Монгол Улсын эдийн засаг элэг дөрвөөрөө хэвтсэнийг төрийн өндөр дээд
албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг баталж байна гэчихвэл
хилсдэхээргүй аж. Учир нь өнгөрсөн 2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ
жилийн орлого нь тэрбумаар тоологдож байсан нэр бүхий УИХ-ын гишүүдийн
орлого огцом буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн,
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн жил АТГ-т гаргаж өгсөн
2012 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлогоо 20 гаруй тэрбум
хэмээн мэдүүлсэн бол энэ удаад 22,4 сая орчим болж бараг арав дахин
буурсан үзүүлэлтийг Авлигатай тэмцэх газрын цахим хуудсанд нийтлэгдсэн
төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Мөн
түүнтэй адил огцом "ядуурсан" гишүүн нь Б.Чойжилсүрэн. "Хурд"
группээрээ овоглодог эрхэм гишүүний 2012 оны орлого зургаан тэрбум 27
сая байсан. Гэтэл энэ удаад 25 сая хэмээн мэдүүлжээ. Хачирхалтай нь
түүний жилийн орлого зургаан тэрбумаар үнэлэгдэж байхад тэрбээр 15
компанийн хувьцаа эзэмшдэг байсан бол жилийн 25 саяын орлоготой болсон
өнгөрсөн онд 27 компанийн хувьцаа эзэмшиж байсан аж.
Хамгийн их орлоготой нь Л.Болд
Харин энэ удаа хамгийн баян эрхмээр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд тодорчээ. Тэрбээр жилийн орлогоо 33 тэрбум 139 сая хэмээн мэдүүлжээ. Түүний өнгөрсөн жилийн ХОМ-т жилийн орлого нь 208 сая гэж байсан. Огцом мөнгөжсөний шалтгааныг "Голомт" банкнаас өрх тусгаарласантай нь холбож ойлгож болох байх. Бэл мөнгөөр арвин байсан эрхмүүдийн жагсаалтад Л.Болдын араас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр оржээ. Түүний жилийн орлого гурван тэрбум төгрөг хүрчээ. Хачирхалтай нь гурван тэрбумын орлоготой гишүүнд орон сууц ч, унах унаа ч байхгүй. Тэрбээр орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашигладаг барилга байшин байхгүй, харин бусад зориулалт гэдэгт нэг гэсэн тоо тавьсныг бодоход зуслангийн амбаар ч юм уу юутай ч толгой хоргодох нэг юм бий бололтой.
УИХ-ын гишүүн Д.Зоригт хоёр тэрбум гаруй 10 гаруй тэрбумын авлагатай ч Худалдаа хөгжлийн банкнаас дөрвөн тэрбум 250 сая төгрөг зээлсэн гэнэ.
Хамгийн бага орлоготой нь Л.Гантөмөр
Хамгийн "ядуу" гишүүнээр Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр тодорсон байна. Түүний жилд олдог мөнгө нь ердөө 18 сая. Энэ нь гишүүний цалин дээр сайдын урамшуулал нэмэгдээд тэр бололтой. Тэрбээр өнгөрсөн жил гаргаж өгсөн ХОМ-тээ 244 саяын орлого олсноо мэдүүлсэн байдаг.
Мөн жилийн орлого нь хорь хүрэхгүй сая төгрөгт эргэлддэг гишүүдэд О.Баасанхүү, Д.Арвин, Я.Содбаатар, Н.Энхболд, Л.Энх- Амгалан нар багтжээ. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр 2012 онд 227 сая төгрөг жилд олж байсан бол өнгөрсөн жил түүний орлого 85 сая болж буурсан гэхээр огцом ядуурсан гишүүдийн нэг болж таарч байгаа юм.
Олон байшинтай ыь С.Одонтуяа, Олон машинтай нь Б.Наранхүү
УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар хамгийн олон буюу тус бүртээ таван орон сууцтай. С.Одонтуяа гишүүнд бусад гэсэн ангилалд багтах барилга байгууламж нэг бий. Түүний араас орон сууцныхаа тоогоор УИХ-ын МАН-ын бүлгийн дарга, С.Бямбацогт, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар орно. Тэд тус бүртээ дөрвөн орон сууцтай гэнэ. Харин Ж.Энхбаяр гишүүнээс гадна "Шударга ёс" эвслийн О.Баасанхүү мөн өөрийн нэр дээр орон сууцгүй хэмээн мэдүүлсэн байна.
Манайд томор хүлэг сонирхдог түшээ чамгүй олон. Тэдний нэг нь "Мон Уран"-ы Б.Наранхүү. Тэрбээр нэг тэрбум 735 сая 880 мянган төгрөгийн үнэ бүхий долоон машинтай. Харин УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хөрөнгө орлогын мэдүүлгээс өнгөрсөн жил худалдаж авсан хэмээн цахим хуудсаараа гайхуулан байсан "Mersedes Benz S 500"-г нь олсонгүй. Үүнийхээ ачаар "бенз" хоч хүртэл зүүгээд амжсан хатагтай энэ удаа хувийн машингүй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бөглөжээ.
Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө орлогын тэдүүлгийг дэлгэрэнгүйгээр нь
Өдрийн шуудан

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих