Ажлын цаг өглөө 9 цагт эхлэдэг боловч би өглөө бүх 7:40 минутад ажилдаа ирдэг 11 жил энэ цагтаа ирж байна. Нэг цагийн өмнө ажилдаа ирээд өөрийнхөө хийх ёстой ажлын 50-60 хувийг нь амжуулчхаад, дараагийн өдөр тутмын ажилдаа ордог. 11 жил ажиллахдаа нэг ч удаа хоцорч тасалж үзээгүй. Эрт ирж ажлаа амжуулж өөртөө зориулах цагаа эрт гаргачихдаг түүний дараа хүмүүстэй уулзах, хамтран ажиллах цагаа гаргадаг.
Өглөө ирээд мэдээллийн сайтуудаас болж өнгөрч буй үйл явдлын мэдээллүүдийн уншчихаад, өөрийнхөө ажлынхаа төлөвлөгөөг бичээд хувь хүний хийх ёстой ажлууд гэж байдаг гэрээ хэлцэл, заавар журам унших, ирсэн тушаалуудтай танилцах гэх мэт ажлуудаа амжуулаад, зээлийн гэрээг хянах, гарын үсэг зурах, ажилтнуудын тайлан, төлөвлөгөө авах ажлуудаа амжуулаад, өдрийн ихэнх цаг бол уулзалттай өнгөрдөг. Харилцагчийн уулзалт ажилтнуудтай хийх уулзалтууд, зээлийн болон үйл ажиллагааны хурлуудаа дуусгаад ажил тарах үед 17-18 цагт дахин өөртөө зарцуулах цагаа гаргадаг даа. Ажлын цаг бол яг иймэрхүү хэмнэлтэй яваад дуусдаг. Ихэнхдээ ажлын өрөөндөө суурийн байдаг боловч өдөртөө 1-2 цаг гадуур явж хүмүүстэй уулзах ажлаа амжуулдаг.
АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛБЭЛ?
Өрөөнийхөө хоймор хэсэгт Баяннамсрай бурхантай. Банкны ажил учраас мөнгө дуудах, тогтоох харилцагч нарын болон бизнесийн ашиг орлого маань өндөр байхыг билэгдээд бурхнаа тахидаг. Банкны салбарт байгаа учраас мөнгө чекний цуглуулгууд хананд байрлаж байдаг. Тэнд бол банк болон хувь хүн бусад байгууллагуудаас авч байсан шагнал урамшуулал, цом өргөмжлөлүүд маань байрлаж байна. Морин хуураа хоймортоо залсан. Ширээн дээгүүр бол ажлын төлөвлөгөө, уншдаг номнууд болон ажилтай холбоотой бүх зүйлүүд байна тэгээд хэдэн цэцэгтэй.
Баруун талд эдийн засагч нарын өрөө байна. Шилэн ханаар тусгаарлагдсан зохион байгуулалт нь бол ерөнхий дөө эдийн засагч нарын үйл ажиллагааг хянах гээхээсээ илүүтэй хамтрах зорилготойгоор ийм шилэн ханатай. Дарга гээд өөр өрөөнд хаалттай байх биш аль болох нээлттэй эндээс хэн орж ирж байна гэдгийг хараад зөвлөгөө өгөөд зааж чиглүүлэх зориулалттай хийгдсэн.
/Өрөөний нэг булан тэр чигтээ өргөмжлөл, цом, медалуудаар чимэглэгдсэн байх юм/
/Сагсан бөмбөг бол түүний хар багын хобби/
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА?
Цаг хэмнэх хамгийн сайн арга бол төлөвлөх юм даа. Би бол ингээд дэвтэр дээрээ төлөвлөчихдөг. Тухайн өдөр ямар ажил хийж амжуулахаа чухлаас нь чухал бишрүү нь дарааллуулаад тэмдэглэдэг юм, тэгээд хийх ажил маань нэг их болоод л нэг бага болоод л явчихдаг даа. Өглөө ажилдаа ирээд л өмнөх өдрийнхөө ажлыг харж байгаад хийсэн чеклээд хийгээгүй ажлаа дахин бичээд л нэмж хийх ажлаа оруулаад л явчихдаг. Гар утас нь дээрээ бол шинэ санал санаачлагууд толгойд орж ирвэл шууд утсан дээрээ тэмдэглэнэ. Хүмүүсийн хэлсэн гоё ишлэлүүд ч байна. Хамгийн сүүлд гэхэд хагас сайн өдөр кино үзээд түүнээс төрсөн санаагаа тэмдэглэсэн байна.
АЖЛЫН ТАНЬ ЭЕРЭГ БА БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Банкны салбарт ажилладаг учраас банк нь хүн бүхний хэрэгцээ учраас хүнд хэрэгтэй ажил хийж байгаа нь эерэг сайхан байдаг юм. Гол нь ажлаа гоё хийх гэж нь хүнд хэрэгтэй байдлаар хийхийг эрмэлздэг. Мэдээж хааны алба халаатай өсөж дэвшиж өөрчлөгдөхийг хичээн ажилладаг учраас байгаа хугацаандаа үр нөлөө өгөөжөө үзүүлье л гэж боддог доо. Бурхан багшийн сургаалд ч байдаг "Эс үйлдэхгүйгээрээ Нүгэл үйлдэнэ" гэж чаддаг хэрнэ тэрийгээ гаргахгүй байх чаддаг юмаараа хүнд тус болохгүй байхыг хэлж байгаа юм. Миний хувьд чаддаг бүх юмаа гаргачих юмсан л гэж бодож ажилладаг. Хүнд хэлэх зөвлөгөөгөө бүгдийг нь хэлээд л зөвлөөд туслаад хамтраад л явъя, байгаа хугацаандаа үр бүтээлтэй байя л гэж боддог. Миний өдөр тутмын гол хийж ажил бол зөвлөгөө, шийдвэр гаргалт гэж хоёр хэсэгт хувааж болно. Зөвлөгөө бол байнга л өгч байгаа жишээ нь хүн орон сууцтай болох гэж байгаа бол, бизнес эхлүүлэх гэж байгаа бол тэр болгон дээр нь байнга зөвлөгөө өгдөг тэндээсээ ямар таашаал авдаг вэ? гэхээр мэдээж хүнд зөв зүйтэй зөвлөгөө өгнө гэдэг бол хийх ажлынх нь 50 хувийг нь нугалж гаргалгааг нь олоод өгч байгаа хэрэг. Тэрийг маань мөрдөөд ашигтай ажиллаж байгаа хүмүүсийг харахад их кайфтай байдаг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд орон сууцны барилга 5 сард эхлүүлж байсан компаны захирлыг би болиулсан юм. Таныг барилгаа дуусгаж байх үе 12 сар байна байх тэр үеэр орон сууцны зээл ерөнхий дөө зогсон байх болов уу даа, та тэгээд нэг том барилга тэврээд, банкны зээлтэй үлдэх байх шүү, тэр үед бас орон сууц худалдан авах эрэлт ч ханасан байж магадгүй тэгээд та ер нь шатна байх шүү гэж хэлсэн. Саяхан тэр хүн маань ирээд баярлалаа ёстой зөв байсан байна одоо 8 хувийн зээл зогсон байна. Яг таны зөвлөгөөгөөр больсон доо би 1 тэрбум гаруй төгрөгийн алдагдлаас өөрийгөө аварч чадлаа гэж хэлж байсан энэ бол нэг жишээ нь их кайфтай байгаа биз. Гадуур гудамжаар ч юм уу? Айл өрх, фэйсбүүкээр харж байхад банкны маань судлаад өгсөн