Олон улсын нохой сонирхогчид нохойн үнэрлэх чадварын талаар судалгаа хийхэд үр дүн нь гайхалтай гарчээ. Нохойн үнэрийг судлах лаборатори барихын тулд 100 давхар барилга шаардлагатай болсон гэнэ. Учир нь нохой хоёр сая гаруй үнэр ялгах чадвартай ажээ. Манай улсын хил дээр 300 гаруй нохойг хамгаалалт, илрүүлэлтийн чиглэлээр ашиглаж байна. Дахин 26 нохойг хил рүү томилохоор сургаж байгааг сурвалжилсан юм.
26 НОХОЙ УДАХГҮЙ ХИЛИЙН МАНААНД ГАРНА
Хил хамгаалах ерөнхий газрын даргын урилгаар ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны нохой сургагчид манай улсад өнгөрсөн дөрөвдүгээр сард иржээ. Тэд Төв аймаг дахь Хил хамгаалах ерөнхий газрын сургалт бэлтгэлийн цогцолборт сургалт явуулж эхэлсэн байв. Хилийн 22 отряд, төвийн бүсийн хоёр ангиас нийт 26 албан хаагч немц, белги, монгол банхар, дорнод-европ үүлдрийн 26 нохойг орос багш нарын тусламжтайгаар сургаж байна. Орос багш нартай хамтарсан сургалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундаас эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сар хүртэл үргэлжлэх аж. Хоёр сарын хугацаанд ноход ерөнхий бэлтгэлийн дасгалуудаа эзэмшжээ. Сургагч багш нар хээр тал болон ой тайгад хоёр хуваагдан мөр илрүүлэх чиглэлээр өдөр бүр сургуулилт хийдэг байна. Хээр газарт 150, 400 метрийн өнцөг гаргаж, тавьсан хоолыг үнэрээр нь илрүүлж, хөтлөгчийнхөө өгсөн үүргийг тэр дор нь биелүүлж байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын нохойн сургалтын хөтөлбөрөөр сургаж байгаа учраас хилчид отрядууд дээрээ бусад хилчдэд зааж сургах боломжтой гэдгийг ахлах сургагч Р.В.Прошутинский ярьсан юм. Тэрээр манай хилчдийг түүртэхгүйгээр сурч байгааг сайшааж байлаа. Учир нь хилийн отрядуудаас ирсэн 26 албан хаагч анх удаа нохой сургаж байгаа нь энэ. Тэд дөрвөн сарын хугацаанд нохойгоо сургаад хил рүүгээ авч явж үүрэг гүйцэтгэх юм. Баян-Өлгий аймгийн Цагааннуурын отрядаас ирсэн Б.Батчулуун орос багш нараас сурсан зүйлээ ангийнхаа хилчдэд зааж сургахдаа баяртай байх болно гэж байв.
ХОЙД ХИЛИЙГ МОНГОЛ БАНХАР ХАМГААЛЖ БАЙНА
Хил хамгаалах ерөнхий газрын Албаны амьтан хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэвийн тайлбарласнаар немц үүлдрийн нохойг АНУ-ын тусгай албанд голдуу ашигладаг бөгөөд сургалт авахдаа гаргуун гэнэ. Харин монгол банхрыг анх удаа сургаж байгаа юм байна. Гавьяат багш, нохой судлаач Осор гуай 1980-аад онд монгол банхарыг сургаж байсан нь ном зохиолд тэмдэглэгдэн үлджээ. Гэвч албанд ашиглаж байгаа нь ховор. Тиймээс эхний ээлжинд хамгаалалтын чиглэлээр сургаж үзэхээр хилчид шийджээ. Эхний үед монгол банхар хүн ойртуулахгүй, догшин ширүүн байсан ч сургуулилт хийж эхлэхэд тэр зан нь үгүй болсон. Гэвч хөшүүн, хойрго учир сургуулилт авахад бэрхшээлтэй байжээ. Ямартаа ч хоёр сарын хугацаанд ерөнхий бэлтгэлийн дасгалыг хийж чаддаг болсон гэнэ. Хамгаалалтын чиглэлээр сургуулилттай банхрууд Алтанбулаг болон төвийн боомт дээр үүрэг гүйцэтгэж эхэлжээ.
Б.Дашдэндэв: ОРГОСОН ХОРИГДЛЫН МӨРӨӨР 300 КМ ГАЗАРТ МӨРДӨЖ БАЙСАН
Албаны нохойг анх хил хамгаалах салбарынхан ашиглаж эхэлсэн юм байна. Тиймдээ ч хөгжил сайтай яваа нь энэ албаных. ХХЕГ-ын Албаны амьтан хариуцсан мэргэжилтэн, хошууч Б.Дашдэндэвтэй цөөн хором ярилцсан юм.
-Албаны нохойг сургах чиглэлд хамгийн сайн ажиллаж байгаа нь танайх гэдэг?
-Нохой сургаж албанд ашиглах явдал анх 1940 онд Дотоод явдлын яамны сайдын тушаалаар гарч байсан гэдэг. Харин албан ёсоор 1976 онд Эрдэнэцагааны отряд дээр сургалтын төв байгуулж байсан түүхтэй. Түүнээс хойш зургаан жилийн дараа Төв аймгийн Лүн суманд хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын харъяа нохой сургалтын маш том төвийг байгуулсан. Тэр төвийг байгуулаад 1980-1990 оны хооронд хил хамгаалах байгууллагын хэмжээнд 300 гаруй нохой сургагч бэлтгэж байсан. Одоогийн эрэлч нохойн албатай бүх байгууллагын сургагчид тэр төвд бэлтгэгдэн гарсан байдаг. 2012 оноос хойш албаны нохойг хилд ашиглах тал дээр хил хамгаалах байгууллагын удирдлагууд маш анхаарч сургалт дадлагын томоохон бааз бий болсон. Монгол сургагчид гадны улсаас туршлага судалдаг болсон.
-Эрэлч нохдын гүйцэтгэсэн үүрэг маш их байх?
-Лүнгийн сургалтын төв байгуулдсан үед эрэлч ноход маш олон зөрчлийг илрүүлдэг байсан. Оргосон хоригдлын мөрөөр 300 км газарт мөрдөж байсан гэдэг. Уг нь нохой хамгийн ихдээ үнэрээр 100 км орчим газарт явах чадвартай.
-Монгол банхрыг сургаж байгаа гэсэн. Цаашид энэ чиглэлээр та бүхний төлөвлөсөн ажил юу байна вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сараас бид Монгол туургатны уламжлалт нохой судлалын холбоо, Монгол банхар сонирхогчдын холбоотой хамтарч ажилласан. Монгол хүмүүс юм хойно монгол нохойгоо үржүүлье, сургая гэсэн санаачлага гарсан. Монгол туургатны уламжлалт нохой судлалын холбооны тэргүүн Аянга гуай бидэнд хоёр банхар өгснийг сургаж байна. Одоогоор хамгаалалтын чиглэлээр сургаж байгаа. Манайд дөрвөн үүлдрийн нохойг сургаж байгаа. Немц нохой сургалт авахдаа сайн. АНУ-ын тусгай албанд маш их ашигладаг болчихсон. Үүнийг тусгайлан хөгжүүлэх чиглэлээр Албаны нохой сургалтын төвтэй хамтарч ажиллахаар яригдаж байгаа.
Б.ЗАЯА
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих