Эзэн богд Чингис хааны цадиг түүхийг эгэлгүй хүүрнэсэн Нууц товчоонд Алтан, Хучар хэмээх хоёр хүний түүх, үйл явдал хэдэнтээ дурдагддаг. Түүхийн бусад сурвалж бичгүүдэд ч нэр нь элбэг тохиолдох тул энэ хоёрыг түүхэн цаг үеийн бодит хүмүүс хэмээн үзэх нь нэгэнт тодорхой болсон. Тэд Тэмүжинд хүчээ өргөх боловч, шан хишиг, олзны төлөө нөхрөө хаяж Жамухад, дараа нь Ван хаанд хүртэл урван очсон тухай Нууц товчоонд дурддаг. Хэн хүчтэн байна, түүний тугийн дор зүтгэж олз хишгийн төлөө омтгойрогчид адаг сүүлд нь эзэн Чингис хааныг бараадсан боловчиг богд хааны итгэлийг алдсаныхаа төлөөсөнд амиа алдсан тухай түүхийг бид мэднэ.
Тэгвэл Алтан, Хучар нартай төстэй түүх бүхий замналтай хүмүүс Монголын түүхийн аль ч цаг үед тохиож ирсэн нь тодорхой. Эдүгээ бидний амьдран буй цаг үед Алтан, Хучар нарын түүхийг хөрвүүлж жишиж үзвэл тогтворгүй үзэл баримтлалтай, албан тушаал эрх ашгийн төлөө буурь сэлгэж, нам дамжин гүйх улстөрчдийг дурдаж болох юм.
Харин тэдний дундаас хоёр ч удаа хувийн эрх ашгийн төлөөнөө намаа сольж, нөхдөө орхисон хүмүүсээр УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг нэрлэж болохоор болжээ. Тэд анхнаасаа л МАН-ын харьяалалтай гишүүд байсан боловч Н.Энхбаярыг дагаж МАХН руу сүр дуулиантай одсон, эцэст нь сонгуулийн өмнөхөн улс төрийн нөхцөл байдал ашиггүй хувилбараар эргэж эхлэхийг мэдмэгц мөнөөх Н.Энхбаяраа хаяж МАН-ыг бараадсан нь ёстой л Алтан, Хучар нарын арга барилыг давтсан сонгодог жишээ хэмээж болохоор байна.
Ч.Улааны хувьд эртний л МАХН нэртэйгээ байсан үеийн энэ намын туршлагатай кадруудын нэг. Тэрээр Улсын Их Хурлын гишүүнээр тав дахь удаагаа сонгогдож, Шадар сайд, Төсвийн Байнгын хорооны дарга, Сангийн сайдаар гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байсан. Д.Тэрбишдагва "ТБД Андууд” дэлгүүрээр овоглон их улс төрд орж МАН-ын буянаар УИХ-д данстай болсон юм. Төрд олон жил зүтгэсэн хашир туршлагатай улстөрчид яах аргагүй мөн боловч тэдэнд олон жил УИХ-д "дөрөө харшуулан” суусан спикер асан Д.Дэмбэрэл ч юмуу, Ц.Нямдорж нар шиг тогтвортой байдал тааруухан бололтой.
Анх МАН-ын дарга М.Энхболдыг огцруулж намын дарга, Ерөнхий сайдын суудлыг нь С.Баярт авч өгөх ажилд гол рольтой оролцсон "Элсний 13” хэмээх МАН-ын гишүүдийн албан бус бүлгийг Ч.Улаан толгойлж, Д.Тэрбишдагва ч нэг гишүүн нь болж идэвхтэй оролцож байсан. Энэ нь нэг ёсондоо Н.Алтанхуягийн Засгийн газрыг "Шонхор” фракцийнхны тусламжтайгаар сөрөг хүчнийхэн унагаж, цаашлаад намын даргын албан тушаалыг нь авсантай яг ижил үйл явдал юм. МАН-ынхан ч төр атгаж байх үедээ ийнхүү албан тушаал, эрх мэдлийн төлөө, намын дарга, Ерөнхий сайд сэтэрийг нэгээс нөгөөд өгөхийн төлөө хуваагдан тэмцэлдэж байсан түүх бий. Тэр түүхийн гол дүрд мөнөөх л өнөө цагийн Алтан, Хучар нар гол үүрэгтэй оролцож байв.
Түүнээс хойш олон зуун цагдаад бүслэгдэн, оймстойгоо ачигдсаны хүчинд өрөвч нинжин сэтгэлтэй ард түмнээсээ өндөр оноо авсан Н.Энхбаярыг даган МАХН-д орж яг л хэдэн өдрийн өмнөх шиг байдалтайгаар хадаг, сүүтэй угтуулж байсныг хуучирч амжаагүй гэрэл зураг ч гэрчилж байна. Ядарч яваа Н.Энхбаярыг бараадсаныхаа хүчинд тэд ч "Шударга ёс” эвслийн бүрэлдэхүүнд орж УИХ-д дөрвөн жил заларч, төрийн зүтгэлтний намтартаа дахин нэг хуудас нэмүүлсэн.
Одоо цагт сонгуулийн систем солигдож, жагсаалтын 28 үгүй болсноор тойрогт очилгүй амар жимэр УИХ-д орох, цаашлаад улстөрийн гуравдагч хүчний хувьд дахин парламентад сонгогдох, улс төрийн өндөр албан тушаал горилох шаанс МАХН-ын гишүүдэд ховордсон хэмээн улс төр ажиглагчид, хэвлэлүүд бичиж байна.
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын дахин бууриа сэлгэж, ядарч явахад нь хаяад гарсан намынхаа хаалга үүдийг онголзуулан хадаг, сүү болон явж очсон нь ч дээрх улс төрийн нөхцөл байдалтай холбоотой нь тодорхой. Мажоритари системийн буянаар МАН-ын нэрээр дахин Их хуралд сонгогдохын төлөө ийнхүү өнөө цагийн Алтан, Хучар болохдоо тэд өчүүхэн ч хүн чанар зулгаасангүй дээ. Хуваагдахаас өмнөх МАХН-ын үед ч, АН засгийн эрх барьж байгаа энэ цаг үед ч тэд бүгд л Засгийн газарт сайдын сэнтийд морилцгоосон эрхмүүд. Ёстой л баргийн улстөрчдийн хүсээд хүсээд авч дийлдэггүй суудлуудыг хангалттай авсан улстөрчид боловчиг энэ байдал нь хангалтгүй санагддагийн жишээ ч гэж хэлж болох.
POLITIK
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих