
Энхтөгсийн Оюунболд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1993 оны
гуравдугаар сарын 14-нд төрсөн. Тэрээр Аварга лицей сургууль, Аварга
дээд сургуулийг дүүргэсэн. 2012 онд Хэнтий аймагтаа түрүүлж аймгийн
арслан, 2013 онд Үндэсний их баяр наадамд зургаа давж улсын харцага цол
хүртжээ. 2014 оны төрийн наадамд дөрвийн даваанд улсын начин
Ч.Баянмөнхөд өвдөг шороодсон бол 2015 оны Үндэсний их баяр наадамд
түрүүлсэн билээ. Биеийн жин 135 орчим кг, өндөр 180 см.
Рэнчинбямбын Пүрэвдагва Архангай аймгийн Эрдэнэбулган (Цэцэрлэг хот)
суманд 1985 онд төрсөн. Аварга дээд сургуулийг төгссөн. Архангай аймгийн
наадамд 2008 онд, 2010 онд Хэнтий аймгийн наадамд тус тус түрүүлсэн.
Төрийн наадамд 2012 онд тавж начин, 2014 онд мөн тав давж начин цолоо
баталж өнөө жилийн даншиг наадам түрүүлсэн билээ. Биеийн жин 115 орчим
кг, өндөр 182 см.
Нэг: 2014 оны хоёр сарын 16-нд Харцага цолны
хүндэтгэлд зориулсан 224 бөхийн барилдаанд дөрвийн даваанд оноолтоор
таарч Э.Оюунболд Р.Пүрэвдагвыг сэнжигний барьцнаас баруун талд нь
хонгодож түрээд давсан.
Хоёр: 2014 оны таван сарын 09-нд Аварга цолны
хүндэтгэлийн 224 бөхийн барилдаанд. тавын даваанд Э.Оюунболд гурван
бөхөөс Р.Пүрэвдагвыг амлан барилджээ. Барилдаанд Р.Пүрэвдагва дан
шуудагны барьцнаас баруун талдаа даацтай давуулж гуядах мэхээр давснаар
барилдааны харьцаа 1:1 болов.
Гурав: 2014 оны арванхоёр сарын 09-нд Монголын
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн 224 бөхийн барилдааны тавын даваанд
тунан хүч үзэхэд шуудагны барьцнаас түрж хөөн зүүн суганд нь сэжиж
эргээд Р.Пүрэвдагва давснаар барилдааны харьцаа 1:2 боллоо. Энэ
барилдаанд хоёр хүчтэн маань эхний удаа хайн унасан тооцогдож хоёронтоо
хүчийг үзсэн байдаг.
Дөрөв: 2015 оны Хоёрдугаар сарын 18-нд модон хонин
жилийн цагаан сарын 256 бөхийн барилдааны тавын даваанд тунажээ.
Барилдаан эхлээд 27 минут өнгөрч Р.Пүрэвдагва шодолтоор хаялцах барьц
сонгож баруун талдаа хөмөрч мушгиад давсан байна. Цагаан сарын
барилдаанд Р.Пүрэвдагва их шөвөгт шалгарсан билээ. Барилдааны харьцаа
1:3 болсон.
Тав: 2015 оны гурван сарын нэгэнд Монгол цэррийн өдөр,
Эх орончдын өдөрт зориулсан 224 бөхийн барилдаанд тавын даваанд дахин
туналаа. Энэ барилдаан нилээд удааширч 20 гаруй минут өнгөрч
Э.Оюунболдын талаар хаялцах барьц сонгож зүүн талдаа мордох мэхээр
давсан байна. Барилдааны даваа, унааны харьцаа 2:3 болжээ.
Зургаа: 2015 оны дөрөвдүгээр сарын 19-нд МҮБХ-ны 25
жилийн ойн 1024 бөхийн барилдаанд зургаагиин даваанд тунаж хүчийг үзэхэд
барилдаан нэлээд удааширч давхар шуудагны барьцнаас баруун талдаа өргөж
залгуулан шахаж татаад Э.Оюунболд давснаар барилдааны харьцаа 3:3
болсон байна. Энэ барилдаанд Э.Оюунболд арав давж түрүүлсэн.
Долоо: 2015 оны таван сарын 30-нд МҮБХ, Тээвэр зуучын
"Очирням" ХХК болон "Хамаг Монгол” студитэй хамтран өнөө цаг үед
барилдаж байгаа шилдэг залуу харцага, начингуудын уламжлалт багийн халз
барилдааныг зохион байгууллаа. Тэрхүү барилдааны дөрөвдүгээр тойрогт
Э.Оюунболд VS Р.Пүрэвдагва нар оноолтоор таарчээ. Барилдаан эхлээд
зургаан минут болж байхад Р.Пүрэвдагва элэг бүсний барьцнаас баруун
талдаа хавирах мэхээр давсан. Ийнхүү сүүлийн хоёр жилийн хугацаанд залуу
арслангууд маань долоон удаа хүч үзэхэд Р.Пүрэвдагва дөрвөн удаа,
Э.Оюунболд гурван удаа давсан байна.
Бэлтгэсэн: Э.Алтанболд
Эх сурвалж: Зууны мэдээ

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=11014
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих