Халх голын байлдааны үед ЯПОНЧУУД ХОЛУУР ТОЙРООД ОЙРТОХГҮЙ БАЙСАН гээд байгаа юм даа.
XIX зууны дунд үед Сэцэн хан аймгийг бүхэлд нь нөмөрсөн ган зуднаас үүдэн мал сүрэг олноор хорогдож ард олны амьдрал хэцүүджээ. Мөн манж нар зүүн хязгаар нутгаас бага багаар өөрсдийн болгон дээрэмдэж авах шунахай санаархал ч их болжээ. То ван гэж алдаршсан Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр хутагт лам нарыг цуглуулж газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах, байгалийн гамшгийг намжаах тухай хэлэлцэж Жанрайсиг бурханы дүрийг бүтээлгэхээр шийджээ. Тэрбээр сэргэлэн гярхай хүн байсан тул сүсэгтэн олноос асар их эд хөрөнгө Төвд, Хятад, Энэтхэг рүү урсаж байгааг анзааран эл өглөг буяныг эх нутагтаа тогтоох аргыг давхар тунгаасан хэмээн зарим судлаачид үздэг.
Ийнхүү Найман аюулаас аврагч Жанрайсиг бурханыг хэвтээ байдлаар газар дэвсгэн 1859-1864 оны хооронд бүтээн залсан нь энэ ажээ. Найман мутарт нь арслан, заан, могой, гал, ус, гав, гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг. Суурийн талбайг 1-3 метр гүнтэй ухаж засаад, 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 180 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урттайгаар урлажээ.
Гадуур том хүрээнд 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 12 суварга бүтээж, Их бурханыг тойруулан 20 жижиг бурханг бүтээсэн нь хосгүй нандин дурсгал болсон юм. Дэлхий дээр Жанрайсиг бурханыг том хэмжээгээр гурав бүтээсний нэг нь Халхголын дэргэдэх Их бурхантын дурсгал юм.
Сонирхолтой нь тойрон хүрээлэх олон бурхадыг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн мэт байдаг боловч нарийн учрыг өнөөг хүртэл тайлж чадаагүй байна. Бул хар чулууг цалин цагаан мөнгөөр урлаж буй мэт уран нарийн сийлбэрлэж бүтээсэн нь гайхамшигтай ажээ.
Эл дурсгал нь Дорнод аймгийн Халхгол сумын төв Сүмбэрээс хойш 35км зайд байдаг ба 1930-1940 оны үед ихээр эвдэрч, нутгийн ардууд чулууг нь малын хашаа саравч, барилгын суурь зэрэгт хэрэглэхээр зөөж сүйтгэж байхад Халхголыг гатлан ирсэн япончууд холуур тойрч явдаг байсан гэдэг. Жанрайсиг бурханыг 1990 онд хуучин байдлаар нь сэргээх оролдлого хийж 1997 онд дахин аравнайлсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих