Монгол наадмын тэнгэрт исгэрсэн Модун шаньюйн дуут сум
Улзын цэлгэр хөндийн уухай барлаан дуу хадаж эхэлжээ. Наадам дөхөхөөр ийм л цэнхэр өдрүүд үргэлжилдэг дээ. Нутаг усны хүндтэй баавай нар, ахай, авгай нар нумаа эвшээлгэн хуршаа мулталж, хурсан олон "Онтудийш онтудийш” хэмээх уухайлна. Зураахайд зогсоо харваачид уянгалаг сайхнаар "Бар аа, бар аа” хэмээн дуудна. Бяцхан хөвгүүд сум зөөн гүйлдэнэ. Буриад сурын барын дуу хэчнээн уянгалаг, сонсголонтой гээч. Онтудийш гэдэг нь онож тусах гэсэн үг сэн үү, бүү мэд. Ямар ч л байсан "Монголын нууц товчоо”-нд "сум онтодохуй газар” гэж гардаг. Энэ нь сум онож тусах, сум хүрэх газар гэсэн үг болов уу. Буриад сурын онтудийш гэдэг энэ хэллэг тэгэхээр лавтай найман зууны тэртээд монголчуудын дунд хэрэглэгдэж байжээ. Буриад сурын үүсэл гарал, түүх ч мөн тэртээх XIII зуунаас эхэлнэ. Магадгүй түүнээс ч өмнө эрт цагт буриад сур харваа үүссэн байх магадлалтай. Сур харвааг Хүннүгийн үед үүссэн гэж үздэг. Багаар бодоход л 2000 гаруй жилийн түүхтэй гэсэн үг. Ямартай ч буриадын харваачид өнгөрсөн зууны дунд үе хүртэл дуут сумаар харваж байсан гэдэг. Сонирхолтой түүх өгүүлэхэд Дорнод аймгийн наадам дээр нэгэн буриад баавай ийм дуут сумаар харвасанд дэргэд нь зогссон харваач өвгөн барьц алдаж сандран, улмаар сумаа алдаж харважээ. Хожим яагаад тэгж дуут сумнаас айж сандарсны учрыг өнөөх өвгөнөөс асуухад Халхын голд тулалдаж явсан ахмад дайчин байж. Тиймээс буриад харваачийн дуут сумны исгэрээн дайны үеийн суман мөндрийн чимээг санагдуулж, буурал дайчны сэтгэл санааг тавгүйтүүлсэн ажээ. Буриадуудын хэрэглэдэг дуут сум нь болцуундаа хөндий нүхтэй бөгөөд харвахад сүртэй исгэрэх дуу гардаг байжээ. Гэтэл хүннүчүүд ийм дуут сумаар харвадаг байсан тухай түүх шастирт тэмдэглэсэн нь бий. Ингээд бодохоор буриад сур нэн эртнийх болж таардаг. Түүнчлэн урианхай сур ч мөн үүсч хөгжсөн он цагийн хувьд нэн эртнийх билээ. Ийнхүү үндэсний сурын уухай барлаанаас эхлээд л урьд эртний баялаг түүх өгүүлэх ажгуу. Харин одоо улс даяар алдартай Улзын мэргэн харваачдын тухай эрт эдүгээг сүлэлдүүлэн, бодол томж хөөрөлдсүү.
Ууган улсын мэргэний уухай барлааг уламжилсан нь
Морь, бөх хоёр удам угшил заавал харж төрдөг гэдэг. Галшар, Орлой, Тэсийн голын хурдан унага улс даяар алдартай, Архангай, Увс, Булганы бөхчүүд зартай шиг Дорнодын харваачид улсдаа нэртэй. Тэр дундаа Улзын голын хөндийгөөс улсын наадмын зурхайд уухай хадааж түрүүлсэн мэргэд олон. Бүр тодруулбал Дорнод аймгийн Баян-Уул сумаас улсын мэргэн 17 төрсөн гээд бодохоор яах аргагүй эрхий мэргэн харваачдын өлгий байгаа биз. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, үндэсний сурын гарамгай мэргэн А.Цэвээн, түүний хүү гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Монгол Улсын даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал тэргүүтэй хошой мэргэн, гоц мэргэн, улсын мэргэчүүд энэ нутгийнх.
Түүх сөхвөөс Баян-Уул сумын харваач Ц.Пүрэв 1961 онд улсын наадмын зурхай дээр цахиур хагалан, Монгол Улсын анхны мэргэн болсноор хавтгай цагаан Улзын хавтай харваачдын нэр алдар цуурайтай эхэлсэн гэдэг. Эрэгтэйчүүдийн анхны мэргэн харваач ийнхүү тодорсноос хойш гурван жилийн дараа мөн л Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат харваач С.Долгормаа үндэсний их баяр наадмын харваанд түрүүлж улсын мэргэн болжээ. Түүнээс хойш 1972 онд Г.Дуламханд, 1973 онд А.Цэвээн, 1974 онд Д.Базаргүр нар жил дараалан улсын мэргэн цол хүртэж байв. Баян-Уулын харваачдын энэ буухиа тасралтгүй үргэжлэн, хагас зуун жилийн дотор тус сумаас улсын мэргэн 14 тодроод байгаа юм. Эдгээр мэргэн харваачид дээр Баян-Уул сумын уугуул үндэсний сурын холбооны хүндэт мэргэн Д.Ренчинханд, Б.Өлзийдэлгэр нарын ахмад харваачид, мөн паралимпын аварга Д.Баатаржав нар нэмэгдэнэ. Баян-Уул сум 17 мэргэнтэй гэсэн нь ийм учиртай.
Монгол Улсын анхны мэргэн цолыг хүртсэн Ц.Пүрэв харваач мөн Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын аварга болж байжээ. Тэрээр Монголд анх удаа үйлдвэрийн аргаар нум сум хийсэн хүн гэдэг. Нутаг усандаа Мухардаантан хэмээн нэршсэн удмынхнаас олон харваач төрсний нэг нь Ц.Пүрэв байв. Түүний хүү П.Гарамдорж нь улсын мэргэн, спортын мастер, охин С.Долгормаа нь хошой мэргэн, хүү П.Гарамсүрэн, П.Гарамболд нар нь сурын спортын мастерууд. Ач, зээ нараас нь ч улсын мэргэн, спортын мастерууд төрөн гарчээ. Улзын мэргэн харваачид, тэр дундаас Баян-Уулынхны цэц мэргэ гойд ялгаран тодорсны уг үндэс нь 1950-1960-аад оны үед тус сумынхан жигдхэн сур харваагаар хичээллэж байсных ажээ. Тухайн үед Баян-Уулын Эрээний тэрэгний үйлдвэр байгуулагдан бүтээн байгуулалт ид өрнөж байжээ. Баян-Уулын харваачид сумын төвийнхөө хойхно, Улз голын ширэг ногоон зүлгэн дээр зурхай буюу зураахайгаа өрж, Эрээний тэрэгний үйлдвэрийнхнийг урьж авчран цэц мэргээ сорьдог байсан гэдэг. Эндээс л улсын наадмын зурхайд эвэр нумаа эвшээлгэх эрхий мэргэчүүл төрсөн нь дамжиггүй. Дэлхийн мэргэчүүлийг байт сурын зурхайд буулгаж авсан паралимпын аварга Д.Баатаржав Баян-Уул, Эрээний харваачдын сумыг зөөн гүйж явсан хүүхдүүдийн нэг. "Намайг арваад настай хүүхэд сум буцааж явах үед Баян-Уулынхан сумаараа, багаараа, ах дүүс, омог омгоороо нийлэн хоёр, гурав хоногоор сур харвадаг байлаа. Барлах дуу хэд хоног чихэнд хоногшдог байлаа” хэмээн улсын мэргэн П.Гарамдорж дурссан удаатай.
Баян-Уулын харваачдын бахархам рекордууд
1978 оны улсын баяр наадмын сурын харваанд Баян-Уул сумын харваач Ц.Гэнин түрүүлж, А.Цэвээн, Г.Ломбодорж нар удаалжээ. Ийнхүү нэг сумын гурван харваач төрийнхөө наадамд магнайлсан нь урьд өмнө байгаагүй тохиолдол юм. Гэтэл хойтон жил нь уг амжилт давтагдан Ц.Гэнин мэргэн түрүүлж, А.Цэвээн, Д.Базаргүр нар удаалснаар мөн л Баян-Уулынхны наадам болжээ. 2002 оны улсын наадмын харваанд эрэгтэйчүүдээс Ц.Хүдэрчулуун, эмэгтэйчүүдээс Х.Даваажаргал, хүүхдүүдээс Ц.Энхчулуун нар түрүүлсэн нь бүгд Дорнодын Баян-Уулын харваачид байв. Нэг сум байтугай нэг аймгийн харваачид хоёр жил дараалан сурын харвааны эхний байрыг эзэлсэн тохиолдол байхгүй. Мөн нэг аймгийн харваачид нэг жилийн наадмын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдийн харваанд түрүүлж байсангүй. Тиймээс Баян-Уул сумынхны дээрх амжилтууд цаашид ч амархан эвдэгдэхгүй болов уу.
1921 оноос хойш Дорнод аймгаас 29 мэргэн төржээ. Тэдний тэн хагас нь буюу 14 нь Баян-Уул сумынх. Өдий тооны улсын мэргэнтэй, дээр нь 28 спортын мастер, найман дэд мастертай сум байтугай аймаг ховор бизээ. 1961 онд Баян-Уулын Ц.Пүрэв харваач түрүүлж улсын мэргэн цол хүртсэнээс хойш тоолбол улсын наадмын сурын харвааны 23 удаагийн түрүүг тус сумынхан авчээ. Үүнээс даяар дуурьсах мэргэн Х.Даваажаргал тав, гарамгай мэргэн А.Цэвээн, түүний хүү Ц.Хүдэрчулуун нар тус бүр дөрөв, гоц мэргэн Ц.Гэнин гурван удаа түрүүлжээ. Үүнээс гадна улсын баяр наадмын хүүхдийн сурын харвааны түрүүг Баян-Уулын өсвөрийн харваачид 17 удаа авсан байна. Үүнийг нэмбэл улсын наадмын 40 түрүүг Баян-Уулынхан авсан гэсэн үг. Улсын наадмаас гадна аймгуудын наадамд Баян-Уулын харваачид цэц мэргэнээ сорьж түрүүлсэн нь олон. Дорнод аймгийн наадамд 33 удаа, Сүхбаатар аймгийн наадамд 11 удаа, Завхан аймгийн наадамд 12 удаа, Орхон аймагт долоо, Хэнтийд гурав, Төв, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгийд тус бүр нэг удаа Баян-Уулын харваачид түрүүлжээ.
Улсын наадмын зурхайд тус сумын харваачид олон түрүү авснаас гадна цөөнгүй дээд амжилтуудыг тогтоож байв. Улсын мэргэн Г.Дуламханд Монгол Улсын анхны спортын мастер цол хүртсэн харваач. Тэрээр улсын мэргэн, спортын мастер цолыг нэг өдөр авч байсан нь ховор тохиолдлын нэг бөгөөд анх удаа 20 сумнаас 19 оносон амжилт үзүүлж байв. Мөн даяар дуурьсах мэргэн Х. Даваажаргал анх удаа 36 сумнаас 35, 40 сумнаас 39 онож дээд амжилт тогтоож байжээ.
Баян-Уулын харваачдын бахархам амжилтууд үүгээр тогтохгүй. Эдүгээгээс хоёр жилийн өмнө Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жил, Дорнод аймгийн Баян-Уул сум байгуулагдсаны 90 жилийн түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын гарамгай мэргэн, гавъяат тамирчин Аюушийн Цэвээнийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ. Ийнхүү үндэсний сурын түүхнээ анхны хөдөлмөрийн баатар харваач Дорнод аймгийн Баян-Уул сумаас төрөн гарсан билээ. Монголын сурын түүхэнд "Хамуур мэргэн харваач” гэж алдаршсан А.Цэвээн мэргэн бол спортын түүхэнд дахин давтагдахааргүй амжилт гаргасан гайхамшигтай тамирчин. Тэрээр улсын анхны гарамгай мэргэн цолыг хүртсэн төдийгүй улсын рекордыг гурван удаа эвдсэн түүхтэй. А.Цэвээн мэргэн 1973, 1977, 1984, 1988 онуудад улсын баяр наадмын эрэгтэйчүүдийн сурын харваанд түрүү магнай болж гарамгай мэргэн цол хүртсэн төдийгүй улсын наадмын сур харваанд 12 удаа шөвгөрсний долоон удаад нь хоёрдугаар байрт шалгарч байсан хавтай мэргэн харваач билээ. Аюушийн Цэвээн мэргэний үр хүүхэд, ач зээ нар нь улсын наадмын хүүхдийн харваанд 13 түрүү авч, өсөх идэр мэргэн тав төрөн гарсан байдаг. Түүнчлэн улсын баяр наадмын насанд хүрэгчдийн харваанд түүний хүү Ц.Хүдэрчулуун 1987, 1994, 2002, 2012 онуудад нийт дөрвөн удаа түрүүлж Монгол Улсын гарамгай мэргэн цол хүртэж, аавынхаа энд хүрсэн билээ. Ийнхүү Улз нутгаас төрсөн удамт мэргэн харваачдын уухай, барлаа улсын наадмын зурхайд үл тасрах бөлгөө.
Г.СОНИНБАЯР http://www.ardiinerkh.mn/post/1410?date=112