Энэ голын загас юунд яаран жирвэлзэж
Тэр шувуу тэнгэрт хаашаа ниснэм бэ?
Ээждээ л тэд очих гэж явнаа гэж
Эргийн суль өвс салхиар надад шивнэлээ.
Ингэхэд хүмүүс минь бид ээждээ
Эргэх дөрвөн улиралд очсоор л байгаа гэж үү?
Эсэргэн хаврын туулай цагаан сард ч
Ижийтэйгээ золгосон нь тэмээн тоотой шүү.
Гадаад дотоодоор зарим нь явлаа л гэх юм
Ганган хээнцэр юмсыг нь шогширсоор л ирэх юм
Ганц хошуу эрээн даавуу алчуур ээждээ авцгаасан нь
Гарын арван хуруу тоолохоос цөөн шүү.
Юу хийсэндээ ажил төрөл амжсангүй ээ гэж
Ертөнцөд ганц заяасан ээжийдээ худал ярина вэ?
Үзэсгэлэнт хонгор залуутай амралтанд байснаас биш
Үнээний зэлэн дээр ээждээ тугал татаагүй улс аа бид.
Эрт л хадамд гарцгаах юм даа охид минь
"Ээждээ ирж байнаа" гээд явцгаасан нь олоон.
Үзүүрсгэн дээл өмсөж гоёод гарцгаасан болохоор
Үүл манантай уулы наана тэгж л ам гарч дээ.
Алтан харганы үйсээр гэзгээ чимэх нас минь холдсоор
Амьдрал хэмээх тэрэгний дугуй мөрөө үлдээсээрээ...
Аав ээжүүдийн минь бие чилээрхүү, сүүдэр нь богиноссоор
Амжиж одоо тэдэндээ очвол алтан зунаа хургатайгаа хариулнаа.
Хөгжөөн наадам дулаан сайхан орон байранд
Хөхний хүүхэд шиг бид дэндүү нялхарч дээ.
Хөл хөдөлгөөн тэрэг төмрийн шуугианд дасаж
Хөдөөгийн байгаль ээжий хоёроосоо төсөөрч дээ.
Эргээд ирэхэд ээжий гэр хоёр сайхаан
Эртний дуу хуурын эгшиг төгөлдөрсмөөрөө
Энгэрт нь налаад хацраа үнэсүүлэх олдохгүй хувь
Эргээд хүүхэд болж эрхлэх ховор заяа.
Өөрийн гэр орон, нөхөр хүүхдээ нэг орхиод
Өвлийн өглөө ээждээ өрхий нь татаж өгцгөөе
Үнэр дотно ээжийгээ өвөр дээрээ суулгаад
Өнжсөн хөх тариа шиг хөх гэзгий нь самна даа, хүүхнүүд минь!
Д.Нямсүрэн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих