Сэтгэл
судлаач "Хиагтаас Өргөө орох замдаа айлаар орж хийдээсээ түр хөдөөлж
гэртээ ирээд байгаа нэлээд мэдлэгтэй болов уу гэмээр нэгэн ламтай
ярилцсанаа санаж байна. Тэрбээр "Муу цаг иржээ” гээд 1918-1919 оны өвөл
хатуу болж, 250 хониныхоо 150-ийг, 50 үхрийнхээ 10-ыг үхүүлсэн тухайгаа
ярихад нь би "Танайх яагаад өвс тэжээл хадаж базаадаггүй юм бэ. Мал
сүргээ илүү арчилж маллавал үр ашгаа өгөх нь мэдээж шүү дээ” гэвэл,
хариуд нь өнөөх лам бодлогоширон, тамшаалж сууснаа "Бид өвс хадаж
заншаагүй л дээ” гэж их л буурьтай, үнэмшилтэй хэлэв.
Дараа
нь хэсэг эрхээ эргүүлж сууснаа "Бурхан бидэнд өгдөг ч өгснөө авдаг ч юм
даа. Арга байхгүй. Сайн л залбирах хэрэгтэй болж байна даа” хэмээн
өгүүлж билээ.
И.М.Майский Ердөө зуу
хүрэхгүй жилийн өмнө дипломатч, түүхч И.М.Майский монголчуудын тухай ийн
бичжээ. Сэтгэл судлаач мэргэжилтэй би бээр өнөөгийн нийгмийн хөгжил,
хүмүүсийн боловсрол, соёл хийгээд түүнийг чангаагч мухар сүсгийн талаар
хэчнээн их сэтгэл эмзэглэж явдгаа тоочоод барахгүй ч чадахынхаа хэрээр
олон нийтэд зөв ойлголт өгөхийг хичээдэг юм.
Саяхан
надад нэгэн захидал ирэв. Хүний нутагт суугаа хоёр монгол залуугийн
тухай юм. Эрдэмд шамдаж буй хоёр оюутны нэг нь ойр дотны хүнээ зуурдаар
алдаж, энэ мэдээг дуулсныхаа дараа сэтгэлээр унажээ. Тэр залуу уй гашууд
автаж, маш их шаналж байгаад хэсэг хугацааны дараа хий зүйл харж байгаа
тухайгаа хэлж, санаанд оромгүй, үнэн худал нь ялгагдахгүй зүйлс ярих
болжээ.
Таагүй мэдээ сонсож хямарсан
залуу байнга үхсэн хүн харснаа ярьж, хэн нэгэн түүнийг хөнөөх гээд
байгаа тухай айдастайгаа ярьж эхлэв. Улмаар байдал хүндэрч, хяналтгүй
болсноос хичээлдээ ч явахаа больсон гэнэ.
Цаг
үргэлж айдастай байх болсон түүнийг гэр бүлийнхнийх нь хүсэлтээр нутаг
буцаасан ч Монголд ирээд сайжирсангүй. Хөрш залуугаа сэжиглэж, өөрийг нь
егүүтгэнэ хэмээн дэмийрэх болсныг захидалд бичсэн байхаар нь би
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүлэхийг зөвлөлөө.
Хоёр
долоо хоногийн дараа дараагийн захидал ирэв. Залууг шизофренитэй хэмээн
оношилж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэжээ. Харин гэр
бүлийнхэн нь түүнийг эмнэлэгт эмчлүүлэлгүй дур мэдэн гаргасан байна.
Учир нь тэд хүүгээ сайн бөөд үзүүлэхэд "Онгод нь орсон байна” гэжээ.
Иймэрхүү
байдалтай тулгараагүй, хэн нэгнийгээ бөө болгож онгодыг нь авахуулаагүй
монгол айл, төрөл садан олоход ч амаргүй боллоо. Айл бүрт лам, бөө,
үзмэрч, далд увидастны нэг байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ хөгжил гэж үү.
Эсвэл соёлын үнэт зүйл, үгүйсгэж боломгүй уламжлал юм уу.
Улаанбаатарт
шинжлэх ухааны институт биш христийн сүм, шарын шашны хийдүүд, бөө
нарын онгодын гэр олширсны учир нь юу юм бол. Дарга, сайд нар нь хүртэл
уул, овоо тахиж, Төрийн ордонд бүсгүй хүн оруулдаггүй галын тахилга хийх
болж. Ингэхээр уламжлал уу, эсвэл ялгаварлан гадуурхалт уу гэдгийг нь
ойлгоход бэрх.
Эдгээр түвэгтэй хэдий ч
чухал асуултууд шинжлэх ухааны өлгий нутаг болсон Европт зуу гаруй
жилийн өмнө бий болж, эрдэмтэд ч олон талаас нь хариулсан байдаг. Балар
эртний үеэс хүн төрөлхтөн бороо, цас, аянга, шуурга зэрэг байгалийн
үзэгдэлд хүчин мөхөсдөж, тэдгээрийн учрыг тайлбарлаж чадаагүйн улмаас
"Хэн нэгэн энэ бүхнийг зориуд сэджээ” гэсэн догматик сэтгэлгээгээр
хандаж эхэлсэн. Цаашлаад овгийн харилцаа, нийгмийн зохион байгуулалтыг
зөв цэгцлэхийн тулд шашны сургааль, үзэл баримтлалууд бий болж, хүн
яавал бусдад гэм хоргүй, үр бүтээлтэй амьдрах, ямар ёс суртахуунтай байх
зэргийг гагцхүү шашны сургаалиар зааж байв.
Түүнчлэн
ихэнх овоон дээр эмэгтэй хүн гаргадаггүй, уурган дээгүүр алхдаггүй,
орондоо дуулж болохгүй зэрэг Монголын ёс заншил ч нэгэн төрлийн хорио
цээр юм. Овог аймгуудаас үүсэлтэй хорио цээрийг орчин үеийн нийгэмд шууд
тусган ойлгож болохгүй ч өнөөгийн хууль нь тэдгээр цээрийн үргэлжлэл
юм.
В.Вундт зуу гаруй жилийн өмнөөс
"Хорио цээр нь эхэн үедээ чөтгөр шулмасаас эмээх төдий байсан” гэсэн бол
З.Фройд үүнийг "Аль эрт үеэс эдгээр нь тусдаа салж, хорио цээр нь
сэтгэцийн тогтонги амьдрал болсон” гэж үзжээ. Чөтгөр шулам, сүнсэнд
итгэх хорио цээрийн ёс ч анимизмтай (байгалийн үзэгдэл, объект, амьтан,
ургамалд итгэх домгийн сэтгэлгээ)холбоотой. Хорио цээр нь З.Фройдын
гаргасан проекц хэмээх ойлголттой тун ижил юм.
Тэрбээр
1905 онд бичсэн "Эго ба хамгаалах механизм” номондоо сэтгэл зүйн
хамгаалалтын тухай дэлгэрэнгүй оруулсан байдаг. Хэд хэдэн хамгаалалт
байх боловч "Хорио цээр”-тэй холбоотой нь проекц (тусгал) юм. Сэтгэл
зүйн хамгаалалт гэдэг нь тэр чигтээ ухамсарг үй шинжтэй байдаг. Харин
проекцийн хувьд тайлбарлавал хүн түгшихгүйн тулд ямар нэгэн үйл
ажиллагаанд өөрийгөө татан оролцуулдаг.
Жишээлбэл,
даргадаа загнуулсан ажилтан гэртээ очоод уур бухимдлаа эхнэр, хүүхдэдээ
гаргадаг. Гэвч энэ нь ухамсартай зорилго биш юм гэж З.Фройд
тайлбарлажээ.
Өнөө үед шашин шүтэх,
эс шүтэх нь бидний эрх болоод байгаа ч шашны ёс суртахуун ярихын
зэрэгцээ, түүний нэрийн дор мухраар сүсэглэж, зөвөөр ойлгож болох хорио
цээрээр далимдуулан олон түмний "мөнгийг сэгсэрч” буй бөө, лам хийгээд
шинжлэх ухааны доктор, профессор гэгдэх хүмүүс ч байна.
Аливаа үзэгдлийг тайлбарлаж чадахгүйн улмаас домгийн сэтгэлгээнд автах магадлалтайг дээр дурдсан.
Зүүд. Хүмүүс
зүүдэнд ач холбогдол өгөх нь түгээмэл. Таагүй зүйл зүүдэлбэл Ганданд
очиж ном уншуулах, эсвэл элдэв зохиомол зан үйл хийх нь бий. Эртний
Грекийн яруу найрагч Симондесийн зүүдийг энгийнээр тайлбарлаж үзье.
Тэрбээр бага Азид лекц уншихаар уригджээ. Түүний аялах хөлөг онгоц
зогсоол дээр бэлэн байсан ч алдарт найрагч тээнэгэлзсээр явж чадсангүй.
Найзууд нь түүнийг ятгахад тэрбээр өөрийгөө оршуулж байна гэж зүүдэлсэн
учраас ийм шийдвэр гаргасан гэжээ. Зүүд нь биеллээ олж хөлгийн бүх
гишүүн аяллаа дуусгаж чадалгүй далайн ёроолд мөнх нойрссон гэдэг. Гэхдээ
энэ зүүдийг тайлбарлах боломжтой.
Симондес
хөлөг онгоц сүйрч магадгүй гэж их айдаг байсан учраас янз бүрийн таагүй
зүйлс ургуулан боддог байжээ. Хөлөг онгоцыг аялалд гарахаас нь өмнө
аюултай байж болзошгүй хэмээн анхааруулж байсан учраас Симондес
эргэлзсэн. Үхлээс айж, өөрийгөө хамгаалах гэсэн бодол нь зүүдэнд нь
харагдсан хэрэг. Гэхдээ шинжлэх ухаан зүүдний тухай нэг мөр ойлголттой
болоогүй ч зөн билэг, үлгэр домгийн шинжтэй биш гэдгийг зуун жилийн өмнө
тогтоожээ.
Зөн билэг. Сэтгэл
судлалын шинжлэх ухаанд үүнийг судлагдахуун гэж хүлээн зөвшөөрдөггүй.
Оросын "Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг монголчууд үзэх дуртай. Энэ
нэвтрүүлэг нь хүмүүсийн сониуч сэтгэхүй дээр дөрөөлсөн шоу төдий ч
манайхан ойлгодоггүй. Оросууд өөрсдөө ч бараг үздэггүй, тааруу
үнэлгээтэй нэвтрүүлэг юм.
Шоу гэдгийг
нь ойлгодоггүй учраас манайхан нэвтрүүлгийн оролцогчдыг эх орондоо
урьж, тахин шүтэж л байна. 1990-ээд оны эхээр хэчнээн зөн билэгтэн гэх
хүмүүс тодорсныг бид мэднэ. Төрийн тэргүүн маань ч хууртаж явсан.
Мухар сүсэг. Цэвдэгтэй
хөрсөнд хадгалагдсан тулдаа арьс нь арай ядан тэсэж буй нэгэн хамба
ламын шарилд жил бүр олон хүн очиж мөргөдөг. Хамба лам насан өөд
болохдоо дахин гаргаж шалгаарай гэснээс биш үзмэр болгож мөнгө олоорой
гээгүй байх.
Өгөрч муудсан цогцсонд
мөргөхөөр алсыг зорьж, мөнгөө үрдэг монголчуудын тоо буурахгүй нь.
Үнэндээ хэдэн мянган жилийн өмнө өндөр уулын оройд явж байгаад хөл
алдан, тэндээ үүрд нойрссон хүмүүс олон бий. Тэдний шарил ч цас, мөсний
дунд хүн төрхтэйгөөр хадгалагдсан байгаа.
Мөн
манай "Энергийн төв” буюу Хамарын хийд гэх газрыг чухам ямар
үндэслэлээр энергийн охь хэмээн өргөмжилснийг мэдэхгүй юм. Пара үзэгдэл
судлаач Эрнест Мулдашев гэдэг хүн л номондоо тэгж бичсэн гэдэг. Тэгэхээр
жил бүр галт тэрэг дүүрэн хүн очоод байхаар ач холбогдолтой газар
хэрхэвч биш.
Техник технологийн
хөгжлийн нэр барьсан "гэрлэн бүрхүүл”, "аура бие” гэсэн шошготой, "тархи
угаадаг” хэсэг хүмүүс бий болоод уджээ. Энэ бол ердөө л сүлжээний
бизнес. Хүний гэрлэн бүрхүүл, аура гэдэг ойлголт нь нэлээд эртнийх
бөгөөд хэзээ ч ийм зүйл байгаагүй, цаашид ч байх боломжгүй нь
тогтоогджээ.
Шинжлэх ухаан өндөр
хөгжсөн оронд профессорууд нь ийм зүйл яривал сургуулиасаа хөөгдөх байх.
Гэтэл монголчууд хамгийн том тоглолтын танхимуудын суудлыг нь үлдээлгүй
дүүргээд, хэтэвчээ бариад л хурайлж суух юм.
"Мөнгөтэй
болоорой, түрийвчээ дээш харуулаарай, одоо та нар мөнгөтэй болно оо”
гэж XXI зууны иргэдийг хэдий болтол дундад зуун руу чирэх вэ. Хэлж
байгаа үг, уншиж буй номынхоо утга учрыг ч гүйцэд таньж мэдээгүй
бүдүүлэг шахам хүмүүс биднийг хэрхэн амьдарвал зохилтойг нүдээ аниж
байгаад шийдэх юм. Доржтой суу, Чимгээгээс сал гээд хэнтэй хамт
амьдрахыг нь хүртэл зурхайч хэлж өгнө. Зурхай тооны ухаан гэж үү.
Математикч, одон орон судлаач хүмүүс лав энэ тухай мэдэх ч үгүй. Энэ бол
шинжлэх ухаан биш шүү дээ. Мухар сүсэг болгоныг нэг бүрчлэн тайлбарлана
гэвэл тоймгүй зүйл болно.
Өдгөө хүн
хөгжил, дэвшил, техник технологийн давуу талыг ярьж байгаа ч мухар
сүсэгт автсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь харамсалтай. Шинжлэх
ухааны тайлж чадаагүй далд ертөнцтэй холбоотой маш олон зүйл бий гэсэн
нийтлэг яриа л шинжлэх ухааны үнэ цэнийг үгүй болгож байгаа юм. Тиймдээ ч
учир битүүлэг санагдсан зүйлийнхээ хойноос шинжлэх ухааны эрэл хайгуул
хийхээ больжээ. Тэр учир битүүлэг үзэгдлийн тайлбар нь номонд бичээстэй
бий шүү дээ.
Бид XIX зууны Монголд
амьдарч байсан залхуу ламтай ижил болчихсон нь энэ. Манайхан ертөнцийг
танин мэдэх агуулгатай биологи, математик, физик, философийн ном
уншихаас илүүтэй зүгээр суугаад сайхан мөрөөд гэсэн утгатай "Нууц”
мэтийн ном унших дуртай болсон. Энэ нь мухардлын нэгэн илрэл юм. Аль нэг
хийдэд очиж, дугаарлан зогсож мөнгө төлж ном бичүүлэхдээ дэлгүүрт
зогсож байгаа юм шиг санагддаггүй гэж үү. Гэхдээ та эндээс юу ч худалдаж
авах гээгүй. Энд баялаг бүтээдэггүй.
Уул,
овоо тахиж, лам бөөд мөнгө зарцуулж байхаар шинжлэх ухааны
байгууллагуудад хөрөнгө оруулалт хийж, лаборатори, тоног төхөөрөмжийг нь
шинэчилбэл илүү үр дүнтэй баймаар юм.
Тэртээ
1256 онд Английн шүүгч Хенри де Брактон сэтгэцийн өвчтэй гэмт
хэрэгтнийг шийтгэж болохгүй, тусад нь хорь гэсэн байна. 1790 оны Францын
хувьсгалын дараа Филип Пине сэтгэцийн эмнэлгийг анх удаа чанаржуулсан,
1906 онд Америкийн эмч Клиффорд Бийрс сэтгэцийн эрүүл мэндийн
хөдөлгөөнийг дэлхий дахинд зохион байгуулсан. Харин бид мухар
сүсэгтэйгээ дундад зууны ухамсраараа амьдарсаар л байна.
Л.Энхтүшиг