Монгол улсын наран мандах зүгийн хязгаар Дорнод аймаг нь улсдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хотуудын нэг байлаа. Үүний шалтгаан нь, социализмын үеэс зонхилох салбараар нь Монгол улсыг ‘мал аж ахуй – аж үйлдвэрийн орон’ гэж байхад Дорнод аймаг ганцаараа ‘аж үйлдвэр – мал аж ахуйн’ аймаг гэж нэрлэгдэтлээ өндөр хөгжсөн үйлдвэрийн салбартай холбоотой байсан юм. Улсдаа том бөгөөд ховор үйлдвэр болох Мах комбинат, Хивсний үйлдвэр, Силикат тоосгоны үйлдвэр, Ноос угаах үйлдвэр зэрэг байлаа.
Дорнод аймгийн мах комбинатыг БНБАУ-ын техник, эдийн засаг, мэргэжилтний туслалцаатайгаар ардын армийн …р ангийн барилгачин дайчдын хамтарсан хүчээр 1966 оноос барьж, 1970 онд ашиглалтанд орсон ба орчин үеийн машин тоноглолоор төхөөрөмжлөгдсөн хүнсний томоохон үйлдвэрийн нэг юм.
Махкомбинат нь эхлэн боловсруулах үйлдвэр, хөргөлт, захиргаа аж ахуй, нэгдсэн засвар ахуйн үйлчилгээний газар зэрэг том жижиг 10 гаруй барилгаас бүрдэнэ.
1970 оноос эхлэн Буйр нуур дахь загасны үйлдвэрийг тус махкомбинатын харъяа нэгдсэн цех болгосон байна. Тус үйлдвэр нь боловсон хүчний, төлөвлөгөөний, хөдөлмөр цалин хөлсний, чанарын удирдлагын, санхүү тайлан бүртгэлийн, материал техник хангамж боловсруулалтын зэрэг 6 хэлтэс 5 нэгдсэн цехтэй юм.
Тус комбинат нь 1991 оны 05 дугаар сарын байдлаар 81,4 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 21,1 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй 1125 ажиллагсадтай байв.
Тус комбинатын хамт олны санаачилж шинээр үйлдвэрлэж байгаа "Хэрлэн” "Халхгол” хиам чанарын тэмдэг, "Онон” хиам алтан медаль хүртэж байжээ.
Оросын Холбооны Улсын Чита мужийн болон Болгар Улсын Шумен хотын Мах комбинатуудтай шефийн харилцаа тогтоон ажиллаж, Хөдөө аж ахуй, худалдаа үйлдвэрлэлийн яамны нэгдлийн холбооны дээд зөвлөлийн 1988 оны 03 дугаар 15-ны өдрийн 20/16 дугаар тогтоолоор үйлдвэр, хөдөө аж ахуйг хоршиж ажиллуулах ажилчин албан хаагчдын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлзийт хоршооллыг татан буулгаж Мах комбинатын харьяа туслах аж ахуй болгон нэгтгэсэн боловч алдагдалтай ажиллаж байсан учраас Махкомбинатын даргын 1991 оны 02 дугаар 11-ны өдрийн 24 дүгээр тушаалаар туслах аж ахуйн өмчийг задлах хэлбэрээр зохион байгуулалтыг өөрчлөн пүүс, хоршоолол болгон бие даалгаж гаргасан байна.
Монгол Улсын Засгийн Газрын өмч хувьчлалын 1992 оны 04 дүгээр 23-ны 68 дугаар тогтоолоор Махкомбинатыг "Дорнод” компани болгон өөрчилж байжээ.
Дараагийн дугаарт Дорнод аймгийн "НООС УГААХ” үйлдвэрийн түүхийг эргэн сөхөх болно.
dtoday.mnТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих