Хурандаа Э.Болдбаатар захирагчтай хилийн 0306-р ангийн Булан дэрс, Буйрын заставууд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар техник тоног төхөөрөмжөө шинэчлэн Буйр нуурын усан хилийн хамгаалалтад шилжин ажиллаж эхэллээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон холбогдох удирдлагууд оролцлоо.
Улсын хил хамгаалалтыг 4 хилийн анги байрлан зохион байгуулдаг бол хилийн цэргийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсэгт байрлах Буйр нуур нь БНХАУ-тай 30.7 км усаар хиллэдэг бөгөөд энэ хэсэгт усан хил хамгаалалтыг хийдэг онцлог бүхий газар юм. Загас агнуурын үе эхлэхэд өмнөд хөршөөс Буйр нуураар дамжин усан хил зөрчигчид ихсэх хандлагатай болдог тул тус нуурыг найдвартай хамгаалах шаардлага үүсч энэ нөхцөл байдалтай уялдуулан тал хээрийн бүсийн хил хамгаалалтыг гэрээт хилчний зохион байгуулалтад шилжүүлэн ажиллаж эхэлсэн байна.