МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН ГОЛОМТ НУТАГ-- ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМ. МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД АНХ УДАА ДОРНОД АЙМГИЙН БУЛГАН СУМАНД 2014 ОНД ШАТРЫН ХӨШӨӨ БҮТЭЭН БОССОН ТҮҮХТЭЙ.
1930-аад онд Монгол Улсад нийтийн болон монгол шатрын албан бус улсын тэмцээн болсон байна. Дорнод аймгийн Булган сумын харъяат Ёндон-Осор гуай хоёуланд нь түрүүлсэн байдаг. Ёндон-Осор гуай: "Нийтийн шатар гэдэг чинь "монгол шатар" юм байн шүү дээ " гэж хэлээд явсан гэдэг.
Монголын анхдугаар спартикиад, шатрын спортын улсын аваргаар Дорнод аймгийн Булган сумын харъяат Тээврийн яамны анхны сайд Дамдины Намсрай ууган аварга болж, спортын мастер болсон байна. Түүнээс хойш Дорнод аймгийн Булган сумын харъяат Жүгдэр, Пүрэвжав нар шатрын улсын аварга, спортын мастер болсон билээ. өөрөөр хэлбэл нэг сумаас дөрвөн бэрх шатрын спортын мастер төржээ. 2014 онд Дорнод аймагт 4 аварга, 4 бэрх шатрын тэмцээн амжилттай зохион байгуулсан юм. "БОГООН” НАМСРАЙ
Дорнод аймгийн Булган сумын 70 жилийн ой тэмдэглэх тухай дуулиан дэгдэж эхлэх үеэс л Чойбалсан, Улаанбаатар хотод буй нутгийн иргэдтэй уулзаж учрах талаар яригдаж эхэлсэн. Орон нутгаасаа дээгүүр тушаалын алба хашиж явсан хүмүүсийг нэлээд онцлож авч үздэг нь нэг ёсны моод болсон бололтой. Ингэж л анх Д.Намсрай гуайг мэдэж авсан. Миний олж мэдсэнээр Намсрай гуай их л сонин, содон, товчоор хэлэхэд их ховор хүн байжээ. Өнөө байвал 88 настай байх энэ хүний тухай түүний гэргий У.Диваа гуай болон хүүхдүүдтэй нь хөөрөлдөж, бага бус зүйл тодруулж авсанаа уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя.
ТӨРИЙН САЙД Д.НАМСРАЙ
Дамдины Намсрай 1907 онд Дорнод аймгийн Булган сумын нутагт төрж, эцэг эхийн асрамжид бойжжээ. Тус сумын ахмадууд үр хүүхдээ багаас нь бичиг номонд сургаж, дэг журамтай хүмүүжүүлдэг тогтсон заншилтай байсны дагуу Д.Дамдин гуай өөрийн хүүг нутгийн эрдэмтэй улсаар багшлуулж бичиг үсэгт сургажээ. Саруул гүний хошууны тамгын газарт тал, жинхэнэ бичээчээр суулган бичиг үсгийн чадварыг ахиулсан тул 18 настайд нь шалгаруулж, Хан Хэнтий уулын аймгийн эвлэлийн хороонд бичээчээр томилон ажиллуулжээ. 20 настайд нь 1927 оны намраас Баянтүмэн хан уулын хошууны эвлэлийн товчлох хорооны нарийн бичгийн даргаар дэвшүүлж ажиллуулав. Нэг жилийн дараа Хан Хэнтий уулын аймгийн эвлэлийн хорооны тэргүүлэгч бөгөөд шалган байцаагчаар томилжээ. 1929 оны зургадугаар сарын 1-нээс Баянтүмэн хан уулын хошуу (одоогийн Дорнод аймаг)-ны даргаар ажиллуулж, 1930 оны дунд үеэс Оцолсансар уулын хошуунд эвлэлийн ажлын тусгай төлөөлөгчийн үүрэг гүйцэтгүүлжээ. 1931 оноос Улаанбаатар хотод очиж, Хоршоодын төв холбооны бичиг хэргийн эрхлэгч, Үйлдвэр комбинатын барилгын ажилчин хийж байгаад төрсөн нутаг Дорнод аймгийн Булган сумын даргаар 1932 оны зургадугаар сарын 15-наас эхлэн хоёр жил 3 сар ажиллажээ. 1934 оны намраас Дорнод аймгийн намын хорооны суртлын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1937 онд Москва хотын Дорно дахины судлалын институтэд суралцахаар оджээ. Сургуулиа төгсч ирмэгц 1940 оны намраас шинэ Монгол Улсын Тээврийн яамны анхны сайдаар томилж, уг албыг 8 жил гаруй хашжээ. Энэ үе нь Монгол оронд орчин үеийн тээврийн салбарыг бэхжүүлэх, хуучны өртөө улааг бүрмөсөн халах, зам тээврийн сүлжээ зангилаа бий болгох, улс орны өнцөг булан бүрт авто хөсгийн үйлчилгээ хүргэх, галт тэрэг, нисэх онгоцны буудал өртөө байгуулах, өргөтгөн бэхжүүлэх, цэргийн зориулалтыг иргэний хэрэгцээнд шилжүүлэх гээд нөр их өргөн цар хүрээтэй ажлын үе байлаа. Тэрбээр энэ бүхнийг хийж явснаас гадна олон нийтийн ажил, уралдаан тэмцээнд оролцож, юм юмыг амжуулж гүйцэтгэж байсан гайхам ажилсаг, нийтэч шинж чанартай хүн байв. Чухамхүү уг албыг хашиж байх үедээ "Богоон” хочийг олсон бололтой. Төмөр замын байгууллагыг бий болгох бэхжүүлэх хэрэгт түүний оролцоо ямархан үүрэг гүйцэтгэснийг үүнээс ойлгож болох мэт. Үүний дараагаар МҮЭГ-ийн төв зөвлөлд нийгмийн даатгалын хэлтсийн эрхлэгч, МБТС-ийн хороонд шатрын секцийн эрхлэгч, МҮЭ-ийн Төв Зөвлөлд архивын эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1967 оны аравдугаар сард өвчний улмаас групп тогтоолгож, 1969 онд нас баржээ. Эхнэр У.Диваа нь нэрт зохиолч С.Удвал агсны төрсөн дүү бөгөөд ханиа өнгөрөх үед найман хүүхэдтэй үлджээ. Одоо тэд насанд хүрч, У.Диваа гуай ач, зээ нарынхаа хөлд дарагдан гэртээ сууж байна. "Манай өвгөн чинь хүнд уурлаж үзээгүй хүн шүү дээ. Өнгөрхийнхөө урьд жилээс нутгаа их ярьдаг болсон. Хамгийн бага охиноо өвөртлөөд Булган Норовлингоороо явж, Хэрлэн голынхоо усанд орно” гэж ярьдаг. Харин "Нутаг руу нь явуулаад нэг зун ярьснаар нь сайхан амраасан бол дахиад хэдэн жил амьд мэнд байх ч байсан юм билүү” гэхэд нь хэлэх үг олдоогүйдээ.
ШАТРЫН СПОРТЫН МАСТЕР, ЧЕМПИОН НАМСРАЙ
Манай Булган сум өвөрмөц онцлогтой нутаг. Миний мэдэхээр Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум нь бөхчүүдээрээ алдартай бол бид шатраараа бахархадаг. Алдарт шатарчин, спортын мастер И.Ёндон-Осор, Д.Намсрай, Ц.Жүгдэр, Ш.Пүрэвжав, дэд мастер П.Дорждэрэм нар орно. Тэдний дотроос Монгол Улсын анхдугаар чемпион, спортын мастер Д.Намсрай гуайг илүү онцлон авч үзэх учиртай. Түүний бичиг баримтыг үзэж байхад доорхи үнэмлэх гарч ирэв.
"БНМАУ-ын шатрын чемпион. Үнэмлэхийн дугаар 1.
Нөхөр Дамдин Намсрай Улаанбаатар хотод 1948 оны 2 дугаар сарын 29-нд болсон улсын хэмжээний тэргүүн шатарчдыг шалгаруулах анхдугаар (чемпионат) их тэмцээнд оролцож шалгарсан тул БНМАУ-ын шатрын чемпион гэдэг алдар цол шагнаж үнэмлэх олголоо.
Ардын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын Биеийн тамир ба спортын хэрэг эрхлэх хорооны дарга Нямцэрэн”
гэжээ.
Энэ үеэс улсын аврага болсон шатарчдад спортын мастер цол олгож эхэлсэн бөгөөд Д.Намсрай гуай анхдагч болжээ. Тэрбээр II чемпионатад II байр эзэлж костюм нэг хос, торгон сорочик цам нэг, 6931 дугаарын калибрь буугаар, VI чемпионатад III байр эзэлж, унадаг дугайгаар шагнагдаж байв. 1950-1953 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 17 тоглож, 14 хожлоор чемпион (аварга) цол хүртсэн бөгөөд 1940 оноос хойш улсын хэмжээний томоохон тэмцээнд тогтмол оролцож, 8 удаа түрүүлж байжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож, 1-11 дүгээр байр, манай улсад болон ЗХУ-д болсон олон улсын шатрын тэмцээнд оролцож, 8-12 дугаар байр эзэлж байв. Шатарт туйлын хорхойтой төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу агсан ЗХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд байхдаа Монгол улсаас буцаж Москва орохоор явах үедээ Д.Намсрай гуайтай суудал таарч, замын турш тоглож, 43 удаа хожигдооод, "Москва чинь ийм ойрхон болчихоо юу?” гэж дуу алдсан гэдэг нь шог яриа биш, үнэн гэдэг. Ямар ч болсон Намсрай Монгол улсын шатрын түүхэнд өөрийн нэрээ мөнхлөн үлдээсэн авъяаслаг шатарчин байлаа.
ҮНДЭСНИЙ СУРЫН СПОРТЫН МАСТЕР, УЛСЫН
МЭРГЭН НАМСРАЙ
Дорнод аймгийн Булган сум шатарчдаас гадна үндэсний сурын мэргэн харваачдаар алдартай юм. Гэтэл өнөөдөр үнэр ч алга. Нутгийн харваачдын алдрыг улсын наадмын торгон дэвжээнд өргөж ирсэн нэгэн үеийн хоёр харваач "Банк”-ны хэмээн алдаршсан Т.Балдан, "Богоон” Д.Намсрай хоёр 1940-1960-аад оны дунд үе хүртэл эрхий мэргэнээ сорьж байлаа. Намсрай гуай улсын чанартай сурын тэмцээнд амжилттай оролцож байсан бөгөөд гэрт нь хадгалагдаж буй бүрэн бус баримтаас үзэхэд 1943 оны улсын баяр наадмын сурын тэмцээнд II байр эзэлж, 1965 он хүртэл байнга харваж байжээ. Монголын сурын холбооноос лавлавал нарийн тодруулах боломжтой юм даа гэж надад санагдаж байсан. Эдгээр баримтаас үзвэл Д.Намсрай 1943, 1949, 1951, 1957 оны улсын баяр наадмын сурын тэмцээнд тус бүр II байр эзэлж, 1951 онд улсын мэргэн цол, 1964 оны наймдугаар сард Өмнөговь аймагт болсон сурагчдын уулзалтад шагналт байр эзэлж, 1946 онд наадмын комисст идэвхтэй сайн ажилласан тул маршал Х.Чойбалсангаас бугуйн цагаар шагнагдаж байв. Орчлон хорвоод хүний сайн нь, сайхан нь түрүүлж буцдаг хяслантай юм хойно, даан ч сайхан харамсмаар хүн болох Д.Намсрай гуай бас л цагаас эрт одсон байх юм. Хэнд ч хэрэггүй, үгүйлэгддэггүй элдвийн хүмүүс урт насалж болоод байхад хэн хүнд хэрэгтэй, одоо ч үгүйлэгдсээр байгаа "Богоон” Намсрай гуай бидний дунд алга даа.
ДУРСАХ НЬ
Энэ хүн өнөр нэгэн бүлийн тэргүүн байлаа. Түүнийг үр хүүхэд хань ижил нь үгүйлнэ. Монгол улс үгүйлнэ. Төрсөн нутаг ус нь үгүйлнэ. Төрж өссөн нутаг нь, угаасан ус нь, харж өссөн цэлмэг хөх тэнгэр нь, шүтэж байсан уул, овоо нь байна. Бүтээж үлдээсэн үйл хэрэг нь байна. Тээвэр байгаа цагт түүний үйлс бүдгэрэх ёсгүй. Монгол Улсын Дэд бүтцийн яам ч мартах учиргүй. Д.Намсрай гуайн төрсөн дүү Д.Должин өнөө ч амьд мэнд 84 наслаад байна. Хорвоод амьд явах гэгч, жаргал зовлон гэдэг, хэн нэгийгээ онцлон энэрч, бас өрөвдөн хайрладаггүй гэдгийг энэ буурал мэдэж мэдэрч л яваа юм билээ. Миний нутгийн нэгэн тасархай шүү дээ. Бид л тус дэм болох учиртай юмсан даа. Би харамсан дурсаж сууна. Бид харамсан дурсах л учиртай. "Богоон” Д.Намсрай гэдэг энэ ажилсаг дөлгөөн хүн вагон вагоноор авчран асгавч багадах их үйлсийн эхлэлийг тавьж, өөрөө ч ийм хоч олж авсан хүн. Үйлс нь мөнх байх болтугай.