Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэхдээ "Боловсролын зээлийн сан”-г үргэлжлүүлэн санхүүжүүлэх болсоноо мэдэгдлээ. Үүнд 104.5 тэрбум төгрөгийг тусгасан байна. Мөн дэлхийн шилдэг их сургуульд шинээр элссэн сурагчдад төрөөс олгох сургалтын төлбөрийн зээлийг 14.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ.
Түүнчлэн Мэргэжлийн сургалтын төвүүдийн хувьсах зардлыг төсвийг нэг сурагчид ногдох үнээр тооцож, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр 9 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Хүүхдийн мөнгийг 2017, 2018 онуудад зорилтод бүлэг буюу 60 хувьд нь олгож, 2019 оноос бүх хүүхдэд нөхөөд олгохоор тооцсон аж. Төсвийн орлого сайнгүй байгаа учраас ийм шийдвэр гаргасан хэмээн тайлбарласан юм.
Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байсныг төсвийнхөө нөхцөл байдалтай уялдуулан 12 сар болгох шийдвэр гаргасан нь нэлээн шүүмжлэл дагуулсан. Гэхдээ энэ шийдвэрийг МАН-ын бүлэг буруу шийдвэр хэмээн үзэж, буцаагаад 36 сар болгосон гэдгээ мэдээлэв.
Ингээд мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-"Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэр их хэмжээний мөнгө шаардлагатай юм бол?
-"Цалинтай ээж” хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрийг 2017 оны төсөвт суулгаагүй. Засгийн газраас хэд хэдэн хувилбараар эх үүсвэрийг нь боловсруулаад явж байна. Магадгүй 2017 оны төсөвт тодотгол хийхэд болох байх.
-Валютын ханш хяналтаас гарлаа. Энэ асуудлаар Монголбанктай ойлголцож чадахгүй байна уу. Засгийн газраас Монголбанкинд үүрэг өгсөн ч биелүүлэхгүй байгаа учраас Сангийн сайдад үүрэг өглөө гэж ойлгосон?
-Засгийн газар Монголбанкинд үүрэг өгдөг эрх байхгүй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Тиймээс Монголбанк, Засгийн газар хоёр харилцан уялдаж ажилладаг. Валютын ханш огцом нэмэгдэж байна. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа. Гол бэрхшээл бол Монгол Улс руу орох валютын урсгал саарсантай холбоотой. Өнгөрсөн жил мөнгөний бодлого буруу явснаас 7 их наяд 954 орчим төгрөгийг хэвлэж зах зээл рүү гаргасан. Энэ мөнгө валютын эрэлтийг нэмэгдүүлсэн. Эрэлтийг хангахын тулд Монголбанк валютын нөөцөө шавхсан. Валютын ханш энэ оны төгсгөл, ирэх оны нэгдүгээр улиралд багтаад буурах байх.
-Төсвийн алдагдлыг 2.5 их наяд төгрөгөөр тооцсон байна. Манай улс хэзээнээс эхлээд төсвийн алдагдалтай баталдаг болчихсон бэ?
-Төсвийн алдагдал 2.5 их наядаар батлагдаж байна. Энэ жилдээ төсвийн хүрээний мэдэгдлээ 9.9 хувьтай. 2018 онд 7 хувь, 2019 онд 5.5 хувь. 2020 оноос төсвийг алдагдалгүй батлах зорилт тавин ажиллаж байна. Төсвийн алдагдлыг хэт огцом бууруулвал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд огцом нөлөөлдөг. Хэрвээ буулгах юм бол төрийн албан хаагчдын цалин руу орохоос өөр арга байхгүй. Бусад зардал шахагдаад дууссан. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны зардал 1.4 их наяд төгрөг болсон. Өнгөрсөн жилүүдэд төсвийг худал зохиож, төлөвлөж ирсний үр дүн ийм нөхцөл байдлаар гарч ирж байна.
-Ирэх оны төсөвт ам.долларын ханшийг хэдэн төгрөгөөр оруулсан бэ?-
-Засгийн газраас төсвийн төслийг боловсруулахдаа өргөн барих үе буюу есдүгээр сарын 30-ны ханшаар баримжаалсан. Харин батлагдахдаа тухайн үеийн ханшаар тооцож боловсруулсан. 2017 оны төсөвт ам.долларыг 2400 орчим төгрөгөөр баталсан
-Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдвал ирэх жилийн төсөвт тодотгол хийх үү?
-Валютын сангаас манай улс хөтөлбөр авъя гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн аравдугаар сарын 4-өөс энэ сарын 4-ны хооронд хэлэлцээр хийсэн. Валютын сангийн төлөөлөгчид Монголд ирээд Монголбанк, Сангийн яамны бүх суурь тоог шалгаж баталгаажуулаад явсан. Манай оронд ирсэн төлөөлөгчид очоод удирдлагуудтайгаа зөвшилцөнө. Магадгүй 2017 оны нэгдүгээр сардаа багтаж валютын сангийн хөтөлбөр манай улсад хэрэгжэх эсэх нь тодорхой болно. Хэлэлцээр эцэслэгдвэл тодотгол хийх байх. Ингэж байж эдийн засгийн нөхцөл байдал, бүтцээ өөрчлөхгүй бол манай эдийн засагт хэрэглээ нь давамгайлсан, нэмүү өртөг бүтээх салбартаа харьцангуй сайнгүй байна. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтийг хийхээс өөр аргагүй.
-Валютын өсөлтийг зогсоох ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бодит гарц бол Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх. Энэ хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн зах зээлд бонд босгох ажлыг эхлүүлээд байна. Хэлэлцээр ид дундаа явж байна. Энэ сардаа юм уу, ирэх сардаа асуудал тодорхой болох байх. Урд хөршөөс хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлээч гэсэн асуудлыг тавьсан. Энэ сарын 29-нд эхний уулзалтыг БНХАУ-ын талтай хийнэ. Энэ хүрээнд хамтран ажиллах зөвлөл байгуулсан. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хятадын цагаан сар нэгдүгээр сарын 28-нд болох юм байна. Цагаан сараас өмнө амжиж эдгээрийг шийдвэрлэх шаардлагатай.
-Төсвийн алдагдлыг 9.9 хувиар оруулж ирээд 9.1 хувиар баталлаа. Орлогоо нэмсэн үү эсвэл зарлагаа хасав уу?
-Орлогоо нэмсэн. Засгийн газраас Тогтворжуулалтын санг 2017 онд ашиглана гэж төсвийн төсөл дээр оруулж ирээгүй. УИХ дээр Тогтворжуулалтын сангийн 300 орчим тэрбум төгрөгийг эх үүсвэр талдаа ашигла гэсэн. Мөн өмч хувьчлалын орлогыг 50 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. "Монгол шуудан” компанийг 20 тэрбум төгрөгөөр, "Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” компанийг 30 тэрбум төгрөгөөр хувьчилна гэх мэт өөрчлөлт орж ирсэн.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад улс орноос зээл авахаар ярьж байгаа. Зээлийн эх үүсвэрийг юунд зарцуулах вэ?
-ОУВС-тай хэлэлцээр хийж байгаагийн зэрэгцээ ОХУ, БНХАУ, АНУ, Япон зэрэг том эдийн засагтай орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтээ тавьж байна. Хугацааны хувь 20 жилээс доошгүй, хоёр хувийн хүүтэйгээр дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Зээлийн хэмжээний хувьд тохироо эцэслэн хийгээгүй. Хэрэв зээл авсан тохиолдолд зээлээ дахин санхүүжүүлнэ. Тодруулбал, манай авсан зээлүүд жилийн 10.8 хувийн хүүтэй. Тиймээс тэр өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солихгүй бол зээлийн хүүгийн дарамтад орно. Бодлогын түвшинд өөрчлөлт оруулж чадахгүй бол 2017 онд 1.3 их наяд төгрөгийг, 2018 онд энэ тоо 2 их наяд руу орж ирнэ. Гарцаагүй байдлаас ийм зохицуулалт хийхээр болоод байна.
-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдвал хэр хэмжээний зээл авахаар ярьж байгаа вэ?
-Одоо ярьж байгаа хэлэлцээрээр манай улсад ОУВС-гаас гурван жилийн хугацаанд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд 400-500 орчим сая ам.долларын зээл өгөх боломжтой. Мөн ОУВС-тай нэг сагсанд байдаг гэдэг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт бусад байгууллагууд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Хэлэлцээр дуусаагүй байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Б.Чимэг
zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих