Одоогийн байдлаар 21 аймаг, нийслэлээс авсан мэдээгээр 5598.8 мянган эх мал төллөж, 5585.3 мянган төл бойжиж байна гэж ҮХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.
Нийт төлийн 16.9 мянга нь ботго, 22.1 мянга нь унага, 94.2 мянга нь тугал, 2793.0 мянга нь хурга, 2658.9 мянга нь ишиг бөгөөд төл бойжилт 99.8 хувьтай байгаа аж. Аймгуудаар нь авч үзвэл, мал төллөлт Ховд, Баян-Өлгий, Дундговь, Увс аймагт хамгийн өндөр буюу 43-74 хувьтай. Бусад аймгууд 40 хүрэхгүй хувьтай байна.
Мөн энэ жил ихэр төл нэлээдгүй хүлээн авч байгаа ба хурга 2124, ишиг 7752-оор ихэрлэжээ. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Уртын голын 2 дугаар багийн малчин Ц.Раднаагийн 5 настай ингэ, Увс аймгийн Наранбулаг сумын Үзүүр багийн малчин У.Магсаржавын 15 настай ингэ ихэрлэсэн бол Увс аймгийн Тэс сумын Нуур багийн малчин н.Намбарын хотонд 4 ихэр ишиг мэндэлжээ.
Том малын зүй бусын хорогдол улсын хэмжээгээр 55 мянга орчим байгаа нь оны эхний нийт малын 0.1 хувийг эзэлж байгаа тул хэвийн гэж үзэхээр байна гэж ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун ярьлаа.
Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 20 гаруй хувь нь цастай. Өөрөөр хэлбэл Завханы Тэсэд 21 см, Увсын Хяргас, Түргэн, Давст, Баруунтуруун, Тэс, Завханы Их-Уул, Яруу, Баянтэс, Тосонцэнгэл, Тэлмэнд 10-19 см, Дархадын хотгор, Завханы урд сумдын нутгаар 0-9 см цастай, бусад нутгаар урь унаж цас гэссэн байдалтай хаваржилт үргэлжилж байна. Сүүлийн өдрүүдэд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Сүхбаатарын зарим сумын нутгаар 16-25 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ. Гэхдээ хүчтэй салхи шуурганы улмаас мал аж ахуйд ямар нэг хохирол учраагүй байна.
Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга П.Болортуяагаас шүлхий гарсан нутгуудад хээл хаялт ямар байдалтай байгаа, мал төллөлтөд нөлөөлж байгаа эсэхийг лавлахад, "Мал хээл хаяж байгаа тал бий. Гэхдээ шүлхийн вакцин нь малын хээл хаялтад нөлөөлдөггүй” гэсэн хариулт өглөө.
Б.Туул
montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих