээсийн замаар шууд булааж авдаг
хандлага ажиглагдах боллоо. Жишээ нь, пиццаны зах зээлд гадаадын
томоохон брэндийг нэг нь мөнгө хаяж шууд оруулж ирснээр энэ бизнест
хамаг хүч хөдөлмөр, эрсдлээ зориулсан нөгөө л жижиг дунд үйлдвэрлэгчид
хүнд байдалд орж байна. Яг л нөгөө үүрэхийг нь бусдаар үүрүүлээд
янцаглахыг нь өөрөө хийнэ гэгчийн үлгэр биш үү? Аль салбарт ямар
гадаадын хөрөнгө оруулалт, ямар гадаадын брендийг хэрхэн нэвтрүүлэх
тухайд жижиг дунд үйлдвэрлэлээ хамгаалах бодлого байна уу, манайд?
Өнөөдөр Монгол хэрэглэгчийн сэтгэл зүй ерөнхийдөө гадаадын бараанд
таашаалтай болсон учраас үндэсний үйлдвэрлэл, яшжиг дунд үйлдвэрлэлээ
дэмжих мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөн хүрээнд явуулж байх бодит
шаардлага байна.
Дараагийн нэг хүндрэлтэй асуудал нь зах
зээлийн худалдан авах чадвартай холбоотой. Яах вэ, арга чаргаа олоод
гайгүй сайн бараа зах зээл дээр гаргаад ирлээ гэхэд хүн амын худалдан
авах чадвар ямар байгаа билээ. Ялангуяа хөдөө орон нутагт худалдан авах
чадвар туйлын хангалтгүй байгаа. Тэгэхээр нэг талаас хамгийн
өрсөлдөхүйц, өртөг зардал багатай бүтээгдэхүүн гаргах нөхцлийг нь яаж
хангах юм, нөгөө талаас харьцангуй худалдан авах чадвар сайтай
алслагдсан хотын зах зээлд яаж уг бүтээгдэхүүнүүдийг нь хүргэж борлуулах
юм гээд асуултууд цуварч байна. Тэгэхээр ямар чиглэлийн жижиг дунд
үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих вэ гэдэг нь зөвхөн цаасан дээр
буулгасан төслийн үзүүлэлтээр биш харин тэрхүү үйлдвэрлэлийг хөгжүүлэх
дэд бүтэц, түүхий эд хангамж, үйлдвэрлэлийн өртөг зардлын тооцоо,
борлуулалтын сувгуудын хүртээмж, байршил гээд олон хүчин зүйлсийг тооцож
үзэх хэрэгтэй болно. Алслагдсан зах зээлд бараагаа хүргэхийн тухайд том
үйлдвэрлэгчид их хэмжээний барааг бага өртөгтэй хүргэдэг учраас жижиг
үйлдвэрлэгчдэд зах зээлийн хязгаарлагдмал хүрээнд ажиллахаас өөр аргагүй
болдог. Харин жижиг үйлдвэрлэгчид бага бүтээгдэхүүнийг хямд өртгөөр зах
зээлд хүргэх хэрэгтэй байгаа шүү дээ. Үүнийг шийдэх арга зам болох
бирж, зуучлал, бизнес шуудангийн үйлчилгээг сайн хөгжүүлэх явдал л даа.
Урагшлахгүй байсаар л байна.
Засгийн газраас жижиг дунд
үйлдвэрлэгчдийг дэмжихдээ зээл олгох, батлан даалт хийх зэргээр
ажиллахаас гадна жижиг дунд үйлдвэрлэгчдэд бизнесийн мэдлэг, туршлага
олгох ажлууд буюу бизнесийн боловсрол, бизнесийн үйлчилгээнд анхаарлаа
хандуулж эрчимтэй ажиллууштай. Харин ямар ямар чиглэлээр дэмжих,
тэдгээрийн хоорондын болоод эдийн засгийн бусад салбаруудтай холбогдох
уялдааг яаж сайтар зангидах тухайг тооцож, улмаар тэднийг бодлогын
менежментээр хангах хэрэгтэй байна. Ингэвэл тэднийг зөв чиглэлд удирдан
залах, зах зээлийн мэдрэмжтэй үйлдвэрлэл явуулах, өөр хоорондоо харилцан
туслах, тэдгээрт үйлчлэх борлуулалтын сүлжээг бий болгох олон ажлуудыг
хийж болмоор санагдана. Зээл авсан жижиг дунд үйлдвэрлэгчид тус бүрдээ
бусад \ хоТ) хөдөөгийн\ үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг
борлуулж байдаг дэлгүүрийн системийг бий болгож ч болно. Тэр нь цаашдаа
нэг таних тэмдэг бүхий үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтын сүлжээ болж
зах зээл дээр гарах чиглэлийг барих нь зөв. Ер нь бодлогын менежментийг
Засгийн газар дангаар үүрэлгүй харин бизнесийн менежментэд туршлагажсан
үндэсний зөвлөхүүдтэйгээ хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй байх боловч
өнөөгийн байдлаар энэ чиглэлээр дорвитой ажил хийгдэхгүй, цөөн хэдэн
хүмүүсийн эрх ашигт үйлчилсэн ажил болгоод байгаа юм.
Зээл,
санхүүжилтын хувьд жижиг дунд үйлдвэрлэгчид өнөөдрийг хүртэл хүндрэлтэй
нөхцөл байдал дунд байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Тодорхой хэмжээний
хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр байгаа нь хаанаа ч хүрэхгүй, авсан ч
жилийн 10-ээс дээш хувийн хүүтэйн дээр мөнгөний ханшны эрсдэл өндөр
байдаг. Муу дээр муухай гэгчээр энэхүү зээл, хөтөлбөрүүдийг дамжаад
улсын болоод хувийн байгууллагуудыг дамнасан авилга, хээл хахууль хуурай
өвсний түймэр шиг болж байгааг ярилцацгаах боллоо. Монгол Улс
авлигаасаа салах нь байтугай үугээр Дэлхийд өнгөлж эхэлж байгаа тухай
сонсогдох болсон ийм нөхцөлд хэзээ ч хөгжил яриад хэрэггүй л дээ. Нэг
авлигач түмэн хулгайч, мянган алуурчинтай тэнцэх хор хохиролтой тул
жижиг дунд үйлдвэрлэгчид ч тэднээс болж үлэмж хэмжээгээр хохирч болох
талтай. Үүнд АТГ анхаарлаа хандуулаад үзэхэд болохгүй зүйлгүй л байх.
Ердөө
хэдхэн сарын өмнө АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу
ШАГО)-ын шугамаар манай улсад хэрэгжүүлж буй "Монгол Улсад засаглал, ил
тод байдлыг дэмжих" төслийн хүрээнд авлига Монголын бизнесийн
орчиндхэрхэн нөлөөлж байгаа талаар АНУ-ын Азийн сангаас санаачлан
судалгаа явуулжээ. Энд худалдаа, үйлчилгээнээс аваад уул уурхай,
барилга, ХАА, үйлдвэрлэл зэрэг олон салбарын нийт 1200 гаруй ААН
хамрагдсан байна. Судалгаанд оролцогсод авлигад өртөж байснаа нуусангүй.
Бизнест учирч байгаа саад бэрхшээл төрөөс гадна хувийн хэвшлээс
хоёулангаас нь шалтгаалж байна гэсэн дүн гарсан байх юм.
Судалгааны
дүнгээс харахад бизнесийн орчинд сэтгэл хангалуун байдаг гэсэн
оролцогсдын тоо 2012 оны сүүлийн байдлаар 27.2 хувь байсан бол энэ тоо
энэ 2014 оны дөрөвдүгээр сарын байдлаар 12.4 хувь болон буурсан байна.
Энэ дунд бизнесийн орчинд хамгийн их сэтгэл хангалуун бус байдаг бүлэг
нь жижиг болон дунд бизнесүүдийнхэн байгаа нь ажиглагджээ.
'Та
Монгол дахь бизнес эрхлэлтийн ерөнхий орчинд сэтгэл хангалуун байдаг
уу" гэсэн асуулгад оролцогсдын хамгийн их буюу 62.4 хувь нь бага зэрэг,
20 хувь нь огт сэтгэл хангалуун бус, 12.4 хувь нь сэтгэл хангалуун, 5.2
хувь нь мэдэхгүй гэсэн хариулт өгсөн байна. Энэ бол энэ оны дөрөвдүгээр
сарын байддаарх үзүүлэлт. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар
дээрх үзүүлэлт ямар байсныг эргэн харвал эхнийх нь буюу бизнесийн орчинд
бага зэрэг сэтгэл хангалуун байдаг гэдэг нь 48.5 хувь, дараагийнх нь
буюу огт сэтгэл хангалуун биш гэсэн нь 23.9 хувь, удаах нь буюу сэтгэл
хангалуун байдаг гэсэн хэсэг нь 19.4 хувь, сүүлийн мэдэхгүй гэсэн нь
долоон хувь байжээ.
Судалгааны хүрээнд авлигатай холбоотой
тандалт явуулахад төрийн албан дахь авлигын түвшний талаар бизнес
эрхлэгчдийн хандлага сайжраагүй байгаа яь ажиглагджээ. Ингэхдээ төрийн
албан дахь авлига эрхлэж буй бизнест нь шууд нөлөөлдөг гэж үзэх бизнес
эрхлэгчдийн (судалгаанд оролцогч) тоо өссөөр, 2012 оны сүүлийн байдлаар
43 хувиас энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 47.6 хувьд хүрч нэмэгдсэн
байна. Судалгаанд оролцогч нийт ААН, компанийн дунджаар 34.8 хувь нь
эрхлэж буй бизнест нь төрийн албан дахь авилга "маш их" болон
"нилээдгүй" нөлөөлдөг гэсэн бодолтой байсан байна.
Л.Баярдалай /ӨДРИЙН ШУУДАН/