"Эрдэнэт
сувилал” цогцолбор зуны улиралд ч сувилуулагчдыг хүлээн авч үйл
ажиллагаа явуулахаар болжээ. Энэ талаар "Эрдэнэт сувилал” цогцолборын
Ерөнхий эмч Ж.Ганчимэгээс тодрууллаа.
-Манай
"Эрдэнэт сувилал” цогцолбор жилийн турш үйл ажиллагаа явуулах чиглэл
барин ажиллаж байна. Өнгөрсөн онд 7-р сарын 10 хүртэл ажилласан. Зуны 3
сард зөвхөн "Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагч төдийгүй Орхон аймгийн иргэд,
улсын хэмжээнд уул уурхайн салбарт ажиллагчид, мэргэжлээс шалтгаалах
өвчний улмаас групп тогтоолгосон иргэдийг сувилах зорилгоор 6, 7, 8-р
сард ажиллах юм. Манай хотод Эрдэнэт сувилалд амарч үзээгүй олон мянган
иргэд байна. Тэдэнд ч үйлчилгээгээ үзүүлэхээр зорьж байгаа юм.
-”Эрдэнэт сувилал” брэнд үйлчилгээ бий болгон ажиллаж байгаа гэсэн. Тэр үйлчилгээгээ зуны улиралд үзүүлэх үү?
-Тэгэлгүй
яахав. Зуны амрагчид маань Эрдэнэт сувиллын брэнд үйлчилгээг авах
боломжтой. Эмийн эмчилгээгүй, хөдөлгөө-нөөр эрүүлжүүлж, өвчлөлийг
бууруулах аргыг олон жил үйл ажиллагаандаа нэвтрүүлж хэвшүүлсэн. Нөгөө
талаас зэсийг шавар болон парофин эмчилгээнд хэрэглэж байгаа. Мөн зэс
бумбыг эмчилгээнд нэвтрүүлэхээр манай Цэнд эмч Өвөрмонголын Хөх хотод
мэргэжил дээшлүүлээд ирсэн. Тэгэхээр зэсийг ашиглан хэрхэн эмчилж
илааршуулж болдгийг өөрийн брэнд үйлчилгээ болгож байна. Манайх эмч
мэргэжилтнүүдээ сэргээн засах болон уламжлалт эмчилгээний чиглэлээр
нарийн мэргэшүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.
-Саам эмчилгээ хэзээнээс эхлэх вэ?
-Манай
Эрдэнэт сувиллын Чулуут саам эмчилгээ энэ сарын 22-ноос эхэлнэ. Зуны
дэлгэр цагт хот суурингийнхан эрүүл мэндээ хамгаалах, бэхжүүлэх
боломжийг бүрдүүлэх үүднээс энэ үйлчилгээг явуулдаг. Саам эмчилгээний
нэг ээлжинд 60-70 хүнийг хүлээн авна, хоногийн 28 мянган төгрөгийн
төлбөртэй. Манай саам эмчилгээ 8-р сарын 15-ныг хүртэл ажиллана.
-Зуны
улиралд сувиллын ор хоногийг үр ашигтай байлгах, хэмнэлтийн бодлого
хэрэгжүүлэхээр зочид хүлээж авах үйлчилгээ үзүүлнэ гэсэн. Энэ талаар?
-Манай
үйлдвэр орлого нэмэгдүүлэх, зардал хэмнэх бодлого хэрэгжүүлж байгаа энэ
нөхцөлд бид зуны улиралд зочид хүлээж авах үйл ажиллагаа явуулна.
Орлогоо нэмэгдүүлэн ажилласнаар ажиллагчдын амрах, сувилуулах ая
тухтай орчин сайжирч, эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрөл нэмэгдэнэ.
Зуны улиралд нийслэл, бусад аймаг орон нутгаас Эрдэнэт хотод зочлох,
уулзалт зөвлөлгөөн хийх байгууллага хүмүүстэй хамтран ажиллаж, тэднийг
байрлуулах үйлчилгээ үзүүлнэ. Манай ор хоног, хоолны үнэ нийлээд 25-39
мянган төгрөг байдаг. Гаднаас манай хотыг зорин ирсэн гийчид, анги хамт
олны уулзалт, сургалт семинарт оролцогчдыг байрлуулах захиалга авч
үйлчилнэ.
Я.ЭНХТУЯА
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10060
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих