Эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.
Энэ захидлыг эхлээд Монгол Ардын намд итгэл, үнэмшлээрээ элссэн гишүүд, намын бодлого үйл ажиллагаанд итгэж дэмжиж, бүхий л цаг үеүдэд намын төлөө сэтгэл хоёрдолгүйгээр шударгаар зүтгэж, санал өгч ирсэн гишүүд, дэмжигчид, идэвхтэн сонгуультнуудаа хаяглаж байна. Дорнод аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө дийлэнх он жилүүдэд МАН ачааны хүндийг үүрч, тус намын боловсон хүчнүүд гол зүтгүүр болж ирсэн нь маргаангүй үнэн билээ. Иймийн учир энэ намынхаа гишүүд дэмжигсдэд эхэлж хаяглан залгуулаад улс төрийн өндөр оролцоотой бусад намын гишүүд дэмжигсэд, нутаг орныхоо төлөө сэтгэл оюунаа чилээн суудаг хүн бүрт захидлыг илгээв. Дорнод аймгийн хөгжлийн хөтөч болсон МАН-ын хувьд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ялалт байгуулах нэн хариуцлагатай цаг ирлээ. Ийм хариуцлагатай цаг үе нь намын гишүүд, дэмжигчид эе эвийг эрхэмлэж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр, хамтын хүчээр зүтгэх цаг юм. Гэтэл харамсалтай нь манай намын удирдлагад байгаа цөөн хэдэн нөхдүүд зөвхөн албан тушаал, өнгө мөнгөөр сүлбэлдэн өөрийн намын гишүүнээ Ардчилсан намын мөн адил эрх ямбанд дулдуйдсан хэсэг нөхөдтэй хуйвалдан хавсайдаж намаасаа хөөх, албан тушаалаас нь огцруулах хар хорыг хийсээр байцгаана. Манай аймгийн намын байгууллагад бий болж, ужгирч байгаа алдаа дутагдлын талаарх байр суурийг дараах 3 зүйлээр тодорхойлж, гишүүд, дэмжигчидтэйгээ цаг алдалгүй илэн далангүй ярилцаж, эрс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай болсон байна.
1. Манай нам боловсон хүчнийхээ бодлогод цаг ямагт анхаарч мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны өндөр төлөвшилтэй үнэхээр шилэгдмэл боловсон хүчиндээ аймаг, сумын аль ч шатанд хариуцлагатай ажил алба хаших эрх өгч, хариуцлага үүрүүлдэг байв. Энэ байдал сүүлийн үед алдагдаж, зөвхөн найз нөхөд, танил тал, эрх ашиг, зорилго, чиглэл нь тодорхойгүй зарим хүмүүс, бүлэглэлийн хүрээнд боловсон хүчний асуудал яригдаж, тохоон томилогддог болсон нь аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал байдалд үнэхээр ноцтой нөлөөлж байна. Энэ алдаа нь намын нэр хүндийг унагаж, манай намын төлөө санал өгсөн дэмжигч, сонгогчдын илтгэлийг алдагдуулж, намыг дотор нь хагалан бутаргаж, намд итгэх ард иргэдийн итгэл үнэмшлийг хөсөрдүүлж байна.
2. Манай намд дотоод ардчилал үгүй боллоо. Намын ахмадууд, жирийн гишүүдийн үгийг сонсохоо байж намд өөрийн шүүмжлэл бүрмөсөн хаагдав. Зөвхөн намын дарга, түүнийг тойрон хүрээлэгчдийн хүрээнд өнөөдөр өөрсдийн хийж байгаа ажлаа болж бүтэж байгаа мэтээр ойлгож ханддаг болов. Ажил албанд шүүмжлэлтэй хандсан хэнийг ч шахан хавчиж, элдэв арга мэх, хууль бус, дүрэм журманд нийцээгүй арга хэлбэрээр зайлуулахыг оролддог ийм байдал намын удирдлагын өнөөдөр ажил явуулах арга барил нь болсон байна.
3. Намын дарга, удирдлагууд намын дүрмийг удаа дараа ноцтой зөрчих болов. Намын гишүүд, дэмжигчид итгэл хүлээлгэж орон нутгийн сонгуульд Монгол Ардын намд санал өгч олонх болгосон байхад хуулиар төрд алба хаших болзол хангаагүй нь шүүхээр тогтоогдсоор байтал нэг л хүнийг аймгийн Засаг дарга болгохын тулд өөрийн намаас өөр хүний нэрийг дэвшүүлэхгүйгээр цөөнх болсон Ардчилсан намтай хуйвалдаж Ардчилсан намаас Засаг даргыг тодруулсан явдал гарсан. Намын гишүүд, дэмжигчдийн сонголтыг үл ойшоож, намд итгэх ард түмний итгэлийг сулруулж намын гишүүнд байж боломгүй дүрмийн ноцтой дутагдал гаргасныг намын гишүүд, дэмжигчид ам дамжин ярьж, Намын Удирдах зөвлөл, Хяналтын хороо хариуцлага тухайн үед хариуцлага тооцсоныг ч та бүхэн мэднэ. Гэтэл уйлан хайлан уучлал гуйж, дахиж хэзээ ч тэгэхгүй гэж ам өчгөө өгч дахин намын удирдлагад гарсан нөхдүүд маань шүлс нь ч хатаагүй байхдаа өөрийн журмын нөхрөө мөн л намын дүрэм зөрчин намын дарга, Удирдах зөвлөлтэйгөө ч ярьж зөвлөлгүй дураар авирлаж намаасаа хөөж, ажлыг нь авахаар эрээ цээрээ алдаж байгааг Намын Хяналтын Ерөнхий хороо дүрмийн бус гэж хүчингүй болгоод байгааг ч үгүйсгэж, тоохгүй байсаар байна. Нэгэнт өнгөрсөн борооны хойноос шүхэр барих шаардлагагүй гэдгийн адил нэр нүүрээ барсан удирдлагатайгаар сонгуульд орж амаа барьж байхаар түүний наана дотооддоо намынхаа дүрмийн дагуу шийдвэр гаргаж, амжилттай үр дүн гаргах нь бидний нийтлэг эрх ашиг билээ. Дорнод аймгийн хөгжлийн хөтөч болж ирсэн МАН-ын гишүүн бүр, дэмжигчид хоорондоо сайтар ярилцаж, бодитой дүгнэлт хийж, 2016 онд болох УИХ-ын болон орон нутгийн сонгуульд амжилттай оролцох нь тус аймгийн ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй сайн үйлс болох билээ.
Монгол Ардын Намын Дорнод аймаг дахь "Шинэчлэлийн хороо”