Ан амьтан
Дорнод аймаг нь Монгол орны зүүн хязгаарт 123.6 мянган км2 газар нутаг эзлэн орших бөгөөд гурван улсын хилийн заагт байрладаг онцлогтой. Хойд талаараа ОХУ, зүүн, зүүн урд, урд талаараа БНХАУ, баруун урд талаараа Сүхбаатар аймаг, баруун талаараа Хэнтий аймагтай хиллэдэг. Хүн амын тоог газар нутагтай харьцуулахад нягтшил багатай.
Аймгийн нутаг ихэнхдээ Дорнод Монголын тал хээрийн эко системд хамрагдах бөгөөд хялганат тал хээрийн хэв шинжийг хадгалан үлдсэн Мэнэн, Тамсаг, Бадам –Ишийн нүд алдам өргөн уудам тэгш тал, Төв Азийн зэрлэг туурайтан амьтны сүүлчийн их сүрэг болох цагаан зээр олон мянгаараа сүрэглэн нүүдэллэн амьдардаг.
Амьтны аймгийн хувьд 6 баг, 16 овог, 46 төрөлд хамаарагдах 70 гаруй зүйл амьтан байдаг. Хөхтөн амьтдаас Монгол улсын Улаан номд болон ховор амьтдын жагсаалтад орсон Дагуур зараа, Дорнын сармаахай, Бор харх, өөхлөг тажигдаахай, Голын халиу, Халиун буга, Хар мөрний хандгай зэрэг зүйлүүд цөөн тоотойгоор, агнуурын ач холбогдолтой монгол тарвага, зурам, сохор номин, ондотор, чоно, үнэг, элбэнх, зээх үен, дорго, зэрлэг гахай, цагаан зээр зэрэг амьтад бий.
Амьтны аймаг, экосистемийн тэнцвэрт байдалд чухал үүрэгтэй зүйлүүд нь монгол тарвага, цагаан зээр, үлийн цагаан оготно, чоно дагуурын огодой, түлхүүр зүйл нь хил дамжсан цагаан зээр, үлийн цагаан оготно юм.
Сүүлийн жилүүдэд агнуурын өндөр ач холбогдолтой амьтдын тоонд ихээхэн өөрчлөлт гарч цөөрсөн байна. Элбэг нөөцтэйд тооцогдож байсан тарвага хориглох хэмжээнд хүртэл багасч бараг агнуурын нөөцгүй болоход хүрсэн байна. Тарвага агнахыг хориглосноос хойшхи хугацаанд тоо толгой нь өсөх хандлагатай байгаа. 2000 оноос хойш Цагаан зээрийг үйлдвэрлэлийн зориулалтаар агнуулахыг хориглуулсан, одоогоор 200-500 толгойг зөвхөн ахуйн зориулалтаар агнуулах зөвшөөрлийг олгож байгаа. Уур амьсгалын өөрчлөлт ган зудын аюул, ил задгай ус ширгэх, малын тоо толгойн хэт өсөлт, уул уурхайн, зам харилцаа хөгжих, бэлчээр талхлагдах зэргээс зээрийн амьдрах орчин хомсдож байна.
1990 оноос хойш халиун буга, бор гөрөөс, тарвага зэрэг амьтад агнуурын ач холбогдолтой байдлаасаа болж ховордсон.
Хэрлэн гол түүнээс хойш нугат хээр, хээрийн бүсэд оршдог томоохон гол, нуууруудад ус намгийн болон ховор шувууд өндөглөж зусах буюу нүүдлийн үедээ байршдаг. Монголын болон Азийн, дэлхийн улаан номд бүртгэгдсэн, олон улсын конвенц / CITES/ -ийн хавсралтад бүртгэгдсэн тоо толгой нь ховордож байгаа цэн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу, алаг тогоруу, нүүдлийн үедээ дайрч өнгөрдөг өөр хаана ч бүртгэгдээгүй дорнын өрөвтас, халзан өрөвтас, ухаа шумбуур, хээрийн хавмгаалж, жагар хөхөө зэрэг зүйлүүд дэлхийд ховордож байгаа цэн тогоруу, харихараа тогоруу өвөгт тогоруунууд өндөглөөд зусдаг.
Хэрлэн онон Улз Халхгол, Буйр, Дөрөө, Хөх нууруудад 36 төрөлд хамаарагдах, 46 зүйл загас бүртггэдсэн байдгийн 17 зүйл нь агнуурын ач холбогдолтой. Одоогоор зөвхөн Буйр нуурт загас барих зөвшөөрөл өгч байгаа. Буйр нуур Монгол, БНХАУ хоёр улсын хилийн заагт байрладаг учраас загас агнуурын зохицуулалттай явуулж чадахгүй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих