Монгол улсын шинэ, залуу начин Доржийн Анар: Уг нь хөмрөе гэж бодоогүй, сурсан юм гэдэг чинь өөрөө л ороод ирдэг юм билээ...
Шинэ цолтон булангийнхаа энэ удаагийн зочноор Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, ОБЕГ Аврагч спорт хороо, Бүрэн дуулга ХХК, Дурогош ХХК-ны бөх, залуу начин Доржийн Анарыг урьж ярилцлаа.
-Начин бэлтгэлдээ хэзээ оров, яагаад барилдахгүй байна?
-Бэлтгэлдээ 9 сараас эхлээд орсон. Сая нэг хэсэг бэртэл болдоггүй, хөдөө очиж сар гаруй эмчилгээ, сувилгаа хийлгэж байгаад өчигдөр л хотод ирлээ. Ирэх 1 дэхээс бэлтгэлдээ орно доо.
-Наадмаас хойш бараг барилдсангүй юу?
-Намрын нээлтийн барилдаандаа барилдсан. Гурав дээр уначихсан. Тэрнээс өөр ч барилдсангүй дээ. Зун хөдөө наадмуудад бол ганц нэг барилдсаан.
-Ингэхэд начин цолтойгоо анх хаана зодоглов?
-Манай Дорнод аймгийн Чулуунхороот сумын 60 жилийн ой болсон. Тэнд очиж барилдаад түрүүлсэн. Би Чулуунхороот суманд барилдаад анхны цолоо авч, сумын начин болж байсан юм. Тэрэндээ бэлгэшээгээд очиж барилдсан.
-Бэлгэшээхээс яахав. Начин цолоо бас түрүүгээр мялааж...?
-Тэгсэн. Дараа нь аймгийн наадамдаа барилдаад үзүүрлэсэн. Багануурын наадамд бас барилдаад дөрөв дээр унасан. Иймэрхүү л наадмуудад барилдлаа. Наадмын өмнө штанг хийж байгаад хөлдөө жаахан бэртэл авчихсан. Тэр маань сэдрээд сая хөдөө очиж хүнээр бариулж, эмчилгээ хийлгээд одоо гайгүй илааршиж байна.
- Одоо ч уг нь бэлтгэл жигдэрдэг үе биз дээ?
-Тийм. Бөхчүүд маань бэлтгэлдээ ороод сайхан жигдэрсэн байна. Би ч гэсэн одоо бэлтгэлээ эрчимжүүлнэ. Гэхдээ бэртэлтэй болохоор сая нэг хэсэг өөрийгөө шахаж бэлтгэл хийж чадсангүй.
-Жүдогийн бэлтгэлээ ер нь хийж байгаа юу?
-Хааяа хийж байгаа. Үндэсний бөхийн бэлтгэл шигээ голлож хийхгүй л байгаа. Долоо хоногт нэг хийх маягаар л...
-Хэдхэн сарын өмнө аймгийн арслан гээд барилдаж байсан. Начин болоод ялгаа хэр мэдрэгдэж байна?
-Ер нь хариуцлага их нэмдэг юм байна. Аймгийн арслан байхдаа улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд доогуур уначихлаа гэхэд "за яахав” гээд нэг их тоодоггүй байсан. Одоо бол доогуур унах эрхгүй болчихсон. Ер нь биеэ барих тал их байдаг юм байна. Доогуур уначихвал яана аа гэдэг бодол их төрдөг болсон байна. Улсын цолтой ах нар улсын цол авчихаар эхэндээ биеэ барих тал байдаг юм гэж хэлж байсан л даа. Би ч тэр үед нь нэг их тоохгүй байсан. Тэгсэн нээрээ яг барилдахаар гараад ирэхээр өөрийн эрхгүй биеэ барьдаг юм байна лээ. Аймагтаа барилдахад ч тийм мэдрэмж төрж байсан.
-Нэг хэсэг тэгээд гайгүй дасах байх даа. Хариуцлага бол мэдээж хэвээрээ?
-Харин тэгэх байх. Цолондоо дасах, бэлтгэл сургуулилтаас бас шалтгаалж байгаа байх гэж бодож байна.
-Наадмын бэлтгэлээ хаана базаав?
-Өнгөрсөн зун Дорнод аймагтаа очиж наадмын бэлтгэлээ базаасан. Бэлтгэлээсээ 7 сарын 8-нд буугаад ирж барилдацгаасан даа.
-Өмнө нутагтаа очиж бэлтгэл хийдэг байсан уу?
-Үгүй энэ жил л нутагтаа хийсэн. Хоёр начин ах маань нутаг усандаа гарая гээд биднийг удирдаад гарцгаасан. Олуулаа ч гарсан, улс, аймгийн цолтой 20 гаруй, дээр нь сумын цолтой болон залуу бөхчүүд нэмэгдээд 50 гаруй бөх бэлтгэлээ базаасан. Нутгийн уул ус, хангай дэлхий бас ивээсэн байх аа л гэж бодож байгаа. Би ер нь наадмын бэлтгэлд нутгийнхантайгаа 3 дахь жилээ л гарч байгаа нь энэ. Хоёр жилд Сүүж ууланд гарсан. Өмнө Шийрэв багштайгаа бас гардаг байсан. Жүдогийнхноо аваад багш маань гардаг байлаа.
-Цол авна гэсэн итгэл хэр их байв?
-Ер нь улсын цол авна гэж өөртөө зорилго тавьсан байсан. Нутгийнхан, ах дүү хамаатан садан гээд олон хүн итгэл хүлээлгэж байсан л даа. Өөрөө ч гэсэн хариуцлагатай, чанартай бэлтгэлээ базаасан.
-Наадмаас өмнө ямархуу амжилттай барилдсан байв?
-Бөхийн өргөөнд болсон АЦЦБЗалуу бөхчүүдийн барилдаанд 5 удаа шөвгөрсөн. Төв аймагт болсон аймаг, цэргийнхний барилдаанд түрүүлсэн, улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд дунд шөвөгт 4 удаа үлдсэн. Нэг удаа их шөвөгт үлдсэн. Ийм амжилттай.
-Тунаанд их барилдсан даа?
-Тэгсэн. Тийм болохоор тааварт ч нэлээд орж байсан. Дээр нь хүмүүс улсын цол авна гэсэн итгэл, урам зориг их өгсөн. Энэ жил наадмаар 1024 бөх барилдсан болохоор боломж нэлээд гарч ирсэн л дээ. Тэр хэрээр бэлтгэл сургуулиа ч сайн хийсэн.
-Наадмаар хэн хэнтэй хэрхэн барилдав?
-Нэгийн даваанд нэг сумын заан ахтай таарсан. Нэрийг нь сайн санахгүй байна. Хоёрын даваанд а.н Ууганбаяртай таарсан. Тэр нэлээд эвгүй барилдаан болсон. Дөрвөн хөллөж, ардаа алдаад... Гэхдээ давсан л даа. Гурвын давааны төгсгөлд Энхбат начны дүү а.х Энх-Амгалантай нугарч таараад давсан. Дөрвийн даваанд маш хүнд барилдаан болсон. Сугаржаргал начинтай олон удаа барьц сонгосон. Дөрвийн давааны бөхчүүд барилдаад дуусчихсан, бид хоёр хоёулхнаа үлдсэн байсан. Бараг цаг гаруй барилдсан байх аа. Тэгээд сүүлдээ хөлийн цэц ч сануулаад, бид хоёр ч санал нийлээд шодсон. Гурван удаа шодоход хоёрт нь миний талд буугаад би давсан.
-Та хоёр өмнө барилдаж байв уу?
-Үндсээр бол барилдаж байгаагүй. Харин самбо, жүдогоор барилдаж байсан. Хамт шигшээ багт бэлтгэл хийдэг. Дотно сайн ах дүүс. Надад бас зааж зөвлөдөг.
-Мэх хийгээд болж өгөхгүй байв уу?
-Мэх хийсэн л дээ. Болж өгөөгүй. Өөрийнхөө болж магадгүй гэж бодсон тактикаа бүгдийг нь хэрэглээд үзсэн. Ер нь болоогүй. Начнаас бас мэхүүд ирсэн. Бэлтгэл дээр барьц сонгоог их давтсан тэр маань их хэрэг болсон гэж бодож байгаа. Хамгаалж үлдэхэд...
-Тавын даваанд тунасан?
-Мөнгөнбаатар арслантай тунасан. Би өмнө нь олон унасан л даа. Сүүлд бодоход би өөрөө мэх хийж яваад уначихаад байсан юм билээ. Тэгээд хүмүүс ч түрүүлж мэх хийж болохгүй шүү, мэх хийхийг нь хүлээ гэж зөвлөсөн. Тэр зөвөлгөөнийх нь дагуу л барилдаж, давж начин болсон доо.
-Та хоёр хоёулаа хөмөрдөг. Тэр барилдаан дээр бас л хөмрөө мэх орсон. Хэнийх нь хийсэн мэх байв?
-Би барьц сонгоод нэг өргөөд, буцаж нэг тавиад дахиад шахаж татаад өргөсөн. Тэр маань сүүлдээ хөмрөө болоод давсан. Яг хөмрөе гэсэн бодол байгаагүй л дээ. Өмнө хоёр ч удаа хөмөрч байгаад унасан болохоор... Харин тэр хөмрөө мэх маань зургаагийн даваанд жаахан алдаа болсон гэх үү дээ. Бат-Өлзий бид хоёр бас барьц сонголцсон. Надаас барьц сонгоход нь би тавиулчихсан. Тэгсэн Бат-Өлзий мордоод, тэгэхээр нь би хөмөрч байна гээд өөрөө дор нь ороод уначихсан. Ер нь Мөнгөнбаатар арслан, Бат-Өлзий арслан хоёртой олон барилдсан л даа, аймаг цэрэгт.
-Тэгсэн байх шүү. Барилдааныг нь сайн мэдэх хүнтэй барилдах амаргүй байх аа?
-Харин тийм. Бие биеийнхээ барилдааны арга барилыг андахгүй. Бат-Өлзий бид хоёр чинь хүүхэд байхаасаа л өсвөр, залуучуудад барилддаг байсан. Өдий хүртэл хамт барилдаад л явж байна. Хойшдоо ч олон барилдах байх. Нэг үеийн хоёр залуу харцага, начин болсондоо маш их баяртай байгаа.
-Тав дээр туначихлаа гэдгээ мэдэх тэр үед юу бодогдов?
-Ер нь бараг тунах байх гэж бодож байсан. Хүмүүс ч их хэлж байсан, чи бараг тунана даа гэж. Өмнө жил нь тавын даваанд барилдаад үзчихсэн байсан болохоор сэтгэл зүй арай өөр байсан л даа. Давсан ч бай, яасан ч бай боломжтой бүх зүйлээ хийнэ дээ гэж бодсон.
-Хоёр дахиа тавын даваанд гарахад бодох юм бас нэмэгдэж байгаа биз дээ. Өмнөх жилээсээ арай түлхүү халширах, нервтэх шинж мэдэгдэх юм уу?
-Нэг их юм бодогдоогүй шүү. Энэ боломжыг алдаж болдохгүй, алдахгүй л гэж бодож байсан. 1024 барилдаж, байна, дараа хэзээ ч 1024 барилдаа билээ гэж бодоод л зүтгэсэн.
-Ер нь өөрийнхөөрөө, дайчин, сэтгэл зүй өндөр юм шиг санагддаг шүү?
-Нерв багатай л гэх юм уу даа. Нэг их айхтар юм бодоод байдаггүй. Том барилдаанд барилдлаа, том цолтой бөхтэй барилдлаа гээд хүндээр тусгаж авдаггүй. Унавал унаад л, давбал даваад л. Угаасаа л нэг нь давж, нөгөө нь унадагаас хойш.
-Тэр төрөлх араншин уу, жүдогоос олж авсан дадал уу?
-Их спортын юм байна л даа. Бас гадагшаа дотогшоо тэмцээн уралдаанд яваад үзсэн болохоороо ч тэр юм уу, бас төрөлх араншин ч байгаа байх. Аль аль нь... Нерв тал дээр гайгүй л гэж боддог юм. Энэ жил гэхэд улсын наадмаар их тайван байсан л даа. Ноднин жил ч гэсэн "яавал ч яаг” гээд л барилдсан. Гэхдээ энэ жил арай хариуцлагтай, нягт барилдсан болов уу. Алдаа гаргах эрх байхгүй. Дорнодын ард түмэн харж байгаа, өмнөөс нь итгэл хүлэж барилдаж байгаа болохоор хариуцлагатай барилдахгүй бол болохгүй л дээ.
-Хамгийн залуу начны шагнал авсан. Хэдтэй начин болов?
-Тэгсэн. 23 настайдаа начин болсон. Хоёр дахь жилээ улсад барилдаад. Ер нь манай үеийнхэн дийлэнх цол авсан л даа. Хамгийн залуу нь би л байж.
-Тэгэхээр танай үеийнхний үе эхэлж байна аа л гэсэн үг байх даа?
-Ер нь манай үеийн залуучууд их гарч ирж байна. Аймаг, сумын цолтонд ч, улс аймагт ч тэр. Гарч ирж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ биднээс дээш үеийн ах нар маань залуустайгаа мөчөөгөө өгөхгүй л байгаа л даа. Гэхдээ яалт үгүй 3-4 жилийн дараагаас хоорондоо л үзэх хэмжээний болчих байх гэж бодож байгаа.
-Дорнод аймгаас төрсөн хэд дэх улсын цолтон бэ?
-Яг хэд дэх гэдгээ сайн мэдэхгүй байна. ямар ч байсан 10 жилийн дараа начин цол нутагтаа авч очсон.
-Цогзол начны дараа гэсэн үг үү?
-Тийн. Цогзолдорж начин 2006 онд начин болоод би 2016 онд начин болж байна.
-Нутаг орныхон мэдээж сайхан хүлээж авсан байх даа?
-Өө, сайхан хүлээж авсан. Шинэ начингаа. Сүр дуулиантай л юм болсон. Аймгийн наадамд очиход чинь тосч авсан. Гэхдээ сүүлд тусдаа наадам хийсэн. Ер нь нэлээд л юм болсон ш дээ. Улсын цолтой бөхөөр цангасан байсан л даа. манайхан. Одоо цолондоо ханаж болохгүй, дээшээ барилдаарай гэж олон хүн хэлж байна лээ. Би ч гэсэн хичээнээ ээ гээд л явж байна.
-Ер нь зорилго гэдэг амжилт бүрийн араас ундарч, дээшилж байдаг байх. Дараа дараагийн зорилго юу байна. Ямар цолыг хүсч мөрөөдөж байна?
- Ямар ч байсан начин цолондоо дүүрэн сайхан барилдъя гэж бодож байгаа. Нэг бодлын зорилго маань дөнгөж эхэлж байна гэж болно. Багш маань "Манай Анар улсын заан болно оо” гэж их хэлдэг байсан. Би ч багаасаа тэгж хүсч мөрөөдсөн. Ер нь улсын заан цолыг их сайхан цол гэж бодож явдаг.
-Түрүү өөрөө энэ жил цол авна гэсэн бодолтой барилдсан гэлээ. Тэгэхээр бэлтгэлийн байр байдал, өөртөө итгэх итгэл гээд бүх зүйл цол авчих хэмжээнд мэдрэгдэж байв уу...?
-Ер нь цол авна гэдэг зорилго өмнөө маш ихээр тавьсан байсан. Гэхдээ бэлтгэл жаахан цөмрөх маягтай болчих гээд байсан л даа. Хүн чинь өмнөө том зорилго тавиад түүндээ улайрахаараа өөрийгөө хянахгүй их бэлтгэл хийчих гээд байдаг юм билээ. Манай Дорнод аймгийн харьяат, аймгийн арслан Б.Батхуяг ах маань надад их зааж зөвлөж, бэлтгэлийг минь тааруулж байсан. Зөв цагт амраах, бэлтгэлээ тохируулах гэдэг чинь их нарийн юм билээ. Би өөрөө болохоор учиргүй л их бэлтгэл хийгээд баймаар санагдаад байсан /инээв/. Тиймээс Батхуяг ахдаа маш их баярлаж яваа.
-Анар хөмөрдөг гэж бараг хүн бүр мэдэх байх. Энэ жилийн наадмаар гэхэд хөмрөх мэхээрээ начны давааг даваад, хөмрөх мэхэнд харцагын даваанд унажээ дээ?
-Би уг нь хөмрөнө гэж бодоогүй байсан л даа. Сурсан мэх гэдэг чинь болдоггүй хэрнээ сурцаараа орчихдог юм билээ. Бат-Өлзийтэй барилдахад хөмрөх мэх хийнэ гэж бодоогүй, барьц сонгоод тавиулаад, салчихна л гэж бодсон. Тэгсэн мордонгуут нь өөрийн эрхгүй хөмрөөд дор нь орчихсон шүү.
-Үеийн залуутай тунаад гарахад сэтгэл зүй дажгүй байсан уу?
-Ер нь хаяна, давна гэсэн бодолтой л гарсан. Юу дутна гэхэв. Адилхан залуу байна, бие бялдар байна. Гэхдээ би өмнө Бат-Өлзийд унасан байсан л даа. Гарангуутаа боловсруулсан тактикийн дагуу зөв барилдаж байснаа тэр хөмрөөнөөс болоод тактик зөрөөд уначихсан /инээв/.
-Улсын начин боллоо гэх тэр агшинд юу бодогддог юм байна?
-Өмнө нь начин болчихвол сэтгэл хөөрөөд жигтэйхэн юм болох байх гэж боддог байлаа. Тэгсэн хүнд барилдаан хийсэн болоод ч тэр юм уу, нэг их сэтгэл хөдлөөгүй. Мэдээж туг тойрох үед сайхан мэдрэмж төрсөн. Ингээд улсын цол авчихдаг юм байжээ гээд бодох сайхан байсан шүү.
-Гэр бүлийнхэн ч их баярлаа даа?
-Тэгэлгүй яахав. Би чинь эцэг эхээс олуулаа. Айлын бага хүү л дээ. Намайг дөрөв давангуут хотод байдаг манай гэрийнхэн, ах дүүс, найз нөхөд, нутгийнхан бүгд стадионд цугласан гэсэн. Тэгээд тав давахад их л сүртэй юм болсон гэнэ лээ, сүүлд сонсох нээ /инээв/. Ялангуяа олон жилийн дараа бас тунаж даваад начин болсон болохоор бүр гоё байсан байх. Мөнгөө ах бид хоёр хоёулхнаа үлдсэн байсан л даа. Би тэр үед унасан ч харамсахгүй л гэж бодож байсан. Мөнгөнбаатар арсланг ямар мундаг бөх гэдгийг ард түмэн мэдэх юм чинь. Би заавал давах ёстой гэж бодоод барилдсан бол биеэ бариад барилдаан сайн гарахгүй ч байсан байж магадагүй.
-Хурц арслан тахим өгөхдөө юм хэлж байх юм уу?
-Үгүй. Юм хэлээгүй. Уначихаад тахимаа шууд өгсөн. Сайн бөхтэй тунаж давна гэдэг сайхан ч гэлээ... Уг нь Мөнгөнбаатар арслан энэ жил их сайн байсан шүү, тийм ээ? Бөхийн өргөөнд олон ч түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн. Би гэхэд хурц арсланд гурав унасан. Их ч бодсон. Яаж унав, яаж давахав гээд л... Ер нь би өөрөө мэх хийж яваад л уначихдаг байсан юм билээ.
-Наадмын дараа Дорнодчууд Анартаа ийм, тийм бэлэг өглөө гээд л дуулдаад байсан?
-Номтойбаяр сайд, Дорнод аймаг хоёр хамтраад 2 өрөө байр, Болорчулуун гишүүн Дорнод аймагтаа 2 өрөө байр өгсөн. Мөн манай сумын ард иргэдээс мал ахуй, компаний маань захирлууд мөнгөн шагнал гээд өгсөн байгаа.
-Гэр бүлээ танилцуулах уу?
-Манай гэр бүлийн хүнийг Хоролсүрэн гэдэг. Төв аймгийн Баянцогт сумын гаралтай. Одоо цэргийн ангид дэслэгч цолтой ажилладаг. Бид нэг хүүхэдтэй, ам бүл гурвуулаа амьдарч байна даа. Эхнэр маань бас спортын хүн. Жүдогоор барилддаг байсан. Багаасаа үерхээд суусан хоёр. Би дээрээ 4 ах, 3 эгчтэй. Ээж, ах, эгч нартайгаа л өссөн дөө.
-Дөрвөн ах тань барилдаагүй юу?
-Уг нь барилдах сонирхол бол байсан байх. Даанч боломж нөхцөл нь бүрдээгүй гэдэг юм. Ажил төрөл хийгээд, амьдрал ахуйгаа бодоод барилдаагүй. Нэг ах маань сумын начин цолтой. Барилдах авьяастай, өөрөө ч дуртай байсан. Хөдөөнөөс хотод ирж ажилд ороод барилдахаа больсон. Би ч гэсэн нэг хэсэг ажил төрөл хийе барилдахаа болъё гэж бодож байсан. Өөрөө их дуртай юм болохоор барилдсаар байгаад л бөхтэйгээ үлдсэн. Манайхан ч их дэмжсэн.
-Бага байхад нь нутгийн хүмүүс бөх болно гэж дэмжсэн, урам өгсөн тохиол байдаг уу?
-Байгаа. Би Дашбалбар суманд 8-р анги хүртлээ сурсан. Тэр үед манай аймагт "үе чацуутан” гээд тэмцээн болдог байлаа. Миний анхны багш цэргийн начин Мөнхжаргал гэж хүн бий. Багш маань намайг тэр тэмцээнд их авч явдаг байсан. Тэр барилдаанд түрүүлснээр бөхийн замруу орсон гэж боддог. 16-17-той настайгаасаа хойш тууштай бэлтгэл хийж эхэлсэн.
-Биерхүү хүүхэд байв уу?
-Үеийнхэн дотроо биерхүү байсан шүү. Гэхдээ манай сумынхан чинь ерөнхийдөө намхандуу хүмүүс байдаг юм. Анги дотроо биерхүү байгаад, хотод ирээд үеийнхэн дотроо дундаж л нуруутай хүүхдүүдийн тоонд ороод явчихсан.
-Хотод ирээд удалгүй Япон явсан гэдэг билүү?
-Хоёр жил Шийрэв багштайгаа бэлтгэл хийгээд тэгээд Япон явсан. Японд жүдогийн сургуульд сураад, бэлтгэл хийгээд 3 жил болоод ирсэн. Тэнд бас бэлтгэл гэж яг юу байдгийг, бэлтгэлийн ачаалал гэж юу болохыг ойлгосон л доо. 16-тай хүүхэд очоод нхэндээ шантраад харих тухай бодол их төрдөг байлаа. Гэхдээ миний өдий зэрэгтэй барилдаж байгаагийн бас нэг гол хөшүүрэг нь Японд суралцахдаа олж авсан зүйл гэж боддог.
-Хэсэг хугацаанд жүдогоор барилдсаны дараа жүдогоо дагнах уу, үндэсний бөхрүү орох уу гэдэг сонголт гараад ирсэн үү?
-Тэгсэн. Би -100 кг-д барилддаг байсан. Нэг их сүртэй биш ч гэсэн улсын аваргад түрүүлчихдэг, тэмцээн уралдаанд явчихдаг байсан. Тэгтэл жингээ барьж дийлэхээ больсон л доо. Бэртэл аваад бэлтгэл хийлгүй хэсэг гэртээ хэвтсэн чинь жин 120 гарчихсан. 125 хүрээд буцаж хасаад -100-даа барилдсан чинь нэг л болоогүй. Тэгээд л болъё гэж бодсон.
+100-д барилдаж үзэв үү?
-Үзээгүй. +100-д арай жижигдэх байх гэж боддог юм. Гэхдээ боломж гарвал +100-д бас барилдаад үзье гэж бодож байгаа. Цаашдаа болох байх гэж бодож байгаа.
-Жүдо бөхөөс, үндэсний бөхөөс өөртөө юуг шингээж авч байгаа гэж боддог вэ?
-Их спорт, жүдо бөхөөс наад зах нь хүндлэх мэндлэх ёс, аливаад хариуцлагтай байх, ялагдсан бол тэрийгээ хүлээж чадах гээд олон чанаруудыг шингээж авсан. Харин үндэсний бөхөөс бол эр хүнд байх ёстой шинж чанаруудыг олж авч байгаа гэж боддог. Олны хайр хүндлэлийг хөсөрдүүлэхгүй, зөв түвшин явах, монгол ахуй, ёс заншил, өв соёлоо дээдлэх гээд олон зүйл бий.
-Ингэхэд хэний барилдаан таалагддаг вэ, бас үлгэр дуурайл авдаг бөх гэвэл хэн байна?
-Үлгэр дуурайл авахаар олон сайхан хүмүүс байна л даа. Хараад байхад Өсөх-Ирээдүй харцага их сайхан барилдаантай. Миний барилдаанд таарч магадгүй гэж боддог. Манай дээр ирж бэлтгэл хийгээрэй л гэдэг юм. Тэгж байгаад очноо. Харцагаас сурах зүйл их бий гэж боддог. Байгаа байдал зан төрхөөрөө хүндлэл хүлээсэн бөхчүүд гэвэл Эрхэмбаяр аварга, Ганбаатар гарьд, Рагчаа гарьд гээд олон л хүн байна. Батмөнх заан бас их сайхан хүн санагддаг.
-Хүчний бэлтгэл хэр хийж байна, биеийнхээ аль хэсэгт арай түлхүү бяртай гэж боддог вэ?
-Ноднингоос л хийж эхэлсэн. Хүмүүсийг хараад байхад хүчний бэлтгэлээ түлхүү хийдэг болчихож. Ер нь хурд, хүч, мэх бяр гээд бүх юм тэгширч байж л барилдаан сайхан болдог юм байна. Хөлөндөө арай илүү юм болов уу гэж боддог ш дээ. Тэрнээс биш яг хэмжиж барьж үзээгүй л дээ.
-Ер нь хэр олон мэх хийж барилдаж байна?
-Боломжоороо сурсан мэхүүдээ аль болох хийгээд л барилдахыг боддог. Үндсэн мэхүүдээ орхигдуулалгүй, шинээр мэх сурах хүсэл их байна. Тэгэхгүй бол цөөхөн хэдэн мэхтэй бол хүмүүс мэдчихээд хориод хийлгэхгүй ш дээ. Наад зах нь барьц өгөхөө больчих гээд байна.
-Ер нь барьцтай барилдах дуртай юу?
-Жүдогоос олж авсан арга барил маань юм болов уу гэж боддог. Эхнээсээ барьцтай барилдаад сурчихсан. Гэхдээ өөрчлөгдөх, сурах юм байгаа, байгаа. Барьцтай, барьцгүй аль алинаар нь л барилдахыг хичээдэг.
-Анх ямар мэх сурч байв?
-Багадаа хутгадаг л хүүхэд байсан гэнэ лээ, би /инээв/. Би өөрөө тэрийгээ нэг их санадаггүй юм. Барилдаад, даваад, унаад л явсан санагддаг. Багш нар маань л "чи хутгадаг байсан. Хутгаад л давбал даваад, унавал унадаг байсан” гэдэг юм.
-Одоо хааяа тэр мэхээ хийх үү. Сурчихсан юм чинь байж л байгаа даа?
-Хийнэ ээ, хийнэ.
-Өндөр, жин хэдтэй байна?
-Жин 120 кг, өндөр 182 см байна даа.
-Аврагч спорт хорооны бөх билүү?
-ОБЕГ-ын харъяа, Аврагч спорт хороо, Бүрэн дуулга компани, мөн манай нутгийн ахын Другош гэж компаниудын нэр дээр барилддаг. Үргэлж тусалж дэмждэг хамт олон, ах нартаа баярлаж явдаг шүү.
-Шийрэв багш шавь нараас бас л мундаг бөхчүүд гарч ирж байна шүү?
-Манай Шийрэв багш олон аварга шавь төрүүлсэн мундаг хүн шүү дээ. Улсын цолтой бөхчүүд ч бий. Багшийгаа удахгүй гавьяат болчих байх гэж боддог. Багшийнхаа ачийг хариулахын тулд бид нар сайн барилдах ёстой, бэлтгэлээ сайн хийх ёстой гэж боддог.
-Дашбалбар сум ингэхэд буриад сум билүү?
-Тийм. Дорнод аймаг маань дөрвөн буриад сумтай. Тэрний нэг нь. Тал газар, мод, ус байгаль сайхантай, ан амьтан ихтэй. Сайхан нутаг бий. Хүмүүс нь ч гэсэн нэг их өөрчлөгдөөгүй, эвдрээгүй. Буриад ахуй, зан төрхөө алдаагүй. Буриад хэлээрээ ярьдаг. Маш их хөдөлмөрч хүмүүс байдаг. Би багадаа буриад хүүхэд шиг л өссөн. Одоо очихоороо буриадаараа ярихаар хүмүүс их дуртай байдаг. Сая гэхэд нутагтаа очоод сар болсон. Хүмүүс начингаа гэрээрээ оруулна гээд хүндлээд сайхан байна лээ.
-Сумаасаа хэдэн жилийн дараа төрсөн начин бэ?
Дашбалбар сумаасаа 65 жилийн дараа төрсөн начин юм билээ би. Өмнөх начин нь Олимпийн аварга Баатаржав гуайн аав Дамбадондог гэж начин байсан.
-За урилгыг маань хүлээж авч ирж ярилцсанд баярлалаа. Заан цол сайхан санагддаг гэж байсан. Хүссэн цолондоо хүрч, сайхан барилдаарай гээд их амжилт хүсье?
-За маш их баярлалаа. Намайг сониныхоо хойморт урьж ярилцсанд баярлалаа. Энэ дашрамд нутгийнхаа нийт ард түмэнд, дэмжиж тусалдаг байгууллага, компаний хамт олондоо бүгдэд нь маш их баярлаж явдаг шүү гэдгээ уламжилъя. Та бүхнийхээ итгэлийг дааж, цолоо дүүргэж, цолоо ахиулахын төлөө хичээнэ ээ.
Ярилцсан: С.Бадамгарав
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих