Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй амиа алдсан хэргүүд олныг цочоосоор байна. Тэгвэл бас нэг амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн хэвлэлийн хурал зарлан ард олонд хандлаа. "Монгол ньюс” мэдээллийн төвд болсон энэ хурлаар талийгаачийн ар гэрийнхэн ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, хошууч А.Отгонбаяр гэгч нь гурван хүүхэдтэй эхнэрээ зодож хөнөөсөн байж болзошгүй гэдгийг мэдээлэв. Талийгаачийн аав н.Жаргал өмнө нь А.Отгонбаяр эхнэрээ (Жаргалын охиныг) гэр бүлийн хүрээнд тогтмол зодож хүчирхийлдэг байсныг дурдаад охиныхоо амь насаа алдсан хэрэгт нөхрийг нь сэжиглэж буйгаа дуулгасан юм.
Аав Жаргалын хэлснээр, энэ сарын 17-18-нд шилжих шөнө талийгаач амиа алдах үед ийм явдал болжээ. Талийгаач бүсгүйг гэртээ байх үед нь А.Отгонбаяр согтуу ирж, дуудан авч гараад өөрийн төрсөн эгч А.Болормаагийн хамт гурвуул буцаж ирсэн байна. Улмаар А.Отгонбаяр эхнэрээ эгчийнхээ хажууд зодож, хэл амаар доромжилж байсныг хүүхдүүд нь харсан байна. Энэ үед тэрээр хүүхдүүдээ "жижиг өрөөнд ор, гарч ирвэл ална” гэж заналхийлж, өөр өрөөнд оруулжээ. Ингээд тэр шөнө хөөрхий эмэгтэй амиа алдсан.
Жаргалын үзэж буйгаар, охиных нь бие гэмтэн хөхөрсөн шинж тэмдэгтэй, мэсний шинэхэн шархтай байсан тул үхэл гадны нөлөөтэй болохыг илтгэж байна. Тэрээр энэ бүгд шүүх эмнэлгийн шинжилгээгээр илүү тодорхой болно гэдэгт найдаж буйгаа хэллээ. Жаргалын хэлснээр, талийгаачийн ар гэрийнхэн А.Отгонбаярын эгч А.Болормаа нь талийгаач зодуулж тарчилж байх үеэр дүүгийнхээ үйлдсэн харгислалыг таслан зогсоох талаар юу ч хийгээгүй төдийгүй хамтран хэрэг үйлдсэн сэжигтнээр татагдаагүй байгаад гомдолтой байгаа ажээ.
Энэ хэргийг БГД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс шалгаж буй бөгөөд А.Отгонбаярыг бусдыг амиа алдахад хүргэсэн байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан Цагдан хорих 461-р ангид саатуулан хорьжээ. Амиа алдсан бүсгүйн ар гэрийнхэн А.Отгонбаяр нь цагдаагийн байгууллагад олон жил ажилласан, өндөр тушаалын хүн тул энэ хэрэгт нөлөөлж болзошгүй хэмээн болгоомжилж байгаа юм.
Аагий
Эх сурвалж: www.gashuun.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих