"Аясын салхи” хамтлагийн ахлагч Энди буюу Д.Энхтэгштэй
ярилцлаа. Хар хувцас, хар нүдний шил ижилсүүлсэн, ямаан сахалтай энэ
залуугийн амьдралын сүүлийн 30 жилийн амьдрал метал рок хөгжмийн
хэмнэлээр өрнөжээ. ЗХУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны Волгаград хот
дахь Мөрдөнгийн дээд сургуульд сураад ирэхдээ бусдад гадуурхагдахаа
мэдсээр байж метал рок гэдэг хөгжмийн урсгалыг "Аясын салхи” хамтлагтай
авч ирсэн түүний амьдралд зөрчилтэй зүйл ч олон аж. Ингээд түүнтэй тэр
зөрчлүүдийн талаар, үхлийн тухай, метал рок урсгалын хөгжил гээд нэг
цаг гаруй өрнөсөн яриагаа хүргэж байна.
-Уулзахаар
хүлээж байх хоорондоо танай хамтлагийн тухай мэдээлэл харж суулаа.
Байгуулагдаад 30 жил болчихсон метал рок хамтлаг. Магадгүй энэ
хугацаанд та бүхний хийсэн бүхэн "Монголын метал рокын загалмайлсан
эцэг” гэдэг өргөмжлөл авчрахаар л болсон байх…
-Анхны
асуулт зөв байна. Яагаад гэхээр хүмүүс метал рокыг хүмүүс рок хөгжимтэй
хольж хутгаад байдаг. Рок хөгжим бол 1950-иад онд үүссэн.
Харин
метал рок чинь 1980-иад оноос үүссэн цоо шинэ урсгал. Метал хөгжим
хэдийгээр рокоос үүсэлтэй ч одоо бол биеэ даасан урлаг болчихсон.
Сонгодог урлагийг дээдсүүдийнх гэдэг биз дээ. Дуурь, балетыг тэр бүр хүн
үздэггүй. Түүн шиг метал хөгжим тусгай хүрээний хүмүүст зориулагдсан.
Гэхдээ дээдсийнх биш шүү. Өөрийг чинь метал рок гэж хэлэхээр баярлаж
байна. Яагаад гэвэл сурвалжлагч хүн миний өмнөөс харж суугаад "Аясын
салхи” хамтлагийг рок гэвэл би уурлаад ярилцлага өгөхгүй ч байж
магадгүй. Ингэж ялгаж салгах хамгийн зөв. Манай хамтлаг 1984 оны
дөрөвдүгээр сарын 16-нд байгуулагдаад, 30 жил болчихсон байна. Тэр үед
арван хэдтэй бацаанууд л байсан. Гадаадад сурч байсан болохоор арай
барууны хөгжимд ойр. Тэр үед чинь манайд Оросын эстрад, "Битлз” л
байлаа. Харин бид тэднээс өөр зүйл сонсдог байсан. Мэдээж энэ бол метал
хөгжим. Миний бас нэг бахархал байдаг л даа. 1980-аад оны ихээр "Heavy
metal” гэдэг урсгал дэлхийд маш хүчтэйгээр гарч ирсэн. Тэгэхэд 1984 онд
Монголд "Heavy metal” хамтлаг байгуулж байснаараа одоо бахархдаг.
Монголын метал хөгжмийн түүх гэвэл өнгөрсөн 30 жилийн тухай ярих болж
байгаа биз дээ. Гэтэл урд хөршид л гэхэд 10 гаруйхан жилийн түүхтэй явж
байгаа.
-Хөгжмийн урсгалын хөгжлөөс хоцроогүй нь та хэдийн бас гавьяа гэж хэлж болохоор?
-Тухайн үедээ хөгжлөөс хоцрох, түрүүлэх тухай бодоогүй. Бид энд тэр
урсгал их сонин зүйл байсан. Хүмүүс "Boney M”, "Smokie” сонсч байхад бид
ондоо гаригийн юм сонсоод байгаа байхгүй юу. Яахав тухайн үеийн эстрад
амархан, сонсоод ойлгоход хүүхдийн тоглоом шиг. Харин метал нь огт
ойлгохооргүй зүйлийг тоглоод байсан. Тэгэхээр нь л энэ ямар хүчирхэг
хөгжим бэ гэдгээс эхлээд л сонирхож эхэлсэн. Шүтсэн. Шүтчихсэн болохоор
энэ стилиэр тоглодог хамтлаг байхгүй учраас хамтлаг байгуулъя гэж
шийдээд л нэгдсэн. Одоо эргээд харахад тийм эрт энэ урсгалыг аваад
ирчихсэн маань л сайхан.
-30 жилийн дараа эргээд харахад та бүхэн ер нь юу хийсэн байна вэ?
-"Харанга”, "Хурд”, Сараа, Ариунаа гээд ярихаар тэд бол хүнд танигдах
уран бүтээл хийсэн. Харин хүмүүс асуудаг л даа, биднээс. "Аясын салхи”
хамтлаг 30 жил болчихоод яагаад телевизээр ч гардаггүй юм бэ гээд. Үүн
дээр ганцхан тайлбар байгаа. Метал рок гэдэг маань "Underground” буюу
тусгаарлагдсан хүмүүст л зориулагдсан. "Anti-commercial” буюу ашгийн
бус. 30 жил хөгжим тоглохдоо бид мөнгө олъё гэж ганц удаа бодож
байгаагүй. Зөвхөн метал урсгалын төлөө л явсан. Мэдэхгүй хүмүүс болохоор
"Аясын салхи” гэж нэрийг нь сонссон л гээд байдаг. Уран бүтээлийн
тухайд өнгөрсөн хугацаанд бие даасан таван тоглолт хийж. Дуулсан дуугаа
тоолох гээд хэрэггүй байх. Хамгийн гол нь л бид метал урсгалын
стандартад таарсан зүйлийг л хийх гэж хичээж байсан. Тэр бол ихэвчлэн
үхлийн тухай дуулах. Би ээждээ маш их хайртай. Гэхдээ би хэзээ ч түүнийг
дуулахгүй. Эх орондоо хайргүй монгол хүн байдаггүй. Тэглээ гээд ээжийн
тухай, эх орны тухай метал рокоор хэзээ ч дуулдаггүй. Үхлийн тухай л
дуулах ёстой.
-Үхлийн. Амьд мөртлөө, үхэж үзээгүй байж үхлийн тухай дуулна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байна?
-Монголчууд үхэл ярихаар нэг л цэрвээд байдаг. Тийм хүмүүст бид "Чи
өнөөдөр үхлийн тухай ярихад цэрвэж болно оо. Маргааш чи үхэж болно.
Тиймээс хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуй. Эх орондоо юу ч хийгээгүй
бол хий. Үхэл хэний ч нүдэнд харагдахгүйгээр эргэн тойронд чинь оршин
байдаг” гэж хүмүүст сануулаад байгаа юм. Амьдралд хоёр үнэн байдаг биз
дээ. Үхэх, төрөх. Түүний нэгийг нь л дуулаад байна. Хүмүүс л тэрийг
дуулдаггүй болохоос биш.
-Та үхэлд хэр бэлтгэгдэж байна?
-Сонирхолтой асуулт байна. 30 жил үхлийн тухай дуулж байна. Үхэл миний
найз шиг. Үхэлтэй тулгарчихвал би чи л гэж харьцана. Гэтэл манайхан
үхлийг хар бараан, хаалттай байлгах гээд байдаг.
-Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг…?
-Яг зөв. Ярихыг хүсдэггүй сэдэв учраас. Хэрэв үхэлтэй нүүр тулбал найзындаа зочилж байгаа юм шиг л явна. Асуудалгүй.
-Хөгжмийн урсгал тэр дундаа амьд хөгжим тэр чигээрээ философи юм аа?
-Тийм. Метал рок урсгалд хэзээ ч миний эх орон дэлгэсэн тэрлэг шиг
гэсэн үг орох ёсгүй. Тэрийг дуулдаг хамтлагууд пиг чихчихсэн байгаа биз
дээ. Тэд л дуулаг.
-Хоёр нийгмийг үзсэн, зуун дамжсан "юм
үзсэн” хүмүүсийн хувьд үхэл хагацал дуулаад явж байхад эсэргүүцэлтэй
тулгарч л байсан биз дээ?
-Бид цоо шинэ барууны юм тоглож
байгаа учраас хүмүүс анхандаа ойлгоогүй. Гэхдээ метал рок гэж ийм
хүчирхэг урсгал байдаг юм шүү гэдгийг ойлгуулах гэж тоглосон. Уран
сайхны зөвлөлийнхний шүдний өвчин болж байлаа. Хамтлаг маань хаагдаж,
ямар ч тоглолтод оролцох, хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах эрхгүй
болж байсан үе бий. Үзэгчдийн сэтгэл санаа, зөрчил бидэнд огт сонин
биш. Метал рок бол… гээд л 10 хүнд 10 удаа тайлбарлахаас төвөгшөөдөггүй
байсан. Би өөрөө цагдаагийн мөрдөн байцаагч байсан учраас намын даргад
байнга дуудагдана. "Чи мөрдөн байцаагч хүн байж барууны үзэл суртал
дууллаа. Чиний наад хөгжмийг зөвхөн алуурчин, дээрэмчинд л дуулна.
Боль” гээд л арга хэмжээ олон ч удаа авахуулж байсан.
-1990 он гарснаас хойш дүү хамтлагууд нэг хэсэг олноор төрөн гарсан. Ардчиллын ач биз?
-Ингээд ганцаараа хага үзэлцэж байтал "Аясын салхи”-ийн хойноос 10 гаруй хамтлаг гарч ирсэн. Бахархмаар зүйл байсан.
-Тэр 10 гаруй хамтлагаас хойш бүр олон хамтлаг төрөн гарсан. Минийхээр бол металл рок хөгжөөд л байна. Харин таныхаар…?
-Метал хөгжмийн гоё зүйл нь үргэлж өөрчлөгдөж байдаг. Чи зарим урсгалыг
мэднэ биз дээ. Брек, хип хоп ч юм уу. Гарч ирээд хэдхэн жил болоод л
алга болчихдог урсгалууд байдаг. Метал хөгжим хэзээ ч ингэж алга
болохгүй. Үргэлж шинэчлэгдээд л явдаг. Манай хамтлаг анх "Heavy metal”
урсгалаар тоглож байгаад "Trash metal” урсгал руу орсон. Харин одоо
"Death metal” дуулж байна. Гэхдээ "Death metal” дуулдаг 10 хамтлаг
дахиад л дотроо өөрөөр дуулдаг. Шинээр гарч ирж байгаа хамтлагууд өөр
өөр урсгалаар дуулж байгаа нь сайн. Гэхдээ би шинэ хамтлагуудад нэг л
зүйл хэлдэг. "Аясын салхи” байгуулагдахад бид хүүхэд байсан. Тэр үед
Монголд хэзээ ч байгаагүй урсгалаар тоглох гэж байгаа учраас
эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэддэг байсан. Тиймээс "Хамтлагийн
эрмэлзэх 10 зүйл” гэсэн тангарагийн бичиг хийж байлаа. Хамтлагийн нууцыг
задруулахгүй, өөр хамтлагт урвахгүй гэсэн утгатай. Юу хийх гэж
байгаагаа ингэж тодорхойлчихсон байсан учраас бид 30 жил амьд явж
чадсан. Гэтэл одоогийн шинээр гарч ирж байгаа толгойноосоо том нэртэй
хамтлагууд нэг наадамд оролцоод л дараа нь таарахад тарчихсан байдаг.
Нөгөө хамтлаг чинь яасан гэхээр салаад өөр өөр хамтлагт орсон гээд л
явдаг. Хэрэв үнэхээр хамтлаг байгуулах гэж байгаа бол хүмүүсээ нэгтгэж,
барих ямар нэг зүйл хийх хэрэгтэй. Хамтлаг чинь хамт л байх ёстой биз
дээ. Хэн дуртай нь орж, гарч байдаг хаалга нь нээлттэй байх хэрэггүй л
байхгүй юу. Манайхан одоо ганцхан дуу дуулсан хүнийг дуучин л гэдэг.
Дээр үед бол тэднийг сайн дурын уран сайханчид гэдэг байсан. Гоё л нэр
байгаа биз дээ. Үнэхээр дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэн, авьяас
билгээрээ ялгарсан бол дуучин. Одоо ч гэсэн ингэж ялгаж, салгамаар л
санагддаг. Би 30 жил дуулсан ч өөрийгөө дуучин гэж боддоггүй. Бас ганц
хоёрхон удаа дуулчихаад л алга болчихсон хамтлаг гэнэт гарч ирээд манай
хамтлагийн хэдэн жилийн ой гэдэг. Тэр бол бас тэнэг асуудал.
-"Death metal”-ийн дараа…?
-"Death metal” бол метал рокын оргил нь. Хамгийн хэцүү, хамгийн хурдан,
хамгийн хүнд. Бид нар боддог л доо. Метал урсгал дахиад цааш хөгжвөл
бидний тоглож байгаагаас хурдан болно гэж байхгүй. Тийм учраас эргэх
байх. Моод эргэдэг. Ингэж өөрчлөгдөж байгаа нь метал хөгжим сөнөхгүй
байхын үндэс.
-Таны ярианаас эсрэг тэсрэг зөрчилдөөн их
ажиглагдлаа. Амьд мөртлөө үхлийн тухай дуулдаг. Цагдаа мөртлөө сайн
дураараа эсэргүү болчихсон, ээждээ хайртай ч түүний тухай дуулдаггүй.
Бас рокер мөртлөө гарт чинь нэг ч шивээс алга?
-Цагдаа
болж байхдаа хэзээ ч биендээ шивээс хийхгүй гээд тангараг өргөчихсөн.
Тэгээд ч дэлхий дээр метал рок мөртлөө шивээсгүй нэг ч гэсэн хүн байг л
дээ. Ер нь, би ажлаа хийгээд метал хөгжмийг орхичихсон бол энэ урсгалд
Монголд саяханаас л орж ирэх байсан. Бидний хойноос төрсөн хамтлагууд
2000 он гарчихсан байхад байгуулагдсан. Хэдийгээр тухайн үедээ буруу
байсан ч одоо эргээд харахад зөв байгаа биз дээ. Үхэл чамайг маргааш
авъя гээд сануулдаггүй учраас үүнийг дуулах л ёстой. Бусдад анхааруулах
хэрэгтэй. Хэрвээ чи хөдөө байдаг аав, ээждээ очиж уулзалгүй удсан бол
оч, нэг бүсгүйг гомдоочихсон бол уучлалт гуй гэдгийг дуугаараа хэн
нэгэн хэлэх ёстой.
Нутаг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих