ЯРУУ НАЙРАГЧ АЙ.ТӨМӨР-ОЧИРТ
Их хуралд хонь байснаас
Иргэдийн хуралд чоно бай!
Ингэж хэн хэлсийм бэ?
Азарга шиг хааяа ардагладаг
Адсага шиг заримдаа аашилдаг
Ай.Төмөр-Очир хэлсэн юм
Нээрээ тэр азарга
Нэхэл хатуутай азарга
Хүний хэлээр ярьдаг азарга
Хөөе, бас шүлэглэдэг азарга
Хасч хөөдөг хэдэн морьдоо
Хачин сайхнаар зурдаг азарга
Хамгаас үнэтэй газар нутгаа
Харийн тонуулчдаас хамгаалдаг азарга
Хайранд умбасан хэдэн гүүгээ
Хардаж харамлаад ноцдог азарга
Харалган бодолтой засгийн түшмэдийг
Хааяа бас хаздаг азарга
Дархан сүргээсээ урваж шарвасан
Даварсан зарим морьдыг
Давчуу цээжинд нь ганц өшиглөдөг
Дарьгангын сор азарга
Байж ядталаа тачаадсан ч
Байдсан гүү эргүүлдэггүй
Баталгаатай ганц гүүн дээр л гишгэдэг
Бадрангуй хар азарга...
..................................................................................
ЯРУУ НАЙРАГЧ ХУЛГАНАЙН ТЭРГЭЛД
"Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэж
Завсар зайгүй шүлэглэсээр байхад нь
Засаг түүнийг харж үзээгүй
Зайлуул, тэгээд Америк явчихсан
Америкийн засаг түүнийг харин залуу байлгасан
Аяа, бас өнгөлөг болгосон
Аажмаар Тэргэл улам залуужаад
Аравтай бандийг ч тоохоо байсан
Манай Тэргэл лут болсоон, лут болсон
Маруухан улстөрчдийг намнадаг чөтгөрийн гүнж болсон
Мандан бадралын төлөөх тэмцлийн оч болсон
Мянган лайк авдаг фейсбүүкийн од болсон
Хай бас болоогүй ээ, цаадах чинь
Хаан найргийн мятрашгүй тулаанч...
Харьд одсон монголчуудын улаач...
Халхыг төлөөлсөн Америкийн цагаач...
Тийм л сүрхий цагаач юм бол чи одоо харин
Тив дэлхийг нэгэнтээ орхиод
Тэр чигээрээ Ангараг руу яваарай
Тэнд харлачихаад Монголдоо ирээрэй
Тэгвэл бид чамайг Чингисийн удам гэж бишрээд
Тэргүүн дээрээ залж "Ардын баатар” болгоно оо!
................................................................................
ЗОХИОЛЧ БАЛЖИРЫН ДОГМИДОД
Бичгийн их хүн Догмид таниас хөдөө ханхалдаг гэж
Билэг танхай Чимэддоржоос би сонссон
Нэг удаа Дорноговьд байхыг чинь ажихад
Нээрээ таниас хөдөө ханхалж байсан шүү!
Цээжнээс чинь цэр биш мах амтагдаж байсан бол
Уушигнаас чинь утаа биш агаар сэнгэнэж байлаа
Ходоодноос чинь хорз биш сүү амтагдаж байсан бол
Хоолойноос чинь эстрад биш уртын дуу уянгалж байлаа
Гарт чинь янжуур биш гартаам эргэлдэж байсан бол
Хөлд чинь шаахай биш хром гялалзаж байлаа
Үгнээс чинь улс төр биш өвс сонсогдож байсан бол
Амнаас чинь архи биш тараг үнэртэж байлаа
Харин энэхүү хөдөөгийн сайхан үнэрүүд
Хар утаа суунагласан хотод ирээд будаа
Хөл ихтэй хотын гудамжинд саяхан
Хэрэг болгоод таны хажуугаар шүргэтэл
Хөдөө биш харин
Хөлс ханхалж байлаа
.......................................................................
ЯРУУ НАЙРАГЧ ШАРАВЫН СҮРЭНЖАВТ
"Анд Чойномоо алдарт хүргэчихсэн
Алтан үеийнхээ дурсамжийг биччихсэн
Амин насныхаа бүтээлийг туурвичихсан
Ардын уран зохиолч аль хэдийн болчихсон
Уухаа болиод бие нь чулуужчихсан
Уурлахаа болиод сэтгэл нь ариусчихсан
Утай Гүмбэнгийн адисыг хүртчихсэн
Улсын ерөнхийлөгчийн ивээлд багтчихсан
Хүүхэд шуухад нь гадаад руу гарчихсан
Хүүхэн Цэндээ нь гавъяандаа суучихсан
Хүрэх ёстой оргилдоо хүрчихсэн
Хөөрхөн Цогзолмаа нь баатар болчихсон
Хөрстөд жаргаж яваа найрагч хэн бэ? гэвэл
Хөлдөө жороотой Шаравын Сүрэнжавыг хэлнэ ээ”
........................................................................
ЯРУУ НАЙРАГЧ БАЯРХҮҮГИЙН ИЧИНХОРЛООД
Өнгө тансаг уянгын шүлгийн "Хатан” Хорлоо
Өсч дэвжихээр Америкаар зугаалсан "Зочин” Хорлоо
Өдөлсөн бүргэдийг Монголын тэнгэрт аргамжсан "Хачин” Хорлоо
Өврийн хангайг Халхын хавтгайд дуурсгасан Ичинхорлоо
Хөг аялгуу эгшиглэсэн "Хөөрхөн” Хорлоо
Хөдөө хотгүй атаархам "Гоёхон” Хорлоо
Хөөж огт таргалаагүй "Туяхан” Хорлоо
Хөгшин надад хүртээлгүй "Уяхан” Хорлоо
Реалист найргийг эвдэж цойлсон бардам омог
Ерээд оны их тэсрэлтийн бахдам домог
Эгшиглэнт эх Янжинлхамын баясгалант чимэг
Энэхэн цагийн яруу шүлгийн бадрангуй цомог
Олон жилийн өмнөх онгон зэрлэг хөдөөний бор охин
Одоо бол унаж тусмаар хотын ганган хүүхэн
.............................................................................
ЯРУУ НАЙРАГЧ ПУНЦАГИЙН БАДАРЧИД
Аяа, Бадарч ахын "Есөн эрдэнийн орон”, агуу шүү агуу
Алт, мөнгөний цахим ертөнцөд
Амьдаараа давхиад орчихсон ч юм шиг...
Орсон гарсан бүхнийг алт, мөнгөөр дайлж
Оюу, номин, шүр, сувдаар гэр барьж тоглодог
Ойгүй баян айлын эрх хүүхэд байсан юм шиг л бичсэн та
Гэхдээ...
Мяндсан цагаан толгойдоо Бадарч ах есөн эрдэнэ зүүж бол үзээгүй ээ!
Махир чулуун гаанс, цэхэр манан хөөргөөр
Найргийн томчуудад баярхаж бол үзсээн...
Аа, бас Бадарч ахын "Тэмээ” шүлэг, агуу шүү, агуу
Атан тэмээдийн бодит амьдрал дунд
Ахуй биеэрээ уусчихсан ч юм шиг...
Ир нь ханасан орсон бууртай ноцолдож
Ингэн тэмээдийг эргүүлж явсан юм шиг л бичсэн та
Гэхдээ...
Цэлгэр говьдоо Бадарч ах ботготой ингэ тэжээж бол үзээгүй ээ!
Циркийн манежинд харин бойтогтой тэмээ шогшиж явахыг бол харсаан...
Буурал Бадарчийн цэрэг армийн тухай шүлгүүд, бузгай шүү, бузгай
Буу тачигнасан дайны талбарт
Буй биеэрээ давхиад орчихсон ч юм шиг...
Түрэмгий японыг пулемётоор галлаад зогсохгүй
Төмсөгийг нь дэлбэ, хөмсөгийг нь зад цохиж явсан юм шиг л бичсэн та
Гэхдээ...
Хилийн цэргийн Бадарч ах Говь Хянганд бол тулалдаагүй ээ!
Хээнцэр хүүхний гуя хонгонд бол тулалдсаан...
ЕГӨӨДСӨН Б.ОЙДОВ