СЭРГЭЛЭН СУМ
Дорнод аймгийн Сэргэлэн сум БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн
1961 оны 1-р сарын 09-ний өдрийн 7-р зарлигаар Хөгнө Хэрлэнбаян сумдыг
нэгтгэж Сэргэлэн хараат уулын энгэрт сумын төвийг байгуулан сумаа
Сэргэлэн гэж нэрлэжээ.
Сумын эдэлбэр газар 416,9 мян га. Үүнээс: бэлчээр 364,8 мян га, газар
тариалан 64,9 мян га, хадлан 44,1 мян га, бусад 73,9 мян га
Сумын төв нь Чойбалсан хотоос 70 км, Улаанбаатар хотоос 668 км зайд оршино.
Тус сум нь мал аж ахуйг голлон эрхэлж илүү нугаламтай. үзэмчин омгийн хонийг өсгөн үржүүлдэг.
Гүн саваагийн балгас, Гөцөөгийн хүн чулуу, Сэнжит хад, Хэрмэн зам зэрэг
түүхэн дурсгалт газрууд, Дөхөн нуур, Боодгийн ганга зэрэг байгалийн
үзэсгэлэнт газруудтай.
Яхь нуурийн байгалийн нөөц газар нь 107,2 мян га талбайг эзэлнэ. Бүдүүн
булгийн рашаан, Зосын шороон будгийн, Хөөтийн нүүрсний болон Далан хар,
Хүйтэн булгийн орчмын алтны орд газруудтай.
Эх газрын эргийн уур амьсгалтай, агаарын дундаж температур өвөлдөө -27
градус, зундаа +21 градус. Жилийн 200-250 хоног нь цэлмэг байдаг.
Сум нь засаг захиргааны 5 нэгж /баг/-тай. Нийт хүн амын 30,7 хувийг 17-35 насны залуучууд, 45 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг.
-14 ажиллагсадтай Засаг даргын тамгын газар
-410 сурагчидтай 8-н жилийн дунд сургууль
-10 ортой Хүний их эмчийн салбар
-15 хэрэглэгч бүхий АТС, телевизийн нэвтрүүлэх дамжуулах станц бүхий холбооны салбар
-Соёлын төв, цэцэрлэг, ХАА-н банкны салбар, тооцооны төв зэрэг иргэдийн үйлчилгээний байгууллагууд ажилладаг.
-Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлтэй "Шударга үйлс” ХХК, "Хурган уул” Нөхөрлөл ажилладаг.
Тус сумаас түүхэн болон бахархан дурсаж явах алдартан, эрдэмтэн, мэргэд олон төрөн гарснаас :
-Гүнсаваа баатар
-Үнэн хүчит ах дүү аварга Гэлэгсэнгэ, Дугар
-Ёндонжунай арслан, Тавхай заан
-Алдарт уран дархан Даржаа, Яримпил
-Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн анхны Үндсэн хууль батлалцаж явсан Д.Доосүрэн, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Г.Чаргай
-Ардын ерөөлч Ч.Жигмэд
-УИХ-ын гишүүн асан Ц.Төрмандах
-МУ-ын гавъяат хуульч Ж.Лувсаншарав
-Соёлын гавъяат зүтгэлтэн Т.Оюут, Л.Хаянхярваа
-МУ-ын төрийн шагналт эрдэмтэн Э.Шагдар
-Биологийн ухааны доктор Ч.Санчир
-Дэд профессор Л.Чойжинням
-Дипломат ажилтан О.Дамбийням
-БНМАУ-ын АИХ-ын депутат Галсан, И.Очиржав, Д.Бат очир, Г.Батболд
-МУ-ын аварга малчин Гэндэнравжаа, Д.Балдан, А.Эсрэг, Цэрэнжав, Н.Удирсад нар төрөн гарчээ.
Сэргэлэн сум нь Дорнод аймагтаа хамгийн олон малтай, иргэдийн
амьжиргааны төвшин харьцангуй өндөр сум юм. 2000 оны эцэст 100 гаруй
мянган толгой мал тоолуулсан боловч 2000-2001 оны өвлийн цас зуданд
малын 20 орчим хувь хорогдсон юм. Иргэд малчдын нөр их хөдөлмөрийн дүнд
2002 оны эцэст 94,0 мянга гаруй мал тоолуулах тооцоо гараад байна. Сумын
сургуулийн А байранд "Данида” төслийн шугамаар 3,8 сая төгрөгийн засвар
тохижилтын ажил, Б байранд Япон улсын тусламжаар 35,8 сая төгрөгийн их
засварын ажлыг хийж гүйцэтгэснээр сурагчдын сурч боловсрох тохилог
орчинг бүрдүүлэхэд ахиц гарлаа. Иргэдийн зах зээлд зохицон амьдрах идэвх
сэргэж, хувиараа хөдөлмөр эрхлэлтийн тоо өсөн, бэлэн ажлын байр шаардах
элдэв тусламж гуйх явдал багасаж байна. Сумын төв нь байнгын эрчим
хүчгүй, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжөөгүй, нөхөрлөл, хоршоо
байгуулагдаагүй зэрэг бэрхшээлээс болж шинэ залуу боловсон хүчин орон
нутагт ажиллах сонирхолгүй боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн чухал
салбаруудад шаардлагатай зарим боловсон хүчин, эмч мэргэжилтнүүдийн
дутагдал байнга гарч байна. Дээрх бэрхшээлээс болж сумын сургуульд
суралцагчдаас төв суурин газарт шилжин явагчдын тоо тасралтгүй
нэмэгдсээр байна. Цаашид сум, орон нутгийн хөгжилд гол түлхэц өгөх
хөшүүрэг нь:
-Байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон мал сүргийг үржүүлэх, хамтын хөдөлмөрийг хөгжүүлэх
-Сум орон нутагт шинэ залуу боловсон хүчин ажиллуулах, тэдгээрийн суурьшуулах асуудал юм.
Дээрх зорилтыг шийдвэрлэхийн тулд сумын төвийг төвийн эрчим хүчний
сүлжээнд холбох, Хүн эмнэлгийн шинэ барилгыг барьж ашиглалтанд оруулах
зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна. Ингэснээр сум, орон нутагт
жижиг үйлдвэрлэл хөгжих, хүн амын шилжилт хөдөлгөөн саарах, боловсон
хүчний суурьшилт тогтвортой байх нөхцөл бүрдэнэ.