Сүүлийн үед дэлхий дахинаа оффшор бүс дэх мэдээлэл шуугиан дэгдээж байна. Энэ шуугианд манай улсын иргэдийн нэр холбогдож байгаа. Тэр дундаа төрийн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн эсэх талаар олон нийт ихэд сонирхож байна. Оффшор бүсийн асуудлаар Авлигатай тэмцэх газрын байр суурийг тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямаас тодрууллаа.
-Монгол иргэдийн нэр холбогдсон оффшор дансны мэдээлэл цацагдлаа. АТГ энэ асуудалд хэрхэн хандаж байна вэ? Та нар мэдээллийг судалж үзсэн үү?
-Тийм ээ. Бид энэ тухай мэдээлэл гарсан даруйд олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбооноос гаргасан оффшор мэдээллийн санд бүртгэлтэй хаягаар хайлт хийж судалсан. Нийтдээ 49 иргэний мэдээлэл гарч ирж байгаа. Эдгээр хүмүүсийн хувь эзэмшиж буй 61 компани оффшор бүсэд бүртгэлтэй байна. 22 компани нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол 39 нь идэвхгүй, эрх нь хаагдсан байгаа юм. 2008-2011 оны хооронд хамгийн олон компани байгуулагдсан байна. Харин 2012-2013 онд хамгийн олон компани идэвхгүй болсон байсан. Энэ нь эдийн засгийн өсөлт, гадны хөрөнгө оруулалт өндөр жилүүдэд компани олноороо байгуулагдаж, харин эдийн засгийн хүндрэлтэй, хөрөнгө оруулалт багатай үед компаниа идэвхгүй болгох нь нэмэгдсэн гэж дүгнэж болохоор. Мөн 2013 оны дунд үед Олон улсын сэтгүүлчдийн холбооноос оффшор данстай холбогдох мэдээллийг ил болгосон нь ч нөлөөлсөн байх үндэстэй.
-Манай улсын иргэд оффшор бүсэд данстай байхыг зөвшөөрдөг үү?
-Монгол Улсын иргэн оффшор бүсэд компани байгуулах, данстай байхыг ямар ч хууль тогтоомжоор хориглоогүй. Харин сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга, С.Одонтуяа нар хууль боловсруулахаар тодорхой санал санаачилга гаргаж байгаа юм билээ.
-Төрийн албан хаагчдын хувьд үүнийг зохицуулсан хуулийн ямар нэгэн зохицуулалт байдаг уу?
-Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагчийг тусгайлан ялгаж зохицуулсан хууль эрх зүйн зохицуулалт байхгүй , дээрхийн адил хориглосон заалт байхгүй гэсэн үг. Төрийн албан хаагч Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Гэвч гадаадад байгаа, ялангуяа оффшор бүс дэх хөрөнгөө мэдүүлэх эсэх талаар хуульд нарийвчлан заагаагүй байсан. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль 2012 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт шинэчлэгдсэн. Энэ маягтын дагуу мэдүүлэг гаргагч хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны дансны үлдэгдлээ мэдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картны үлдэгдлийг мэдүүлэх үүрэгтэй. Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үүсгэн байгуулсан болон хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж, гадаад, дотоодын хөрөнгийн биржээс худалдан авсан хувьцаа, бонд, бусад үнэт цаасыг мэдүүлж, хөрөнгийн эх үүсвэрийг тодорхой бичихээр зохицуулсан байгаа.
-Тэгвэл төрийн албан хаагчдыг оффшор бүсэд данстай гэдгээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн үү, үгүй юу гэдэгт үндэслээд шалгах бололцоотой гэсэн үг үү?
-Бололцоотой. Гэхдээ энд нэг зүйл бий. Манай газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтээс албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах явцад мэдүүлэг гаргагч болон гэр бүлийн гишүүдийн хадгаламж, картын дансны үлдэгдлийн хуулгыг дотоодын банкнаас гаргуулан авах талаар хуулийн тодорхой заалт зохицуулалт байдаггүй. Тиймээс хяналт шалгалтыг бүрэн гүйцэд чанартай хийхэд сөргөөр нөлөөлөх тал бий. Түүнээс гадна албан тушаалтны гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах хөрөнгө, орлогын бүртгэл, түүнийг шалгах үйл ажиллагааны талаарх дотоод эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учир шаардлагатай механизм байхгүй гэсэн үг. Эрүүгийн хэрэг шалгахад энэ хүндрэл байхгүй л дээ, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд хийгддэг болохоор.
-Гадаад улсад оффшор данстай холбоотой асуудлыг ямар байгууллага нь шалгадаг юм бэ? Авлигатай тэмцэх байгууллага нь шалгадаг уу?
-Үгүй юм билээ. Улс орнууд энэ асуудалд ямар хариу үйлдэл үзүүлж байгааг бид 23 орны жишээн дээр судалж үзлээ. Энэ 23 улсаас 11 нь ямар нэгэн байдлаар мэдээллийн мөрөөр шалгах ажиллагааг эхлүүлсэн, эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдээд байна. Нийтлэг байдлаар авч үзвэл оффшор бүстэй холбоотой асуудлыг татвараас зайлсхийх, мөнгө угаах асуудалтай илүү холбож, энэ төрлийн гэмт хэргийг шалгах, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд нь шалгаж байна. Өөрөөр хэлбэл, дээрх улс орнуудын төв банк, санхүүгийн хяналтын болон санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, татварын байгууллага, төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг, төрийн албаны ёс зүйн хороо, цагдаа, прокурор зэрэг байгууллагууд шалгаж байгаагаа мэдэгдсэн. Энэтхэг, Австрали зэрэг улсын жишээнээс харахад төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, өргөн хүрээтэйгээр энэ асуудлыг шалгаж байгаа нь зохион байгуулалтын хувьд оновчтой байж болохыг манай улс ч бас анхаармаар. Зарим улсын хувьд хууль сахиулах байгууллагууд нь оффшор бүстэй холбоотой албан тушаалтнуудаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах зорилгоор тайлбар авч байгаа юм билээ. Оффшор дансыг үндсэндээ татвараас зайлсхийх, мөнгө угаах зорилгоор ашигладаг гэж олон улсад үздэг, тухайн дансан дахь мөнгөний эх үүсвэрийг нягтлан шалгаснаар уг мөнгө хөрөнгө нь гэмт хэргийн замаар бий болсон эсэх, хэрэв тийм бол ямар гэмт хэргийн улмаас бий болсон юм бэ гэдгээс шалтгаалан аль байгууллага гүнзгийрүүлж цаашид шалгах нь тодорхойлогдох боломжтой, манай улсын хувьд.
-Бусад улс орнууд оффшор бүс дэх дансны асуудалд ихэд цочир хандаж байх шиг. Харин манайд нэр холбогдсон хүмүүс нь хэвлэлийн хурал хийж, мэдэгдэж, бусад нь таг чиг байна.
-Зарим улс орнууд оффшорын асуудалд анхаарал хандуулж байхад ОХУ, Украин, Хятад, Израиль, Их Британи, Аргентин зэрэг улсаас нэр нь дурдагдсан өндөр албан тушаалтнууд ихэвчлэн ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй, оролцоогүй, энэ бол өрсөлдөгчдийнх нь явуулга гэх зэргээр тайлбар хийж байгаа нь манай улсынхтай зарим талаараа ижил гэж үзэж болохоор байгаа. Хятад, Саудын Араб, Египет зэрэг улсад оффшор бүстэй холбоотой албан тушаалтнууд байр сууриа илэрхийлэхгүй байгаа бол Хятад улсад энэ талын мэдээллийг интернэтээс хайж унших ч бололцоогүй байх жишээтэй. Харин Исланд, Испани, Чили зэрэг улсын нэр нь холбогдсон хүмүүс албан тушаалаа өгсөн, өгөхөө мэдэгдсэн нь нэг талаас тэдний ёс зүй, нөгөө талаас сөрөг хүчний шахалт, олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаатай холбоотой байх.
Оффшор данстай гэж нэр дурдагдсан хэн ч бай би ийм данстай, энэ дансаар ийм учиртай тэдий хэмжээний гүйлгээ орж гарсан гэдгээ олон нийтэд нээлттэй үзүүлж харуулчихсан байхад ямар нэгэн хардлага, битүү таамаг яриа гарах учиргүй шүү дээ. Би данстай дансгүй, ашигласан ашиглаагүй компани гэхчилэн мэдэгдэл хийхээсээ илүүтэйгээр оффшор санхүүгийн үйлчилгээг ямар зорилгоор авч байгаа, ямар дансаар хэдий хэмжээний, хэдэн удаагийн гүйлгээ хийснээ хувь хүн өөрөө ил тод мэдээлж зарлахад болохгүй зүйлгүй л дээ.
-УИХ-ын зарим гишүүн АТГ-т хандсан. Энэ дагуу танай байгууллага юу хийж байна вэ?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон зарим нэр бүхий гишүүдээс энэ асуудлын хүрээнд албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгуулах, шаардлагатай тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгуулах хүсэлтийг ирүүлсэн. Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг манай байгууллага нарийвчлан хянан үзэж, мэдүүлэгт дурдсан хадгаламж болон гадаад дахь дансны талаарх мэдээллийн үнэн бодит байдлыг тодруулах, хөрөнгийн эх үүсвэрийг тогтоох зэргээр хяналт шалгалтыг явуулж байна.
-Оффшор бүсэд эзэмшиж байгаа дансан дахь хөрөнгө, орлогыг хууль бусаар олсон гэдгийг шалгаж тогтоовол яах вэ?
-Иргэдийн хувьд тухайн асуудал нь татвараас зайлсхийхтэй холбоотой бол тэр чигийн асуудлыг нь шалгана. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн үйлчлэлд хамаарагдсан эсэхийг бас нягтлаж үзэх байх. Харин төрийн албан хаагчийн хувьд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй бол хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 2701 дүгээр зүйлд хууль бусаар хөрөнгөжих гэж байгаа. Энэ гэмт хэргийг АТГ харьяалан шалгадаг. Нийтийн албан тушаалтан буюу төрийн албан хаагч хууль ёсны орлогоосоо гадна их, онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол хорих ял шийтгэх хуультай. Хууль ёсны орлогоосоо гадна их, онц их хэмжээгээр олсон эд хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх хуулийн тайлбар байгаа. Хууль ёсны орлогоос гадна гэдэг нь эх үүсвэр нь тодорхойгүй олсон орлого гэж ойлгож болно.
-Тэгэхээр төрийн албан хаагч оффшор бүс дэх дансаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ мэдүүлэх үүрэгтэй ч түүнийг нь нарийвчлан шалгах боломжгүй юм байна. Эрх зүйн орчин ч байхгүй. Цаашид яах вэ?
-Манай улсын хувьд бий болоод байгаа нөхцөл байдалтай уялдуулан татварын эрх зүйн зохицуулалт, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх болон төрийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн эрх зүйн зохицуулалтыг цаашид улам бүр боловсронгуй болгох шаардлага харагдаж байна. Бусад улс орнуудтай харилцан туслалцааны гэрээ, хэлэлцээр байгуулж, идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй. Үүний тулд хариу үйлчлэл үзүүлэх /ресипросити/ бололцоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудаас ирүүлж болох аливаа хүсэлтийг биелүүлж чадах механизм, чадвар, чадамжийг дотооддоо бүрдүүлэх шаардлагатай.
-Юу гэсэн үг вэ? Жаахан тодруулахгүй юу.
-АТГ-ын үйл ажиллагаатай холбож үзье л дээ. Хөрөнгө, орлого, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах үүрэгтэй төрийн албан хаагч, нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого, бизнесийн ашиг сонирхлын асуудлаар гадаад улс орноос мэдээлэл авах, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөрөнгө хураах, эргүүлэх авах хүсэлтийг тавихын тулд тухайн улс орноос ирэх ийм хүсэлтийг гардан хэрэгжүүлэх чадвартай байх ёстой гэсэн үг. Гадаад хамтын ажиллагааг сайтар хөгжүүлэх, байнгын харилцаатай байх хэрэгтэй юм. Гэтэл энэ оны төсөвт гадаад томилолтын төсөв бүтэн хасагдсан байгаа. Эрүүгийн хэрэг шалгах явцад ч гадаадын оффшор бүсэд байгуулагдсан компанийн дансны талаарх мэдээллийг гаргуулан авахаар холбогдох байгуулагад нь удаа дараа хүсэлт тавьсан боловч дорвитой ахиц гарахгүй л байгаа.
-Олон улсын түвшинд бусад улс орнуудтай хамтран ажиллах замаар нууц данстай төрийн албан тушаалтнуудыг илрүүлэх, шалгах боломжтой юм байна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Оффшор бүсийн санхүүгийн үйлчилгээгээр халхавчлан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох асуудлыг аливаа улс орон дан ганц дотоодын хууль тогтоомжоороо зохицуулахад улам бүр төвөгтэй болж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ нэн түрүүнд манай улсын төрийн албан тушаалтнууд оффшор данс эзэмших, компани байгуулахыг хориглосон хуультай болох хэрэгтэй. АНУ-ын Конгресс гэхэд л гадаадын санхүүгийн байгууллагууд америк иргэдийн эзэмшиж байгаа дансны талаар тус улсын татварын байгууллагад мэдээлэл өгөх шаардлагатайг хуульчилж өгсөн. Энэ мэтээр Австрали, ОХУ, Англи улс оффшор бүсэд хөрөнгөө нуух замаар татвараас зайлсхийхтэй тэмцэх чиглэлээр дотооддоо хууль батлан мөрдөж байна.
Саяхан БНХАУ-ын Тянжинь хотноо хуралдсан Олон улсын Авлигатай тэмцэх
байгууллагуудын холбооны 9 дэх удаагийн уулзалтаар цаашид авлигатай
тэмцэх байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх,
авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх,
энэ ажилд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг татан оролцуулах,
авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах, харилцан
мэдээлэл солилцох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай
байгаа зэрэг асуудлыг онцлон тэмдэглэсэн. Мөн Англи улсын Лондон хотноо
хуралдсан Авлигын эсрэг олон улсын дээд түвшний уулзалтаар дэлхийн 120
улс орны 200 гаруй мөрдөн байцаагч, прокурор нарыг холбосон өндөр
түвшний авлигатай тэмцэх олон талт ажилд дэмжлэг үзүүлэх мэдээлэл
солилцооны таатай орчныг бүрдүүлсэн олон улсын сүлжээ байгуулах
санаачилга гарч "Авлигын эсрэг зохицуулалтын олон улсын төв” буюу
IACCC-г байгуулахыг бүрэн дэмжихээ Интерполын дарга мэдэгдэж, 2017 оны 4
дүгээр сар гэхэд бүтэц, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон. Ингэснээр
олон улсын хамтын ажиллагааны хүрээнд далд аргаар мэдээлэл солилцох,
ажиглах, хэрэг удирдах үйл ажиллагааг явуулдаг жишгийг Авлигын эсрэг
зохицуулалтын олон улсын төв бий болгон хэрэгжүүлэхээр болж байна.
Оффшор
дансны талаар өмнө би хэлсэн. Энэтхэг, Австрали зэрэг улс төрийн
байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийг байгуулж асуудлыг өргөн
хүрээтэйгээр шалгаж байгаа нь сайн туршлага. Үүнийг бид хэрэгжүүлж
яагаад болохгүй гэж. Оффшор бүсэд татвараас зайлсхийх, хууль бус аргаар
олсон хөрөнгөө нуух, эсвэл мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг энэ
чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий
Авлигатай тэмцэх газар, татварын байгууллага, санхүүгийн мэдээллийн
алба, санхүүгийн зохицуулах хороо, цагдаа, прокурорын байгууллага
хамтран ажиллах шаардлагатай.
-Сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх ёстой, хэрэв оффшор данс эзэмшдэг бол түүнийгээ мэдүүлэх юм байна гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Сонгуульд нэр дэвшигч нь өөрийн хөрөнгө орлогын мэдүүлгээ тойргийн хороондоо гаргаж өгөх хуультай. Хэрвээ оффшор бүсэд данс эзэмшдэг, компани байгуулсан байгаа бол түүнийгээ мэдүүлэх л ёстой.
Эх сурвалж: АТГ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих