03:46
УИХ шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталлаа.
Шинэ Засгийн газрын сайд нарыг баталсан учраас Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөллөө.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг томиллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувийн дэмжлэг хүлээв.
03:33
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдав.
Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Ганбатыг томиллоо. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувийн дэмжлэгийг хүлээж батлагдав.
Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гашуун сухайт дээр төмөр зам баригдах юм уу, шороо овоолсон юм уу. Петро чайна дачин тамсаг замаа барихгүй байна, барих боломж байна уу. Хийх ажлынхаа талаар юу бодож байна вэ гэсэн асуултад хариулт хүслээ.
Д.Ганбат: Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын доод хэсгийг 250 сая ам.долларын санхүүжилтээр барьсан, 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг "Монголын төмөр зам” компани "Энержи ресурс” компаниас хүлээж аваад үргэлжлүүлсэн. 2014 онд санхүүжилтгүйгээс ажил зогссон. Ажил зогссоноос төмөр замын доод далан салхи, бороо үер уснаас болж эвдэрч гэмтэж байгаа учраас яаралтай дуусгах шаардлага бий. Арилжааны зээлээр төмөр зам барих нь буруу байсан. Бага хүүтэй зээлээр төмөр зам барих ёстой байсан. Ингэхгүй бол зээлэндээ дампуурах эрсдэлтэй.
Петро чайнагийн зам олон жил яригдаж байгаа. 100 гаруй км зам баригдаад хүлээлгэж өгөх гэж байгаа.
Багануур Улаанбаатарын нийтийн тээврийг цахилгаанжуулах асуудлыг судалж байна. галт тэргийг цахилгаанжуулах шаардлага бий.
02:50
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа.
Сайд Н.Номтойбаяр салбарынхаа тухай: Нийгмийн даатгалын 200 гаруй тэрбум төгрөг байна, арилжааны 8 банкинд маш бага хүтэйгээр 2 жилийн хугацаатай байршуулсан. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд ажилласан зүйлүүд олон бий. Тэтгэврийн зээлийн хүү буух боломжтой байгаа.
Эмэгтэй 40, эрэгтэй 45-аас дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах эрх зүйн орчныг дахин шинэчилж батлах ёстой. ажлын байраар хангаж байгаа аж ахуйн нэгжийг НД-ын шимтгэл, ААНОАТ-ын тодорхой хувийг хөнгөлдөг байдлаар зохицуулах боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээ ажлын байраар хангах хуулийг салбарын яам нь хэрэгжүүлдэггүй. Яаманд нь ажиллаж байгаа 100 гаруй хүнийх нь дунд нэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаггүй, энэ мэтчилэн анхаарах асуудлууд бий.
01:43
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээв.
Сайдад нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Бизнесийн эрх зүйн орчинг бий болгоход анхаарах. Эдийн засаг хүндэрсэн нь бизнесийн байгууллага муу ажилласандаа биш засаглал оновчтой биш, улстөржилт маш их учраас бизнестээ саад учруулж байна. Бизнесийнхэн айх аюулгүй ажиллах боломжоор хангагдах ёстой. Засгийн газар, төр бизнестээ өөрийгөө хөгжүүлж явах эрх зүйн орчин бүрдүүлж өгөх.
Бизнесийн айдас хүйдсийн тухай ярихад хуулийн байгууллага нь аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зүйл бий.
Бизнесийн үйл ажиллагаа эрхлэх тайван орчин бүрдвэл ажлын байр бий болгоход ч нэмэртэй, эдийн засгийн хүндрэлийг давахад ч хэрэгтэй.
Хууль зүйн салбар жинхэнэ утгаараа мэргэжлийн салбар байх ёстой. Таны салбарт ажиллаж байгаа бүх байгууллагууд улс төржилтөөс ангид байх ёстой. Хуулинд суусан зарчмуудыг барьж ажилладаг байх ёстой.
Компанийн засаглал гэдэг юм манайд 21 дүгээр зууны төвшинд хүрээгүй, ихэнх компани гэр бүлийн бизнесийн хүрээнд явж байна. Энэнд онцгой анхаарах.
Ерөнхий сайдад хандаж хэлэхэд Мэргэжлийн давхар дээлгүй сайд нар оруулж ирээрэй. "Би, би би чадна” гэдэг өвчнөөсөө манайхан ангижирмаар байна. Бодитойгоор улс орны эрх ашигт нийцэх ажлыг хийж чадах уу гэдэг шаардлага өөртөө тавь. Чадахгүй бол татгалзаж сурах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Тахарын алба татан буугдлаа, гэрч хохирогчийг хамгаалах эрх зүйн орчинг яаж бий болгох вэ гэдгээ оновчтой болгоорой.
Цагдаагийн байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид байлгаарай. Сонгуулийн дараа явцуу сонирхлоор цагдааг хөдөлгөв. Ноён нуруутай хандаарай. Бизнесмэнүүд хувийн сэдэл агуулсан хүмүүс шахаас дарамт үзүүлнэ. Монгол төрийн тогтвортой байдал нэг номер, хүний эрх нэг номер.
01:07
Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээж, сайд болов.
Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хандаж УИХ-ын гишүүд саналаа хэлж, мөн асуулт асуусан.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Б.Чойжилсүрэнг Сангийн сайдад нэр дэвшүүлэхэд эхэндээ гайхсан. Энэ албанд санхүүгийн өндөр мэдлэг чадвар, туршлагатай хүнийг томилж ирсэн байтал санхүү, эдийн засгийн хямралтай үед өөр мэргэжлийн хүн гаргаад ирэхээр нь гайхаад МАН-ынхнаас асуусан. МАН-ынхан "Манай Б.Чойжилсүрэн толгой сайтай хүн, хар ухаантай хүн” гэж хариулсан.Таны толгойд, таны хар ухаанд итгэж байна.
Өнгөрсөн парламентад 2016 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөнгөний бодлого дээр мөн ажиллаж байсан учраас тодорхой туршлага суусан болов уу.
Монголын эдийн засаг маш хүнд байгаа.
Өнгөрсөн парламентаар Өрийн удирдлагын тухай хуулийг баталж гаргасан. Гэвч төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлийг Монгол Улсын өрөнд хамруулахгүй гэж хуулиа баталсан. Ийм юм дэлхийд байдаггүй, энэ алдааг засаж залруулахгүй бол Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ийн 70-80 хувь руу орсон. Төсвийн алдагдал 1 их наяд гэж гарлаа, энэ оны зургадугаар сарын байдлаар. Төсвийн алдагдлыг бонд гаргаж нөхдөг. Энэ алдааг засаарай. Төсвийн реформыг бид хийж чадаагүй, бодитойгоор хийхгүй бол энэ улс чинь маш хүнд байдалд орсон шүү.
Өнгөрсөн дөрвөн жилд мөнгө, хөрөнгө оруулалт, төсөв, халамжийн бодлого нь тусдаа байсан. Үүнээс болж дампуурсан шүү. Нэг болгоорой.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төлбөрийн тэнцэл нэлээд алдагдалтай болсон. Төсвийн алдагдал 1.1 их наяд байгаа, ийм хүнд нөхцөлд энэ албыг авах нь.
"Эрдэнэт” саалийн үнээ хэвээр байгаа, 25-30 хувийн нөлөө үзүүлдэг. Энэ том үйлдвэрийн 49 хувийн асуудал хөндөгдөөд байгаа нь ард олонд шийдвэртэй хариу өгөх.
"Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк авсан тухай мэдээлсэн. Гэтэл арилжааны 13 банк нийлээд 500 тэрбумыг гаргах боломжгүй. Тэгэхээр нэг банк тэр хэмжээний хөрөнгө гаргахад бэрх.
Ирэх намар Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас хүмүүс ирнэ. Шинэ он гарангуут Чингис бонд, Самурай бондын төлбөрийг хийж эхлэх ёстой. Бондыг бондоор төлөхөөс аргагүй болно. Маргаашнаас эхлээд дээрх асуудлаар ажлын хэсэг байгуулж ажилдаа ороорой.
УИХ-ын гишүүн Су.Батболд: Засгийн газрын гадаад өрийг зохицуулах шаардлага үүссэн. Төв банктайгаа нийлээд дөрвөн жилийн төлөвлөгөөгөө УИХ-аар батлуулаад аваарай. Ингэвэл төлөвлөлттэй болно.
Хөрөнгийн зах зээлээ олон улсын жишгийн дагуу явуулаарай. Бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтыг дэмжих суурь Сангийн яаманд гарах ёстой.
Сайд Б.Чойжилсүрэн: Өнгөрсөн жилүүдэд худлаа тоо баталж байсан. "Сайн оюутан”, "Сайн хашаа”, "Сайн малчин” хөтөлбөрийн хөрөнгө төсөвт суугаагүй. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1.3 их наяд шаардлагатай гэсэн хэвлэлийн мэдээлэл байгаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрийг үнэлэх шаардлагатай. Үүний дараа асуудал яригдана. 2017 онд хөрөнгө зарцуулах бололцоо гарахгүй байхыг үгүйсгэх аргагүй.
00:16
Гадаад харилцааны сайдаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувийн дэмжлэг хүлээв.
Сайд Ц.Мөнх-Оргилд хандан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Хоёр хөршийн бодлого дээр тусгайлан анхаарах ёстой байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар ороод 10 гаруй жил болж байна. Уг байгууллагад гишүүнээр элсвэл хөрөнгө оруулалт татах боломжтой. Төвийг сахих бодлого дээр ямар байр суурьтай байна вэ. Дипломат харилцааг иж бүрнээр нь харахгүй бол болохгүй байна. "Талын зам” төслийг хэрэгжүүлэх юм бол таван шугамын асуудал яригддаг. Хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах ёстой.
Ц.Мөнх-Оргил: Гадаад харилцааг эдийн засагжуулахад онцгой ач холбогдол өгөөрэй гэсэн саналыг анхаарч ажиллана.
Улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах, бизнес эрхлэгчдээ холбоход анхаарч ажиллана. Транзит тээвэр чухал байгаа, энэ ажлыг Гадаад харилцааны яамны анхаарлын төвд байлгана.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэж УИХ-д танилцуулах болно.
23:32
Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томиллоо. Хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжигдэн батлагдав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигчид хандан "Офицерууд улстөрждөгийг өөрийн биеэр мэдэрсэн. Цэргийн хүмүүс улстөржих ёсгүй юм гэдгийг сайн ойлгуулаарай” гэсэн захиас дайлаа.
23:12
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томиллоо.
Томилгоог батлахын өмнө УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж: Өмнөх Засгийн газрын үед "Эрдэнэт”-тэй холбоотой учир битүүлэг шийдвэр гарсан. Гол сайд нар томилогдож байна. Одоо энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ард түмэнд үнэн мөнийг мэдээлж хууль номынх нь дагуу шийдвэрлэх ёстой.
Юу яасан 28 хувийн асуудал яригдаад явчих вэ, 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ гээд заачихсан байдаг. Тэрхүү 51 хувийг дотор нь хуваах асуудал байхгүй. Зувчуулах асуудал хийгдсэн бол хүчингүй шүү. Ийм луйвартай Засгийн газар ямар ч тохиолдолд эвлэрэхгүй шүү. Өмнө гаргасан булхайтай шийдвэрийг хүчингүй болгоно шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Монгол, Кувейтын судалгааны төвтэй холбоотой таны талаар мэдээлэл гарсан. Үүнд хариулт өгөөч, ташаа мэдээлэл гарсан юм шиг байгаа юм?
Нэр дэвшигч Д.Оюунхорол: Монгол, Кувейтын судалгааны төв гэсэн төрийн бус байгууллага ажиллаж байгаа. Өмнөх парламентын үед Засгийн газрын гишүүнээр ажиллах үед ямар ч эзэнгүй, өмчийн харьяалалгүй хөрөнгө нь орхигдсон төв байсан. Кувейтын талаас тус төвийг төрийн бус өмчийн хэлбэрээр ажиллуулж, эрдэмтэн судлаачид ажилладаг байгууллага болгооч гэж гуйсан. Нурсан барилгыг ашиглалтад оруулахын тулд Кувейтын талтай ярилцаж санхүүгийн асуудлыг шийдэн, Монгол, Кувейтын судалгааны төвийг байгуулсан. Тусламжаар өгсөн 1 төгрөг бүрийг тус төрийн бус байгууллагыг хэвийн үйл ажиллагаатай болгоход зориулсан. Барилга байгууламж, үйл ажиллагааг нүдээрээ очиж үзээсэй гэж бодож байгаа.
Засгийн газрын хуралдаанаас төрийн зарим эрх үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх шийдвэр гарч байсан, үүнтэй холбоотойгоор Засгийн газрын асуудал орж хэлэлцэгдсэн. Улсын өмч хөрөнгийн нэг ч төгрөг байдаггүй, зөвхөн Кувейтын сангийн хөрөнгө байдаг. Сайдад нэр дэвшсэн энэ дөрөв, тав хоногийн хугацаанд зарим нэг хүмүүсийн буруу ойлголттой холбоотойгоор ташаа мэдээлэл тараасан.
22:31
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томиллоо.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.4 хувь нь дэмжив.
Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат : Эрээвэр хураавар Засгийн газар бүрдэх нь. Засгийн газрын бүрэлдэхүүн бүтэн орж ирсэнгүй. Дөрвөн сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ. АТГ-аас дүгнэлт гарсан учраас нэр дэвшүүлэхийг нь түдгэлзүүллээ гэж мэдээлэл яваад байна. Үүнд Ерөнхий сайд хариулт өгөөч.
МАН 20 хонолгүй хоёр амлалтаасаа буцлаа. Мөнгөний тендерийн Засгийн газар байгуулагдах шахуу явлаа. Үүнд олон нийт дургүй байгаа гэдгийг мэдэх ёстой шүү. Ард түмний сонголт учраас Ардчилсан нам хүндэтгэлтэй хандана.
Хоёр дахь амлалт "Давхар дээлгүй байна” гэдэг амлалт үгүй боллоо. Нэр дэвшигч Ж.Мөнхбатад хэлэхэд Засгийн газар бол ард түмний төлөө ажилладаг байгууллага. Хоёрхон жилийн өмнө төв талбайд маск унжуулаад давхар дээлийг эсэргүүцэж байсан. Амьдрал баян. Төрийн ноён нурууг харуулж ажиллаарай.
Ард түмэн Ардын намыг шилдэг боловсон хүчинтэй гэж үзэн сонгосон. Харамсалтай нь, ус цацлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Дөрвөн сайдтай холбоотойгоор АТГ-аас хувийн ашиг сонирхлын зөрчил байна гэдэг дүгнэлт ирсэн учраас түдгэлзүүлсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон, ийм Засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Үнэхээр ийм мэргэжлийн бус Засгийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохиролтой. МАН-ыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан.
Мөн сайд нарыг нэр дэвшүүлэхдээ мэргэжлийн хүмүүсийг өрсөлдүүлж томилох байх гэж бодсон, чадсангүй. Хэтэрхий эрдэж бярдсан юм цаашдаа ямар байх болдоо гэж бодогдох юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Сайд нар томилогдсоныхоо маргаашнаас самарч эхэлнэ шүү. ЗГХЭГ-ын дарга ноён нуруутай байхгүй бол наад хэдэн сайд нар чинь яамдыг самарна. Хамгийн толгой муутай хүмүүс сайд нар байдаг. Зөв удирдахгүй бол төрийн ажлыг самарна. Төрийн ажлын туршлагагүй, бизнес хөөсөн хэдэн сайдаа сайн хазаарлаарай.
Ирэх дөрвөн жилд Тогтвортой хөгжлийн бодлогоо барьж ажиллаарай. Замаасаа төөрөөд хадуурчихав. Хэдэн сайд нараа зөв чиглүүлээд явбал Монгол төрийн бодлого зөв явна.
22:21
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа.
У.Хүрэлсүхийг Шадар сайдаар батлахын өмнө гишүүд "Төрийн албыг төрлийн албанаас салгаж, санаачилгатай ажиллахыг хүсэв. Одоо Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилох тухай саналыг хэлэлцэж эхлээд байна.
21:50
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарын талаар танилцуулга хийсэн юм.
Монгол Улсын Шадар сайдад У.Хүрэлсүх
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Ж.Мөнхбат
Батлан хамгаалахын сайдад Б.Бат-Эрдэнэ
Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил
Зам тээврийн сайдад Д.Ганбат
Сангийн сайдад Б.Чойжилсүрэн
Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэн дэмжиж баталж өгөхийг хүсэв.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих