Даанч сүүлийн "амьд” хөгжим, "амьд” тоглолт”, "амьд” харилцаа гээд "амьд”-гүй юм байхгүй болжээ. Учир шалтгааны уг сурвалж нь цэрэг дайны "модон” хэл орчуулгаас эхэлсэн гэж харддаг юм. Дайн тулааны үеийн орос кинонд л "АМЬД ХЭЛ” олзолж ирлээ гэж анх яриад байсан санагдана. Тэр л нийтийн соёлоо дагаад "амьд хэл” гэж ам бардам дуугарчихлаа. Буруутав уу яав. Киноны хэл "амьд” байх кино- уран сайхны хамгийн том хэмжүүр бололтой. Тэртээ 1945 онд бүтээсэн "ЦОГТ ТАЙЖ” киноны баатар Арслан "ЯНАГ ДЭМИЙ ГЭЖ ҮҮ?” хэмээн дурлалт бүсгүйгээсээ асуудаг. Одоо ч бид нар алиа наргиа болгож энэ үгийг бие биендээ тоглоом наадмаар хэлдэг. Арслан тайжийн хэлсэн энэ үг 70 жил бидний хэлний орчинд амьдарсаар байна.
Кинонд хэлэмжээс гадна хэл гэж бие даасан шахуу том ойлголт байна. Хэдийгээр кино дүрсний урлаг мөн боловч ДҮРИЙН ХЭЛ гэсэн нэг ачаа үүрч явдаг билээ. А.Быковын ”В бой идут одни”старики” киноны нэрийг "Шонхорууд зөвхөн тулалдаанд ниснэ” хэмээн орчуулснаас хойш ийм хэлц үг бий болжээ. Орос кино үзэж өссөн бидний үеийнхэн лав "Тулалдаанд зөвхөн шонхорууд” гэхээр хэлсэн хэлээгүй цөм цаана нь юу болох гээд байгаа. Тэр зүйлд хэн оролцох, хэн оролцохгүйгээ нэгэн зэрэг ойлгодог байлаа.
Гудам хорооллынхоо "ШОНХОРУУД”-ын нэг болохыг мөрөөддөг байв шүү дээ. Тэр үед дэнж газар дэгддэг чулуун байлдаанд шонхорууд л зөвхөн нисдэг байлаа. Орчин цагийн шахуу онигоо л доо. "Төөрсөөр төрөлдөө”/1966/ киноны Балт халаасны хулгайч болжээ. Автобусан дотор "ажлаа” хийж явахыг нь харсан нутгийн ах Цэдэв /Д.Чимид-Осор/араас нь хараад "Нэг бодлын аймаар ч юм шиг, нөгөө бодлын бахархмаар ч юм шиг, баригдана даа, баригдана” гэж хэлэв гэхээр л тойрч суусан хөвгүүд шахмал бүдүүн хоолойгоор пар, пар хийгээд инээлддэгсэн. Кино хэл ингэж үзэгчдийнхээ амьдралд нэвтэрсэн байжээ. Сул дорой нэгнийгээ хааяа " Гөлгөө юу боллоо.
Мэдэж байгаа биз” гэж Балтын үгээр заналхийлдэг байсан сан. Доод ангид Молом нэртэй хүү байв. Хажуугаар нь өнгөрөх тоолондоо "Молом, оо чи үхвэл таарна” гэж "Үер”/1966/ киноны Болд/С.Гэндэн/ өвгөний үгийг бахдалтайгаар хэлэхээр нусаа татаад л зодох гэж дайрдагсан. Хүү Молом нэртэйдээ эцэг эхдээ их гомддог байсан байж таарна. Очиж, очиж муу урвагчийн нэрийг өгчихдөг. Кино хэл ийм гайхалтай. Дүрснээсээ илүү ХЭЛ нь бие даан амьдарсаар байдаг. Людвиг Витгенштейны "хэл бол философи” гэдэг үзэл шиг "кино бол хэл” юм гэж тодорхойлж болохоор. Манай Америк киноны алдарт ардын жүжигчин Арнольд Шварценеггер ах гэхэд л "Терминатор” киноны "төмөр” тоглолтондоо "I.m back” гэдэг алдарт үгээ хэлжээ. Ертөнцөд энэ үг бараг хамгийн түгээмэл КИНО хэлц шүү дээ.
"Нар хиртсэн жил”/1974/ кинонд хүү дайнд яваад сураггүй болжээ. Гэтэл гэнэт нэг өдөр тэнгэрээс буух шиг ороод ирэв.
Уйтгарлаж суусан эцэг "хүү ирлээ” хэмээн хашгирахад зүүрмэглэж суусан эмгэн нь "сүү хөөрлөө” гэж сандран шанагаа шүүрнэ. Жинхэнэ монгол ахуйн янзтай зураглал. Гол нь тэр кино хэсгийн ХЭЛ ямар энгийн, ямар төгс вэ? Өглөө/1968/ киноны зайран/Д.Чимид-осор/ жанжны араас " Сайн талаас нь би ч их дэмжсэн юм, санасандаа хүрэх гэж энэ ч их зүтгэсэн юм” гэдэг одоо бараг л сонгодог хэлц үгүүлбэр. Аливаа хэлний хамгийн гайхалтай, нарийн утгазүйн нэгдмэл тогтолцоо хэлц үг, үгүүлбэрт л агуулагдаж байдаг. Романы санаа хэлцэд багтана гэж нэг судлаач бичсэн билээ. Тийм тал бий. Ингэтлээ эх хэлнийхээ үгийн санд дүрээр дамжуулан "хэлц” бүтээх баргийн зохиолчид олдох хувь биш гэж би үздэг. "Тунгалаг тамир”/1971/ киноноос хойш одоо бас л хаа сайгүй ярьдаг, хаа сайгүй үзэгддэг нэг явдлын нэршил бий болжээ.
ТҮГЖИЛДЭХ гэж. Нийгмийн бүх салбарт тэртусмаа улс төрийн ертөнцөд ТҮГЖИЛҮҮД түгжилдсээр байна. Итгэлт /А.Очирбат/ баяны "номтой хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг” бас л кино хэлээс үүссэн хэлц. Нутгийн өвгөн ач хүүгийнхээ бичсэн хэдэн шүлгийг өвөртлөөд үзүүлэх гэж ирэхдээ ”за даа, хүү минь номтой хүнд үзүүлэхэд ичмээр "дамшиг”байгаа даа” гэж хэлж билээ. Хуучин цагийн сайхан кинонуудыг /олон үзэгч ингэж тодорхойлдог/ түүхэн тэгш ой, наадам, цагаан сараар давтан давтан үзүүлсээр байгаад хүн бүгд "ДҮРҮҮДИЙН ХЭЛ”-ийг цээжилсэн гэж маргах хүн бас гараад ирэхийг үгүйсгэхгүй. Ёстой л "Ирж яваа цаг”/1986/ киноны Марал /Б.Гэрэлмаа/ хоттой хонио туугаад "Шадав нь авна уу? Готов нь авна уу” гээд уйлаад гүйдэг шиг миний зөв, чиний буруу гэж гүтгэх зүйл алга. Ямартаа ч Монгол киноны хэл "амьд” байсны баталгаа нотолгоо өөр ч бас олон бүтээлээс харж болно. Батлаад өгөх үү? Болж байна.
Бас "Гарын таван хуруу”/1983/ киноноос хойш ШАГДАРДАХ гэж кино хэлэмжээс үүдэлтэй хэлний ойлголт үүссэн гэж байгаа. Миний нэг шавь хүү хоёр дүүтэй нь орхиод явсан аавыгаа хэзээ ч нэрээр нь дуудахгүй "МУУ ШАГДАР”л гэнэ. Анхандаа бид аавыг нь Шагдар гэдэг хүн байжээ гэж боддог байлаа. Гэтэл сүүлд нь аав нь өөр нэртэйг мэдээд гайхаж билээ. Нэг удаа зориглон асууваас "муу Шагдар, биднийг ШАГДАРДАЖ билээ. Түүнээс хойш нэг ч удаа өөрийнх нь нэрээр дуудаагүй. Дандаа л Шагдар гэдэг юм” хэмээн хариулж билээ. Кино дүр гайхалтай орон зай- цаг хугацааг эзэлж байгаагийн жишээ төдийгүй киноны хэл "орчин, сэтгэлгээ, нийлмэл зүй тогтолтой”-гоо хамт оршиж байдгийн ердийн жишээ. "Муу Дүлзэн” гэвэл кинонд дуртай хэн ч олиггүй нөхрийн тухай ярьж байна гэж төвөггүй ойлгоно. Эсрэг талын тийм "ЭТГЭЭД” дүр ҮЙЛДЛЭЭРЭЭ тэмцэл зөрчилдөөн, хорон санаа, жигшил зэвүүцэл төрүүлэхээс гадна ХЭЛЭЭРЭЭ хамаг дургүйцлийг төрүүлдэг байв. Ер нь дүр гэдэг цогц болох чанар энд л байна.
Үер/1966/ киноны Михайл/Н.А.Крючков/ өвгөн Молом /Б.Дамчаа /зангийг дуудахаар энэ хэсэг хүмүүсийг "гол гаргаад” буцаад ирье гэдэг билээ. Тэр л киноноос хойш монгол хэлэнд "гол гаргах” гэдэг шинэ хэлц утга, хэлний амьд орчин үүссэн гэдэг.”Гол гаргах”-ын ямар утгатайг тайлбарлах нь бараг илүүц биз. Өөрийн гэсэн бодолтой гэдгээ олон хүн "Михайлд нэг бодол бий” гэж тэр л киноны хэлээр илэрхийлдэг нь "заншил” шахуу болжээ. Чухам бас бус өөр жишээ ч байна. "Чи нэг Дарьбазар гүйлгээч хө, дотор муу байна”. Энэ үгүүлбэр эсвэл ДАРЬБАЗАР гэдэг нэр өөрөө хэлц утгатай. Би архинд шартсан муу нөхрийнхөө дотрыг засахаар хэн нэгнийг нэг шил архинд"гүйлгэх” нь. Монгол эрчүүдийн ертөнцөд хааяахан байдаг үзэгдэл. Онцлог нь бид хоёр маш амархан кино хэлээр бие биентэйгээ ойлголцож чадлаа.
Ямарав дээ?
Өнгөрсөн зуунд монгол кинонд үзэл суртал байсан нь үнэн. Нэгдэл нийгэм, гуйвуулсан худал түүх, атар газар эзэмших гээд захиалгат сэдвүүдээр олон кино бүтээсэн нь үнэн. Ямар сайндаа Н.Цэгмид гуайг Богд хааны дүрд тоглосны дараа гудманд хүүхдүүд Д.Сүхбаатар жанжинг минь хороосон этгээд гэж үзээд чулуу нүүлгэж байсан гэдэг. Үзэл суртал, кино үнэмшил гэдэг тийм хүчтэй эд. Хойд Солонгосын "Хон-гил-дон”/1986/ гэдэг кино үзээд миний багын найз "нисч” сурахаар байшингаас үсрээд хөлөө хугалж байв. Кино үлгэр дуурайлал гэдэг энэ. Үнэхээр "Би чамд хайртай”/1985/ киноны "Баяраа уг нь өөрөө уначихсан юм билээ” гэдэг хэлц шиг найз минь өөрөө л байшингаас үсэрчихэж билээ. Сүүлд асуухад зодооны урлагаар хэсэг хичээллээд гэнэт бие нь хөнгөн санагдаад нисчихмээр л санагдсан гэдэг. Кино урлаг сэтгэл санаанд ямар "айхтар” нөлөөлдгийн дохио. Кинонд хэл үнэхээр чухал, салшгүй хэсэг болохын чамгүй олон кино баримтаар батлахыг оролдов. Энэ бүхний эцсийн шалтгаан ердөө л "АР ХУДАРГА”/2015/ гэдэг энэ цагийн кино байлаа.
Жүжигчдийн баг чадварлаг бүрэлдэхүүн бүрджээ. Жүжигчин Ц.Цэрэнболд "ААВ/2015/ киноноос жишээлээд нэг л хүнлэг дүр, сайн хүний дуу хоолой, Сүхээгийн Ариунбямбын тоглолт чухам драмын биш илүү кино жүжигчин болж явааг нь харуулсан чадварлаг "хувиралтууд” байлаа. Жүжигчин Г.Эрдэнэбилэг хэзээний ур чадвар нь танигдсан уран бүтээлч, ажиглаад байхад өршөөлгүй ялан дийлэгчийн бахдал төрүүлэхээсээ илүү ялимгүй зүйлээс гэнэдсэн”гэнэн хонгор” залуусын дүрийг тэр бүтээж чадна.
Кино зохиолын хувьд яахав байдаг л "action”, байдаг л "зөрчил”. Харин хатуу ширүүн цаг үеэ "хатуу ширүүн” –ээр харуулжээ. Энэ бүхэн үнэн бол бидний хэл яриа ч "хатуу ширүүн” болжээ. "Ар хударга”/2015/ киноны хэл Марал /О.Долгор/-д бичсэн захидлын хэсгээс бусад нь даанч ядмаг, дээр нь” бурзайчихлаа”, " амьсгаануудаа”, " гичий минь”, "лалар минь”, "муу мал”, "аалз минь”, " үхэр минь”, " нарны муу цатгалан бөөс” гээд хараал ерөөлийн үг хэл харин ч нэг урсаж гарна даа. Энгийн хоёр залуу ч ингэж ярина. Шоронгийн шийдсэн овгор ч ингэж ярина. Гэмт бүлгийн толгойлогчийн "Үхэр, ээ наад утсаа. Өнөө муу лалар руугаа залга” гэдэг үгүүлбэрийг шинэ цагийн монгол киноны "амьд хэл” гэж үзвэл бид ч нэгмөсөн баларчээ. Эртний гэмгүй кинонуудын ХЭЛ амьд байжээ. Амьдралтай байжээ. "Ар хударга/2015/ –гаас харвал нийгэм минь бүхэлдээ зэрлэгшиж, бидний хэл яриа ч бас... Нэг зөвтгөл байна. Хатуу ширүүн хүмүүсийн хэл яриа ч хатуу ширүүн нь тодорхой л доо. ГЭВЧ...
Даанч "барьж идэхнээ,.... да чинь /энд нөгөө цуутай хараал хэлнэ/ Болор цомд шаачихмаар хэл яриа нь хөгжсөн хөгшин банди уу, үгүй юу” гэдэг үгүүлбэр өнөө цагийн монгол киноны хэл юм бол орчин цагийн монгол киноны хэл В.Маяковскийн "Зөвлөлтийн паспорт” найраглалд бичсэн шиг "чөтгөр шулам ругаа тонилвол” таарна. Хөөрхий муу БОЛОР ЦОМ минь ийм хэмжээнд очсоныг ойлгох ухаан найр наадмын тайз хэсэгч яруу найрагчдад минь үлдсэн гэдэгт найдна. За юугаар дуусгаж вэ? Түүгээр нь болъё.
"Ар хударга”/2015/ кино "ЖАРГААЯ” гэдэг үгээр төгсдөг. Тэгвэл би ч бас "ЖАРГААЯ.
ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих