УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсны дараагаар гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Ээлжит бус чуулган гэдэг чинь санаанд орсон хуулийн төслөө хэлэлцээд, тав тух алдагдуулаад байдаг зүйл биш. Улс орны хэмжээнд нэн тулгамдсан, яаралтай хэлэлцэн батлах хуулийн төслийг хэлэлцдэг. Ямар гээчийн үндэслэлээр Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд багтаасан бэ? хэмээхэд
УИХ-ын дарга З.Энхболд
-Хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийг ач холбогдлоор нь үнэлээгүй. Хаврын чуулганаар батлагдах дөхсөн хуулийн төслийг үргэлжлүүлээд хэлэлцүүлнэ гэсэн. Нөгөөтэйгүүр дараа жил олимпын тэмцээнтэй. Олимпоос өмнө энэ хуулийн төслийг хэлэлцээд батлахгүй бол тамирчдад хүнд суртал нэмчих гээд байгаа юм гэлээ.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар малчдын гар дээр байгаа бууг хураан авахгүй юм байна. Өөрсдийн амь нас, мал хөрөнгөө хамгаалах үүднээс хэвээр үлдээх аж. Байлдааны зэвсгийн зориулалттай бууг нь оруулж ирж болох юм байна. Гэхдээ төрийн хараа хяналттайгаар. Энэ талаар
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Байлдааны зориулалтын бууг оруулж ирж болно гэсэн. Гэхдээ сумыг нь оруулж ирж болохгүй гэж юу гэсэн үг вэ?
Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат:
-Байлдааны зориулалттай сум хэрэглэвэл тусдаа хуулиар явна. Гар дээр байгаа бууг иргэд буудлагын, спортын зориулалтаар ашигладаг.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар сумны зохицуулалт байхгүй. Тиймээс энэ хууль батлагдаж байгаа гол ач холбогдол нь суманд хяналт, зохицуулалт тавина. Мөн бууны ангилалд хяналт тавьж байгаа. Ангийн буу гээд оруулаад ирдэг ч ямар ч албан тушаалтан, иргэнд ямар төрлийн буу байгаа нь тодорхой бүртгэлгүй. Бууны сум бүртгэлтэй байна. Зах дээр зарахгүй. Дэлгүүрээс худалдан авна. Энэ хуулиар галт зэвсэг эзэмших нь иргэнд нээлттэй болж байгаа. Гэхдээ галт зэвсэг ашиглаад хүний эрх чөлөөнд халдсан, эд хөрөнгө дээрэмдсэн, хууль бус галт зэвсгээр ан агнасан зэрэг зөрчил үйлдвэл Эрүүгийн хуулиар тодорхой эрхийг нь хязгаарлана.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Өнөөдөр Англид галт зэвсэг өмчлөх эрх өгөөгүйгээс болоод хүний аминд хүрсэн хэрэг гараад байдаггүй. Гэтэл Америкт хүүхэд хүртэл галт зэвсэг хэрэглэсэн хэрэг гараад байдаг. Галт зэвсгийг эзэмшүүлэхдээ заавал журамлах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Галт зэвсэг эзэмших, өмчлөх харьцаа албан тушаалтны хүрээнд биш. Бүх зүйл журмаар зохицуулагдаж байгаа. Хуулиндаа бичигдсэн. Ингэхгүй бол иргэний үндсэн эрх зөрчигдөнө. Галт зэвсгийг өмчлөх зөвшөөрлийг хуулинд нарийвчлаад бичсэн.
Ийнхүү гишүүд Галт зэвсгийн тухай хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих