Намууд нэр, нүүрээ баржээ гэхээс өөр үг олдохгүй юм. Сүүлийн жилүүдэд сонгуульд оролцох сонгогчдын ирц тогтмол буурсаар ирсэн. Зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн ирц овоо өндөр байсан ч энэ удаагийн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд иргэд тун идэвхгүй оролцлоо. Улсын хэмжээнд 135 тойргийн 363 хэсэгт ирц хүрээгүйгээс нэмэлт санал хураалт явуулав.
Хуучин хуулиар сонгогчдын ирц хүрээгүй тохиолдолд дахин сонгууль зарладаг байсан бол шинэ хуулиар дахин сонгууль бус нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. Энэ нь сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц дээр нэмэлт санал хураалтад оролцсон хүмүүсийн тоог оруулж тооцно гэсэн үг.
Сонгогчдын ирц сонгуулиас сонгуульд буурч, ирц бүрдүүлэх нь хэцүү даваа болсон, дахин сонгууль явуулаад ч ирц хүрэхгүй байх магадлал өндөр болсон тул ийм өөрчлөлт оруулсан хэрэг. Аргаа барсан хүний л ажил.
Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооныхон хуулийн энэ өөрчлөлтийг чамлан, сонгогчдын ирцийн босгыг бүрмөсөн байхгүй болгож, аль олон санал авсныг нь ялуулах заалт хуульд оруулах санал дэвшүүлж байна. Бүр ч аргаа барсан хэрэг.
Орон нутгийн сонгуульд идэвхгүй оролцсон хэмээн иргэдийг буруутгах хандлага сүүлийн хэдэн өдөр төрийн албан хаагчид, сонгуулийн байгууллага, улс төрийн намуудын зүгээс нэг биш ажиглагдлаа. Төрийн албан хаагчид нэмэлт санал хураалт явуулж, амралтынх нь нэг өдрийг хумсалж буйд дургүйцэж байгаа нь илт.
Сонгуулийн байгууллага өөрсдийнхөө ажлын үзүүлэлтэд санаа зовж, сонгуулиа зохион байгуулж чаддаггүй гэсэн шүүмжлэл нийгмийн зүгээс ирэхээс жийрхсэн бололтой. Харин улс төрийн намууд өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх хялгасыг харна гэгч болов.
Иргэдийн олонх нь тэдний ярьж буй шиг залхуу, ухамсар дорой, улс төрийн идэвх сул, нэмэлт санал хураалт явуулахад төсвийн мөнгө дэмий урсахыг ойлгодоггүйдээ сонгуульд оролцохгүй байгаа юм биш. Сонгогчид, ялангуяа залуус улс төрийн намуудад итгэл алдарсандаа, илгээсэн нэр дэвшигчдийг нь голсондоо саналаа өгөхгүй байгааг анзаарахгүй байгаа нь харамсалтай.
Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр танил маань "Сонгогчдын ирц хүрэхгүй байна гэнэ. Санал өгөх гэтэл итгэл хүлээлгэчих нэр дэвшигч алга. Ирцэд бүртгүүлж, хүчингүй санал өгьe” гэсээр санал авах байр руу явсан. Энэ бол иргэд залхуудаа саналаа өгөөгүй хэрэг биш гэдгийг батлах нэг жишээ.
Мөн Дундговь аймгийн Өндөршил сумынхан тун ч сонирхолтой сонголт хийсэн байна. Тус суманд eсөн хүн бие даан нэр дэвшиж, бүгд ялалт байгуулжээ. Ардчилсан сонгуулийн 26 жилийн түүхэнд нэг суманд ийм олон бие даагч нэр дэвшиж, түүгээр зогсохгүй бүгд ялалт байгуулж, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийт гишүүний 60 хувийг эзэлсэн тохиолдол өмнө нь гарч байсангүй.
Сонирхолтой тохиолдол хэмээн даруухнаар тодорхойлсон уг сонголтын цаана том под текст байгааг анзаарахгүй өнгөрч болно гэж үү. Улс төрийн намуудад сонгогчид итгэл алдарсныг, намууд иргэдэд нэр, нүүрээ барсныг энэ сонголт тод томруунаар хэлж байгаа хэрэг биш үү.
Шуудхан хэлэхэд, сонгуулийн ирц бүрдээгүйн буруутан нь намууд, тэднээс дэвшүүлж буй нэр дэвшигчид. Намууд бодлого, нэр хүндээрээ сонгогчдыг татаж чадахаа больсон байна. Улс төрийн хүчнүүд байсхийгээд л "Төдөн хүн шинээр элсэж, төдөн зуун мянган гишүүнтэй боллоо” гэсэн мэдээлэл цацдаг. Өөрсдийнх нь зарласнаар МАН 230, АН 170, ИЗНН 90 мянган гишүүнтэй. Энэ бүртгэлээр бол намын гишүүд нь саналаа өгөхөд л сонгуулийн ирц өлхөн бүрдчих тоо гарна. Гэвч ирц бүрдэхгүй байгаагаас харвал намын гишүүд нь ч нэр дэвшигчдийнхээ төлөө саналаа өгдөггүй болж таарах нь. Гишүүд нь саналаа өгдөггүй намд хэн итгэх билээ.
Намууд сонгогчдын хүсэн хүлээдэг боловсрол, чадвар, сэтгэлтэй манлайлагчийг бус, мөнгө хөрөнгөтэй, даргад сайн долигоносон, хор сайн найруулдаг, сонгогчдод танигдаагүй амбийцын "хүүдий”-г дэвшүүлж, түүгээр ч зогсохгүй өрсөлдөх ёстой намтайгаа хуйвалдаж, тойргоо хувааж аваад "таарсан таар шуудай”-нуудыг нэг тойрогт зоож, үүнийг л сонго, өөр сонголт үгүй гэж тулгах болсон нь сонгогчдын дургүйг хүргэж, "Хэн нь ч гарсан ялгаагүй” гэсэн бодол суулгаж орхиж. Сонгогчид бохир улс төрөөс, чихээсний, шахааны нэр дэвшигчдээс залхаж, саналыг нь авахын төлөөх худал амлалтад дөжирсөн байна.
"Улс төрийн намуудаар дамжин төрийн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд цөөхөн, хүчирхэг намтай байх хэрэгтэй. Манайд 20-30 нам хэрэггүй. Хоёр нам нэг, нэгэндээ хяналт тавьж чаддаг байхад хангалттай.
Нэг нь засгийн эрх барьж байхад нөгөөх нь ажил хэрэгчээр шүүмжлээд, тухайн үедээ олон түмний санаа бодлыг өрсөлдөгчөөсөө илүү дагуулаад явах ёстой” гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ хоёр нам нь бие биедээ хяналт тавьж, ажил хэрэгчээр шүүмжилж, улс орныг удирдан чиглүүлж, нийгмийн итгэл үнэмшлийг дагуулж даанч чадахгүй байна.
Энэ янзаараа улс төрд хүчтэй гуравдагч хүчин төдийгүй шинэ тэргүүлэгч хүчин хэрэгтэй болжээ гэсэн дүгнэлт гаргахад ч буруудахааргүй байна. УИХ-ын сонгуулийн өмнө ч ийм дүр зураг харагдаж байв. Улс төрийн гуравдагч хүчний байр суурийг хорь шахам жил эзэгнэсэн ИЗНН-ыг Хөдөлмөрийн үндэсний нам хэмээх дөнгөж байгуулагдсан нам рейтингээрээ ардаа орхиж, өөрсдөдөө "хоёр том” хэмээх тодорхойлолт хайрласан АН, МАН-ынхныг ч эвгүйцүүлж дөнгөсөн.
Дотроо эвдрэлцэж, тамга тэмдэг, даргын суудлаа булаацалдаж, гэдсэндээ хөлөө хийлцээгүй бол Хөдөлмөрийн үндэсний нам МАН, АН-ын толгой дээр ч цахиур хагалж мэдэхээр байсан билээ. Харьцангуй нэр цэвэр хүмүүсийн нэгдэл гэдэг имиж нь энэ намын рейтингийг ингэж өргөсөн юм. Одоо шагхийсэн хэдэн залуу дориухан шиг зохион байгуулалттай нам байгуулаад гараад ирвэл орон зай нь бэлэн байх шиг.
Намууд хуучирсан арга барилаа шинэчилж, сонгогчдын хүлээлт, шаардлагад нийцэх талаар бодохгүй бол нэг л мэдэхэд хоёрдогч, гуравдагч хүчний байр сууринд очиж, аягүй бол улс төрийн тавцангаас арчигдана шүү. Шинэ нь хуучнаа түрдэг нь хорвоогийн жам. Сонгогчид шинэчлэгдэж байгаа гэдгийг мартах учиргүй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих