Одоогоос гучин жилийн өмнө орос
ардын шидэт үлгэрийн түүвэр "ҮҮЛЭН БОР” номыг миний бие монгол хэлнээ
орчуулж ,ЗХУ (тэр үеийн нэрээр)- ын нийслэл Москва хотноо Радуга
хэвлэлийн газраас хэвлэн гаргасан билээ.
Тэр цагаас хойш гучин жил
өнгөрчээ.Цаг хугацааны хурдныг үл гайхан, харин энэ хооронд юу болсныг
товчхон өгүүлсүү.1986 оны зун монголдоо амралтаараа ирэхэд орсон айл
болгоны хүүхдүүд "Үүлэн бор”- ыг уншсан, сайхан ном , сайхан үлгэрүүд
гэдэг байлаа. Би залуу ч байсан тэгээд ч хийх л ёстой юмаа хийсэн
болохоор ,өөрийгөө хүүхэд багачуудад тун сонирхолтой сайхан ном
орчуулчихжээ гэж нэг их бодож явсангүй. Зарим ном уншдаггүй хүмүүс бол
тэртэй тэргүй мэдэхгүй л байсан даа. Зарим нь хальт мөльт чих цохисон
бололтой,манай найз Радуга-д ажилладаг гэнэ. Ихэнх нь, аан нөгөө орос
хэлний сурах бичиг гаргадаг уу? гэнэ. Би нэг их тайлбарлахыг ч
хүсдэггүй,тэртэй тэргүй юу орчуулсныг нь мэдэхгүй хэлэхгүй,нөгөөх нь ч
бас уран зохиолын ном орчуулан гаргадаг шинэ хэвлэлийн газарыг
сонирхохгүй,лавлахгүй байхад би юу ч хэлэхэв дээ, дуугүй л сууж
байдагсан.
Мэддэг,унших ёстой хүүхдүүд л уншсан бол болоо шүү дээ гэж боддог байлаа.
Гэтэл 1989-90 он болж хуучны ЗХУ
задран бутран олон улсын чиглэлтэй том том байгууллагууд хаалгаа барьж
эхэлснийг эрхэм уншигчид мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч том охин минь
арав төгсөөд бид гэр бүлээрээ монголдоо ирж , том охиноо Монгол улсын их
сургуулийн монгол хэлний ангид, дараагийн хоёр ихэр охиноо
Улаанбаатарын , тэр үедээ ганцхан ч байсан юмуу, орос хэл дээр хичээлээ
заадаг,монгол 23 –р сургуульд оруулсан билээ. Хэд гуравхан жилийн өмнө
"Үүлэн бор” ыг уншиж байсан хүүхдүүд том болж,хайр дурлалын роман
сонирхох насандаа хүрсэн байлаа. Гэтэл улс орны маань байдал юун хайр
дурлал, гагцхүү өөрчлөн байгуулалт,ардчилалын их салхинд дэрвэж,эзэн
Чингисээ эрж хайж эхэлсэн байлаа.Үүнд юун ч буруу байхав,гэхдээ хэтэрхий
туйлшралын явцад хөлөө олохгүй хөөрцөглөх, нэрээ мэдэхгүй нэтгэлзэх,
зүгээ олохгүй зүтгэлзэх агшнаа өсөж өндийж байгаа хөөрхий хүүхдүүд юун
үлгэр домог,дуу шүлэг мантай. Ээж аавыгаа ганзагын наймаанаас ирэхэд
ганц сайхан цадаж авна гээд нойрсдог болсон байв шүү. Гэхдээ бүгд ийм
биш л дээ,аль боловсролтой аав ээжүүд хүүхдийнхээ төлөө тэмцэлдээ
хүчээ,мөнгөө барж эхэллээ.Мөнгөтэй л бол сурдаг,гэхдээ тэр сургалт нь
,уучлаарай,нэрнээс цаашгүй байсан цаг ирчихлээ.
Ардчиллын хүчинд ард олон зөвхөн
хойшоо харсан ганц цонхтой биш,урагшаа тольдох ,тив алгасан нисэх
боломжтой болсон. За,одоо ч урьд зүгээс уран зохиолын их урсгал түрнэ
дээ гэж бодтол ,тэр төвшинд хүртэл басхүү хорин жил болдог ажээ.
Гэтэл бид шинэ орчуулгын төвшин
тогттол,шинэ залуу орчуулагчид төрөн гартал нэг хэсэгтээ ёстой л нэг
"ганзагын” орчуулгатай болсон доо.
Энэ завсрын үеийг сүүхээтэй,наймааны
ухаантай ганзагачид ашиглан "ҮҮЛЭН БОР” ыг маань тун
бүдүүлэгээр,хэвлэлийн бүхий л хуулийг зөрчин,орчуулагчийн нэр ус ч үгүй,
ISBN дугаар ч үгүйгээр Хөх хотод хэвлүүлэн авчирч зараад байлаа.Хэн
хэвлүүлээд байгааг олох,тэр хууль бус хэвлэлийг хураалгах гэдэг нэг
жилийн ажил бус ажээ.Яагаад гэвэл хураалгачихаад л явчихсны дараа ахиад л
гаргаж тавиад зараад байна шүү дээ. Мөнгө улаан нүд цагаан гэдэг үүнийг
хэлдэг байх даа.Оюуны өмчийн газараар хураалгах гэхээр ,та өөрөө очоод
гаргуулаад авчих,тэгэхээр нь бид очоод хураагаад авъя гэнэ.Тэгээд номын
дэлгүүрээс өөрөө очиж гардаж гаргуулж байж хураалгаж л явлаа. Энэ
бүхнийг нуршихын учир гэвэл,манайхан хулгайчид юмаа алдсан хүнийг өөрийг
нь буруутгадаг юмуу гэсэн сонин бодол төрсөн шүү. Дараа нь монголын
шинэ хууль тогтоолын цоорхойг ашиглан, зохиогчийн болон орчуулагчийн
эрхийн асуудлыг уландаа гишгэн энд тэндгүй хувийн хэвлэлийн газар
гэгчийг байгуулан баруун зүүнгүй хэвлэн зарж эхэллээ. Энд би манай
нэртэй нэртэй орчуулагчдын номыг хуулан хэвлэж,яг үнэнээр нь хэлвэл
хулгайлан хэвлэж байсныг,(одоо ч байж байгаа гэмт хэрэг) ярихгүй. Тэр ч
байтугай,миний орчуулсан САННИКОВЫН ГАЗАР,ОРОС ҮЛГЭРҮҮД зэргийг
хулгайлан хэвлэж байсныг ч дурьдахаа болиё. Зарим нэг ,жишээлхэд "АЛТАН
АЛИМ” гэдэг номонд миний орчуулсан үлгэрүүдийг ном номны дундаас сугалж
аваад оруулсан ч байх шиг. Иймэрхүү сэтгэлийн цөвдөлтэй хүмүүс
яажшуухан орчуулагч болдог юм бол доо! За тэгээд, энэ бүхнээс болж итгэл
зоригоо мохоон уйлж унжсан ч үгүй. Гагцхүү нэгэн сэтгэлийг барин бор
зүрхээрээ үзэг цаастай ноцолдсоор нэг мэдэхнээ гуч гаран жил болжээ.
Одоо гагцхүү зовлонт ҮҮЛЭН БОР-
ынхоо жишгийг л үргэлжлүүлье. Хүний орчуулгыг хулгайлж аваад зарна гэж
санаанд ч орохгүй явсан би цочирдсоон. Тэр ч байтугай,тендэрт орохын
тулд Оюуны өмчийн газраас хамтран орчуулсан болоод өөрийнхөө нэрийг
миний нэрийн дор бичээд Гэрчилгээ авчихсан,Оюуны өмчийн газар нь ч
өгчихсөн байхад хэлэх үг олдохгүй болдог юм билээ. Энэ бүхнийг
зохицуулан хөөцөлдөж, хулгайн хэвлэлийг хураалгана гэдэг их ажил байдаг
аж.
Тэгээд угаас хөрөнгө мөнгө
хураагаагүй,бүхнийг хүүхдүүдийнхээ төлөө зориулсан хүн чинь,өөрөө
явж,хүний газар хүчин зүтгэж байж хэдэн мөнгө олоод номоо өөрөө
хэвлүүлж эхэллээ. Ингээд сүүлийн хоёр гурван жилд "ҮҮЛЭН БОР” оо гурав
дахин мянга мянгаар хэвлүүлээд Улаанбаатрынхаа номын дэлгүүрүүдэд
тарааж уншигч хүүхдүүддээ хүргэж байна. Одоо ч дахин дахин хэвлүүлэх
захиалга аваад л байна.
Ингэж хөөрхий "ҮҮЛЭН БОР” эзэндээ
ирж янцгаатлаа нилээд урт замыг туулсан хэдий боловч яг л урьдынхаараа
уншигч багачууд "дуудсан” цагт эрээн уулыг ирийтэл, эрэг газрыг жирийтэл
давхиад ирнэ шүү.
Дашрамд хэлэхэд, саяхан Чикаго
хотод болсон "ХӨХ ЗӨН” яруу найргийн наадамд түрүү магнай хүртэж хөх
болор цoмooр шагнуулсан, залуу яруу найрагч Г.Мөнх-Ирээдүй
сурвалжлагчийн асуултанд хариулахдаа...”үгээр хэлшгүй, үзгээр бичишгүй
баярлаж байнаа...” гэж хэлсэн шүү. Үүнийг сонсоод, энэ сайхан найрагч
хүү монгол ардынхаа үлгэр домог, дуу туульсийг уншихаас гадна басхүү
миний орчуулсан үлгэрүүдийг уншиж л байсан хүү байна даа гээд сэтгэл
хөөрч л суув шүү.
За,тэгээд үг олддогийг санаад,
Америкт амьдран суудаг хүүхдүүддээ зориулан, "Даяар монгол” сонины
уншигч багачууддаа сонирхуулан "ҮҮЛЭН БОР” үлгэрээ хэлье дээ!
ҮҮЛЭН БОР.
Гурван хүүтэй нэгэн өвгөн байжээ.
Хоёр том хүү нь орон гэрийнхээ ажлыг амжуулдаг овсгоотой сэргэлэн гэнэ.
Бага хүү Иван нь тэнэг аж. Иван ойд явж мөөг түүх дуртай,гэртээ бол
халуун пийшэн дээрээ хэвтээд л өнждөг байж.Өвгөн нас эцэслэх цаг болоход
гурван хүүгээ дуудан,
Намайг үхсэний дараа гурван шөнө дараалан булшин дээр минь очиж талх авчирч өгөөрэй гэж захижээ.
Өвгөн насан эцэслэж хүүхдүүд нь оршуулжээ.
Эхний шөнө болж булш руу явах том хүүгийн ээлж ирэв.Том хүү нэг бол залхуурч,нэг бол айсан уу,булш руу ямар ч гэсэн явсангүй.
Чи өнөө шөнө миний оронд эцгийн булшин
дээр талх аваачиж өгөөд ирнэ үү? Би чамд боов авч өгнө шүү гэж Иванаас
гуйжээ.Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очин хүлээн суув.
Шөнө дунд гэнэт газар хагаран эцэг нь босож ирээд,
-Хэн ирээв? Миний том хүү юу? Орос нутгаар юу байна?
Өлөн чоно чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд уйлж байна уу? гэж асууж гэнэ.
- Таны хүү байнаа. Эх нутаг минь энх
амар байнаа,эцэг минь гэж Иван хариулав. Эцэг талхаа идчихээд булшиндаа
эргэж хэвтэв.Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд том ах нь,
- Аав байна уу? гэв.
- Байнаа.
- Талх идэв үү?
- Идсээн,цадталаа идсэн.
Хоёрдахь шөнө болов.Дунд хүүгийн ээлж болоход тэр залхуурсан ч юмуу,айсан ч юмуу,ямар ч гэсэн явсангүй.Харин Иванд,
- Чи миний оронд эцэг дээр очоод ирээч, би чамд шаахай сүлжиж өгнө шүү гэв
Иван зөвшөөрч талх аван эцгийн булшин дээр очиж хүлээн суулаа. Шөнө дунд гэнэт газар хагарч эцэг нь босож ирээд асуув.
- Хэн ирээв? Миний дунд хүү юу? Орос нутгаар юу байна? Өлөн чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд уйлж байна уу?
- Таны хүү байнаа. Орос нутгаар тайван
байна,эцэг минь гэж хариулав.Эцэг талхаа цадтал идээд булшиндаа эргэж
орлоо.Иван замдаа баахан мөөг түүгээд гэртээ ирэхэд дунд ах нь асуув.
- Эцэг талх идэв үү?
- Идсээн идсэн.Цадталаа идсэн.
Гуравдахь шөнө болов.Иван ах нартаа,
- Би хоёр шөнө дараалан явлаа. Одоо та нар эцгийн булшин дээр оч, би амармаар байна гэжээ. Хоёр ах нь,
- Чи юугаа яриад байгаа юм бэ? Чи явж сурсан,чи л явсан дээр гээд халгаасангүй.
Шөнө дунд газар хагаран эцэг босож ирээд,
Хэн ирээв? Миний бага хүү Иван уу? Орос
нутгаар сонин юу байна? Өлөн чоно улилдаж өлсгөлөн ноход хуцаж үр хүүхэд
уйлж байна уу? гэхэд,
- Таны хүү Иван байнаа. Эцэг минь,Орос нутаг амар амгалаан гэв. Эцэг талхаа цадтал идчихээд
- Миний захисныг ганцхан чи л
биелүүллээ. Миний булш руу гурван шөнө айлгүй хүрч ирлээ. Чи цэлгэр
хөндий цэнхэрлэх талд гараад Илбэт Үүлэн бор морь минь эрээн уулыг
ирийтэл эрэг газрыг жирийтэл давхиад ирээч гэж хашгиран дууд. Сайхан
морь чам руу давхиад ирнэ. Чи баруун чихээр нь ороод зүүн чихээр нь
гар. Тэгээд чи хүч чадал ихтэй сайн эр болно. Сайхан мориндоо мордож
алсыг зорь гэжээ.
Иван эцэгтээ талархаад замдаа баахан мөөг түүгээд гэртээ харив гэнэ.Хоёр ах нь асуув.
Аав байна уу?
Байнаа.
Талх идэв үү?
Идсээн,цадталаа идсэн.Дахиж битгий ирээрэй гэсэн.
Энэ үед тэр улсын хаан ард олныхоо дунд зар тараажээ.
"Хань бүлгүй ганц бие сайн эрчүүд хааны
ордоны гадаа цуглар. Хааны охин арван хоёр давхар,арван хоёр баганатай
өндөр цамхаг барихыг зарлигдсан гэнэ. Тэр цамхагийнхаа хамгийн дээд
давхарт нь Хосгүй үзэсгэлэнт гүнж суугаад ямар эр мориныхоо ганц
үсрэлтээр уруулд нь хүрч үнсэхийг хүлээнэ гэнэ.Гүнжийн уруулд хүрч
үнссэн хүчит морьтон эрд,хэний хэн байсан ч хамаагүй ,хаан охиноо эхнэр
болгон өгч дээр нь хаант улсынхаа тэн хагасыг бэлэглэнэ” гэнээ.
Энэ тухай хоёр ах нь сонсоод азаа
үзье гэж зөвлөлджээ.Тэгээд сайн морьдоо тэжээж услаад өөрсдөө сайхан
хувцасаа өмсөөд үсээ самнаж зүсээ янзлав гэнэ. Иван пийшин дээрээ сууж
байснаа,
- Ах нар минь намайг аваад яваач,цуг явж азаа үзье гэхэд нөгөө хоёр нь,
- Пийшин Иван чи дуугүй бай. Олны түмний
доог болсноос ойд явж мөөг түү гэжээ. Ингээд хоёр ах нь малгай юугаа
духдуулаад магнай морио унаад уун гэж хавираад уухайлан давхижээ,улаан
тоос л ард нь үлджээ. Тэгэхэд Иван хазаараа аван цэлгэр талд гараад
эцгийнхээ зааснаар,
- Илбэт Үүлэн бор морь минь эрээн уулыг ирийтэл,эрэг газрыг жирийтэл давхиад ирээч!гэж дуудав.
Гэтэл газар дэлхий чичиргэн нэгэн морь
давхиж ирсэн нь хамрынх нь нүхнээс дөл дүрэлзэн чихнээс нь утаа
олгойдоно гэнэ. Морь газар хадагдах мэт зогтусан,
- Тушаагтун! гэлээ.
Иван морио илэн илэн байж хазаарлаад баруун
чихээр нь орж зүүн чихээр нь гарвал үгээр хэлшгүй үзгээр бичишгүй сайхан төрсөн сайн эр боллоо гэнэ.
Сайхан эр мориндоо морьдон хааны ордон
руу давхижээ. Үүлэн бор морь нь нисэн алдан давхихад газар дэлхий чичрэн
уул толгод хажуугаар нь урсан ханарч ургаа хад, хэвтээ хожуул дөрвөн
туурайных нь хоорондуур жирэлзэн өнгөрөнө гэнэ.
Иваныг хааны ордоны гадаа ирэхэд үй
олон хүн үймэлдэн цугласан байв.Арван хоёр баганатай арван хоёр давхар
цамхагийнхаа хамгийн өндөрт цонхон дээрээ Хосгүй Үзэсгэлэнт гүнж сууж
байна гэнэ. Хаан үүдэн дээрээ гаран,
- За эрхэм сайн эрчүүдээ,Та нарын хэн нь
мориныхоо харайлтаар тэр цонх хүртэл үсэрч охины минь уруулыг үнсэх вэ?
Тэр эрд би охиноо эхнэр болгон өгч дээр нь хаант улсынхаа тэн хагасыг
өгнө гэлээ.Сайн эрчүүд ээлжлэн ээлжлэн үсэрсэн атал хэн ч хүрч
чадсангүй. Цамхагийн орой хүршгүй өндөр ажээ.Иваны хоёр ах үсрээд
цамхагийн дунд нь ч хүрсэнгүй. Иваны ээлж ирлээ.
Иван Үүлэн бор морио гуядан уухайхийн
ухасхийн үсэрвэл хоёрхон давхар дутав гэнэ.Дахин цойлж ахин нэг үсэртэл
ганцхан давхар үлдэв гэнэ. Үүлэн бор морио тасхийтэл гуядаад гурав дахь
удаагаа цойлон дүүлэн үсрээд өндөр цонхонд хүрч Хосгүй Үзэсгэлэнт
гүнжийн балын амтат уруулыг шүргэн үнсэхэд гүнж ч духан дээр нь
бөгжөөрөө хүрч тэмдэг тавьж амжив гэнэ.
Олон түмэн шуугилдан ,
- Эрэлхэг эрийг бариад ав,бариад ав гэж сандарцгаажээ..
Гэтэл эрэлхэг эр бараа сураггүй давхин одов.
Иван цэлгэр талд давхиж ирээд Үүлэн
борынхоо зүүн чихээр орж баруун чихээр гараад дахин тэнэг Иван болон
хувирчээ. Тэгээд морио суллан тавиад замдаа баахан мөөг түүгээд гэртээ
ирэнгүүтээ духаа алчуураар боогоод пийшин дээрээ гарч хэвтжээ.
Хоёр ах нь буцаж ирээд хаана байсан,юу үзсэнээ ярив гэнэ.
- Сайхан төрсөн сайн эрчүүд цугласан
даа. Гэхдээ нэг онцгой сайн эр морьтойгоо үсрэн гүнжийг үнсэж чадсан.
Хаанаас ирснийг нь цөм харсан,харин хаашаа явсныг нь хэн ч мэдэхгүй
хоцорлоо гэцгээв.
- Тэр чинь би байсан юм биш үү? гэж Иваныг хэлэхэд хоёр ах нь уурлан,
- Тэнэгийн дуугүй нь дээр. Пийшин дээрээ мөөгөө идээд сууж бай гэлээ.
Иван гүнжийн бөгжөөрөө хүрч тэмдэг тавьсан духныхаа боолтыг автал гэр дүүрэн гэрэл туяа цацрав гэнэ. Хоёр ах нь айж,
- Тэнэг минь,чи юу хийгээд байна? Гэр орон шатаах нь үү гэж хашгирлаа.
Маргааш нь хаан өргөн их найр хийх
болж дээд түшмэлээс аваад доод ардыг хүртэл баян ядуу,хөгшин залуу хүн
бүгдийг урин залж гэнэ.
Хоёр ах нь найранд явахаар бэлдэхэд Иван,
- Би цуг явъя гэлээ.
- Тэнэг минь,олны инээдэм болсноос орон
гэртээ суугаад олсон мөөгөө идээд байж бай гээд ах нар нь малгай юугаа
духдуулаад магнай морьдоо унаад яваад өгч гэнэ.
Иван явган явсаар хааны найранд ирээд хамгийн захын ширээнд суужээ.
Хосгүй Үзэсгэлэнт гүнж зочин олноо
зочлон хүндэтгэж амтат балтай аягыг өргөн барьж аль хүний духан дээр
тэмдэг байна гэж харан ажин байна гэнэ.
Гүнж бүх зочиндоо бал бариад Иван руу
дөхөж ирэхдээ зүрх нь шимшрэх мэт болжээ.Тэгээд ч Иван үс гэзэг нь
арзайсан үнс тортогт дарагдсан нэг сууж байсан байна. Хосгүй Үзэсгэлэнт
гүнж ,
- Хаанахын хэн гэгч ,хаа хүрч явна вэ? Юуны учир духаа боогоо вэ? гэж асуухад Иван,
- Цохичихсон юмаа гэж өчив.
Гүнж духных нь боолтыг тайлваас ордон дүүрэн гэрэл гэгээ гялбан цацрав гэнэ.
- Энэ миний тэмдэг байна. Миний заяаны хань энэ хүн гэж гүнж уулга алдав.
Хаан ойртон ирж,
- Юуны чинь заяаны хань.Үнс тортог болсон аймаар амьтан байна гэхэд Иван,
- Нүүр гараа угаагаад ирэхийг зөвшөөрнө үү? гэв. Хаан ч зөвшөөрчээ. Иван гадаа гараад эцгийнхээ зааснаар ,
- Илбэт Үүлэн бор морь минь эрээн
уулыг ирийтэл эрэг газрыг жирийтэл давхиад ирээч гэж дуудлаа. Тэгтэл чиг
хамрынх нь нүхнээс дөл дүрэлзсэн,чихнээс нь утаа олгойдсон нэгэн морь
тэнгэрээс унасан мэт давхиж ирэхэд газар дэлхий ганхан чичрэв гэнэ.Иван
мориныхоо баруун чихээр ороод зүүн чихээр гарч тааж хэлж баршгүй тайлж
зурж болшгүй сайхан төрсөн сайн эр болон хувирлаа .Үй олон ард үймэлдэн
гайхаж,үг дуугарч чадахгүй уулгалан сууцгаана.
Хөлгүй их найрыг хөгжилтэй хурим залгаж гэнэ.Сонин үлгэр ингээд төгслөө,сонссон бүгдэд гялайлаа.
Орчуулагч Жамсрандоржийн Оюунцэцэг.