зээлийг аваад айл нь гэртээ орсон гэр бүлээрээ байгаа зураг хөрөг тавьсан байхыг харах, үйлчлүүлэгчийн маань бизнес нь өнгөтэй өөдтэй явахыг харж л ажлаасаа эрч хүч авдаг даа. Нөгөө хэсэг нь шийдвэр гаргалт. Банкныхан чинь бүх юмыг хийж үзээгүй мөртлөө, хийж үзсэн юм шиг болсон байдаг тэгсэн хирнээ бүгдийг нь мэддэг ч юм шиг мэдэхгүй ч юм шиг болсон байдаг. Янз бүрийн салбарыг жишээ нь барилга, худалдаа, махны бизнесийг нь ерөнхий дөө бүгдийг нь мэднэ. Тэгсэн хирнээ бүгдийг нь хийж үзээгүй. Тийм учраас тэр бизнесүүдийнхээ тухайн ажлын байрных нь онцлогийг яг өөртөө шингээж авахыг, яг өөрөө хийж байгаа юм шиг бодож сэтгэхийг шаарддаг. Мал махны салбараар жишээ авахад Дорнодод мал махны ханш уналаа гэхэд ямар эрсдэлүүд үүсч байна. Эндээс яаж гарах уу? Эндээс хамгийн түрүүлж хэн гайгүй гарч байна зэргийг маш сайн харж байх ёстой байдаг. Өнөөдрийн байдлаар гэхэд махны үнэ Хэнтий аймгаас хямдхан байна гэх зэрэг байнга мэдээллүүдээ шинэчилж байх ёстой.
Сөрөг тал нь гэвэл эдийн засаг хямралаа гэхэд бидний ажил хэд дахин нэмэгдэж байна. Мөн эдийн засаг хямрахын хэрээр худлаа хэлэх, гэмт хэрэг, хууран мэхлэлт, ажлаас халагдалт нэмэгдэж байгаа энэ болгон дээр бид бүхэнд цэвэр дарамт болоод зогсохгүй шууд нөлөөлөл үзүүлж байгаа учраас энэ нь сөрөг тал нь юмуудаа. Ер нь бол сөрөг гэхээсээ илүүтэйгээр эерэг тал нь их.
ОДОО АЖИЛ ДЭЭРЭЭ ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?
Хувь хүний тал дээр төвлөрч байгаа зүйл бол эдийн засаг хямрал болж байна эндээс яаж гарвал дээр бэ гэдгийг макро түвшинд эдийн засаг ч нарын ярьж байгаа зүйлүүдийг маш анхааралтай ажиглаж байна. Тэрэн дээрээ бас өөрийн дүгнэлтийг хийж Дорнод эндээс яаж гарч болох бэ? Дорнодын нийт зээл ойролцоогоор 200 гаруй тэрбум төгрөг байгаа энэний хэдэн хувь нь эрсдэлд орж байна, аль салбарын нийгмийн аль хэсгийн хүмүүс өртөж муудаад байна. Бид эндээс яаж ажиллавал Дорнод аймаг мань эдийн засгийн хувьд эрүүлжиж гоё болох бэ? Дорнод гэдэг чинь өөрөө нэг гэр бүл байхгүй юу? Дорнодын зээл муудаад ирвэл аймагт байгаа бүх банкнуудын зээл олголтыг хязгаарлаад нөгөө гайгүй явж байсан бизнесүүдийг чинь ч татаад унагах магадлалтай учраас нийт байдлаар нь хардаг. Магадгүй өрийн сүлжээ үүссэн байж болно тэгвэл тэр гогцооноос нэгийг нь л санхүүжүүлэхэд бүгд гараад явчих магадлал юу байна гэдгийг ажиглаж судалж байгаа.
Бизнес эрхлэгчиддээ өгч байгаа гол зөвлөгөө бол ажилтнаа битгий халаач ээ, ажилтнаа халахгүйгээр тавуулаа ажилладаг бол дөрвөн хүний цалингаар тавуулаа яаж ажиллан ажлын байраа яаж хадгалж үлдэх бэ? гэдэг вариантруу шилжүүлээч. Бүгдэд нь эрсдэлийг жигд үүрүүлж гаргаач ээ гэх тэр талруугаа зөвлөгөөнүүдээ өгч байгаа.
Хоёрт гэвэл хэрэглээг битгий хөөсрүүлээч ээ цалингийн зээл, лизингийн зээл дээр удирдлагууд бизнесменүүд ажил олгогч нар өөрсдөө анхаараач ээ өөрсдөө тэрэн дээр бас судалгаа хийж хяналтаа давхар тавиач ээ. Өнөөдөр тантай ажилтан чинь харилцан хамтран үр ашигтай ажиллаж байж 18-20 сарын хугацаанд авах ёстой мөнгийг нэг өдрийн дотор Таны болон миний гарын үсгээр л банкнаас аваад явж байгаа тэр хүнээс цаашид ямар бүтээмж гаргах бэ? Нөгөө мөнгөө хэрхэн үрэх, эсвэл машин унаа нь нүдэнд нь харагдах зэргээр ажил нь хойшлох болно гэдэг энэ талын зөвлөгөөг маш сайн өгч байгаа даа. Хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж амьдралаа өнгөтэй өөдтэй авч явж буй нэг хэсэг нь байхад, гар утас, үнэт эдлэл гэх зэрэг огт шаардлагагүй зүйлд зарцуулж өөрийгөө өрний дарамтад оруулж буй нэлээдгүй хэсэг цаана нь байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа залуучууд бие биеэ дуурайж хэрэглээг хөөсрүүлж байна.
Хувийн тал дээрээ эрүүл мэнддээ нэн түрүүлж анхаарч байна. Би 40 хоногт 10 кг хассан байна илүүдэл жингээсээ салах гээд хичээж байна. Чөлөөт цаг заваа фитнесс болон сагсан бөмбөгөөр байнга хичээллэж байгаа. Хоёрдугаар боловсролдоо анхаарч байна. Яг одоо англи хэл сурах гээд л хичээж байна.
/Ажлаа төлөвлөх самбар бол ажил хэрэгч хүний өрөөнд зайлшгүй байх ёстой хэрэгсэл юм/
ОДОО ЯМАР НОМ УНШИЖ БАЙНА?
Яг одоогоор "Хятадыг нэг цагт” гэсэн номыг хоёр дахь удаагаа уншиж байна. Дахин уншиж байгаа шалтгаан нь манай аймагт бизнесменүүдийн ном уншдаг клуб байдаг юм байна. Тэр клубыханд уншиж танилцуулах юм. Өнгөрсөн хагас сайн өдөр тус клубийн уулзалтад очиж кино үзэж бас ярилцсан тэгээд дараагийн уулзалтан дээр нь нэг ном танилцуулъя гэсэн юм. Бизнес хийж байгаа хүмүүс Хятад улстай 100 хувь харилцаа холбоотой ажилладаг учраас Хятадыг яаж хурдан ойлгох бэ гэдэг дээр зөвлөгөө өгөх юи. Би өөрөө БНХАУ-аар яваагүй хүний хажууд бол бас нэлээн явсан тэр туршлага дээрээ үндэслээд бизнесменүүдэд энийг хэлэх гэж байгаа учраас дахин уншиж байна. Монгол ардын "Зүйр цэцэн үг” гэсэн энэ номыг бас байнга уншиж байгаа. Энэ номыг нэг жирэмсэн эмэгтэй хүүхдээ тэжээх гээд зараад явж байхаар нь 5000 мянган төгрөгөөр авч байсан юм. Зүйр цэцэн үгнүүдийн маш сайн утгыг нь ойлгоод уншвал их сайхан амьдралд өгөөжтэй байдаг. Нөгөөдөх нь болохоор өдөр тутамдаа уншдаг "Амжилтад хүрэх замнал” гээд энэ ном алдартай хүмүүсийн хэлсэн ишлэлүүд байгаа энэ номын ишлэлүүдээс ажилтнуудруугаа явуулж байгаа Э-мэйл нийхээ дор нэг нэг ишлэлээр нь байнга явуулж хуваалцдаг юм. Энд жишээ нь "Том мөрөөдөж түүнийгээ биелүүлж амьдар” Иван Трамп гэх зэрэг олон гоё ишлэлүүд байгаа. Үүнийг манай найз надад бэлэглэсэн юм. Өврийн авсаархан ном учраас онгоцны буудал болон энд тэнд явахад уншихад их тохиромжтой, ингээд гурван ном гэрт нэг ном бас уншиж байгаа ингээд зэрэг дөрвөн ном уншиж байна.
/Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт гэдэг дээ/
ТА НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ? ДОТОГШОО ХҮН ҮҮ?
Миний хувьд нээлттэй хүн. Дотогшоо дуугүй байх нь бизнесийн ажил хийж байгаа, 30 гаруй хүн удирдаж байгаа хүнд бол тийм сайн чанар би байх. Нээлттэйгээсээ гадна мэдсэн сурснаа хэрэгтэй хүнд нь тохиромжтой цагт нь хуваалцах дуртай. Аливаа ажлыг хийхдээ тактиктай хийхийг зорьдог. Нэг ажлыг хийхдээ ганцхан зааварчилгааных нь дагуу хийх дээ чухал биш, ингээд хийвэл илүү гоё болох юм байна гэж төгсрүү тэмүүлэхийг бусдаар өөр аргаар хийхийг хичээдэг.
ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ УНТДАГ БЭ?
Орой 23:00 цагаас өглөө 6:40 минут хүртэл унтдаг даа. Заримдаа спортын нэвтрүүлэгтэй өдөр бол оройтож амрах нь бий. Өглөө босоод цонхоороо Хан уул, Хэрлэн голоо харж зогсож байгаад л ажилдаа гардаг. Голруу их явдаг хамгийн сүүлд 10-р сарын 20-нд өглөө гол орсон юм байна.
АЖИЛГҮЙ ҮЕД ТАНЬ ТАНЫГ ХААНААС ОЛЖ БОЛОХ БЭ?
Амралтын өдрүүдэд бол ихэнхдээ спорт заал, фитнесс клубээр байна. Амралтын өдрүүдэд Чойбалсан хотоо машинтай тойрох дуртай тэгж тойрохдоо Дорнод аймагт шинээр нээгдсэн болон шинээр засвар хийгээд эхэлж байгаа газрууд, бизнесүүдийг үзэхийг зорьдог доо. Зүгээр үзэж сонирхох бус энэ хүний хийж байгаа ажил бусдаас өөр ямар ялгаатай байна? Энэ бизнес нь цаашдаа хэр ахиц дэвшилттэй байх бэ? Гээд өөртөө асуулт тавьж өөрийнхөө дотор үнэлэлт дүгнэлт өгч явдаг. Тэр дүгнэлт маань биелчихвэл өөртөө их урам ордог. Энэ зуршлаараа гадуур явж түүгээрээ дамжуулаад хүмүүстэй их танилцдаг. Хамгийн сүүлд л гэхэд Хэрлэн Номин бизнес төвд шинээр нээгдсэн хүүхдийн тоглоомын төвийг харсан. Миний бодлоор бол яг одоо хүйтэн сэрүүний улиралд хүүхдээ авч гарах боломжгүй байдаг учраас тэр газар их ирээдүйтэй санагдсан, суурин биш учраас нь зун нь гадаа гаргаад тоглуулаад байх боломжтой их зөв бизнес санагдсан.
ХЭНЭЭС ЮУНААС УРАМ ЗОРИГ ЭРЧ ХҮЧ АВДАГ БЭ?
Ажиллаасаа бол их эрч хүч авна яагаад бэ гэхээр яг өөрийн сонгосон мэргэжлийн дуртай ажил учраас. Хүмүүсээс гэх юм бол манлайлж байгаа залуучууд ялангуяа гадаадаас Монголруу чиглэсэн үйл ажиллагаа явуулж Монголдоо хөрөнгө оруулалт хийж сурсан мэдсэнээ зориулж байгаа залуучуудаас урам зориг авч байгаа тэд нар шиг болох юмсан гэсэн мөрөөдөлтэй. Ялангуяа сүүлд Улаанбаатарт E-mart төвийг нээсэн залуу байна, америкт байгаа Мөнхжин гээд залуу гээд олон залуучууд байна. Гадагшаа гарчхаад Монголд ийм боломжууд байна гэдгийг хэлж байгаа өөрсдөө зам мөрийг нь нээж өгч байгаа залуучуудаа хараад л их урам зориг авдаг даа. Ядаж өөрийнхөө хувьд Дорноддоо ийм зам мөрийг гаргах бэ гэдэг юмыг их бодож, боломж байвал хүмүүст заах эсвэл хамтраад юм хийх зорилго хүсэл тэмүүлэл бий.
АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Олон сайхан зөвлөгөө л сонсч байсан яг одоогоор дотороо бодчихоод байгаа нээрээ энэ л хамгийн зөв юм байна гэсэн зөвлөгөө бол бурхан багшийн үг байгаа "Хүн гэдэг нүгэлтэй амьтан, тэр нүгэлээр нь л хүлээж ав” тэр болохоор юу гэсэн үг бэ гэхээр хүн бол анхнаасаа л тийм нүгэлтэй амьтан /хуурч мэхэлдэг, хулгай хийдэг гэх мэт/ чи тэгэхээр тэр хүнийг их гоё, мундаг хүн, намайг авч явах ёстой, надад сайхан хандах ёстой ч гэх зэргээр Том үүрэг хариуцлагыг өөрөө санаанаасаа зохиож ургуулж наагаад тэрэнд нь хүрэхгүй бол гутраад л тэрийг муу хэлээд л явах биш, хүн бол угаасаа л ийм амьтан шүү дээ гэж бодож хүлээж авах хэрэгтэй. Би энэ сургааль үгийг утгыг ойлгосон учраас хүнд нээх их гомдохоо байсан учраас тэр үгийг л байнга бодож явдаг. Энэ бол яг одоогоор миний дотороо бодож яваа сайн зөвлөгөө.
АЖИЛЧИДДАА ЯМАР ШААРДЛАГА ТАВЬДАГ БЭ?
Нэгт Цагийн юм цагтаа хоёрт бол хийж буй ажилдаа бүтээлчээр хандах, гуравт чадна гэвэл чад чадахгүй гэвэл чадахгүй гэж хэлж цаг заваа хэмнэх энэ гурван зүйлийг л гол баримталдаг. Би тантай барагтай бол юм ярихгүй уулзалдахгүй байвал Та ажлаа сайн хийж байна гэж бодоорой гэдэг юм. Банкны бизнесийн гол зүйл бол харилцагч юм. Харилцагч сэтгэл ханамжтай сайн үйлчилгээ аваад л байвал тэр ажилтан сайн байна л гэсэн үг. Ажилтантай удирдлагыг холбож буй зүйл бол харилцагч гэдгийг Манай хамт олон сайн ойлгосон байдаг учраас үйлчилгээндээ их анхаарч ажилладаг.
/Түүний ажлын ширээ ажлаа төлөвлөх тэмдэглийн дэвтэр, банкны салбарын хүний нэн тэргүүний найз тооны машин, хийсэн ажлыг баталгаажуулах тамга, зэргээс бүрдэнэ/
САГСАН БӨМБӨГ ИХ СОНИРХДОГ ДОРНОД АЙМГИЙН САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛ ХОЛБООГ ЯАГААД БАЙГУУЛАХ БОЛОВ?
Мэдээж сагс бол миний хобби аймагт угаасаа чөлөөт цагаараа хийх юм олдохгүй байгаа учраас илүү их тоглодог. Манай нэг дүү байдаг Б.Мөнх-Оргил гээд намайг уулзая уулзая гээд л яваад байсан юм, тэгээд уулзсан чинь хоёулаа нэг сагсан бөмбөгийн лиг хийх үү гэсэн. Тэгээд би ер нь бол хамтарч хийе мөнгө төгрөг зарцуулах асуудалд би бол огт оролцохгүй шүү, харин мөнгө хөрөнгө босгох ажилд явж олох зүйл бол байж болно тэгээд хамтраад холбоо байгуулж бусдад жишиг болохоор гоё ажиллуулъя. Харин чи юм уу, Би хоёулаа улс төрд орж болохгүй шүү гээд энэ хоёр зүйл дээр тохиролцоод ажлаа эхэлсэн. Гол зорилго нь бол хүсэл мөрөөдлөө биелүүлье тэртээ тэргүй бид нар NBA ч юм уу? Монголынхоо лигт тоглож чадахгүй байгаагаас хойш Дорноддоо өөрсдөө лигтэй, аваргын бөгж, цомтой бүгдээрээ сагсан бөмбөг гэдэг зүйл дээр нэгддэг, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор лиг гэж өвөл 2015 оны 2 сард хийгээд 7 сард нь зуны лиг, 3х3, хамгийн 11 сард Их талын ирээдүй гээд сурагчдын лиг гэж хийгээд 2015 онд дөрвөн том тэмцээн зохион байгуулсан. 2016 онд өвлийн болон зуны лигээ маш том өргөн хүрээнд хийгээд, одоо сурагчдын лигээ хийх гээд ивээн тэтгэгчидтэйгээ уулзах гээд байж байна. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэх гэж сурагчдын лиг хийж байгаа. Зуны лигийг оюутан сурагчид зун амралтаа нутагтаа ирэхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, 3х3 тэмцээн бол гудамжаар дүүрэн гудамжны сагсны шид байгаа учраас тэрийг ашилах, том лиг нь бол мэргэжлийн багтай, спорсоруудтай клубийн системийн хэмжээнд явчхаар тийм багуудтай болчхоосой гээд Дорнод-2016 гэж лиг хийдэг юм. Зуны лигээрээ босгоо нэлээн өндөр болгосон Монголдоо сайн гэсэн нэлээдгүй олон тамирчдыг авчирч 14 хоног тоглууллаа, улсын 3 шүүгчийг 14 хоног авчирч тэмцээнээ шүүлгэлээ, бага багаар шат шат ахиулаад л байгаа юм гол хүндрэлтэй асуудал нь спорнсорын асуудал байдаг, багийн спортын дэмжих, цэвэр спорт талаас харж хамтран ажиллах хувь хүн байгууллага олдохгүй, хөрөнгө босгох гол хүндрэлтэй асуудлууд байдаг. Жишээ нь одоо 10 сар дундаа явж байхад л ирэх 2017 онд болох лигийн тэмцээний бэлтгэлд багууд хэдийнээ гарсан байна. Өчигдөр би ДБЭХС ТӨХК-ны Эрчим, Хос-Өргөө ХХК-ны Маршал багуудын бэлтгэл дээр очсон тэгэхээр хүүхдүүд эрт бэлтгэлдээ гарч байна гэхээр тэмцээнүүд маань ямар үнэ цэнэтэй, лигийн аваргыг авах юмсан гэсэн ямар их хүсэл байгааг хараад их баяртай байсан. Өдөр шөнөгүй бас хүүхдүүд надаас чатаар сурагчдын лигээ явуулахгүй юмуу гээд нэхээд байна тэгэхээр их л хүлээлттэй байх шиг байна. Эндээс харахад бид зөв зүйл хийж тэр маань гайгүй яваад байгаа юм уу гэж бодоод байгаа.
ДОРНОДЫН ЗАЛУУЧУУДАД ТУЛГАМДАЖ БАЙГАА ЯМАР АСУУДАЛ БАЙНА ГЭЖ ХАРДАГ БЭ?
Орчин үед партнершип буюу түншлэх хамтрах гэсэн чухал ойлголт дэлгэрээд байна. Өмнө нь бол байсан орчин үед алга болоод байгаа юм. Залуучууд хамтраад бизнес хийж байгаа эсвэл олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа залуучууд байлаа гэхэд хоорондоо ижил төстэй зорилго чиглэл дээр нэгдэж байх хэрэгтэй байна. Хамгийн энгийн жишээ одоо шинэ жил болох гэж байна. Шинэ жилээ бүгд нийлээд сайхан хийчихдэг байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь өөрөө ямар давуу талтай юм гэхээр. Тус бүрдээ энд тэнд захиалга өгч шинэ жилээ угтах гэж байгаа бол нийлж хийх хэрэгтэй. Бүгд ярилцаад нэг хоолоо хариуцаад, нэг нь үзвэр үйлчилгээгээ хариуцаад нэг нь ресторан захиалаад ингэх юм бол маш бага зардлаар гоё үйл ажиллагаа зохион байгуулж болно. Хамгийн гол зүйл нь нэгдэх хэрэгтэй. Ингэж нэгдсэнээр Танд өөр зүйлд зарцуулах цаг зав гарахаас гадна хөрөнгө зардал хэмнэх маш том давуу талтайгаас гадна Та багаар ажиллаж хүнтэй хамтарч сурна. Өөр нэг зүйл нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхлын клубууд маш их болоосой одоо бол цөөхөн байна ш дээ Дорнод аймгийн залуучуудын нэгдэл, Спортынхон, хөл бөмбөг, дугуй гээд л үүнээс гадна өргөжөөд өшөө олон болоосой. Одоо нэг номын клуб нээгдэж байх шиг байна тэр бол надад маш их таалагдсан. Чөлөөтэй янз бүрийн сонирхлын бүлгүүд байж болно шүү дээ. Тэрийг нь аймаг орон нутгаас бодлогоороо дэмжээд аймаг орон нутагтаа залуучуудын ордонтой ч юм уу? Аль эсвэл нэг заал танхимтай болчхоод тэрэндээ байнга цуглаад байж байдаг бол сайхан. Одоо амралтын өдрүүдээр л гэхэд хийх юм олдодгүй ш дээ. Хоёр өдөр бол гэртээ телевиз үзээд, гадуур явсаар л өнгөрдөг.
УЛС ТӨР ОРОХ СОНИРХОЛ БАЙГАА ЮУ?
Байхгүй, Яагаад бэ гэхээр бид нар шиг хүмүүс ороход тогтолцооныхоо хувьд бэлэн биш юм шиг байна. Одоо жишээ нь иргэдийн хурлын төлөөлөгч гэж байгаа ш дээ, энэ бол иргэн хүнийг л төлөөлөх ёстой тэгсэн намуудын төлөөлөл, намыг л төлөөлөөд байгаа намын цаана хүн байгаа л даа гэхдээ иргэнийг төлөөлсөн намын төлөөл байгаад байгаа байхгүй юу? Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол иргэдээсээ гарсан хүн байх ёстой иргэд энэ хүн гээд уралдуулж гаргах ёстой. Зүгээр энгийнээр үгнээс нь эхлээд бодоход иргэдийг төлөөлөх намын төлөөлөгч биш байхгүй юу, Иргэдийн төлөөлөгч гээд л заасан байгаа тэгэхээрээ маш ойлгомжтой баймаар байгаа юм. Хувь хүний хувь тэр бодлогын түвшинд чаддаг мэддэгээрээ туслаад явбал уул нь боломж байгаа гэхдээ л тогтолцоо нь яг үнэндээ бидэн шиг нам бус хүмүүс орж ажиллахад бэлэн биш байгаа учраас хойш тавьсан.
ЯРИЛЦСАНД БАЯРЛАЛАА
Мэдээллийн эх сурвалж: www.dtoday.mn