УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар байнгын хорооны гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, саналаа хэллээ.
Б.Гарамгайбаатар: Яагаад заавал Дорнод аймагт чөлөөт бүс байгуулах гээд байгаа юм бэ. Усны асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Буйр нуур, Хэрлэн голоосоо татах юм уу.
Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа: Салбарын эрдэмтэн судлаачид оролцож саналаа өгсөн байгаа. ХАА-н эрчимжсэн байдлаар ТЭЗҮ-ийг гаргаж Орос, Монгол эрдэмтдийн баг хамтран судалгаа хийсний үр дүнд боломжтой гэж үзсэн.
Ажлын хэсэг: Тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа учраас Халх голыг сонгосон. Мөн хуулийн нөхцлийг хангаж байгаа. Буйр нуураас ус татах боломжтой. Усны асуудлыг өмнөх бодлогуудтай уялдуулж, давхардуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой.
Сү.Батболд: Ямар учраас чөлөөт бүс болгох гэж байгаа талаараа дэлгэрэнгүй тайлбарлах, мэдээлэл өгөх хэрэгтэй байна.
Хүн хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа: Дорнод аймагт лиценз олголт ихэссэн. Халх гол орчмын газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод эхэлсэн байна. Атар газрыг ч гэсэн сумын удирдлагаас нь өгчихсөн байсан. Тухайн бүс нутаг эмзэг хөрстэй учраас технологийнх нь дагуу мөрдөхгүй л бол маш хэцүү. Хайгуулын зөвшөөрөл өгөх газарт нь багтчихсан байгаа учраас чөлөөт бүс болгож хамгаалж авах шаардлагатай байна.
С.Оюун: Чөлөөт бүс болгохгүй бол лиценз олгоно гэдэг асуудлыг Засгийн газар дээр ярих ёстой шүү дээ. Чөлөөт бүс байгуулвал татвараас чөлөөлнө. Тэгэхээр аж ахуй нэгжүүдэд боломж олгож татвараас чөлөөлөх гээд байгаа юм уу эсвэл нөөцөд авч хамгаалах гээд байгаа юм уу?
Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Р.Бурмаа: Бодлогоороо хамгаалж авч үлдэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Дорнод аймгийн бүс нутагт 300-400 мянган га тариалан эрхлэх боломжтой.
Сү.Батболд: Энэ хэлэлцэж буй асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлавал Халх голд 20 мянган га атар газар хагалчихсан гээд байгаа. Гэтэл Засаг дарга зөвшөөрөл олгохдоо 2 га газраас дээш газарт зөвшөөрөл өгөх боломжгүй шүү дээ. Засаг даргын эрх мэдлийн асуудлыг бол тусад нь авч үзэх шаардлагатай болоод байгаа юм. Томоохон компаниуд хүртэл тэнд газар авчихсан байна. Иймээс чөлөөт бүс байгуулж бодлогоор хамгаалалтанд авах тухай л асуудал юм.
Г.Баярсайхан: Хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байна. Гэхдээ эрдэмтдийн саналыг маш сайн сонсох хэрэгтэй. Энэ их хэмжээний газарт талбай авахаасаа наана энэ асуудалд илүү нухацтай хандах шаардлага байна. Хамгийн чухал нь хөрс хамгаалах тухай хууль. Гэхдээ ийм түүхий орж ирвэл УИХ-ын чуулган дээр унана шүү. Сайн ул суурьтай оруулж ирэх хэрэгтэй.
Х.Баттулга: Дэмжиж байна. Монгол улс уул уурхайн хамааралтай байна. Аль ч засаг гарсан уул уурхай дайрдаг. Бид хөдөө аж ахуйн орон гээд яриад байдаг боловч махаа ч экспортлож чаддаггүй. Энэ нь бодлогогүй байгаагийн шинж. Тиймээс бодлогын баримт бичгийг яаралтай батлах хэрэгтэй. Дорнодын бүс нутгийг сонгосон нь бид цааш нь Манжуур руу хүнсний экспорт хийх ёстой гэж харж байгаа. Өнөөдөр түүхий нефть олборлоод байгаа компани болохоор 24 цагаар боомт нь ажилладаг. Хүнс экспорлох гэхээр боомт нь ажилладаггүй. Тйимээс бид малаас гаралтай түүхий эд, ноос, ноолуур болон газар тариалангаараа экспорт хийх бүрэн боломжтой байгаа. Бодлого орхигдоод байгаа учраас энэ яригдаж буй асуудлыг дэмжээд явах хэрэгтэй байна. Тиймээс энэ бодлогыг дэмжихэд УИХ-ын гишүүд гар бие оролцох ёстой. Дорнод гээд онцлоод байгаагийн учир нь шим тэжээлийн хувьд сайн. Цаашаагаа экспортод гаргахад боломжит зах зээл нь байгаа. Баруун бүсийг сонгоход маш хэцүү. Учир нь Казакстан бол өөрөө маш том үйлдвэрлэгч. ОХУ ч гэсэн өөрөө том зах зээлтэй боловч том үйлдвэрлэгч орон учраас хамгийн тохиромжтой нь Дорнодын бүс нутаг болж байгаа юм” гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Бодлогын асуудлыг, Чөлөөт бүсийн асуудлаас тусд нь хэлэлцэе гэдэг зарчмын санал гаргасан ч эргүүлэн татсан юм. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих