Монгол Улсын Засгийн газар хүн ам, өрхийн тоог тогтоох зорилгоор 1918 онд хүн амын тооллого явуулсан бөгөөд эл тооллогыг Монгол Улсад явуулсан хүн амын анхны тооллого гэж албан ёсоор тооцож байжээ. Энэ нь үүнээс өмнө тоолж байгаагүй гэсэн хэрэг биш бөгөөд эртний монголчууд түүхийнхээ туршид цэрэг дайн, аян ав, алба татвар гэх мэт төрийн бодлогын хүрээнд үе үе тоолдог байсныг үгүйсгэж болохгүй.
Хүн амын 1918 оны тооллого нь Засгийн газраас баталсан хүн амын тооллого явуулах тухай албан ёсны хөтөлбөргүй, улс орны нутаг дэвсгэрт нэгэн зэрэг, нэг хугацаагаар тасалж тоолоогүй зэрэг тооллого явуулах хэд хэдэн шалгуурыг хангаагүй нь тухайн үеийн нийгмийн хүчин зүйлээс хамаарсан хэрэг юм.
Хүн ам нь төрөх, нас барах, оршин сууж байсан нутаг дэвсгэрээсээ нөгөөд шилжих зэргээр байнгын шилжилт хөдөлгөөнтэй байдаг тул хүн амыг тоолохдоо тодорхой нэг цаг хугацаагаар (тооллогын хугацааны тов) хязгаарлаж тоолдог журамтай.
Түүх сөхвөл, XYIII зуунаас баруун Европын орнуудад төрсөн, нас барсан хүнийг сүмд бүртгэж тэмдэглэж байснаас хүн амын ердийн хөдөлгөөний бүртгэл эхэлсэн түүхтэй. Мөн XХ зууны эхэн үе хүртэл Монголын хүн амын тоо тодорхой бус байсан талаар олон эрдэмтэд зохиол бүтээлдээ тэмдэглэсэн байдаг. Өнөөгийн судлаачид тухайн үеийн хүн амын тоо баримтыг Монгол Улсын Засгийн газарт санхүүгийн зөвлөхөөр ажиллаж байсан (1913-1916 онд) С.А.Козин, П.А.Витте нарын боловсруулсан хүн амын холбогдолтой зарим баримт, Автономит Монголын хүн амын 1918 оны бүртгэл, Оросын эрдэмтэн И.М.Майскийн удирдсан шинжилгээний ангийн гаргасан судалгааны материал зэргийг үндэслэн гаргасан байдаг.
Үүний хүрээнд 1922 онд хүн амын хоёр дахь тооллогыг явуулсан нь иргэний бүртгэлийн ажлын нэг томоохон алхам болсон юм. Засгийн газраас 1921-1922 онд орон нутагт ажиллах Засгийн газрын төлөөний түшмэлийн үүрэг 5-т аймаг, хотуудын хүн, малын тоог зөв бүртгэн гаргуулж, албан татварыг шинэчлэн тогтоох асуудлыг гүйцэтгүүлсэн нь цаашид айл өрх, хүн амын тоог тогтоож засаг захиргааны нэгжийг зохион байгуулах үндсийг тавьсан байна.
Өнөөдөр Монгол улсад хүн амын тооллогын хэтийн тооцоо нь статистикийн мэдээллийн нэг хэлбэр бөгөөд хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөн болон хүн ам зүйн бусад үзэгдлүүд, хүн амын тоо хэмжээ, нас, хүйсийн бүтэц, байршлын талаарх ирээдүйн төлөв, байдлыг урьдчилан таамагласан тооцоолол юм. Энэ тооцооллыг үндэслэн нийгэм, эдийн засгийн болон хүн ам зүйн бодлого хөтөлбөр боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, ирээдүйн хүн амын үзэгдлүүдийг тооцоолсноор ажиллах хүчний хэрэгцээ, хүн амын ундны болон бохир усны төвлөрсөн сүлжээ, нийгмийн халамж үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн хэмжээ, орон сууц, сургууль, эмнэлэг, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг бүхий л салбарын ирээдүйн эрэлт, хэрэгцээг тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Монгол
улсын нийслэл Улаанбаатар хотод 2015 оны 1-р сарын 1-ний байдлаар
627837 эрэгтэй, 686649 эмэгтэй буюу нийт 1314486 хүн байнга оршин сууж
байна. Нийслэл Улаанбаатар хотын суурин хүн амын тоо 2013 оноос 47.5
мянган хүнээр буюу 3.7 хувиар өсчээ.
Хүн амын жилийн дундаж өсөлтийн хурдыг тооллого явагдсан онуудаар авч үзвэл: 1956-1963 онд хамгийн өндөр буюу 9.5 хувь, 1963-1969 онд 3.0 хувь, 1969-1979 онд 4.2 хувь, 1979-1989 онд 3.1 хувь, 1989-2000 онд 3.0 хувь, 2000-2010 оны хооронд 3.9 хувь, 2010-2014 оны хооронд 3.3 хувиар тус тус өсчээ.
Үүнээс
Нийслэл хотын нийт хүн амын 63.6 хувь нь 35 хүртэл насны залуучууд байна. Тодруулбал, нийт хүн амын 28.2 хувь буюу 370123 нь 0-15 насны хүүхэд, 65.5 хувь буюу 861329 нь 16-59 насны хүмүүс, 6.3 хувь буюу 83034 нь 60 ба түүнээс дээш насны өндөр настан байна.
Нийслэл
хотын хүн амын хүйсийн харьцаа буюу 100 эмэгтэйд ногдох
эрэгтэйчүүдийн тоо 91.4 болж 2009 оноос 1 хүнээр цөөрсөн байна. Энэ нь
хүн амын нас баралтад эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байгаа, мөн
хөдөө орон нутгаас шилжин
ирэгсдийн дунд эмэгтэйчүүд илүү байгаатай холбоотой.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нийслэлийн нийт хүн амын тал шахам, улсын хүн амын 20 шахам хувь нь амьдарч байна. Улаанбаатар хот хүн амын нягтрал Монгол улсад хамгийн өндөр хэвээр байна. Улаанбаатар хот Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлдэг. Манай хотын нэг квадрат километр нутаг дэвсгэрт 2000 онд 162 хүн ногдож байснаа 2010 онд 246 болж, 2012 оны 262 хүн болж өсчээ.
Улаанбаатар хотод улсын хүн амын дийлэнх төвлөрч байгаа нь манай хотын хүн амын бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг нэмэгдүүлж, тэр хэрээр эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг бий болгож байна. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 70.0 хувь, үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ын 64.2 хувь нь нийслэл хотод байршдаг.
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулахаар 47,195 аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлсэн байна. Нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагын 65.4 хувь буюу 30866 нь жилийн турш байнгын үйл ажиллагаа явуулж байна.
2014-2015 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн 180, төрийн бус өмчийн 314 цэцэрлэгт 81483 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс 60901 буюу 75.4% нь төрийн өмчийн, 19886 буюу 24.6% нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагджээ.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар сургуулийн өмнөх насны хүн амын тоо 89240, үүнээс сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 59711 хүүхэд (төрийн өмчийн цэцэрлэгт 50825, төрийн бус өмчийн цэцэрлэгт 8886 хүүхэд) хамрагдсан нь нийт 2-5 настай хүүхдийн 66,9 хувийг эзэлсэн статистик тоо баримт бий.
Нэгдүгээр төрөхөд өдөрт 20 гаруй хүүхэд шинээр мэндэлдэг
Монгол Улсын хэмжээнд өдөрт дунджаар 230 хүүхэд төрдөг бол үүнээс 40-50 орчим нь Нийслэлийн Өргөө амаржих газар буюу Клиникийн нэгдүгээр төрхөд мэндэлдэг байна. Ингэхдээ тус эмнэлгийн багийнхан дөрвөн ээлжээр ажилладаг. Нэг шөнийн ээлжид таван эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хоёр нярайн, нэг наркозын эмч болон таван эх баригч, асрагч ажилладаг байна.
Өөрөөр хэлбэл, 20 гаруй хүн өдөр бүр хорвоод шинээр мэндэлж буй бяцхан үрсийг хүлээн авч, эхчүүдийг хүндрэлгүй төрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилладаг гэсэн үг.
Монгол улс гурван сая дахь иргэнээ энэ оны нэгдүгээр сарын 24-нд хүлээж авсан. Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлсэн билээ. Түүнчлэн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн хүүхдүүдийг 21 аймаг, есөн дүүргээс тодруулж, алдаршуулсан.
Төрөх үеийн хүйсийн харьцаагаар 100 эмэгтэй хүүхдэд ногдох эрэгтэй хүүхдийн тоо байнга давамгайлж байгаа боловч насны түвшин нэмэгдэх тусам 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо цөөрч байна.
Найр хуримын үеэр өдөрт 100 гаруй хос шинээр гэр бүл болдог
Монголчууд бид намрын дунд сарыг хурим найрын сар гэж нэрлэдэг. Балжинням, Дашням давхацсан сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраасан хосуудаас гадна олон арван хос хуримлаж байна. Намрын найр хуримын үеэр нэг өдөрт 100 гаруй хос гэрлэлтээ батлуулан хуримладаг учир цаг хугацаа ч давчуухан буюу 20 минут хүрэхтэй үгүйтэй хугацаа нэг ёслолын ажиллагаанд ногддог аж.
2014 онд 7933 хос гэрлэлтээ шинээр бүртгүүлсэн нь өмнөх оноос 17.8 хувиар, 2329 хос гэрлэлтээ цуцлуулсан нь өмнөх оноос 13.4 хувиар, 642 хүүхэд үрчлэгдсэн нь өмнөх оноос 28.1 хувиар тус тус өсчээ.
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрээд удаагүй байна. Нийслэл хотод нийтийн тээврээр өдөрт 646 мянга гаруй хүн зорчдог. Нийтийн тээврээр зорчигчдын 43 хувь нь өдөрт дунджаар 2-оос дээш удаа үнэ төлбөргүй үйлчлүүлдэг. Өнгөрсөн онд дунджаар 795 их, дунд багтаамжийн автобус, 36 троллейбус, 790 бага багтаамжийн автобус, 587 такси нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилсэн.
Улаанбаатарын хэмжээнд нийтийн тээврийн 140 гаруй чиглэл байна. Эдгээрийн 60 орчим хувь нь 1950-иад оноос хойш, үлдсэн 40 гаруй хувь нь 2009 оноос хойш нээгдсэн. Саппорогийн автобусны буудалд гэхэд 20 орчим чиглэлийн 320 гаруй автобус иргэдэд үйлчилдэг. Автобус хоорондын хугацаа 7-8 минут байх ёстой байтал 320-330 автобусыг цагт дундажлахаар 15-20 секунд болж байна. Энэ нь автобусны бууддын ачааллыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдалд нөлөөлдөг аж.
Гадаадын 2599 хүн албан ажил, аялал жуулчлал, бүр мөсөн суурьших зэрэг зорилгоор нийслэл хотод иржээ. Нийслэлийн нэг өдөрт 2,6 тэрбум төгрөгийн жижиглэн худалдаа, 9,2 гаруй тэрбум төгрөгийн бөөний худалдаа хийдэг.
Улаанбаатар хотод өдөр бүр 3512 хүнсний дэлгүүр, 90 бөөний худалдааны төв, 22 зах, 619 түргэн үйлчилгээний цэгүүд ажиллаж байна.
Монгол улсад бүртгэлтэй нийт автомашины 66 хувь нь нийслэл хотод бүртгэлтэй байдаг. Нийслэлийн нийт тээврийн хэрэгслийн 70,2 хувийг зөвхөн суудлын автомашин эзэлдэг.
Улаанбаатар хотын дарга нар
Эдүгээ хүртэл Улаанбаатар хотын даргаар нийт 30 хүн ажиллаж байжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2012 оны 8 дугаар сараас ажиллаж байгаа Улаанбаатар хотын 31 дэх дарга юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих