Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр 2017 оны төсвийг хэлэлцэж байгаа энэ үед зарим буруу ташаа мэдээлэл цацагдах болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "УИХ-аар 2017 оны төсөв хэлэлцэж байна. Үүнтэй холбоотой ташаа мэдээлэлд залруулга хийж байна.
Нэгдүгээрт, "Насны хишиг”-тэй холбоотой асуудлаар буруу ташаа мэдээлэл цацагдаад байна. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар өндөр насалсан ахмадуудад төрөөс хувь хишиг олгох гэж байна. Ингэхдээ 65-69 насныханд жилд хоёр удаа 50 мянган төгрөг, 70-79 настанд жилд хоёр удаа 80 мянган төгрөг, 80-89 насныханд жилд хоёр удаа 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш өндөр настнуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг олгохоор ярилцаж байна. Энэ шийдвэрийн дагуу 121905 ахмад настанд 20 тэрбум төгрөг өгөхөөр төсөвлөгдсөн байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ буруу мэдээлэл өгөөд байна. Түүний мэдээллээр бол зориулалт бүхий мөнгө тодорхой хүмүүст хамааралтай байна. Хэрэв ийм ялгавартай хандаж байна гэвэл дунд, доод гэж ялгаад байхгүй улс төрийн өнцөг үүсгээд байх боломжтой.
Хоёрдугаарт, НДС-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр болон харилцах хэлбэрээр арилжааны банкуудад байршуулдаг. Тэтгэврийн зээлийн хүү, цалингийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газар хуралдаж тодорхой чиглэл гаргасны дагуу Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Төрийн банкны захирал Д.Баярсайхантай хэд хэдэн удаа уулзсан. Тэрбээр Төрийн банкинд аудитын шалгалт хийсэн байдаг. Шалгалтын үр дүнд Төрийн банкны зардал өндөр гарсан. Энэ зардал нь зээлийн хүүнд шингэдэг. Тиймээс Төрийн банк зардлаа бууруулахаар ажиллаж байгааг надад мэдэгдсэн.
Одоо байгаа зардлыг тооцоод үзэхээр цалин, тэтгэврийн зээл дээр нэмж зургаан хувийн маржин санал болгоод байгаа юм. Маржин гэдэг нь банкны үйл ажиллагааны зардал, эрсдлийн зардлыг хэлдэг. Хэвлэлээр ташаа мэдээлэл гарсан. Зургаан хувь бол манай байршуулсан хадгаламжийн хүү дээр нэмэгдэж байгаа хүү юм. Төрийн банк энэ асуудлын хүрээнд өөрсдийн байр суурийг илэрхийлнэ гэж хэлсэн. Ер нь бол тэтгэврийн зээлийн хүүг шатлалтай бууруулна. 15,12, 9 хувьд хүргээд улмаар 50 хүртэл хувиар бууруулах ажлыг эхлүүлэхээр Ерөнхий сайдтай санал солилцсон. Тэтгэвэр авагч болон халамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэд сонголтгүйгээр Хаан банк, Төрийн банкаар үйлчлүүлдэг. Энэ нь нийслэлд ажиллаж, амьдарч байгаа иргэдэд хүндрэл учруулдаг. Тухайн банк руугаа явах гэж зам зуур байгаа олон банкийг алгасч, цаг хугацаа, зардал мөнгө гаргадаг. Энэ байдлыг өөрчилж тэтгэвэр, халамжийн үйлчилгээ авч байгаа иргэд өөрсдөө банкаа сонгож үйлчлүүлдэг зарчмыг баримтлая гэж байгаа. Энэ хүрээнд яамны зүгээс холбогдох хүмүүст чиглэл өгч ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдлээ танилцуулна. Ингэснээр арилжааны банкуудын дунд өрсөлдөөн бий болж, хүү буурах, үйлчилгээ сайжрах зэрэг давуу талууд бий болно.
ХНХЯ-ны зүгээс Хүүхэд харах үйлчилгээнд шалгалт оруулсан. Энэ шалгалтын дүн өнөөдөр эцэслэгдэж байна. Шалгалтын дүнг арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн Нийгмийн бодлогын Байнгын хорооны хуралдаанд танилцуулна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд мөн шалгалт хийсэн. Энэ долоо хоногт дуусч байгаа. Холбогдох мэдээллийг байнгын хороо, шаардлагатай бол УИХ-ын чуулганд танилцуулна.
Гадны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамрагдаж байсан, хамрагдахаар төлөвлөж байсан сургуулиуд амьдрал дээрээ байдаггүй. Тэгсэн хэр нь оюутны хувьсах зардал болох 560 мянган төгрөгийг авч байсан ноцтой зөрчлүүд гарсан" гэв.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултуудад хариулт өгсөн юм.
-МСҮТ-д шалгалт хийсэн гэсэн. Ямар зөрчил илэрсэн бэ?
-Эхний 29 МСҮТ-д хийсэн шалгалтаар асуудал бүхий нэг сургууль гарч ирсэн. Хамгийн сүүлийн байдлаар 54 сая төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн сан болон улсын төсвийн хөрөнгөөс авчихсан хэрнээ үйл ажиллагаа нь доголдсон сургууль байгаа. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандана.
-Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг татна гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Би өрсөлдөөний зарчмыг бий болгоно гэсэн. Хэрэв Төрийн банк маржин буюу үйл ажиллагааны зардлаа бууруулж чадахгүй бол заавал төр Төрийн банкийг эзэмшээд, дэмжээд байх шаардлага байхгүй. Аль болох Төрийн банктай хамтарч ажиллах цалин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах нь зөв. Гэхдээ манай Төрийн банк дэд бүтэц сайтай. Энэ нь Төрийн банкны давуу тал. Гол нь зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам биш, Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг би хариуцаж байгаа. Нээлттэй өрсөлдөөний зарчмыг хангана.
-Япон улсад дадлагажигч явуулах асуудлаар Японы талтай санал солилцсон байсан. Энэ асуудлаар мэдээлэл өгөөч?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Япон улсад айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын багт миний бие багтсан. Учир нь Япон улсад дадлагажигч оюутан бэлтгэх асуудлыг Японы Засгийн газар болон холбогдох хүмүүст хүсэлт тавьж ажилласан. Үүний үр дүнд аравдугаар сарын 21-нд Японы парламентын доод танхим дадлагажигч бэлтгэх асуудлыг дэмжсэн. Арваннэгдүгээр сарын 30-нд дээд танхим уг асуудлыг эцэслэн шийднэ гэсэн мэдээлэл аваад байна. Энэ нь МСҮТ-д сурч байгаа оуютан залуус, ажилгүй байгаа залуусыг Японд дадлагажигч байдлаар илгээнэ. Өөрөөр хэлбэл тэнд сураад ажиллаад ирэхэд ажлын байраар хангах бодлого хэрэгтэй.
Б.Чимэг
zaluu,com

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих