Чингисхааны өрлөг жанждаас хамгийн гарамгай гэж хэлж болох хүн бол гагцхүү Сүбээдэй баатар юм. Түүний өвөг эцэг Нэрби нь Онон мөрний хөвөөнөө нутаглаж байсан төдийгүй Чингисхааны дээд өвөг Тумбинай сэцэнтэй анд бололцсон түүхтэй ажээ. Нэрбийн хөвгүүн Бухут нь бодлого ухаант нэгэн учир түүнд шударга журамт цолыг өгжээ. Нэрбичийн жич хөвгүүн нь Хабур бөгөөд түүний 2 хөвгүүний ахмад нь Хулухун, удаах хүү нь Сүбээдэй ажээ.
Сүбээдэйн ид хав, эрэлхэг баатар хар багаасаа л танигдаж олны дунд "баатар” гэгдэх болжээ. Чингисхаан Сүбээдэй баатар хоёр хэрэн танилцаж, нөхөрлөсөн талаар судар бичгүүдэд зөрөөтэйгөөр мэдээллэсэн байдаг. "Юань улсын түүх”-д Сүбээдэй баатар Чингисхаантай "Мау өндрийн байлдаан”-ны дараа Балжун нуурын зүг одож, цэрэг зэвсгээ дахин тэгшилж байх үед нийлсэн гэж бичсэн байдаг. Энэ нь барагцаалбал 1203 оны үйл явдал юм.
Харин 1181 онд Сүбээдэй баатрын нэр дурьдагдсан байдаг. Тэр үед Жамуха, Тэмүжин нар хамтран нутаглаж байгаад дараа нь тус тусдаа зам мөрөө хөөсөн бөгөөд энэ үед Сүбээдэй Чингисхаанд ирж хүчээ өргөсөн гэж өгүүлэх нь бий. харин Сүбээдэй баатар Зэлмэ жанжны төрсөн дүү нь гэсэн ойлголт байдаг нь алдаатай бололтой.
1189 онд Чингисхаан Сүбээдэй баатрыг хөрөнгө хамгаалах ноёноор томилжээ. Энэ нь Сүбээдэй баатар Чингисхааны итгэлийг хэдийнээ олсон гэдгийг харуулж байгаа юм. Сүбээдй баатар дайтаж тулалдах урлагийг сайтар эзэмшиж, Их Монгол улсыг, цаашлаад Монголын эзэнт гүрнийг байгуулах үйлсэд өөрийн хүчээ өргөсөн юм.
Сүбээдэй баатар 1204 оны Наху гүний тулалдаанд Найман аймгийн эсрэг тулалдаж Монгол цэргийн манлай ангийг удирдан оролцжээ. Энэ үед Сүбээдэй баатар нь Чингисханы 4 хошуучийн нэг болсон байжээ. Монголчуудыг ихэд басч байсан Найманы цэргийг бутниргэхэд Сүбээдэй баатрын оролцоо асар их байсан юм.
Их Монгол улсыг байгуулахад Сүбээдэй баатар асар их үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Ер нь ч тэр цагт цэрэг дайны байлдах арга, техникийг сайн эзэмшиж байж сая алдарч жанжны зэрэг зиндаад хүрэх учиртай. Тийм хүмүүсийн нэг нь Сүбээдэй баатар байсан юм. Тиймдээ ч Чингисхаан "Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлт нөхөд мөн” хэмээж байжээ. "Дөрвөн ноход” гэдэг нь нохой шиг араатан гэсэн утга бус харин анч нохой шиг эзэндээ ээлтэй, үнэнч шударга гэсэн утгатай билээ. "Зэв, Хубилай, Зэлмэ, Сүбээдэй нарыг дайснаа нэхүүлэхээр явуулаад сая миний сэтгэл амардаг” хэмээн Чингисхаан өгүүлсэн байдаг.
Чингисхаан 1206 онд Их Монгол улсыг байгуулаад Сүбээдэй баатрын гавьяа зүтгэлийг үнэлж, төрийн 88 мянгатын ноёдын 52 дахь ноёноор өргөмжилжээ.
1211 онд Чингисхаан Алтан улсыг дайлаар мордох үед Сүбээдэй баатрыг баруун зүгээс заналхийлж буй аюулыг таслах, Наман аймгийн буруулсан цэргийг, тодруулбал Хүчүлүгийн цэргийг цохиулахаар Сүбээдэй баатрыг хөдөлгөжээ. Энэ бол чухал алба байсан юм. Энэ үед Мэргидийн Тогтоа бэх, түүний хүү Худу нар самуун үүсгэж Чингисхааны эсрэг цэрэглэх бодолтой байсан юм. Сүбээдэй баатрын бас нэг даалгавар нь энэхүү аюулыг таслах байжээ.
Найманы ханхүү Хүчүлүг Баруун Ляо улсын төрийг атгаж, улмаар Хорезм улсын султантай хүчээ нэгтгэн сүрхий аюул занал учруулахаар байжээ. Иймд Чингисхаан 1217 онд Алтан улсыг дайлах хэргийг жанжин Мухулайд даатгаад өөрийн цэргээ аван Туул голын хөвөөнөө эргэн ирээд хуралдай зарлаж дээрхи асуудлыг авч хэлэлцэв. Энэхүү хариуцлагатай, хүндтэй үүргийг Сүбээдэй баатарт ноогдуулсан бөгөөд үүгээрээ Чингисхаан түүнд хэрхэн их итгэж байсныг харуулж байгаа юм. Сүбээдэй баатар Туул голоос их цэргээ аван хөдөлж, Чүй мөрний дэргэд Тогтоа бэхи, түүний хүү Худу нарын цэргийг даран сөнөөжээ. Сүбээдэйн энэхүү ялалт нь 1178 оноос хойш үндсэндээ дөчөөд жилийн туршид байнгын аюул занал учруулж ирсэн гурван Мэргидийн үлдэгдэл хүчийг сая бүрмөсөн мөхөөсөн чухал хэрэг байв.
Түүнээс гадна хүчирхэг Хорезм улстай Монголчуудаас түрүүлж гар зөрсөн анхны хүн бол Сүбээдэй баатар байсан юм. Хорезмын султаныг олзлох шахаж байсан ч гэсэн Желал ад Дины сөрөг довтолгоон Сүбээдэй баатрын төлөвлөгөөг үгүй хийжээ.
1219 онд Монгол цэрэг Хорезмийн нутагт цөмрөлт хийх үед Сүбээдэй баатар мөн л голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Мухамед султаны цэргийг нэхэн дарж устгах үүргийг Сүбээдэй, Зэв жанжин 2 гардан авч тус бүр 1 түмэн цэрэгтэй хөдөлжээ. Зэв, Сүбээдэй баатрын аян дайн нь үндсэндээ ялгуусан аян дайн байсан юм. Сүбээдэй баатар аливаа байлдааны өмнө дайсны цэргийн хүч, байрлалыг урьдчилан судалж, дотоод нөхцөл байдлыг голчлон анхаардаг, тагнуул туршуулын мэдээ цуглуулдаг бөгөөд мэдээллийг сайтар задлан шинжилсний үндсэн дээр байлдааны ажиллагааг эхлүүлдэг жинхэнэ стратегич хүн байсан юм. Чамбай, нягт, буурь суурьтай энэхүү байдлаараа Сүбээдэй баатар бусад жанждаасаа эрс ялгардаг байлаа. Үүний тод жишээ нь Монголчуудын Европт явуулсан аян дайнаар тод харагдана.
Сүбээдэй баатар толгой сэргийлэх ангийн цэргүүдийг 4 тийш илгээн дайсны хүч отолт хийж буйг тагнуулдаг, хайгуул цэргийг зохион байгуулж суугуул иргэдийг олзлон байцааж байдлыг нягталдаг байна. Сүбээдэй баатарт бас нэг байдаг давуу тал нь тулалдаад дийлэх маягтай болмогц цэргээ богино хугацаанд татаж ухраадаг.
Энэтхэгийн ерөнхий сайд байсан Жавахарлал Неру өөрийн "Ертөнцийн түүхийг сөхөн үзвэл” номондоо Сүбээдэй баатрын талаар бичихдээ: "Европын жанжид Сүбээдэй баатрыг яаж ч чадахгүй байв. Тэрээр довтолж эхэлхээсээ өмнө урьдчилан нарийн чанд бэлтгэж, мэдээ цуглуулахын тулд дайсагнагч орнууд руу нууц тагнуул илгээн цэрэг-улстөр, шашны байдлыг сайн мэдэж авдаг. Тулалдааны талбарт тэрээр цэрэг дайны хэргийг чадварлаг мэддэгээ харуулаад зогсохгүй түүний дэргэд Европын шилдэг гэгддэг жанжид бол шушимай хүүхдүүд шиг байв” хэмээн бичжээ.
Сүбээдэй баатар Чингисхааны сүүлчийн аян дайн болох Тангудын эсрэг хийсэн дайнд мөн л оролцжээ. Энэхүү аян дайнаар Сүбээдэйн цэрэг Тангудад хүч хавсарч байсан овог аймгуудыг дараалан бут ниргэж Сужоу, Гаьжоуг эзлэн авчээ.
Өгөөдэй хааны үед Сүбээдэй жанжин Алтан улсыг эзлэх цэргийн ерөнхий жанжнаар томилогдож, шийдвэрлэх тулалдаануудад цэргээ удирдан ялалт байгуулсан байдаг. 1232 оны хавар Өгөөдэй хаан Сүбээдэй баатарт 3 түмэн цэрэг өгч Нанжинг эзлэх, Хэнань мужийг бүрэн төвшигтөх үүрэг хүлээлгэжээ. Сүбээдэйгийн цэрэг амжилттай давшиж, Нанжинд тулж иржээ. Нанжин хотын иргэд мөн цэрэг нийлэн 10 түмэн хүний хүчээд Сүбээдэй баатрыг эсэргүүцэв. Удаан зууралдан тулалдасны эцэст аль аль тал цуцаж, улмаар найрамдлын гэрээ байгуулсанаар Алтан улсын зүгээс Монголчуудад алт, мөнгө, дарс, сайн эд барааг илгээжээ. Нэг талаараа Сүбээдэй баатар найрамдсанаар цаг хожиж хүчээ сэлбэж чадсан юм. Улмаар Нанжин руу дахин дайрч буулган авчээ. Нанжиныг эзлэн авсанаар 1211-1234 оны хооронд тасралтгүй өрнөсөн Алтан улс-Монголын хоорондын дайн Монголчуудын ялалтаар төгссөн юм.
Тухайн үед Монгол цэргийн нэрт жанжин нараас Сүбээдэйн цэргийн ухаан, авьяяас билгийг гадаад болон дотоодод ихэд биширч байжээ. Английн түүхч Саундерс бичихдээ ”Монголын жанжид дотроос хамгийн чадварлаг нь Сүбээдэй байв” гэжээ. Сүбээдэйн цэрэг том хэмжээний бэхлэлт цайзыг эзлэхдээ чулуу, харвах оньс, газрын тос хольсон вааран сум, дарьт үхэр буу, дуут болон галт сум, харвах оньс зэрэг техникүүдийг ашиглаж байсан нь шинэ үзэгдэл байв.
1235 онд Өгөөдэй хаан Хархорумд их хуралдайг зарлан баруун зүгт аян дайн хийх, Зүчийн нутаг дэвсгэрийг тэлэх шийдвэр гаргасан. Энэхүү дайныг мөн "Ахмад хөвгүүдийн дайн” ч гэж нэрлэдэг. Учир нь энэхүү дайнд Зүчийн ахмад хүү Бат ерөнхийлөн захирч, Өгөөдэйн ахмад хүү Гүюг, Цагаадайн хүү Байдар, Бүри, Тулуйн хүү Мөнх болон Чингисхааны Хулан хатнаас төрсөн Хүлгэн нарын 13 хан хөвгүүд тэргүүлэн оролцосн байна. Харин Бат хааны зөвлөх жанжнаар тухайн үед 60 наслаад байсан Сүбээдэй баатрыг томилжээ. Энэхүү шийдвэр нь үндсэндээ Сүбээдэй баатрын арвин туршлагад итгэн даалгасан хэрэг байв. Тэгээд ч зарим түүхчдийн хэлдгээр Батхаан бол ёс төдий л удирдагч байсан. Харин жинхэнэ удирдах жанжин нь Сүбээдэй байсан юм гэж хэлдэг нь ортой.
Баруун зүгийн аян дайн бол дэлхийн түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээсэн, жинхэнэ ялгуусан дайн байсан юм. Монголын цэрэг 1238 оны 3-р сард Преяслав, Черниговыг эзэлж, 1239 онд Крымын хойгийг эзлэн, Киевийг дагуулсанаар Европ руу орох зам нь нээгджээ.
1241 онд Монголын цэрэг Европт цөмрөн оржээ. Монголчуудын эсрэг дараах дайснууд зогсож байжээ. Үүнд: Их Польшийн Болеслав вангаар удирдуулсан хүчин, Баваричууд, Францааи ирсэн хүлэг баатруудаар хүч нэмсэн Генрих ван, мөн Богемийн ван хүчээ төвлөрүүлээд байв.
Монголын цэрэг дээр дурьдсан хүчнийг нэгдэхээс өмнө салангид цохих стратегийг боловсруулан хүчээ хуваарилж, эхний ээлжинд Польшийн ван Генрихийн хүч болох Герман, Франц, Польшийн цэргийг Лигницийн дэргэд хиар цохижээ. Мөн Сайо голын дэргэд Унгар, Чех, Хорват, сайн дурын Францын тевтоны хүлэг баатруудаас бүрдсэн хүчийг бутниргэв. Европууд гагцхүү бөөн бөөнөөрөө тулалдаж л мэдэх, Европын армиуд Бела, Генрих, Луй зэрэг чадвар муутай хүмүүсээр удирдуулсан байсан бөгөөд ямар ч эрэлхэг зориг гаргаад 2 тив дамнан насаараа байлдсан Сүбээдэй баатрын толгойлсон асар хурдан маневрлах чадвартай Монгол армийг дийлэх ямар ч найдвар үнэндээ байгаагүй юм гэж хэлсэн Горальд Лембийн дүгнэлттэй санал нийлж байна.
Монгол цэрэг Адриатын тэнгист хүрч байх үед Өгөөдэй хаан нас барсан нь Монголчуудын буцах хамгийн гол шалтгаан нь болсон юм. Түүнээс Оросын нутагт гарсан баатарлаг эсэргүүцлийн улмаас бол биш. Өгөөдэй хаан нас барсан учраас Европууд зөвхөн тохиолдлоор л аврагдсан юм.
Сүбээдэй баатрын ялгуусан амжилтыг жагсаавал: 1210 онд Алтан улсын нийслэл Бээжинд, 1211 онд Ляоянд, 1214 онд Чуй голд, 1220 онд Сартуулын нийслэл Бухарт, 1221 онд Тбилисид, 1223 оэд Калка голын хөвөөнд, 1227 онд Нинсяд, 1232 онд Кайфинд, 1237 онд Ижил мөрний Булгарт, 1238 онд Москвад, 1240 онд Киевт, 1241 онд Будапештэл хүрсэн байлаа. 1210-1234 оны хооронд Сүбээдэй баатар Монголчуудын их аян дайны 3 фронт дээр цохилтын гол чиглэл буюу хамгийн халуун цэг дээр томилогдож, 33 жилийн хугацаанд 40000 км зам туулан, Сартуул, Тангуд, Алтан улсыг эзлэх төлөвлөгөөг боловсруулалцан гардан хэрэгжүүлж, Бухараас Каспийн тэнгис хүртэл 7000 км газар тандалт хийн, явсан газар бүртээ ялалт байгуулж байв.
Түүхч Ш. Насанбат "Сүбээдэй баатар 73 насыг наслахдаа Өмнөд Хятадын тэнгисээс Адриатын тэнгис хүртэл, Сибирээс Тайланд хүртэл хөндлөн гулд туулж, 40 үндэстнийг номхотгон, их бага 60 тулалдаанд ямагт ялан гарч ирж байжээ. Энэ үзүүлэлтийг хэн ч давтаагүй юм” гэжээ. Сүбээдэй баатартай хийсэн тулалдааныха тоогоор гагцхүү Наполеон л дөхөж очих байх.
Василий Ян "Батын” романдаа Сүбээдэй баатрыг "Өрөөсөн нүдтэй, үнэг шиг зальтай, чоно шиг хэрцгий” хэмээн дүрсэлсэн байдаг.
И. Чинбат. "Чингисхааны 9 өрлөг: Сүбээдэй баатар"
Т. Мандир. "21 хөрөг: Сүбээдэй баатар"
Ш. Насанбат. "Монголын түүхэнд тодорсон 33 жанжин"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих