Матад сумын нутагт алтны судал илэрсэн гэх сургаар баруун аймгийн иргэд олноор ирж, сумын удирдлагууд болон хэсгийн төлөөлөгч нарын тавьсан шаардлагыг биелүүлэлгүй танхайрсан тухай бид мэдээлж байсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт Баянхонгор, Говь-Алтай аймгаас олон тооны "нинжа” нар нэмэгдэж ирсэн байна. Тэд алт хайх нэрээр газрын хөрс сэндийчээд зогсохгүй орон нутгийн иргэдийг ч айлган сүрдүүлж байсан бололтой.
Баруун аймгийн алтны нинжа нар эмх замбараагүй байдал үүсгэж байна гэсэн иргэдийн гомдлын дагуу Аймгийн Цагдаагийн газрынхан Матад суманд очжээ. Цагдаа ирж байгааг мэдсэн нинжа нар буцаж зугатсан бөгөөд тэдний заримыг нь баривчлан, танхайн хэргээр шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Мөн зарим нь Баянхонгорт очоод аймгийнхаа цагдаа нарт баригдсан сураг байна.
Баянхонгор, Говь-Алтай аймгаас ирсэн гэх эдгээр нинжа нар нь өндөр үнэтэй, хүчирхэг жийп машин хөлөглөдөг. Хэн ч харсан алтны нинжа гэхээргүй хүмүүс байсан гэж нутгийн иргэд ярьж байна. Ланд унасан нинжа нар пургонтой цагдаа нарт гүйцэгдэлгүй зугатаж амжих нь тодорхой. Мөн тэд нутгийн иргэдийг цагдаад мэдэгдэхгүй байхыг анхааруулан сүрдүүлж байсан тухай мэдээлэл байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих