Хатагин Го.АКИМ
Уран зураг бол үздэг яруу найраг, яруу найраг бол сонсдог уран зураг юм.
Леонарда да Винчи
2002 оны намар билүү дээ. "Сэтгэлийн тахилгат уул…” хэмээх нутгийн
номоо бичих гэж хэрэглэгдэхүүн цуглуулж байсан юм даг. Нутгийн амьд
байгаа хэдэн өвгөдийг "саах”-аар Дорнод явах гээд гудамжинд хөөрцөглөн
гүйж явтал арван улаан ямааны хэрэгтэн Думбаа(Дунбүрээ) найзтайгаа цав
хийтэл таарав аа. Мань эр хэлж байна: "Манай зураачид гурван замаар
судалгаа хийж аялаад танай Дорнодод уулзах юм. Би урьд чиглэлийнхэд
орсон. Өөрөөр хэлбэл, Дорноговийн зүүн талаар яваад, Дарьгангалаж,
Шилийн богдлоод танай Чойбалсан орно доо” гэж байна. Тэгэхэд нь уулгамч
би уулга алдаж: "Найз нь ч бас нутгийн ном бичихээр аймгийн төвөөр
дайраад, Матад орох гэж байна. Та нар Шилийн богдоос мэдээж эргэж
Сүхбаатарын төврүү орохгүй, шууд Эрдэнэцагааны замаар Дорнод орж таарна.
Тэгэхлээр тэр замын зүүн талд чинь Матад хаан уул дүнхийж харагдана.
Зүүн урьд дор нь манай сум байгаа. Миний найз нөхдөө аваад, манай суман
дээр оч. Найз нь тэнд та нарыг хүлээж байя, сумын төвөөс холгүй "Баян
хангай” гэж баян бүрд байгаа, тэнд ганц ямаа бооёо, таануус уулыг маань
зурж өгөөрэй” гэвэл нөхөр маань ч баярлаж байгаа бололтой, хоёул Матадад
уулзахаар тийнхүү "заа зүү болоод” мөр мөрөө хөөвэй.
"Ус уух хувь”-тай ямаа
Чингээд би Матад орлоо. Зураачдыг ирэхээс өмнө ажлаа амжуулах гэж
яарав. Нутгийн өвгөн ах Жүрмэд гуайтайгаа нутгаа бараг бүтэн тойрсонсон.
Гэвч үзээгүй сонин дурсгал, хүрээгүй сайхан газар үлджээ. Нутаг маань
даан ч уудам юм аа гэж уулга алдаж явсан. Ингээд сумынхаа засаг ноёныг
гуйж баймааж нь нэг ямаа уяууллаа. Хоёр гурван "гожгор” юм авлаа. Зураач
нөхдөө хүлээж авахаар бэлдэж байгаа нь тэр. Тэгээд л тэднийг хүлээлээ,
дээ. Нэг өдөр хүлээлээ, байдаггүй, хоёр өдөр хүлээлээ, байдаггүй. Гурван
өдөр боллоо, байдаггүй дээ. Эрдэнэцагааны замыг хоёр нүдээ ширгэтэл
ширтлээ, байдаггүй, Баянхангайн хойгуурх толгодыг сэтэртэл харлаа, алга
аа. Нүгэлт золиг чинь Баянхангайд ямаагаа хэдүүл боож байна гэж зүүдлэн
зүүдлэн хүлээлээ, алга аа. Уяатай ямаа гурав хоног "боолгох” гэж
майллаа, байхгүй ээ. Тэгээд засаг дарга даа, хэллээ, "За даа, миний
бөгсний ажил хэцүүдэх нь ээ, би ч явъя даа. Цаадуулын чинь машин тэрэг
нь саатав уу, мэлийсэн талд төөрөв үү, нэг л юм боллоо” гэж нэрлэхээд,
"Миний дүү наад ямаагаа сэтэрлээд тавьчих. Ус уух хувьтай юм байна аа”
гэлээ. Дотроо бол "Энэ Дунбүрээ ямаа бооно гэхээр айлаа шүү. Ямаа зураад
"хэрэгтэн” болсон юм чинь, идвэл бүр балрана гэж л хулчийлаа даа” гэж
бодлоо. Тэгээд аймаг тавиад хүрлээ. Хүрүүт л зураачдыг сурагласан чинь
харин Думбаагийн "баг” аль хэдийнэ аймаг дээр морилчихсон байж байхгүй
юү. Аа, монш чамайг, муу нөхрөө ингэж араар тавьж байгаа юм чинь,
марксист реализмыг "араар тавих” нь юу ч биш байж гэж бодогдож байсан.
Тийм дээ л "хэрэгтэн” болж байхгүй юү!..Тэгээд түүнд зад агсан тавья
гэсэн боловч өөдөөс марсайтал инээгээд байхаар нь яаж чадаагүй.
"Арван улаан ямаа”-ны хэрэгтэн
Шав шар талд ув улаан арван ямаа
тархан бэлчинэ. Тонгочих нь тонгочино. Хэвтэх нь хэвтэнэ. Идээшлэх нь
идээшлэнэ. Соотойн зогсох нь зогсоно. Өлийх нь өлийнө. Тонгойх нь
тонгойно. Энэ нь Дүнбүрээгийн "Арван ямаа” гэдэг зураг. Гэвч энэ
зураг хэрэг тарив. Учир нь МАХНамын үзэл сурталчид түүнийг буруутгахдаа
нэгд, хүйтэн хошуутай мал зурсан байна гэв. Хоёрт, хөдөлгөөн нь
хөрөнгөтнийх байна гэлээ. Гуравт, өнгө нь өрнөдийнх байна гэв. Энэ нь
улаан сурталтангуудын зөв байсан. Яагаад гэвэл Дунбүрээ монгол зургийн
хүүрнэлийн аргыг өрнө зүгийн өнгөний хослолтой холбосон юм чинь. Гэвч
сурталчид монгол зургийн хүүрнэлийн аргыг нь олж хараагүй, хөрөнгөтнийх
болгочихосон. Үгүй ээ, зөв ч юм уу, монголд чинь хөрөнгөтөн байсан юм
чинь, монголын хөрөнгөтнийх байж болно шүү дээ. Тэднүүс тэгэж олж харсан
бол энэ нөхөр үндэсний үзэлтэн гэдэг дахиад нэг ялтай болохгүй юү. Уг
нь тэх л байсан юм. Ингээд гурвын гурван ял пад гээд түүний толгой дээр
буух нь тэр. Яг гильотин хүзүүн дээр тас буудаг шиг. Тэгж байтал Соёлын
яамны сайд "Францын хөрөнгөтний имперсионистуудыг сохроор дууриасан”
гэж дайран дээр давс нэмэв. Ингээд дөрвөн ял болов. Арван ямаа зурж,
дөрвөн ял тулгуулсан "гэмт этгээд” болох Дунбүрээ өөрөө хэлэхдээ: "Бид
чинь имперсионизм гэдэг урсгалыг сонссоноос цаашгүй, Ван Гог-ийн нэрийг
дуулсан төдий байлаа шүү дээ, тэр үед чинь. Яагаад гэвэл тэр үед чинь
зөвлөлтийн социалист реализмаас бусдыг нь үзэл суртлын хар хөшгөөр тас
хаачихсан байсан байхгүй юү гэж инээсэнсэн. Тэгтэл бас нэг хэрэг
нэмэгдсэн нь, "хүйтэн хошуутай малаар төлөөлүүлж МАХНамын улстөрийн
товчооныхныг зурсан байна. Тэр урагшаа буруу эргэсэн эвэрт нь хэн бэ,
тэр өвс зулгааж байгаа сөрөвгөр сахалт нь хэн бэ гээд эзэн нэхэж эхлэв.
Төв аймгийн Өндөр ширээт суманд Цахиртад төрсөн, өөрөөр хэлбэл таван
хошуу малын захад өссөн Дунбүрээ өөрийн дэндүү мэддэг малаа зураад тавын
таван ялтай хэрэгтэн болох нь тэр. Мөн л цаадуулынх нь зөв байсан.
Дүнбүрээ заавал нэг юм бодож л зурсан байгаа. Уг нь тэрвээр "тэр буруу
эргэсэн эвэрт ямаа бол хүйтэн хошуут Цэдэнбал байгаа юм. Тэр тонгойж
сөрөвгөр сахалт нь хүйтэн хошуут Майдар байгаа юм” гээд л хэргээ хүлээх
ёстой байсан байхгүй юү. Тэр тэгээгүй л дээ. "Би тийм юм огт бодоогүй”
гэж гүрийгээд байдаг юм. Түүнээс хойш Дунбүрээг гоочлох, зургийг нь
өөлөх, үзэсгэлэнд оролцохыг хорих нь гэм биш зан болсон байна. "Бүтээн
босголт” зургийг нь "үйлдвэрийн яндангийн утаа хэзээ ногоон, улаан
байсан юм” гээд үзэсгэлэнд авсангүй. "Хороолол” зурагтаа Өндөр
Жанрайсигийн ард есөн давхар барилга дүрсэлчихсэн чинь "аугаа их
зөвлөлтийн тусламжийн сүрлэг барилгыг муу шашны байшингийн ар талд
зурлаа” гээд үзэсгэлэнгээс хасчихлаа. Бас л сурталчдын зөв. Хэзээ утаа
ногоон улаан байсан юм. Дунбаа ер нь одоо ч тэгэж хачин юм хийгээд
байдаг хүн. Тэр үед бол уран бүтээлч сайн нөхөд нь Дүнбүрээг "Монголын
дүрслэх урлагт шинэ өнгө, шинэ урь оруулсан” гэж шивнэж магтсан гэх юм
билээ. Шашны барилгыг зөвлөлтийн өндөр байшингийн ард зурах ёстой байсан
хэрэгтэнг тэгэж магтана гэдэг! Харин тэдний шивнэх нь ч аргагүй. Тэр
үед чанга дуугарвал Дунбүрээгийнхээ мөрөөр ороод хэрэгтэн болоод шогшиж
одох байсан юм чинь. Харин урлаг судлаач Д.Дашбалдан агсан "Ад үзэгдсэн
арван ямаа арван хар нүгэл, арван цагаан буяны зааг дээр цогцолсон бус
уу” гэж дуу алдсан нь бий. Энэ "хэрэгтэн” ардчилалтай золгосон хойно
буюу нэгэн мянган есөн зуун ерэн нэгэн онд л бие даасан(бие даасан шүү!)
үзэсгэлэнгээ сая нэг юм гаргасан даа.
"Зовлонт нохой түлээчин дагана”
…Би тэгээд Дорнодоос онгоцдох байлаа.
Тэгтэл Дунбаа хэлж байна. "Чи нисээд яах юм, манай машинд зай байгаа,
хэдүүл сайхан явъя, бэлэн машин байж байхад онгоцонд хий мөнгө төлж яах
гэсэн юм” гэж байна. Би ч уухайн тас зөвшөөрлөө. Уран бүтээлч
нөхөдтэйгээ гангар гунгар хийж явахад сайхан байлгүй яах вэ! Хөдлөхийн
өглөө нэг жаахан инээдтэй юм болсон нь, баг багийнхан намайг машиндаа
суулгах гэж булаацалдав. Халамцуухан До. Болдоор намайг солино ч гэх
шиг. Би намайг булаацалдаж байгаад нь онгирох ч шиг. Гэвч Думбаа намайг
тас харамлан, өөрийн багийн машинд хажуудаа суулгаж авав. Харин тэгэж
булаацалдсаны учир хөдлөөд нэлээд явсан хойно олдсон юм даа. Хэнтийн
Баянхутаг сумын нутагт ороод явж байтал Хэрлэнгийн эрэг дээр машин маань
эвдэрэв ээ. Би ч энэ завсар нь "Хэрлэн мөрнийхөө аршаанаас духандаа
хүргэж, амсая байз” гээд тийш гүйлээ. Ёсоо гүйцэтгээд эргэн алхтал машин
дээр нэг мотоцикльтэй залуу очиж харагдлаа. Тэгснээ намайг чиглээд
давхилаа шүү. "За мань хэд машинаа засчихаж. Тэгээд намайг түргэн аваад
ир гээд мотоцикльтэй залууг явууллаа шүү, тэднийгээ уячих нь” гэж
бодоод, ширүүхэн алхлаа. Мотоцикльтай залуу ч дэргэд ирээд хаазлан
зогслоо.
-Цаадуул чинь намайг аваад ир гэж явуулав уу, машинаа засчихаж уу? гэж залуугаас асуувал залуу
-Үгүй ээ, Таныг архи аваад ир гэж байна гэдэг байгаа.
-Юун архи, тэр архи нь хаана байгаа юм?
-Энүүхэн баруун дор замын буудал байгаа юм. Тэндээс ав гэж байна.
Мөнгөтэй ганц хүн тэр гэж танийг заагаад "Танийг аваад яв” гэж явууллаа.
-Хэн нь тэгэж байна вэ?
-Нэг бүдүүн хар хүн байна. Тэр л тэгэж байна.
"Аа, мань, Дунбүрээ!” Намайг өглөө булаацалдаад байсан учрыг сая
гүүрэв. Хашир хандгай нар олон хоног явсан тул мөнгөө барж, тэгээд
онгоцоор нисэх миний зардалыг хувааж цохих гэж! Нээрээ ч, нөхөдтэйгээ
хуваагаад цохичих, онгоцонд өгчих хоёрын ялгаа юу байх вэ. Сэтгүүлч хүнд
олон уран бүтээлч нөхөдтэйгээ шаан паан хийж явна гэдэг баяр шүү дээ.
Хөргийн маасчир Батжаргалтай тэгэхэд дотношсон. Залуу зураач Баярбаттай
бас танилцсан гээд. Тэгээд би залуутай сундалдаад давхилаа. Нээрээ ч,
холгүйхэн, Хэрлэнгийн тохойд замын буудал байна аа. Тэндээс хоёр гожин
аваад, нөхөд дээрээ очсонсон. Тэгтэл машин нэлээн амаргүй эвдэрчээ.
Бүрэнхийшлээ. Намар тул сүрхий сэрүүсэв. Дунбүрээ, Пүрэв бид гурав
настайгаараа гул барьж буудал бараадахаар явган алхлаа. Өөрөөр хэлбэл,
хар амиа бодсон хэрэг. Гэтэл гавъяат… гуай биднээс ах мөртлөө нөхөддөө
үнэнчийн тул тэдэнтэй үлдсэнсэн. Буудалд очоод, гурвуул ганц лонх юм
өмнөө тавиад шөнөжин шахуу хуучлав. Уран зураг, уран зохиол, сансар
хорвоо гээд бид гуравт яриагүй сэдэв гэж байхгүй. Тэгсэн нь буудлын эзэн
залуу их л олзуурхаж: "Манайд ирээд архи уугаад шал шал хийж, агсан
согтуу тавих хүмүүс л байдгаас та гурав шиг ийм сонин юм ярьдаг хүмүүс
байдаггүй” гэж бид гурвыг онгироож билээ. Маргааш нь манай хэд машинаа
арайхийж засаад бид гурав дээр хүрч ирлээ. Тэгсэн нь над нэг шог
зохиожээ. Тэр нь юу гэвэл "зовлонт нохой түлээчин дагана”. Түүнийг
зохиогч нь хэн байсан бэ гээч! Дунбүрээ! Нисэх гэж байсан муу нөхрөө
ятгаж баймааж нь "мөлхүүлэн”, онгоцны минь зардлыг хувааж цохиж байгаа
мөртлөө "зовлонт нохой” болгочихдог. Хүн чанараар мөн ч "тааруухан”
нөхөр байгаа биз? Саяхан миний шавь бүсгүй Думбаа ахаар "чоно зуруулна”
гээд очиж л дээ. Зурж өгчээ. Тэгэхдээ юу гэж ярьж явсан байна вэ гээч?
"Акимын охин чононд чоно зурж өгөөд завгүй байна” гээд хөхрөөд явж
байсан гээд байгаа юм. Гэтэл мань эр тэр охин чоноо танихын дээдээр
танина. Дорнодод тэр охин чонын "Сарны өвөрт хонохын жаргал” шүлгийг нь
ахин дахин уншуулаад л унаж өгч байсан зураачдын нэг нь өөрөө байхгүй
юү. Дахиад муу нөхрөө "хийчихдэг.” Энэ явалтаар тэр "Шилийн богд” зургаа
зурсан. Чингэхдээ баруун талаас нь зурж. Галт уулсын чуулган дунд
Шилийн богд шовойн байна. Дэлбэрсэн тогоо нь уулын ёроол хүртэл хүнхийж,
ирмэгнээсээ хоёр тийш ягаарна. Оройн нар тусч байгаа бололтой. Шилийн
Богдын цаанаас баахан улаан адуу хойшоо чавхдаж байна. Шилийн богдын
зүүн талд "Агт нь хүрээ” гэж шилийн сайн эрсийн Барга, Үзэмчнээс туусан
адуугаа нуудаг байсан дугуй хүрээ бий. Тэр нь харагдахгүй боловч тэндээс
алдуураад л давхиж байгаа нь илт. Тэртээ зүүн хойно нь, газар тэнгэрийн
савслаганд Зотол хан Тутоманхан фараоны цац шиг шовойж, зэрэглээнд
газраас тасран тэнгэрт хөвж явна.
"Тэнгэрийн амьтан тэнгэртээ байдаг юм байгаа биз дээ!”
Молхи би "Тэнгэрийн нохой” номоо бичиж байсан цаг. Тэгээд болж өгвөл
тэнгэрийн нохойн зураг авчих их санаа өвөрлөж боломж л гарвал хээрээр
гэр хийж, хэцээр дэр хийх. "Би зургаа авахуулъяа” гээд над дээр давхиад
ирэх чоно гэж хаана байх вэ. Харин ульж дууддаг хүн олоод, улиулан чоныг
дуудаж дэргэдээ авчирч байгаад зургийг нь авчихъяа гэж мөрөөдөх. Нэг
удаа хуурай дүү минь болсон СОРОС-ын сангийн ажилтан Шагдарсүрэндээ(тэр
сайн хүү тэнгэрийнхээ оронд явж дээ) тэр тухайгаа хэлж, тэр маань хувийн
микроавтобусаа гарган, гэрэл зургийн маасчир Батжаргал(тэр маань бас
бурханыхаа оронд явж дээ)-ыг гэрэл зурагтаа сайн гэж, Дунбүрээг ан
хийдэг тул чонын араншин мэднэ гэж аваад, дөрвүүл дунгуйгаараа нийлээд
чонын зураг авах, зурах дээгүүр санаатай амьтад Төв аймгийн Лүн сумруу
гарч өгөвэй. Эр хүний санаа мухаргүй гэж! Гуравдугаар сарын сүүл юм даг
уу даа. Зудархаг өвөл болсон тул цас ихтэй. Лүн сумын засаг даргатай
уулзаж, чоно ульж дууддаг хүн сураглавал анчин Туваан гэж хүн бий гээд,
түүнийг дуудууллаа. Туваан ирж, бидэнд чоно агнасан паянгаасаа ярьж,
маргааш үүрээр чоно байнга байдаг …явж чоно дуудаж улихаар болов. Тэгээд
чонын зураг авах бүү хэл харин түүнд "мадлуулсан” тухайгаа "Тэнгэрийн
нохой” номондоо тодорхой бичсэн тул энд ахин нуршахыг орхин Дунбүрээ
чоно зурсан паянг өгүүлсү. Би түүний "Зэрэглээ” зургийг их шохоорхох.
Тэгээд бас чоно зуруулаад авах гэж санаарахна. Тэгсэн нь нэг өдөр Думбаа
утасдаж: "Чиний шохоорохоод байдаг "Зэрэглээ”, "Чоно” хоёрыг чинь
зурчихлаа, ирж ав” гэдэг юм байна. Миний нөхөр найздаа хоёрын хоёр зураг
зурж өгдөг байна шүү, бөөн хөөр л давхиж хүрлээ. Тэгсэн нь…
Бударгана бут улаан ногооноор алагласан говьд улаан тэмээд билчиж
байна. Зэрэглээн мяралзаж, тэмээд гурав дөрөв нугларчээ. Дээр
тэнгэрээс, цагаан үүлэн дундаас хоёр чоно улаан тэмээдийг өнгийн харж
байх юм. "Чи яахлаараа чоныг тэнгэрт зурчихдаг билээ?” гэж намайг
гайхвал "Чи л "тэнгэрийн нохой, тэнгэрийн нохой” гэж уулга алдаад байдаг
биз дээ. Тэнгэрийн амьтан юм бол тэнгэрт л байх ёстой биз дээ” гэж амыг
минь тагладаг байгаа. Янзын нөхөр байгаа биз! Би тэгэхэд нь "За нөхөр
минь, чи энэ зургийг нэг л зурсан шүү. Ганц над л байх ёстой. Чи өөрийг
зурав аа” гэж түүнд чангарсан. Тэгсэн нь дараа нь нэг өдөр урланд нь
очвол мань хашир "Зэрэглээ”-г дахиад зурж суусан. "Аа чи!” гэвэл тэр
учиргүй хөхөрсөн. Тэр дахиж зураад зараа л даа, зараа. Ингээд
"Зэрэглээ” зураг "Тэнгэрийн нохой” нэртэй болох нь тэр.
Думбаа 19-р зуунд амьдарч байсан…
Уншигч абугай Та 18, 19-р зууны үеийн нийслэл хүрээгээр явж үзсэн үү?
Яаж ч үзэх вэ дээ, нэгээс хоёр зуун жил өнгөрчихөж шүү дээ. Тэгвэл
Дунбүрээ зураач явж үзсэн л байдаг юм даа. Гэтэл Дунбүрээ 1941 онд
төрсөн байдаг юм. Хачин байгаа биз? Өнгөрсөн 1994 онд Дунбүрээг "Нийслэл
хүрээ” үзэсгэлэнгээ гаргахад нь би хэргээр очиж үзсэн байхгүй юү. Зураг
нэг бүрийг дагаж үзсэн. Тэгсэн нь…
Өндөр Жанрайсигийн өвөрт хойт гурван дацан чандманилж, 10 мянган
лам хурж асан Батцагаан сүрийг үзүүлэн сүндэрлэж, гурван давхарлигт
Дэчингалав өндөр хөх тэнгэрийг хээлж, 50 тохой Майдар бурханы бөмбөгөр
оройт хоёр давхар сүм цавцайн цайрч, Богдын асарт хаалга уран хийцээ
гайхуулан байна. Лам хуварга нар улаан шарыг тунуулан, бүрээ бишгүүр
цангинуулан, хэнгэрэг цан нижигнүүлэн Хүрээ Майдар эргэж явна. Жарун
хашорын суварга цайран сүмбэрлэх нь, таван өөр хүний хүүхэд төрүүлсэн
ядуу бүсгүй өөрийг минь бүтээсэн юм шүү гэж домог хүүрнэнэ.
Монгол, зөвлөлтийн өнгөрүү хувьсгалчдын аль өнгөрсөн зууны дундуур
устгаад хаячихсан эдгээр сүм дуганыг ингэж зурна гэдэг өөрөө тэр үед л
амьдарч байсан болж таараад байгаа юм. Тиймгүй бол яаж ингэж зурж чадах
вэ дээ. Үгүй бол урьд төрлийнх нь сүнс хэлж өгсөн юм болов уу? Магадгүй.
Ямартай ч Нийслэл хүрээний түүхийн цоорхойг бөглөсөн хүн бол Дунбүрээ
юм даа.
"Сөг сөг богд гэдэг юм, мэдэв үү”
Дунбүрээг "уулын савдаг” гэмээр байдаг. Яагаад гэвэл тэрвээр ууланд
"нугасгүй.” Ууланд явна л гэвэл зовлонтой байтугай золбин нохойг ч
дагаад туухад бэлэн. Тийм нэг явдал 2005 оны аравдугаар сард болсон юм
даг. Их Монгол Улс байгуулагдсан 800 жилийн ойн өмнө Чингис богдын төрж
өссөн байлдан тулж явсан замаар судалгааны аялал азтай тохиол таарав.
Бурхан халдун, Хар зүрхний Хөх нуур, Хулдгар гун гээд алдарт уулсаар
явах байлаа. Энэ тухайтад чихийг нь шүргэв үү үгүй юу л мань хүн гуяа
алгадаад дагана биз дээ. Ингээд бид нүдгүй шуурганаар Бурхан халдуныг
зорьсон. Налайхын хойно 10 орчим км газрыг 6 цаг явж туулж билээ. Думбаа
шуурганд мажийж мэдэхээ ч шал тоохгүй, "буцъя!” гэж ган хийхгүй, дүлий
думбэд оргин гүрийн суух нь өөрийг нь ам нээвэл энэ буцъя гэх вий гэж
хаширласан байртай. Тэгээд зовлонт нохой нь түлээчингээ дагаж байгаа юм
уу, түлээчин нь зовлонт нохойгоо дагаад байгаа юм уу, бүү мэд! Тэгээд
бид Бурхан Халдун, Хар зүрхний Хөх нуур, Дэлүүн болдог, Жэрэнэ хавцгай,
….гээд явж өгсөндөө. Харин биднийг буцаад Улаанбаатарруугаа орж явахад
нүдгүй шуурга болсон тэмдэг ор ч байхгүй, агь нүдэлж, цэцэг
дэлбээлчихсэн байж билээ. Миний мэдэхээр Дунбүрээ "Дэлүүн болдог”-ыг
зурсан. "Гурван нуур”-ын гуалиг нарс номин тэнгэрийн өехий цоолно. Нарсны цаадтай "Дэлүүн болдог” хөхрөнө. Эзэн богд ийм л гоё газар мэндлэх ёстой доо гэж өөрийн эрхгүй бодмоор!
"Ууланд нугасгүй” гэж миний хэлсэн учиртай. Дунбаа Монголын "Богд”
нэртэй бүх уулыг зурна гэж баахан давхисан. Алтай таван богд, Аж Богд,
Сэгс цагаан богд, Шилийн богд уул гээд их ч аяласан. Ууланд л тэнэж
явбал, уул л зурж байвал түүний шавиа нь ганц ханана. Нэг тэгэж явж
ирээд надруу утас цохиж байна. "Хөөе, нөхөр минь, Сэгс цагаан богдын
жинхэнэ нэрийг мэдэх үү? гэж их л енгүүтэй асууж байна. Би мэдэхгүй юм
чинь. түүнээ л хэллээ. "Сөг сөг богд” гэдэг юм, мэдэв үү, "Сөг сөг” нь
"Сэгс” болоод хувирчихсан юм, мэдэв үү” гэж байна. Би мэдлээ л гэхээс
биш яах вэ дээ. Уулын савдагтай би юу ярих вэ дээ. Уг нь уул усны эртний
нэрийг хайж явдаг муу нөхөртөө шинэ сэргэг юм олоод хэлж өгч байгаа нь
тэр л дээ. Тэгээд тэр "Сөг сөг богд”-оо зурсан л даа. Нар шингэж буй
бололтой. Тэнгэрт улаан улаан туяа татжээ. Улаан тэнгэрийн наахна улаан
тэнгэрийг сүлбэсэн шовх оргилтой хөх уул сунайн байна. Дэндүү гоё уул
юм даа. Наана нь гадаадынхны "ноцож байгаа хад” гэж дуун алддаг улаан
цав бололтой дөрвөлжин дөрвөлжин өндөр эрэг цэнхэр, цагаан, ягаанаар
алаглаж, говийн наранд хэдэн сая жил шаруулсаар барзайн хагарсан шавар
нь багана шиг ярайж , нарны гэрэлд нар шингэх зүгийнх нь талууд
улайрана. Цавын цаахантай гурван тэмээтэй хүн нохой дагуулан, араас хоёр
морьтой хүн дагажээ. Энэ зургийг үзэхэд их байгалийн сүр хүчинд хүн жижигдэнэ дээ гэсэн нэгэн гүн ухаан харагдана. Энэ зургийг 2011 онд зуржээ.
Тэртээ 1984 онд зурсан Хорьдол сарьдаг байна. Хорьдол
сарьдаг түмэн өнгөөр хувилах буман уулсын дундаас мөнх цасан дуулгаа
мөнгөрүүлэн шовх тэргүүнээ огторгуй өөд өргөн, ихэмсэг агаад эрхэмсэг
оршихуйяа цаатны бяцхан урц бэлийг нь бараадан торойх нь ханхар
эцгийнхээ өвөрт хоргодсон хүүхдийг санагдуулна.
Уул гэдэг бидний эцэг. Бид түүний хүүхэд. Хүн их уулынхаа сүрд
дарагдан, их уулаа шүтэж, их уулын нөмөр нөөлөгт оршино. "Хорьдол
сарьдаг”-ийн гүн ухааныг би ингэж тайлж байсан. Энэ хоёр зургийн хооронд
27 жилийн урт хугацаа байгаа ч Дунбүрээгийн байгалийг үзэх үзэл,
байгалийг зурах гүн ухаан өөрчлөгдсөнгүй. Харин "Галба шанхын говьд”
зургийг нь үзээд би мэл гайхаж цэл хөхөрлөө. Тэртээ алсад үүлс
ороосон Ээж хайрхан цэнхэрлэж, зэрэглээн дунд өвсөн тэжээлт үлэг гүрвэл
цаашилж, дээгүүр нь нисдэг луу дүүлж, тэртээ наана есөн тогооны дэргэд
махчин гүрвэл араа шүдээ ярзайлган явж байх юм. Гайхсан нэг учир
гэвэл уул нь тэнгэрийн хаяанд байж байхад есөн тогоо нь нааш тас үсрээд
ирчихсэн байж байдаг. Би нүдээр үзсэн дээ, тэр есөн тогоо яах аргагүй л
уулан дотроо байдаг юм даа. Би нүдээр үзсэн дээ. Галт уул дэлбэрсэн юм
болов уу, газар дэлхий шилгээсэн юм болов уу? Үгүй юм аа, Дунбүрээ чинь
галав эртний үед Ээж хайрханы савдаг байсан байхгүй юү. Савдаг л уул,
тогоо хоёрыг салгаж харж чадахаас бусад нь яаж дөнгөх вэ дээ. Мөн нисэх
луунд шүүрүүлчихгүй, махчин мангаст үмхүүлчихгүй, мөлхөх урт хүзүүтийн
бахим хөлд гишгүүлчихгүй тэднийг тийм ойроос зурна гэдэг биеэ нууж
чаддаг савдаг тулдаа л тэгнэ биз дээ. Гайхсан хоёр учир гэвэл Ээж
хайрхан Захуй, Зармангийн говьд байдаг. Гэтэл Думбаа түүнийг Галба
шанхын говь гэсэн байх юм. Мань эр энэ хоёрыг ялгадаггүй байх нь. Тэгсэн
нь үгүй юм аа. Социализмын үед Цэдэнбал дарга Захуйн говьд очоод, энэ
нэрэнд "хуй” гэдэг муухай орос үг орсон байна, эндэхийн нэрийг соль гээд
Баянтоорой болгосон гэдэг. Думбаа үүнийг мэддэг болохоор За-хуйн говьд
гээд нэрлэчих юм бол аягүй бол "хуй”-гаас болж хэл аманд орж мэдэш гэж
хаширлаж л дээ. Хашир хүн гэж хаширсан хүнийг л хэлдэг шүү дээ. За тэр ч
яах вэ, Дунбүрээ "Монголын эрхэм дээд Богд уулс” нэрт үзэсгэлэнг зураач
Р.Ганхуягийн хамт гаргаж, Богд уулсаар аяласан аялалаа мялааж, энэ
аялалыг зохион байгуулж ивээн тэтгэсэн Т.Баасан нөхрийнөө буяны ачийг
хариулсан байна.
"Над шар харагдаад байх юмыг чинь яах юм!”
"Дунбүрээ бол үндэсний уран сайхны сэтгэлгээний адилтгал, зүйрлэл,
ёгтлол егөөдлийн аргаар хэлэх гэсэн санаагаа илэрхийлдэг зураач. Сүүлийн
үед зурсан "Боохой”, "Нүгэл буян” зэрэг олон бүтээл нь үүнийг давхар
батлана. Урлаг судлаач Д.Дашбалдан агсан өнгөрсөн зууны эцсээр Дунбүрээг
ингэж үнэлж. Нээрээ л дээ. 1986 онд Москвад хэсэг нөхөдтэйгээ хамтарсан
үзэсгэлэн гаргахад түүнийг нь тэр үеийн зөвлөлтийн нэг нэртэй урлаг
судлаач олж хараад, "Танай нөхдүүдийнх ер манайх л байна, харин таных
хүнийх байна” гэж хэлсэн гэдэг. Думбаагийн зураг олноос оорцог л доо.
Өөрөөр хэлбэл, социалист реализмынх огт биш. Өнгө нь ч тэр, дүрслэл нь ч
тэр. Би түүнээс нэг гуйлаа л даа. "Миний нөхөр найздаа Мөнх тэнгэрийн
зураг зурж өгөөч, Би "Хөрстөд ганц Чингис хаан”-даа оруулах гэсэн юм”
гэлээ. Гэтэл яасан гээ. Шав шар тэнгэр зураад аваад ирдэг юм байна.
"Тэнгэр хэзээ шар байсан юм. Хөх байдаг биз дээ” гэсэн чинь өөдөөс "Над
шар харагдаад байгаа юмыг чинь яах юм” гэдэг байгаа. Өнгийг дандаа
урвуулж хардаг ийм л хачин нүдтэй янзын нөхөр байгаа юм даа. Тухайлбал, Отгон
тэнгэр шүтээн” зураг нь байна. Дэлхийг бүрхсэн их усан дундаас хуурай
газар гарч ирэхэд орой нь хамгийн түрүүлж цухуйсан гэх домогт Отгон
тэнгэр хайрханы бөмбгөр орой цавцайж, ув улаан үүлсийн дунд Очирваань
хэмээх хөх бурхан гал цахилгаан бадруулан байна. Отгонтэнгэрийг
сахиустай нь бэлгэдлийн нүдээр харвал ийм ажээ. Баян зүрх уул зурагт
гэхэд л савдгийг нь гурван нохойгоор дүрсэлжээ. Зураачийн өөрийнх нь
тайлбарласнаар энэ гурван нохой хойт, урд хоёр шунахай хөрш, манай
өөрийн бүтэл зэхий этгээдээс Монголоо хамгаалж байгаа гэнэ. Уг нь гурван
нохой савдгийн оронд ганц өөрийгөө л савдаг болгоод зурчих байсан юм.
Учир нь Думбаа Монголоо нохойноос хамаагүй илүү хамгаалах сэтгэлтэй.
Ув улаан махчин гүрвэл улаан шавар дундаас өндийж, улаан уулсын
наана шар элсийг туулан яваа улаан тэмээтэй хүмүүсийг харж байна. Далим
олдвол идчих л санаатай биз. Наана нь бас нэг хүрэн матарын өлийчихсөн
толгой цухуйж байх юм. Ямар аймаар юм бэ? Тэгсэн нь үгүй ээ, сайтар
ажиглбал тэмээтэй улсаас бусад нь амьд амьтад биш юм аа. Тийм амьтасын
дүрс бүхий тогтоцтой цав байна шүү.
Түүний "Мэдрэмж” зураг ийм. Ёстой л мэдрэмжээр л зурсан зураг байна.
"Үлэг гүрвэлийн мөрийг өдий хүртэл хадгалсан” гэсэн яруу найрагчийн нэг
мөр буй. Харин үлэг гүрвэлийн дүрсийг өдий болтол хадгалсан ихийн их
цавууд Дунбүрээгийн билгийн нүдэнд ингэж л мэдрэгддэг аж. Гэвч би тэр
бүхнийг тайлбарлах гэж оролдоод яах вэ? Эрхэм уншигч Та өөрөө үзэж
байгаа юм чинь! Та өөрийнхөө ургуулан бодох ухааныхаа хирцээр тунгаах
буй заа.
"Улина даа, чи улина!”
Би түүнийг гадаад явахаас нь өмнө нэг гожгор юм бариад тавьж хүрлээ.
Сайндаа ч бус. Түүгээр Дархан хан уулаа зуруулах гэж тэр. Тэгсэн мань эр
нөгөө гожингоо шууд задлаад л, хоёр аяганд хийх гэлээ. "Хүүе найз нь
балгахаа байсан. Зоогийн сав зогсоолдоо хүрэх гэж нэг юм бий бололтой”
гэж би хэллээ. Мань хүний нүд оройруугаа явсаар бүр гараад явчих нь ээ.
Чих нь дэлдийгээд надруу бас наалдаад ирж байна. Буруу дуулав уу л гэж
бодсон бололтой. Их донжтой харснаа "Чи чоно ульдагийг мэдэх үү?” гэж
асууж байна. "Мэдэлгүй яах вэ” гэлээ. Тэгтэл "Улина даа, чи нэг улина”
гэдэг байгаа. Сүүлд нь надруу утасдаж "Чи улих болоогүй л байна уу” гэж
асуусан. Намайг "улилуулж” хань татах гээд байгаа Думбүрээ гэж ямар
намтар сэлттэй хүн бэ? 1961 ондсон. Би УБДС-ийн орос хэлний ангид
элсээд, Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд Баян голын талбайд
ногоо хурааж байлаа. Бидэнтэй хамт Зураг хөдөлмөрийн ангийнхан бас ногоо
хурааж байсан. Гаадангийн Дунбүрээ гэдэг хүдэр бор залуу зав л гарвал
бийр будаг, палитр бариад, голын эрэг, бургасны ёроолруу явж байх. Этюд
хийх гэж байгаа нь тэр. Молхи би бас Зураг хөдөлмөрийн ангид хувиартай,
зураг зурж сурахын хорхой болж ирсэн ч уг ангид дээд тоо, шугам зураг
ордог гэхээр нь энэ хоёр хичээлд нойлын ногоон тэгийн учир хагас жилээр
хасагдахаас хулчийгаад орос хэлний ангируу гулсчихсансан. Тэгээд түүнийг
харан, ингээд зураг зурж суусан бол гэж ихэд атаархах. Думбаа жинхэнэ
зураач болсон. Шугам зургийн анги төгсөөд уран зураач болсон хүн
Думбаагаас өөр хэн байдгийг хэлж би мэдэхгүй. Чингээд "Арван улаан
морь”-оор өөрийнхөө сэтгэлгээний зураач болсныг анх мэдрүүлсан гэдэг.
Түүндээ амташсан тэрвээр "Арван улаан ямаа” зураад хэрэгтэн болсон. Тийм
ээ, авангардизм л гэнэ, имперсионизм л гэнэ, кубизм л гэнэ, олон л
урсгал тэр үед байсан гэдэг, Одоо ч байгаа. Дунбүрээгийн зураг ямар
урсгалынхыг нь би мэдэхгүй. Харин сэтгэлгээний зургийн эхийг тэр тавьсан
гэж мэднэ. Цэвэгжав, Соосой нартай хамт л сэтгэлгээний зургийн нэг
"эцэг” нь болсон. Ганц нэг хүн "шахаанд орохдоо” уг барилаасаа ухарсан
нь ч бий. Гэвч улаан мал зураад улаан намд адлуулсан тэр улаан
өнгөнөөсөө татгалзаагүй. Алтан Праг, улаан Москва, будант Лондон, нарлаг
Софи, үзэсгэлэнт Парис, бүүр хязгаар хярхаггүй их далайн цаадтайх Чилид
хүртэл "улаа бутарсан” бүтээл нь уран зураачаасаа урьтаад хүрч байсан.
Уран зураг гэдэг аль ч үндэстний сэтгэл зүрхэнд орчуулгагүйгээр хүрдэг
гайхамшигт урлаг юм даа. Амар байна уу гэсэн биш гай боллоо гэдэг шиг
ардчилал мандсан биш тэр газруудруу одоо Думбаа биеэрээ тэнээд болохоо
байсан. Энэ хэдэн мөрийг миний хэлхэж байхад тэр Монголд байхгүй л
байна. Гэргийгээ арав хоног эмнэлэгт тэнхрүүлж аваад, "Арван ямаа”
зургаа аваад алсын Европруу хамтдаа алга болсон. Нөгөө Матадад ирэлгүй
алга болсон шиг ээ! Тэгээд Франц мранц, Бельги зелэг гээд хаана хаана ч
үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм дээ! Өнөө л улаан тэмээ, нөгөө л улаан
уул, аанай л улаан говио зурсаар, үзүүлсээр яваа. Европын үзэгчид нь
монголын улаан ямаа ямар хөөрхөн, Монголын улаан говь ямар гоё юм бэ гэж
шүлсээ гоожуулж байгаа. Эр хүн туг ч барьдаг, тугал ч хариуладаг
гэдгээр Думбаа маань Горбачевын өөрчлөлт шинэчлэлийн үед дэвшиж, Сүм
музейн захиралаар ажиллаж бас үзсэн шүү. Гэвч дарга боллоо гээд өөрөөсөө
урваагүй. Харин ч Хүрээний түүхийн судалгааруу орсон. Тэгээд "улаан”
сүм зурсаар л байсан.. Түүнийг урлагийн гавъят гэж олон үзэгч боддог
байлаа. Гэвч төр тэр цолыг өгөхгүй баахан чардайсан, Думбаа түүнийг нь
гуйхгүй бас ч үгүй гүрдийсэн. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх.
2010 оны зун Дунбүрээ Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолыг
"ардчилалын алтан хараацай”-гаас гардсан. Төр нь түүнийг үнэлсэн, түмэн
олон нь баярласаан. "Өнгө, өнгө, өнгө! Өнгөөр өөрийгөө эхлэн олсон
Дунбүрээ арван улаан мориор өөрийнхөө жинхэнэ зураач болсныг анхлан
зарласан. Энэ арван морь нь онгодын улаан хүлэг болж гуурслаад, эзнээ
уран бүтээлийн өнгөт орчлонгоор он цагийг товчлон аялуулж явна. Гуурст
хүлгийн шандас сульдах гэж байдаггүйг хэн ч мэдэх билээ л” гэж молхи би
түүний "Нийслэл хүрээ” үзэсгэлэнг арван есөн жилийн өмнө үзэхдээ бичиж
байсан байх юм. Онгироход, би виваангардич шиг бичиж. Түүний "гуурст
улаан хүлэг”-ийн шандас сульдаагүй нь гавъяат цолноос нь харагднам бус
уу. Түүнийг бүтээсэн гэж ч, бүтээж байна гэж ч, бүтээх нь ээ гэж ч
хүртээсэн байх аа.
"Арван улаан ямааны хэрэгтэн”-ээс урлагийн гавъяат зүтгэлтэн
болсон "түлээчин”-ийг "зовлонт нохой” даган сурвалжилсан үлгэр үүгээр
жаргавай.
2012 он
Улаанбаатар