"Чадвал голомтоор нь чадахгүй бол
эхнэрээ ална” хэмээн ажлын хамт олондоо ярьж байгаад аймшигт санаагаа
гүйцэлдүүлсэн ноцтой хэрэг гарчээ. Энэ сарын 11-12-нд шилжих шөнө
Говь-Алтай аймгийн Тайшир сумын харъяат Г нь эхнэрийнхээ хүзүүг хайчаар
хэд хэдэн удаа дүрж амь насыг нь хохироосон байна. Танилцаад таван жил
болж буй ч энэ хугацаанд Г- гэгч нь хохирогч бүсгүйг хангалттай зовоож
байсан аж. Учир нь эхнэрээ хайрлах биш хардан зовоож, зодож, дарамталдаг
байсныг ажлын хамт олон, ангийн хүүхдүүд, найз нөхөд гээд ойр орчны хүн
бүр нь баталжээ. Хохирогч Х угийн цовоо охин хэдий ч орой ажил тарах
дөхөөд ирэхээр л утас нь дуугарч, мессэж ирэхээр царай нь хувхай цайгаад
нэг л тухгүй болдог байсан гэдэг.
Энэ мэт хардаж, дарамталсан олон үйлдэл гаргаж байсан гэнэ. Тухайлбал,
өнгөрсөн онд эхнэр нь дээд сургуулиа төгсөөд хонхны баяраа хийх үеэр
Г-нь цэрэгт байжээ. Гэтэл амьдралд нь цөөхөн болох баярт мөчийг нь найз
нөхөдтэй нь өнгөрүүлээгүй байх юм. Учир нь цэргээсээ баярын өдрийг нь
тааруулж чөлөө авч ирээд, зугаалга, үдэшлэгт нь явуулалгүй сахиж байгаад
явсан аж.
Энэ мэтчилэн нөхөр нь байнга дарамтад
байлгадаг учир хэдийнэ хөөрхөн хүүхэдтэй болсон ч түүнтэй гэр бүл
болохгүй гэдгээ хэлжээ. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард арга буюу
салсан аж. Гэвч эх хүн л болсон хойно хүүхдээ санаж бэтгэрэх нь
ойлгомжтой.
Гэтэл Говь-Алтай аймаг руу хүүхдээ
хүчээр эхээс нь салгаад, аваад явсан нөхөр гэнэт нийслэлд ажиллаж,
амьдрахаар болсон хэмээн ирсэн байна. Хүүгээ удаан хугацаанд хараагүй
ээж хүүтэйгээ уулзаж, элгээ дэвтээж, нар нь гарсан нь ойлгомжтой. Гэтэл
нөхөр болох балмад этгээд шинээр ажилд орсон ажлын хамт олондоо "Би
Улаанбаатар хотод нэг л зорилготой ирсэн. Эхнэрийнхээ хамаатан садан, ах
дүүг гээд бүх хүнийг голомтоор нь чадахгүй түүнийг заавал ална” хэмээн
шүд зуун ярьж байсан аж. Ийнхүү ярьж буйг нь сонссон ч үнэхээр санаагаа
гүйцээнэ гэж хэн санах билээ.
Шууд босоод хутга хайж эхэлжээ
Хохирогч бүсгүй өндөр боловсролтой нэгэн
байсан аж. Өнгөрсөн жил дээд сургуулиа төгссөн бөгөөд энэ жил
"Улаанбаатар эрдэм Оюу ” дээд сургуульд Япон хэлний ангид суралцаж
байсан юм байна. Ирэх зунаас Япон улсад очиж үргэлжлүүлэн суралцахаар
болоод байжээ. Дунд эгчийнх нь нөхөр Япон улсад байгаа учир нь Х эгчдээ
хань болж хамт байсныг Г мэддэг болсон байна. Тиймээс ч хэрэг болсон
өдөр буюу өнгөрсөн бямба гарагт орой бузар санаагаа гүйцэлдүүлэхээр
иржээ. Салсан нөхөр нь орой үдэш болж байхад ирсэн нь Х-д таалагдаагүй
нь мэдээж.
Тиймээс ч "яах гэж ирсэн юм бэ, яв” гэж
хэлжээ. Гэтэл "догшин авирт” нөхөр нь нэг их уурлаж хэрүүл маргаан
бололгүй босоод хутга хайж эхэлжээ. Х-ын эгч хоёр бага насны хүүхэдтэй
учир хүйтэн мэсийг тэр бүр ил байлгадаггүй учир Г-д хутга олдоогүй
байна. Гэтэл өдөр нь хэрэглээд ил орхисон хайчыг олж аваад Х-г араас нь
боогоод, хүзүүн тус газарт нь дүржээ. Үүнийг харсан эгч нь дүүгээ
хамгаалах гэтэл эгчийг нь алахаар дайрсан аж.
Тиймээс арай гэж гараас нь мултарсан эгч
нь гарч, хажуу айлаасаа тусламж гуйжээ. Хэрэг болох үед шөнийн 01.00
болж байсан учир айлууд амарчихсан байжээ. Хаалгыг нь нүдэж туслаж гуйж
чанга дуудсан учир хөрш залуу нь сэргээд хамт иртэл дүүг нь хайчаар
дүрээд л зогсож байжээ. Нүдээрээ харахад ч бэрх уг үйлдлийг харсан хөрш
нь айж шоконд ороод, цагдаад дуудаад өгье гээд буцаад гэр рүүгээ явжээ.
Сандарч балмагдсан эгч нь дахин өөр
айлын хаалгыг нүдэж гуйсаар, өөр нэг хөршөө дагуулан иртэл дүүг нь
хайчаар дүрээхээ зогсоогоогүй л байсан гэнэ. Ийнхүү 10 гаруй минут
өнгөрөхөд бүсгүйг яагаад ч амьд үлдэхээргүйгээр гэмтээж амжжээ. Шүүх
эмнэлэгийн урьдчилсан дүгнэлтээр хохирогчийн хүзүүнд дөрөв, шанаан тус
газар нь хоёр, хэвлийд нь нэг удаа хайчаар бүлсэн гэсэн урьдчилсан
дүгнэлт гараад байгаа юм байна.
"Би дөнгөж сая эхнэрээ алчихлаа” хэмээн хэргээ хүлээжээ
Г-нь эгчийнх нь нүдэн дээр дүүг нь олон
удаа хайчаар бүлж амийг нь хөнөөчихөөд хээвнэг яваад өгчээ. Толгойтод
ахындаа очиж цустай хувцсаа сольж өмсөөд, ахыгаа дагуулаад
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт очиж "Би дөнгөж сая эхнэрээ
алчихлаа” хэмээн хэргээ хүлээсэн байна. Үүнээс үзэхэд үнэхээр л эхнэрээ
алахаар төлөвлөж байсан юм болов уу хэмээн хардахад хүргэж байгаа юм.
Учир нь Г-нь цэрэгт явахын өмнө хуулийн
чиглэлээр сургуульд сурч төггсөн аж. Тиймээс ч нарийн төлөвлөгөө
боловсруулсан гэлтэй. Тухайлбал, хэргийн газраас зугтаж гараад, өөрөө
очиж хэргээ хүлээсэн. Энэ нь ял хөнгөлөх үндэс болно гэдгийг мэддэг.
Хэрэг үйлдэх үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй
байсан. Хэрэв архи уусан бол ял нь нэмэгдэнэ гэдгийг мөн л мэддэг.
Хамгийн аймшигтай нь эхнэрийнхээ амийг
бүрэлгэж байхдаа өөрийгөө хайчаар гэмтээгээд, тэр шархаа цагдаа нарт
үзүүлээд "Би аргагүй хамгаалалт хийсэн” гэсэн байна. Ёстой нөгөө үхсэн
хүн үг хэлдэггүй гэгчээр хэрэлдэж, муудалцах болсон бүх шалтгааныг эхнэр
рүүгээ чихээд сууж байгаа сурагтай. Тухайлбал, "Эхнэр маань хүү бид
хоёрыг хөдөө хаячаад яваад өгсөн. Тиймээс би л хүүхдээ өсгөж байна.
Гэтэл өөрөө энд чөлөөтэй дураараа,
жаргалтай амьдарч байсан. Би эцэг хүний үүргээ сайн биелүүлээд явж
байгаа эр хүн” хэмээн "солиорч” суугаа гэнэ. Ийнхүү өөрийгөө өмгөөлөн
мэдүүлж суугаа Г-нь өмнө нь "Би чамайг алчихсан байхад надад алдах юм
байхгүй. Надад мөнгө, бие, нас байна ял авсан ч эдлээд л гараад ирнэ”
хэмээн эхнэрээ заналхийлдэг байсан аж. Албан бус эх сурвалжийн
мэдээлснээр Г-ийн ах нь уул уурхайн компанитай бололтой. Тиймээс ч
мөнгөтэй гэж сагсуурдаг байж магадгүй гэж байгаа юм.
Хохирогч бүсгүйн ах өмгөөлөгч М.Ичинноровт ханджээ
Энэхүү хэрэг одоо Баянзүрх дүүргийн
цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа аж. Тиймээс бид шүүх
эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарсан болон Г-г хаана цагдан хорьж байгаа
талаар хэргийг шалгаж байгаа байцаагчаас тодруулсан юм. Харин байцаагч
нь "Уг хэрэг шалгагдаж байгаа.
Тиймээс ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Г-г
одоо Цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа” гэснээс өөр мэдээлэл
өгөөгүй юм. Хохирогчийн ар гэрийнхэн Хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноровт
хандаад байгаа аж. Хохирогчийн ах "Бид өмгөөлөгч М.Ичинноровт хандсан.
Учир нь гэмт этгээд ял завших
магадлалтай байгаа. Тэрбээр хуулийн сургууль төгссөн энэ талын
мэдлэгтэй, тэгээд ч ажлынхандаа дүүг минь ална хэмээн ярьж байсан гэсэн.
Тиймээс эртнээс бодож төлөвлөсөн байх магадлалтай. 25-хан настай
хөөрхөн, бидний сор болсон дүүгээ тэр муухай залуугийн гарт алдчихсан
болохоор бидэнд маш их гомдолтой байна.
Гэхдээ хууль үнэн мөннийг тогтоогоод
өгөх байх” гэлээ. Улмаар ах нь Монгол Улсын ерөнхийлөгчид хандаж захидал
бичээд байгаа гэнэ. Учир нь цаазын ялгүй болгосныг Г мэтийн зарим хүний
үнэргүй этгээдүүд ашиглаад байна гэдгийг хүргэхийн хүсч байгаа юм
байна.
Ж.Мягмар
Эх сурвалж: www.minfo.mn