Дорнод аймаг хог хаягдал боловсруулах цогцолбор үйлдвэртэй болох ажлын эхлэл тавигдлаа. Манай аймаг ийм үйлдвэртэй болсноор бүхий л төрлийн ахуйн болон зам барилга үйлдвэрлэлийн хог хаягдлыг ангилан ялгах, устгах, дахин боловсруулах боломж бүрдэх юм.
Өнөөдөр аймгийн ЗДТГ-т Засаг дарга С.Ганбат, "Эх орон цэвэр байгаль” ХХК-ний ерөнхий захирал Г.Лхагвасүрэн нар Хогны цогцолбор үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх концессын гэрээг үзэглэлээ. Энэхүү төсөл 16 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд бүтээн байгуулалт, өмчлөл, ашиглалтыг "Эх орон цэвэр байгаль” ХХК 100 хувь хариуцаж ажиллах юм байна. Ингэснээр аймаг орон нутгийн төсөвт ачаалал үүсгэхгүй гэж тооцоолж байгаа аж. Монголд анх удаа хэрэгжиж буй энэхүү томоохон цогцолборын нийт өртөг 123,8 тэрбум төгрөг. Цогцолборын барилгын ажил энэ онд эхэлж, 2016 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Чойбалсан хотоо байгальд ээлтэй ногоон хот болоход нэг алхмаар ойртуулж, хогны цоо шинэ менежментийг нэвтрүүлж байгаа нь аймгийн түүхэнд бичигдэхүйц үйл явдал боллоо хэмээн албаны хүмүүс онцлон тэмдэглэж байна. Мөн энэ үеэр, хогны цогцолбор үйлдвэр барьж байгуулах талаар Хэрлэн сумын засаг дарга, түүний тамгын газар ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласныг дурьдаж байсан юм.
А.Хэрлэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих