Говийн ус хөрсөн дороо байдаг. Нүүдэлчид оршин тогтносон бүхий л
үеийнхээ туршид бэлчээр, усны төлөө амьдарчээ. Ус олох, гаргах, ашиглах
арга бол тэдний үе үеийн бүтээл юм. Монголын уудам хээр тал, говь
нутгаар маш олон гайхамшигтай худаг, ус байдаг байна. Худаг бол
бэлчээрийн мал аж ахуйн үндсэн хэрэглэгдэхүүний нэг, нүүдэлчдийн
амьдралыг тэтгэгч чандмань эрдэнэ, тэдний мэдлэг соёлын нэгэн гайхамшиг
аж. Монголд сонин содон худаг олон байж. Бичиж тэмдэглэсэн нь даанч
ховор. Одоо дарагдаж устаад мэдэх, хэлэх хүнгүй болсон нь лавтай. Дуулж
сонссоноосоо өгүүлэхэд:
Говь нутаг дахь аялал жуулчлал, эерэг
эрчмийн төв болон хөгжиж байгаа Хамрын хийдийн рашаан худаг хэний ч
анхааралд өртдөг. Хийдийн баруугаар зүүн урагш хошууран тогтсон намхан
хяр толгодын ар шил дээр гарсан нь санаанд буудаггүй, эргэн тойрны элс,
сайраас олдоогүй ус эндээс яагаад гараад ирэв гэх бодол эрхгүй төрнө.
Худгийн тухай домгоос сонсвол ноён хутагт Данзанравжаа бээр гаргуулсан
нь тодорхой бөгөөд Хутагт нум сумаар харваж сум туссан газраа ухуулсан
гэдэг бол нөгөөд овоог шинжиж үзээд энд ух гэхэд шавь нар нь "Овооны
оройгоос ус хэзээ гардаг билээ" хэмээн цааргалж, дургүйцэхэд тэрбээр
Толгойн чинь хуйхыг шалбалбал цус гарна биз дээ" хэмээн ятгаж байж
ухуулаад энэ рашаан худаг гарсан гэх. Гарсан цагаасаа бараг 200-гаад
жилд ундарга нь татраагүй усны их судлыг олох нь үнэхээр эрдэм чадалтай
хүний хийсэн ажил байх. Гүн нь гурван метр хүрдэггүй ч, ундарга сайтай,
хийд сэргэсэн жилүүдэд ундаргыг лайдаж, аман дээр нь гонхон барьжээ.
Хамрын хийдэд очигсод "хийдийн рашаан" хэмээн сүслэн таалж, ууж, шавшиж,
угаал үйлддэг буяны газар болжээ. Арга ч үгүй юм. Ноён хутагт амьд
сэрүүндээ энэ рашааныг хэрхэн хэрэглэвэл зохилтой талаар "Рашааны судар
оршивой" гар бичмэлээ үлдээсэн байдаг.
Дорнод аймгийн Матад,
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын зааг нутагт нэгэн дүгнэгэр том
ухаа бий. Ухаагийн орой дээр "Оройн худаг" хэмээх ундарга сайтай худаг
гаргасан нь бас л сонин. Ухааг тойроод эргэн тойрон говь, худаг, усгүй
ангамал нам дор газар үргэлжилдэг аж. Харин том, талибуун ухаагийн орой
дээр хэзээ ч юм ухаж гаргасан хүйтэн цэнгэг устай худгаас ангаж цангасан
хүн, мал ундаалж байдаг. Оройн худгийг хэн, хэзээ гаргасныг тухайн үед
сурвалжилж шимтээгүйдээ одоо харамсдаг ч Халхын хэцүү То ван гэж
алдаршсан Тогтохтөр ноёныг гаргуулсан байх гэсэн яриа сонссон юм байна.
Дорноговь
аймгийн Мандах сумын нутагт, Ноён уулаас зүүн тийш "Гүн номгоны худаг"
хэмээх гайхалтай гүн гар худаг байдаг аж. Энэ худагаас гараар ус татаж
олон мал усалж дийлдэггүй бөгөөд аман дээр нь эргүүлэг зоож, хом, ачаа
татлагын эх дээсээр оосорлосон хөнгөөгөөр ус татаж малаа усалдаг
байжээ. Хөнгөө гэдэг нь тэмээний ширний гол хэсгээр үдэж хийсэн том
савыг хэлэх агаад татлагын эх дээс бол 12 алдаас багагүй байх учиртай
аж. Үүнээс үзвэл уг худгийн гүн 19-20 метр орчим юм байна. Энэ худгийг
одоо ашигладаг эсэхийг мэдэхгүй. Юутай ч Дорноговьдоо хамгийн гүн гар
худаг гэж яригддаг байсан. Энэ тухай бас нутгийн эрдэмтэн, судлаач
Ж.Ухнаа "Дорнын говь" номдоо товч дурдсан буй.
Тээр нэгэн цагт
гайхамшигтай олж гаргасан худаг ус одоо хүртэл ашиглагдсаар байгаа ч
хөгжлийн явцад эх орныхоо энэ их тал, хээр, говь, цөлийг усжуулах
шаардлагыг дагаж шинжлэх ухааны хайгуул, гүн өрмийн технологи
нэвтэрүүлсэн билээ. Энэ үйлст социализмын үед их анхаарч Усны яам
ажиллаж байсан юм. Олон арван өрөмдлөгийн үр дүнд зуун, зууны туршид
амгамал, онгомол явсан бэлчээр нутагт гүн өрмийн, уурхайн худгууд
гаргаж шинэ, шинэ бэлчээр ашиглах болсон билээ. Мөнгө хөрөнгө, техник
хүч зарсан ажлын явцад \артерийн худаг\ ард түмний ойлголтоор оргидог
ус бас олноор олдсон юм.
Дорноговь аймгийн Мандах сумын нутагт
Өлгийн хийдийн ойролцоо Дуутын оргидог ус гэж бий. Уул нь Дуутын тойром
гэх энэ газарт 1953-1954 онд нефтийн хайгуулынхан өрөмдөж их усны
судал олсноо хааж тагласан гэж яригддаг. Одоо бол өрөмдлөгийнхөө ган
хоолой дотуур өөр нэгийг хийх замаар гурав давхарлаж сайтар хаасан,
хөрөөдсөн өчүүхэн зайгаар ус годгонон байдаг, тэр ус хуримдлагдсаар
тогтоол үүсгэж, ойр орчины мал, амьтад ундаалдаг ийм л нэг газар гэнэ.
"Хэмжээгүй их ус оргиж говийг бүхэлд нь далай болгох учир оросууд
таглаж, хаасан юм" гэж нутгийнхан төдийгүй аймаг даяар ярина. 1960-аад
оны эхэн хавьцаа байх Дорноговь аймгийн дарга нар ган гачигаас болсон
уу, яасан "ганцхан муу ган хоолойгоор гарсан ус энэ уудам говийг
дүүргээд байхдаа яадаг юм, задлаад хаячихъя" гэдэг бүдүүн зоригтой шийд
гарган хэсэг хүн томилж очуулсан сураг бий. Тэд бас Геологи, Усны зэрэг
яамдад бичиг шидэж, оргидог усыг нээж онгойлгох асуудал тавьсан ч
материал нь байхгүй, мэдэхгүй гэх маягаар булзаарчээ. Унаа машины хэдэн
түлхүүрээс өөр багажгүй "томилолтынхон" ган хоолойг жаал балбаж нүдээ
биз, эзгүй газраар сайхан зугаалаа биз, тэгээд буцаж "боломжгүй" гэж
илтгэжээ. Иймэрхүу газар говьд нэг бус байдаг юм.
Мөн аймгийн
Алтанширээ сумын нутаг Сайн усны хоолойд (аймгийн төвөөс 50-иад км)
өрөмдөөд хаасан оргил булаг бий. Нутгийн нэгэн хоршоо усыг нь ашиглан
багахан усан сан, жуулчны бааз байгуулж "говийн баян бүрд" шиг ажиллаж
байгаа нь их таалагдаж билээ. Би сурвалжлагч хүний хувьд оргидог усны
талаар багахан материал сонинд гаргасан удаатай. Үүнийг уншсан хүмүүсээс
мэдээлэл өгсөн нь бий. Говьсүмбэр аймгийн малчин Буджав "Дундговь,
Дорноговь аймгийн зааг нутаг "Хүрэн хад" гэж бий. Тэнд оргидог ус
байдаг. Бас дээр үед оросууд өрөмдөөд их ус олсон ч аюултай гэж үзээд
хаасан гэдэг юм" хэмээн мэдээлэв. Нефтийн өрөмдлөгийн өрөмдөгчөөс
аймгийн Усны конторын дарга, Усны яаманд ахлах байцаагч хүртэл хийж
явсан, эдүгээ Дархан хотод амьдран суугаа, инженер тидрогиологч Ц.Жалбуу
гуай надад олон сонин сайхан зүйл ярьсан билээ. 1956 онд гэнэ.
Эдүгээгийн Хамрын хийдийн зүүгээр урагш чиглэсэн сайрын зүүн хажууд
Чернов мастертай нефтийн хайгуулынхан өрөмдөж эхэлж, өрөм 20 метр орчим
яваад сул эргэж, угаалтын шингэн нь алга болжээ. Учрыг олохоор орос
инженер, мастерууд ярилцаад нартай сайхан өдөр толинд харахад цооногийн
ёроолоор ус урсаж байж. Тэд хамгаалалтын яндан суулгах бас, бус арга
хэмжээ авч горхийг нэвтлэн цааш 1000 гаруй метр өрөмдөж нефть илрээгүй
тул цооногоо битүүмжлэн орхисон гэнэ.Үүнээс дүгнэвэл хийдийн арын
агуйтай, зураг хадны дундуур урсдаг байсан булаг хөрсрүүгээ шургаж, сайр
нь үлдсэн нь лавтай бөгөөд хөрсөн доогуураа горхилон урсдаг байх талтай
юм байна.
Ундарга нь өөрчлөгдөж, татраагүй бол энэ горхийг олох,
хөрсөн дээр гаргах инженер, техникийн шийдэл орчин үед олдох нь лавтай.
Ер нь Хамрын хийд юм юмтай газар, түүний дотор хөрсөн дороо тун ойрхон
усны нөөцтэй байгаа нь яамай даа. Гүний усны даралт зарим газарт гүндээ
тун хүчтэй байдаг гэнэ. Жалбуу гуайн бригад 1954 онд Төв аймгийн
Баянжаргалан сумын Төгрөгийн хонхорт хайгуулын цооног өрөмджээ. Өрөм
нэлээд гүн явж байтал оргисон ус буудаж цооногийн яндан, өрөм зэргийг
суга суга түлхэн шидэж өндөр оргилсон тул яах ч аргагүй цамхаг, тоног
төхөөрөмжөө хаяхад хүрсэн гэнэ. Тэгээд тэнд нуур тогтож байсан ажээ.
Жалбуу бол өрмийн хайгуулаар их юм үзсэн толгой. Нефтийн хайгуул хийж
1956 онд Тамсагт цооног өрөмдөж \өнөө Очирбатын дээлээ мялаадаг\ байсан
бол Дорноговийн Халзан уулын бэлд анхны өрөм тавьж цацраг идэвхитэй
рашаан ус олоход гар бие оролцжээ. Дээрх бүхнээс удамлаад говьд өрөмдөж
олоод хааж түгжсэн усыг судалж үзэх нь чухал гэсэн санаа төрдөг.
Оргидог
ус бүхэн далай болохгүй нь ойлгомжтой. Харин хааж тагласан жинхэнэ
шалтгаан нь юу байсан бол? Өрөмдлөгийн баримт материал, усны ундаргын
хурд, найрлага, хүн, малд тохирох эсэх гээд олон үзүүлэлт хаа байна.
Дэлхий дулаарч буй энэ цаг үед оргиж ундраад, хаагдаж "хоригдсон" усны
учирыг олох талаар төр засаг, яам газар, мэрэгжилтнүүдийн зүгээс
анхаарах болов уу? Оргидог усны олон нууцыг хадгалсан гайхамшигт нэгэн
ус говьд байдаг нь Халзан уул.
Дорноговь аймгийн Даланжаргалан
сумын нутагт, төмөр замын 22 дугаар зөрлөгөөс 40 гаруй км зайд эрт
галвын хүрмэн чулуу, хайлмал царцдаас тогтсон хад асга, өнгөт чулуу
бүхий холбоо хоёр өндөрлөг байдаг. Холдоо бараатай говийн намхан уулын
нэр нь Халзан уул. Уулын баруун сугаас дэлхийд ховор рашаан булаг
оргилон гардаг. Булаг зүтгэн жирэлзсээр элсэнд шургаж, шавар намаг
үүсгээд наранд хатаж оргүй болно. Цааш говийн их тал, хүрэн хөндий
үргэлжлэх бөгөөд бороотой жил томоос том нуур тогтдог бол хур чийг
багатайд шавар, марз төдий болно. 1960,1970-аад онд Чойрт төвлөрөн манай
тал хээрт геологийн тандалт судалгаа хийж байсан Оросын геологичид энд
өрөмдлөг хийсэн аж. Өрмийн цооногоос шүлтлэг исгэлэн ус оргин гарчээ.
Тэд мэдээж дээж авч шинжилгээнд явуулжээ. Төмөр, зэс, магни, хүхэр,
цахиур зэрэг эрдэс бодис агуулсан рашаан ус болох нь тогтоогдсон байна.
Тэхдээ зүгээр нэг рашаан бус цацраг идэвхт элемэнт бүхий гэдгийг онцлон
анхааруулсан аж. Энд нэгэн зүйлийг бодож үзүүштэй. Юу гэвэл: Оросын
геологичид эрдсийн эрэлчид болохоос биш рашааны хайгуул хийж яваагүй
гэдгийг. Цацраг идэвхжилтэй ус гараад ирсэн нь жаахан асуудал үүссэн
байх. Ялангуяа цаашид яахав гэж. Манай зохих байгууллагад мэдэгдсэн эсэх
нь тодорхойгүй. Анхныхаас доошлуулаад гурван цооног өрөмдсөн байдаг.
Бүгдээс нь рашаан ундарсан ч найрлага нь өөр өөр байж. Цацраг идэвхжилт
буурчээ. Анхны цооногийг хааж бусдыг нь зөвхөн өөрсдөө ашиглаж эхэлсэн
байгаа юм. Гурван цооногийн оргилолт булагт зэвэрдэггүй ган дотортой
хоолой тавьж, нарны эрчмээр халдаг рашаан шүршүүр, суух онгоц говийн
цэвэр элсэн дэвсгэртэй наран шарлага, хоолны газар, амрах байр зэргийг
хийж тохижуулжээ. Эд бүхэн Оросынх учраас нутгийнханд хүртээлгүй, тэр
болгон очдоггүй, очсон ч рашааны тус ашгийг мэдэх сонирхох хүн
байсангүй. Он жил өнгөрсөөр...
1991 онд геологич оросууд буцахдаа
зүгээр л орхисон аж. Тэр үед Дорноговь аймгийн даргаар Л.Одончимэд
томилогдов. Тэр МҮЭ-ийн Рашаан амралтын газрын даргаар ажиллаж байсан
учир рашааныг анхаарч эхэлсэн байна. Харж харгалзах хүн, эмч томилж
цаашид рашаан сувилал болгох зорилт тавьжээ. Халзан Уул рашааны оршил
товчдоо нэг иймэрхүү. Оросуудын эхлүүлсэн энэ суурь баазыг түшиглэн
өнгөрсөн 20-иод жилд Дорноговь аймгийн орон нутгийн өмчтэй рашаан
сувилал ажилласаар байгаа юм. Одоо энд гурван цооногоос цагт 6500 шоо
метр рашаан өөрөө оргилон урссаар аж. 1992 онд хийсэн шинжилгээгээр нэг
литр рашаанд эрдэсжилт 8,9 грамм, нүүрс хүчил 126.5 мг, шүлтлэг 6,6 гэж
тодорхойлсон байна. Төмөр, зэс, магни, хүхэр, цахиур зэрэг эрдэс бодис,
радон (тодбрхойлоогүй) агуулагддаг аж. Хүний биед эерэг, бас сөрөг нөлөө
бүхий радон хэмээх цацраг идэвхт бодис агуулж байгаа нь тус рашааны
гол онцлог давуу тал юм байна. "Радон мөхөж буй эд эсийг сэргээх,
үрэвслийг сааруулах, шарханы эдгэрэлтийг түргэтгэх зэрэг хүний биед
олон чухал үйлчлэл үзүүлдэг" гэж "Халзан уул" рашаан сувиллын
танилцуулгад бичжээ. Ид шидтэй радон гэдэг юусан бол?
Үүний
төлөө амь биеэ зориулсан алдарт эрдэмтэн, судлаач, дэлхий дахины
Нобелийн хошой шагналт Марий Кюри анх нээжээ. Тэрбээр ураны хүдэр дотор
ямар нэгэн хүчтэй туяа цацруулагч үл мэдэгдэх бодис байна«гэдэг
дүгнэлтэд хүрч түүнийг "олохоор" шаргуу хөдөлмөрлөсний хүчинд ураны
хүдрээс зуу дахин хүчтэй цацраг гаргадаг хлорлиг бари гэгчийг гарган
авч түүнийгээ туяа буюу ради гэж нэрлэжээ. Радийн цацраг идэвхт чанарыг
нээсэн (1902 онд 0,1 гр цэвэр ради гаргаж, атом жинг 225 гэж
тогтоосон) энэ нээлт бодисын тогтцын тухай ойлголтод хувьсгал болсон
гэж үздэг байна. Марий Кюри 1911 ондцацрагидэвхтэлементүүдийн хими,
физик чанар, ради идэвхт бодисоор өмөн үүг шарж эмчлэх зэрэг онол,
практикийн шинэ нээлт гаргасан тул Нобелийн шагналыг дахин хүртсэн
түүхтэй. Хорт хавдрыг радигаар эмчлэх болсон нь түүний эрэлт хэрэгцээ,
үнэ цэнийг хягааргүй өсгөж. олох, эзэмшихийн төлөө өрсөлдөөн тэмцлийг
бий болгожээ. Ганцхан грамм ради Францад сая алтан франкаар үнэлэгдэж
байжээ.
Цацраг идэвхт чанар бол эерэгээс гадна айхавтар хоруу
чанартай. Аугаа нээлтийн эзэн эрдэмтэн эмэгтэй олж илрүүлсэн туяаныхаа
золиос болж чөмөг нь цусаа сэлбэхээ больсны учир хараагүй болох зэргээр
ядарч туйлдсаар 67 насандаа мөнх бусыг үзүүлсэн гашуун түүхийг хэлэх нь
гунигтай. Ер нь энэ төрлийн элэмент агуулсан рашаан ус дэлхийд ховор
гэнэ. ОХУ-ын Алтайн хязгаарт нэг байдаг бөгөөд "Бялая куриха" нэртэй тус
рашааныг олон улсын рашаан сувилал болгон тохижуулж эмчилгээ сувилгаа
хийдэг аж. Энд Орос болон олон орноос томчууд, хөрөнгө чинээ бүхий
хүмүүс цуглардаг юм байна. Тус рашаанаа хязгаар нутгийнхаа үнэт зүйлд
тооцон бахархдаг, зочин гийчдээ аваачдаг гэнэ. Тэгэлгүй яахав.
Монголчууд бид Халзан уулын энэ гайхамшигтай, үнэ цэнтэй рашаанаараа
бахархах учиртай юм. Одоо чинь ийм ховор элементтэй, ид шидтэй рашаан ус
байтугай, ундны цэвэр ус дэлхийд ховордох тухай ярьж эхлээд байна бус
уу.
Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, хүний гавьяат эмч
Хайруула надад нэгэн сонин түүх хөөрч, содон санаа хэлсэн юм. Тэр
залуухан байхдаа
Хөвсгөл аймагт эмчилгээний ажлаар очжээ. Аймгийн
нэгдсэн эмнэлэгт хүнд өвчтөн үзүүлсэн нь хаван цээжнээсээ давж, бүр нүд
нүүрэндээ очсон, амьсгалж бараг чадахаа байсан, амьдрах эсэх нь
эргэлзээтэй болсон нэгэн аж. Хайруула эмч аргаа бараад гэртээ гарч
эмчлүүлсэн нь дээр байх гэх маягийн юм хэлжээ. Аймагт 10-аад хоног
ажиллаад байтал хөдөөнөөс дуудлага ирж явсан гэнэ. Хүнээ үзээд буцах
замдаа Цагаан үүр суманд байдаг "Цагаан замагт" гэх рашааныг сонирхохгүй
юу гэхээр нь зөвшөөрч морь унан зүтгүүлсээр очиход рашааны дэргэдэх
майханд тарган, цатгалан нэгэн эр мах идэн сууж байж. Их л танил царай
санагдаад 'Та бид тааралдаж байл уу?" асуусан чинь, "Та намайг эмнэлгээс
гаргаа биз дээ, Таны ачаар одоо ийм болоод сууж байна даа" гэсэн шүү юм
хэлжээ. Тэгээд тэр хүнтэй илэн далангүй ярилцахад, ах дүү нь эмнэлгээс
авч гараад энэ рашаанд авчирч уулгаад эдгэрч, илааршиж байсан нь тэр
ажээ. Хайруулла эмч" Ёстой нүурнээс гал гарч билээ" гээд тэр рашаан
гайхалтай ус байсан. Шинжилгээ хийгдсэн эсэхийг мэдэхгүй юм. Манай оронд
гайхалтай ус, агаар, рашаан олон бий. Тэр бүгднйг олж илрүүлж, судалж,
ашиглаж чадаагүй байна. Танай
Дорноговьд дээр үед оросууд өрөмдөөд
хаачихсан ус олон байдаг гэж сонссон. Зарим нь цацраг идэвхтэй байж
магадгүй гэж дуулсан. Тэгвэл нээж судалж ашиглавал тодорхой зарим өвчинд
нэн тустай санагддаг. Гаднаас нь шарахад сайн байгаа юм чинь дотроос нь
уулгавал бүр илүү үр нөлөөтэй. Тийм усыг сурвалжлавал сайнсан" гэсэн
юм. Баатар эмчийн хэлсэн үг сэтгэлд оршсоор...
Халзан уулын
рашаан нь хүнд шаардлагатай олон микро элементийг нөхөн хангах, дотоод
цул эрхтнийүйл ажиллагаа идэвхжүүлж, хйол боловсруулах болон элэг, цөс,
бөөрийг эрүүлжүүлж эд эсийг сэргээхэд үнэхээр тустай. Ялангуха чихрийн
пшжин, хаван мэт олон өвчинд онцгой нөлөөтэй аж. Дээрх бүхнийг тоочин
суугаа минь зөвхөн зуны улиралд цөөн хүн авч амрааж сувилдаг Дорноговь
аймгийн орон нутгийн өмч, ЗДТГ-ын мэдэлд байдаг Халзан уулын рашаан
сувиллыг цаашид төр засгийн хэмжэээнд анхаарч олон улсын сувилал болгоё
гэдэг санааг хэлэх гээд байгаа юм. 300 гаруй халуун, хүйтэн рашаантай
Монгол оронд өнөөдөр олон улсын жишигт хүрэх рашаан сувилал алга байна
шүү дээ. Рашаан бол манай баялаг, энхжин эрүүлжих, аялагч, жуулчдыг
татах боломж юм. Манай Үндсэн хуулиар газар, түүний дорхи баялаг бол ард
түмний өмч юм. Гэтэл сүүлийн үед дээр нь баригдсан хэдэн байшинг
худалдан авах нэрээр рашаан булгийн ундаргад эзэн суух болсоныг
Шаргалжуут, Аварга тосон зэргээр жишээлэн шүүмжилж байгаа нь зөв зүйтэй
юм. Рашаан, ус бол алт, нүүрснээс ч илүү ард түмэнд өгөөжтэй, үр ашигтай
баялаг юм.
П.ГЭНДЭНЖАВ /ӨДРИЙН ШУУДАН/