Саудын Араб улс ирэх таван жилийн хугацаанд газрын тосны үнэ буурснаас төсвийн ихээхэн алдагдалд орох эрсдэл нүүрлэж буйг Олон улсын валютын сангаас(ОУВС) сануулжээ. ОУВС-гийн тайланд өгүүлснээр Ойрхи Дорнодын бүс нутгийн орнууд газрын тосны үнэ буурснаас энэ онд 350 тэрбум ам.долларын орлого алдсан байна. Энэхүү шинэ нөхцөл байдалд бүс нутгийн орнууд зардлаа танаж, нөөц хөрөнгөө зарцуулж эхэлсэн юм. Харин Саудын Араб улсын хувьд газрын тосны үнэ 106 ам.доллар хүрсэн тохиолдолд өнөөгийн зардлаа нөхөх боломжтой. Газрын тосны үнэ 50 ам.долларын төвшинд тогтвол Саудын Араб мөнгөн тэмдэгтийнхээ ханш, төсвийн зардлаа таван жил л тогтвортой барих боломжтой аж. Үүнийг Саудын Арабын эрх баригчид сайн ойлгож буй тул санхүүгийн хуримтлал бий болгохыг зорьж буй гэнэ. Нэгт, Саудын Арабын эрх баригчид хөрөнгийн зах зээлээс 15 тэрбум ам.долларын үнэт цаас худалджээ. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын компаниудаас 70 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байна.
Мөн газрын тосны үнэ өндөр байх үед тус хаант улсын хуримтлуулсан нөөц хөрөнгө нэлээд буурсан ч одоо 700 тэрбум ам.долларын хэмжээтэй аж. Гэсэн ч Саудын Арабын энэ оны төсвийн алдагдал ДНБ-ийх нь 20 хувьтай тэнцсэнээс нөөц хөрөнгө хурдан барах магадлалтайг сангийн мэргэжилтнүүд тооцоолсон байна. Мөн Саудын Араб улсад хэрэгжүүлж эхэлсэн дэд бүтцийн томоохон төслүүд тухайлбал, нийслэл Эр-Риад хотноо 22 тэрбум ам.доллараар метро байгуулах ажлыг зогсоож болзошгүй. Дээр нь тус улсад далайн усыг ундны усанд ашиглах зорилгоор цэнгэгшүүлэх зэрэг өндөр өртөгтэй олон зардал гардаг. Оман, Бахрейн зэрэг газрын тос экспортлогч зарим оронд ч гэсэн төсвийн бэрхшээл тулгарна. Харин Кувейт, Арабын Эмират улс газрын тосны үнэ хямд үеийг хүндрэлгүй давах боломжтой гэнэ. Кувейтийн хувьд зардлаа нөхөхийн тулд газрын тосны үнэ нэг баррель нь 49, Катарын хувьд 55, Арабын Эмиратын хувьд 73 ам.доллар байхад хангалттай аж.
Харин дэлхийн зах зээлд одоо брент буюу хамгийн үнэтэй маркийн газрын тосны үнэ 48 ам.доллар орчимд тогтсон ба өнгөрсөн нэг сарын хугацаанд 45-55 ам.долларт хэлбэлзэж байв. Мөн томоохон орнууд газрын тосны аюулгүйн нөөцөө огцом нэмэгдүүлж, түүхэн дээд хэмжээнд хүргэснээс түүхий эдийн үнэ ойрын хугацаанд унаж болзошгүйг"Голдман Саак” банкны мэргэжилтнүүд өгүүлсэн байна. Саудын Араб нь ОПЕК-ийн хамгийн нөлөө бүхий гишүүн орон ба газрын тосныхоо нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. "Бритиш петролиум” компанийн 2014 оны тоон мэдээллээс үзэхэд Саудын Араб улс нийт 267 тэрбум баррель газрын тосны нөөцтэй, хоногт 11.5 сая баррель газрын тос олборлодог. Газрын тосны салбараас орлогынхоо80 гаруй хувийг бүрдүүлдэг тус улсын хувьд орлогын бусад эх сурвалжаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй юм.
Д.Мөнхболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих