
АНУ дахь "НҮҮДЛИЙН ЦИРК"
...Энэ оны 10 сарын 8-9 ны өдрүүдэд фото зурагчин М.Манлайбаатар, зураглаач Д.Түвшинбаяр бид гурав Бостон хотыг зорьж "Ringling Bros and Barnum & Bailey" нүүдлийн циркт аялан тоглож буй Монголын циркийн жүжигчидтэй уулзсан юм.
АНУ- дахь нүүдлийн циркүүд дунд хамгийн олон монгол жүжигчид оролцсон CIRCUS XTREME хөтөлбрийн тоглолтыг үзэн монгол залуусынхаа ур чадварыг бахдан бишрэв. "Циркууд яагаад заавал нүүдэллэн тоглодог юм бол?" хэмээн сониучирхсан бидний асуултын хариуд "Гол нь үзэгчиддээ зорьж очиж байгаа хэрэг юм. Хичнээн сайн хөтөлбөр бүтээгээд нэг хотод бүтэн жилжингээ тоглоод байна гэж байхгүй шүү дээ" хэмээн тэд хариуллаа.
"Pingling Bros and Barnum & Bailey" цирк нь АНУ-д "The greatist show on earn" нэртэйгээр аялан тоглолтоо хийдэг нүүдлийн цирк юм. Анх 1882 онд "Barnum & Bailey" цирк Лондон хотын амьтны хүрээлэнгээс "Jombo" нэртэй 3,5 тн жинтэй, 3 м өндөртэй Африкийн зааныг худалдан авч АНУ-д авч ирэн сургаж үзүүлбэр бэлтгэснээр, Дэлхийн түүхэнд анх удаа заантай үзүүлбрийг үзүүлсэн гэдгээрээ алдаршсан аж.
1918 онд "Ringling Bros" цирк "Barnum & Bailey" цирктэй нэгдсэнээр дэлхийн хамгийн цирк болон өргөжиж 64 зааныг нэг дор 3 манежинд тоглуулдаг үзүүлбрийг бий болгосон түүхтэй. Өдгөө "Ringling Bros and Barnum Bailey" цирк нь АНУ-д газарзүйн хувьд хуваан авч аялан тоглолт хийдэг уламжлалаа даган Red, Blue unit гэсэн чиглэлүүдэд 2 жилийн хөтөлбрөө бэлтгэн, циркийн бүх жүжигчид амьдардаг, заан, морь тэмээ, арслан бар зэрэг амьтад болон бусад хэрэгслэлээ багтаасан 2 км урт галт тэргээр хотоос хотуудын хооронд нүүдэллэн тоглодог.
2 жилийн хугацаанд ойролцоогоор 86 хотоор нүүдэллэн тоглодог энэ шоунд дэлхийн өнцөг бүрээс ирсэн 13 орны циркийн жүжигчид, уран бүтээлчид оролцон тоглодгийн дунд, Монголын "Хан Монгол" циркийн 6, "Хадгаагийн цирк"-ийн 20 гаруй жүжигчид оролцон тоглодог юм байна.
Г.Туул, Ц.Түвшинсайхан, Б.Амарзаяа, Г.Уянга, О.Энхгэрэл, Б.Биндэрьяа Г.Сүлдчимэг нарын бүсгүйчүүд 2014 оны 9 сарын 18 нд АНУ-д ирцгээн "Ringling Bros and Barnum & Bailey" циркт төдийгүй АНУ-д анх удаагаа "Тэмээтэй охид" үзүүлбэрт оролцон бүтээжээ. АНУ-ын тэмээ сургагч Г.Иан, ОХУ-аас ирсэн сургагч багш Рома, Жиамилла нартай хамтран 2 сар бэлтгэл хийсний дараа Ringling Bros and Barnum & Bailey циркийн 145 дахь бүтээл CIRCUS XTREME тоглолтонд Чех улсаас ирсэн амьтан сургагч жүжигчин Роберт Стипкатай хамтран тоглож эхэлснээс хойш 2 жилийг үджээ.
"Анхандаа бүх юм амархан байгаагүй ээ. Бид тэмээнүүдээ цэвэрлэж өөрсөддөө дасгахаас ажлаа эхэлсэн. Энэ тэмээнүүдийн тоноглолуудаа Монголоос авчирч, гоёл зүүсгэл өөрсдийн тоглолтын хувцсаа өөрсдөө л хийж бүтээсэн. Заримдаа унаж бэртэх тохиолдол гарч байсан ч одоо бол бүх зүйлдээ дасал болчихсон" гэж тэд хуучлав.
Энэхүү CIRCUS XTREME тоглолтод Монголын "Хадгаагийн Цирк"-ийн жүжигчдийн уран нугаралт, үсрэлттэй акробат болон хүнд жингийн тэнцвэрийн үзүүлбрүүд үнэхээр бишрэм сайхан байлаа. 2001 онд байгуулагдсан "Хадгаагийн Цирк" Ази, Европын орнуудаар олон жил аялан тоглолтуудаа хийж, Хятадад болсон дэлхийн хэмжээний "А" зэрэглэлийн уралдаанаас "Хүрэл цом", 2012 онд Дэлхийн циркийн урлагийн "Олимп"той зүйрлэх "Монте Карла"-гийн наадмаас акробатын төрлөөр "Хүрэл алиалагч" шагнал тус тус хүртжээ. Батбаяр ахлагчтай энэ групп 2014 оноос "Ringling Bros and Barnum & Bailey" цирктэй гэрээ хийн, АНУ-д аялан тоглолтоо хийж байгаа юм байна.
Шөнө тарсан тоглолтын дараа бид тэдний нүүдэллэн амьдардаг вагончигт орчиж хамтдаа хооллон, тэдэнтэй ярилцаж, нэг хүнд зориулсан жижиг өрөөнд нь хоноглож, тэдний эдэлж буй жаргал зовлонгоос хуваалцлаа. Бараг 2 км хэртэй үргэлжилсэн вагонуудын урт цуваанд тэдний инээд баяр, уйтгар гуниг сүлэлдсэн амьдрал хамтдаа багтаж явдаг аж.
"ХАН МОНГОЛ" МОРЬТНЫ ХОЛБОО
Бидний багадаа сонирхон үзэх дуртай байсан "Монгол Цирк" д МУГЖ Д.Норовцэрэн агсны удирдан тоглуулдаг байсан "Морьтны гайхамшиг" үзүүлбэр дотоод гадаадад нилээд алдартай байлаа. 1972 оноос анх тоглогдож эхэлсэн "Морьтны гайхамшиг" циркийн үзүүлбрийг "Хан Монгол" Морьтны Холбоог санаачилсан циркийн жүжигчин Ш.Цогтхүү өдгөө үргэлжлүүлэн авч яваа аж. Өдгөө БНСУ-ын "Жежу" арал дээр 9 дэх жилдээ тоглогдож буй "Чингис хааны догшин хар сүлд" нэртэй театрчилсан циркийн шоу тоглолтын талаар би сонсож байсан юм. Бидний их эзэн хаан Чингис болон Жамухын бага, идэр нас болон "Зээрэн хавцлын тулаан"-ыг дүрслэн харуулсан 60 морьтны театрчилсан шоуг Ш.Цогтхүү 2008 онд найруулан бэлтгэж, С.Эрдэнэ, Г.Идэрбаатар нар ахлан тоглуулдаг.
4000 хүний суудалтай Цэнгэлдэх хүрээлэнд жижиг хавцал болон уул толгод дунд жинхэнэ тулааны дуу чимээг бодитой юм шиг үзүүлсэн энэ шоу тоглолт Монголын түүх, соёл, урлагийн гайхамшигийг жуулчдад сурталчлан үзүүлдэг аж. Өдгөө энэ залуус "Күкүрё" гүрний түүхээс сэдэвлэсэн бүтээсэн хоёр дахь шоугаа 3 дахь жилдээ тоглож буй гэнэ.
Эдгээрээс гадна Б.Энхбаяр ахлагчтай 14 жүжигчдийн бүрэлдэхүүн уламжлалт "Морьтны гайхамшиг" үзүүлбрээ "Pony Valley" цирктэй хамтран тоглож байгаа бол, Ганзориг ахлагчтай 6 жүжигчин Хятадын нүүдлийн циркт, Л.Баттөр ахлагчтай 4 жүжигчин Унгар улсад, Г.Туул ахлагчтай 6 жүжигчин АНУ-д "тэмээтэй охид"-ын үзүүлбрийг тус тус тоглож яваа аж.
"Хан Монгол" Морьтны Холбоо нь циркийн урлагаас гадна "Морьт харваа"-г Монголд хөгжүүлэн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. "Морьт харваа" гэдэг нь, зориулалтын бэлтгэж зассан 150 м хашлагатай замаар моьрдын давхиан дунд 4 ш байг нум сумаар харвах урлаг юм байна. Энэ нь "Морьт харваа"-ны хамгийн энгийн төрөл бөгөөд, байны байршлыг өөрчлөх, хөдөлгөөнт бай харвах зэргээр хүндрүүлж сургах боломжтой аж.
Улаанбаатар хотын захдуу орших "Өлзийт" хороололд байгуулсан "Морин цирк"-ийн талбайдаа "Морьт харваа" ны сургалт явуулж, "Улсын аварга" шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Ш.Цогтхүү нар гэр бүлээрээ байгуулж буй энэ байгууламждаа бага болон сургуулийн насны хүүхдүүдэд морь унуулж сургах, амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ ирж морь унан зугаацах, морьтой харьцаж, морийг хайрлаж сурахад нь туслах зорилготой байгаагаа ярьж байсан. "Морьгүйгээр монгол хүнийг төсөөлж болно гэж үү дээ? "хэмээн Ц.Түвшинсайхан энэ мөрөөдлийнхөө эцэст өгүүлсэн.
Ц.ТҮВШИНСАЙХАН ба МОНГОЛЫН ЦИРКИЙН ИРЭЭДҮЙ
...Өнгөрсөн 9 сард Денвер хотноо зохион байгуулагдсан монгол оюутан залуусын "Надад хэлэх үг байна-7" арга хэмжээнд оролцож байхад минь Ц.Түвшинсайхан надтай уулзан өөрийнхөө талаар танилцуулаад, санаа бодлоо хуваалцсан юм. 1996 онд "Хан Монгол" Морьтны Холбоог үүсгэн санаачилсан Ш.Цогтхүүгийн охин болж төрсөн түүний бага нас Монголдоо болон БНСУ-ын Жежү арал дээр циркчдийн амьдрал дунд өнгөрчээ.
Бага наснаасаа морин спортоор хичээллэсэн Ц.Түвшинсайхан 2010 онд Монгол улсад зохиогдсон Азийн морьт харвааны олон улсын тэмцээний эмэгтэй төрөлд "тэргүүн" байр, 2010 онд Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд багаараа" тэргүүн" байр эзэлж, 2012 онд "Ану хатан" уран сайхны кинонд туслах дүр бүтээж, 2012 онд Монгол улсын морин харвааны тэмцээнд түрүүлж, 2013 оны зуны анхдугаар нээлттэй харвааны "Зэв нүүлгэх" төрөлд 3-р байр тус тус эзэлж байжээ.
2014 онд " Ringling Bros and Barnum & Bailey" циркт ирж 2 жил аялан тоглолт хийсний дараа гэрээгээ дуусгаад тун удахгүй Монгол руугаа буцах гэж байна. Тэрээр надтай удаан ярилцаж өөрийн хүсэл мөрөөдлөө хуваалцсаны дараа би энэ нийтлэлийг бичихээр шийдсэн юм.
"Галаа ах аа, дүү нь АНУ-ын нүүдлийн циркт хоёр жил аялан тоглолт хийсний дараа, Монголын циркийн тухай, бас өөрийнхөө ирээдүйн талаар эргэцүүлж эхэлсэн. Би өөрөө мундаг жүжигчин болчихсондоо биш, хамтдаа аялан тоглож буй мундаг "мэргэжлийн" жүжигчдийн талаар хүмүүст хүргэх сэн гэсэн хүслээр танд хандаж байгаа юмаа. Монголын циркийн урлагийн гайхамшиг бахархлыг гадаадад сурталчилж, "бор зүрхээрээ" яваа энэ олон жүжигчидын талаар, бас аавынхаа тухай, "Монгол морьтон" гайхамшигийг бүтээж яваа "Хан Монгол"-ынхоо талаар танд ярьж ойлгуулах гэж бодсон юм шүү" хэмээн учирласан.
Тэрээр үргэлжлүүлээд "Техник технологи үсрэнгүй хөгжиж байгаа өнөө үед монголчууд бид мориноосоо холдож боломгүй. Энэ дэлхий ертөнцөд бидний аугаа өвөг дээдэс монголчууд биднийг мориноос салгахгүйгээр дуурсгаж үлдээсэн. Гэтэл бид үнэтэй машин унадаг хэрнээ мориноосоо айдаг болчихвол яах юм бэ? Тэгээд л дүү нь одоо Монголдоо очиж аавдаа туслан, хүүхдүүдэд морь унуулдаг, бас морин дээрээс харваж сургах сан гэж хүсч байна" гэж ярьсан. Ийм залуусын хүсэл мөрөөдлийг бид хайхрахгүй байж болно гэж үү?
Энэ тоглолтод оролцон "Монгол" гэдэг нэрээр Америкийн үзэгчдийг бахдуулан баярлуулж яваа жүжигчин залуустай уулзан ярилцаж суухдаа "Нэгэн цагт дэлхий даяар тархан тоглож яваа Монголын циркийн жүжигчдийг цуглуулан Монголдоо гайхамшигт нэгэн тоглолт хийж үзүүлэх сэн" гэж мөрөөдөж байлаа. Дэлхийд Монголын циркийн урлагийн гайхамшигт ур чадварыг "Монгол" гэдэг эрхэм нэртэй нь хамтад сурталчилж яваа олон залуус нэгдээд, хамтдаа дэлхийг тойрон тоглолт хийвэл сайхан даа. Яагаад болохгүй гэж?
Энэ нь бидний хүсээд байгаа "Монгол бренд"-ийн нэг нь юм шүү дээ. Биднийг энэ аялалд хөтөлсөн Ц.Түвшинсайхандаа баярлалаа, бас уулзаж чин сэтгэлээсээ ярилцаж хөгжилдсөн залуустаа баярлалаа. Алсын алсад хөтлөх урт харгуй та нарыг тосож байна. Тэр холыг туулах залуусыг монгол морьгүйгээр төсөөлж болно гэж үү? Өөдрөг хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2016-11-10