
Өглөө ажил дээрээ ирээд face-ээр орлоо. Хааяахан зарын чанартай ганц нэг мэдээлэл тавигддаг "сэтгүүлч” хуудас бие бие рүүгээ дайрч давшилсан сайн, муу үгээр дүүрсэн харагдана. Би жиргээч энэ тэр нь биш л дээ, жирийн л хэрэглэгч. Зүгээр сониучирхаад өнгөрч түвдсэнгүй, бас хэдэн үг биччихэв. Гайхах ч зүйл биш л дээ, угтаа сонгууль ойртсоны дохио. Эрх баригчдын зүгээс сэтгүүлчдэд "хайр” зарладаг цаг нь. Хотын төсөвт Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нэрээр 90 саятөгрөг "зоож”, түүнийгээ Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дансанд төвлөрүүлж, угтаа хоёрхон телевизэд хувааж өгөхөөр далдуур тохиролцсоноос асуудал үүджээ. Бүх юм хууль номын дагуу явагдах учиртайг тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Гэтэл хэвлэл мэдээллийн нэрээр хэдэн тоо тавьчихаад сэтгүүлчдийг ингэж хэмлэлдүүлэх нь хэнд ямар ашигтай юм бол. Өөрсдийн намын угшилтай телевизээ намаасаа ч юм уу, хувиасаа санхүүжүүлэхэд хэн юу хэлэхэв. "Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” гэдэг шиг маньд падлий ч үгүй хэрэг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөнөөс цувчуулж хувийн телевизэд өгнө гэдэг байж болохгүйгээр үл барам хууль номондоо ч таарахгүй асуудал. Сэтгүүлчид өнөөдөр ядуу байж болно, "өлсөж” ч байж мэднэ. Гэлээ гэхдээ бие биеэ барьж "идэж”, хэмлэж доромжилж болохгүй л дээ. Сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн маань хүртэл эрх баригчидтай дотносож, толгой бөөрөөрөө хэлхэлдээд гүйж явах болж. Биднийхээ эрх ашгийн төлөө ингэж яваа бол алга ташиж талархахаас яалтай. Хэвлэл мэдээллийн салбарт насаараа ажиллаж байгаа миний хувьд ганцхан бахархал байдаг, хаана ч гайхуулдаг. Тэр нь 1998 онд Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдахад хамгийн түрүүн тун дуулгавартайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хувьчлагдсан цөөхөн газруудын нэг нь Дорнод. Тэр хэрээрээ хувийн сонин, телевизүүд нь жинхэнэ "бор зүрхээрээ” зүтгэсээр, өөрсдийн гэх өнгө төрхийг тодорхойлж өдий хүрсэн. Нэг л зүйлийг бид ойлгох учиртай. Сонгууль тэртээ тэргүй болдгоороо болно. Сонгуулийн дараа эрх баригчид биднийг мартдагаараа мартана. Тийм болохоор аль болох эв эеийг хичээж айлын хаяа хатавчинд очилгүй өөрсдийн босгосон өрх "гэр”-ээ нураачхалгүй ганц нэг дээвэр туурга нэмэрлэсэн шиг явж яагаад болохгүй гэж. Өнөөхөндөө энэ гэр сиймхий байж болно. Сиймхий ч гэсэн гэр минь гэдэг биш үү.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн бага хурлын гишүүн Б.Туяа

М.Ялалт

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих