Хурдан морийг сайн таньдаг уяачид Булган суманд олон байжээ. Уяач Жамъянгийн Данзаншарав сумын алдуул адуунаас нэг цагаан морийг энэ хурдлана гэж наадамд уяхад үнэхээр хурдалж сүүлдээ / сумын цагаан / гэж нэрд гарч байжээ. Морь сайн таньж олон жил хурдлуулж байсан Мятавын Шагдардаваг 1959-1971 оны 12 жилд бүх насны 16 морьд нь 1-5 байр эзэлж, 4 нь түрүүлж, 4 нь үзүүрлэж байсны дотор 4 дааганы 2 нь түрүүлж, 2 нь 2-4-р байр эзэлж байснаас үзвэл морины хурдыг унаганаас нь мэддэг байсныг гэрчилж байгаа юм. Мөн түүний хүү Ш.Бямбаа ч 1959 оноос 9 жилийн 8-д нь 1-5-д, 1 удаа 9-ийн шөвөгт орж байсны дотор 4 түрүү авч байсан нь эцгийн уламжлал гэж болох юм.Мөн Шагдардаваг нь 1944-1958 оны 14 жилийн сумын наадмын бүх насны морьдын эхний 5 морьдыг эзэн морины зүсээр нь тэмдэглэж үлдээжээ.
Хурдан морийг таньж уяа сойлгыг нь тааруулах талаар сумандаа байтугай аймаг хошуундаа алдаршсан уяачид Даншигийн наадмын үед ч байжээ. Монголын зүүн урд хязгаарын То Вангийн хошууны ноён Тогтох-төр даншигийн наадамд морь уяж очихдоо өөрийн хошууны алдарт уяач Түнтүүгийн Дүйнхэрийг авч явахдаа Сан бэйсийн хошууны Баруун их сумын "Одоогийн Булган” уяач Сүрэн-хиаг хамт авч явж байжээ.
Морьд маргааш уралдана гэж байхад Тогтох-төр тэр хоёр уяачаас уясан морио маргааш хэр хурдлах бол гэж асуухад тэр хоёр:
-Маргааш уралдвал олигтой хурдлахгүй харин нөгөөдөр уралдвал түрүүлнэ гэсэн тул То Ван аргалаж морьдыг нөгөөдөр уралдуулах болгоход морь нь түрүүлж байсан байна.
Хурдан заан хэмээх Шагдар бол морь сайн уядаг, өөрөө заан цолтой, сайхан дуулдаг авъяаслаг хүн байжээ.Хурдан зааны тухай Сүхбаатар аймгийн Дарьгангын өндөр настан Дашийн Санжаа гуай ярихдаа Хурдан заан Шагдар гуай 1936 оны зун манайхыг Гүний хийдийн хавьд байхад нэг муу цүдгэр гэдэстэй годон сүүлтэй бор морь хөтлөөд нэг хүүхэд дагуулан ирж унтахдаа аавтай морь, бөх ярьж байгаад маргааш доод Мөнхийг тахиж наадам хийнэ. Энэ наадмаар миний морь түрүүг нь авна. Шагналийн хонийг авчирч танайд ирж шөл хийж уугаад явна даа гэж ярьж байлаа. Гэтэл маргааш нь морь уралдаад ирэхэд зааны бор хол түрүүлээд ирсэн тул Шагдар гуай яг л хэлснээрээ шагналын төлгөө манайд авчирч аавтай шөл ууж байсан юм даа. Үнэхээр морь сайн таньдаг сайн уяач байсан юм гэж ярьж билээ.
Түүнчлэн Булган суманд эмнэг,хангал адууг, уургалж ноцож номхруулах талаараа онц гарамгай чийрэг эрчүүд ч олон байсны дотор Сэнгийн Зундуй, Сэнгийн Төвд, Гэндэний Бат-Очир, Гэндэний Шинжнаваг, Гарамын Гэндэн, сайн уурагч Цагааны Лодойсамбуу лам Саруулын Сангаажийн Пунцаг, / Равданы эцэг / нарын нэртэй сайн адуучид олон байжээ.
С.Зундуй гуай ярихдаа: Эмнэг хангал адууг уургалалгүйгээр ч барьж болно. Өвлийн цагт бол дээлээ эргүүлж өмсөөд шөнө адуун сүргийн дундуур чоно шиг бөмбөрхөд хамгийн эр чадалтай сэргэлэн морь нь ирж үнэртдэг, тэр л үед нь санчигт нь хүрч авахад тэр морь гарт орлоо гэсэн үг гэж байжээ. Мөн Д.Нямдэлэг, С.Төвд, Г.Бат-Очир, Т.Бөхөнчулуун, нар ч эмнэг морийг барьж унахдаа хүний хань, эмээл хазаар хэрэглэж байгаагүй байна. Тэд эмнэг хангалаа уургалж унатал нь гулд татаад морь босохын завгүй өөрөө очиж дэлдэж мордоод цуцтал нь булигиулж гартаа оруулж авдаг байлаа. Ховдын хязгаарт хилийн цэрэгт тус сумын харъяат Өлзийт Чимэг-Очир, Гэндэний Баточир, Цэмбэлийн Жүрмэд нар цэргийн агт харж байгаад өглөө адуугаа хураахад нь адуунд нь зэрлэг хулангийн азарга нийлсэн байхад нь адуугаа хумиж газрын бартаанд шахаж хулангийн азаргыг нь Ө.Чимэг-Очир уургалж нилээд хол чирэгдэж байгаад тогтоож, Г.Бат-Очир унаж үзэхээр оосорлох гэж очтол зэрлэг хулангийн азарга уургыг нь тас хазаад алдагдсан байна.
Монгол адуутай зүйрлэхгүй хурдан бөгөөд асар их чадалтай хулангийн зэрлэг азаргыг ингэж уургалан тогтоосон явдал нь нутаг усныхандаа гайхамшигтай домог, түүх болон үлдсэн юм.
Булган сумын сүүлийн үеийн адуучид ч алдар гавъяагаа цуурайтуулсаар байна. Адуучин Д.Ням 1961 онд, Адуучин Ш.Баатар 1969 онд аймгийн хөдөлмөрийн аварга болж, Д.Ням БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Адуучин Дамбилын Очирхуяг 1986 онд БНМАУ-ын ХААЯ- Нэгдлийн Холбооны Дээд Зөвлөл, Радио, Телевизийн Улсын Хорооны Шагнал, "Алтан унаганы эзэн” гэдэг өндөр шагнал хүртэж, 2000 онд Хоролын Гонгор "Монгол Улсын Алдарт уяач” цолыг хүртжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих