Халхгол орчимд бөмбөг хаях тушаалтай нисэж байсан Японы нисгэгч нар Их Бурхантын дээгүүр хэдэнтээ эргэлдсэн боловч энэхүү урлагын гайхамшигт бүтээлийг бишрэн хүндэтгээд бөмбөг хаялгүй алгасан нисэж байсан тухай хууч яриа бий...
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, сумын төвөөс хойд зүгт 35 км зайд "Халх” голын эрэг дагуу /баруун талд/ ХӨ 47°52'23", ЗУ 118°27'13" солбицолд далайн төвшнөөс дээш 655 метрийн өндөрт "Их Бурхант” хэмээх соёлын болоод түүхийн ач холбогдолтой нэгэн хосгүй сайхан бүтээл байдаг.
Уг гайхамшигт бүтээлийг 1859-1864 оны хооронд урлан бүтээхдээ байгалийн чулууг газарт шигтгэж цоолборлосон байдаг ажээ. Яг ийм хэлбэр хийц, хэмжээтэй адилтгах бүтээл Монгол болоод Төв Азийн нутагт байдаггүй гэлцдэг.
Энэхүү соёлын хосгүй үнэт бүтээлийн тухай эхлээд түүхийг нь товч дурдъя.
XIX зууны дунд үед Сэцэн хан аймаг буюу одоогийн газарзүйн байршлаар авч үзвэл Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр аймгийн нутаг болон ОХУ-ын Чита, БНХАУ-ын Хөлөн нуур орчмыг хамрах нутгийн ихэнх хошуудад байгалийн гамшиг, ган зуд удаа дараалан нүүрлэх болсноос үүдэн мал сүрэг олноор хоргодож ард олны амьдрал ихээхэн хэцүүдэх болжээ.
Иймийн учир Монгол нутаг даяар То ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр үүний учрыг олохоор хутагт лам нарыг цуглуулан хэлэлцэж эцэст нь Жанрайсаг бурхны дүрийг бүтээлгэхээр шийдсэн гэдэг.
Нутгийнхан "найман аюулаас аврагч Аръяабал” гэж нэрлэх энэхүү бурхны дүр Монгол орны хамгийн зүүн хязгаарт орших тул өглөөний нар уг бурхны өлмийнөөс эхлэн мэлмийг гэрэлтүүлж улмаар Монгол орон өглөөний нартай учран золгодог. Энэ нь цаад утгаараа Монгол оронд зүүнээс ирэх гай тотгорыг уг бурхан хамгаалж байдаг гэж учир мэдэх хүнээс хожимоо сонсож байлаа. Шашны буюу сүсэг бишрэлийн үүднээс авч үзвэл үнэхээр тийм гэлтэй. Магадгүй Японы халдан довтлогчид тус бүс нутгаас нааш довтолж чадалгүй байсаар ялагдал хүлээсэн мэт санагдана.
Ингээд Сэцэн ханы 23 хошууны 11 нь бурхан бүтээх үйлд хандив өргөхөөр тохирч харин Тогтохтөр өөрөө бүтээн байгуулалтын ажлыг биечлэн хариуцсан байна.
Анх бурхныг Тамсаг булагт Утай уулын ойролцоо Соёлыг бадруулагч сүмийнхээ дэргэд зэсээр 12 тохой өндөр Жигважиджав Жанрайсэг бурхныг бүтээлгэхээр ажиллаж байтал бурхан нь нурж унажээ. Газар ус үл таалж хилэгнэв хэмээн гурван өртөө газарт өөрийн өвлийн ордны баруун тал, нар мандаж хамгийн түрүүн тусах Хэрээ уулын зүүн энгэрт байгалийн чулуугаар дахин 2 жил хэртэй урлаад дуусаж байтал 3 өдөр орсон их борооны улмаас дахин гулсаж унажээ.
Ингээд Бурхныг Халхголын баруун эрэгт зүүн тийш налуу, нар тусах энгэр буюу одоо Бурхан оршин буй газар бүтээхээр болжээ.
Энэхүү газар нь Монголын Нууц Товчоонд дурдагддаг ба Чингис хаан Хэрэйд улсыг мөхөөснийхөө дараа аймгаараа нүүдэллэн 1203-1204 оны их зудтай жил өвөлжиж, хаваржиж байсан гэнэ.
Бурхан бүтээх ажилдаа нутгийн ард олонд өглөг хандиваар дарамт учруулахгүйн тулд байгалийн чулуугаар бүтээх санаа төрж мал бүхий өрх бүрээс нэг үхэр тэрэг дайчлан гаргуулж хоёр, гурав дахь үхэр тэрэгний хөлсийг өдөрт нь булан цай болоод мөнгөөр тооцон өгч харилцан үр өгөөжтэй ажиллаж байжээ.
Ингээд өмнө нь бурхан бүтээх ажил нь хоёр ч удаа бүтэлгүйтэж байсан ба нөгөө талаараа багагүй хэмжээний туршлага хуримтлуулсан тул 220 х 97 харьцаатай газарт их ажлаа эхлүүлжээ.
Бурхны найман мутарт арслан, заан, могой, гал, ус, гав, гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан бэлгэдэл атгаастай байдаг. Тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан, газарт суурилуулах талбайг тэгшилж засах ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 180 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урттайгаар урласан байна. Гадуур том хүрээ нь 220 х 97 метр, түүний дотор талд 165 х 110 сантиметр хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200 х 110 сантиметр хэмжээтэй 12 ширхэг суварга, "Их Бурхант”-ыг тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн нь хосгүй нандин дурсгал болсон юм.
Гэвч харамсалтай нь Монгол оронд 1940 оноос шашингүй үзэл суртал ноёрхох болж түүнтэй холбоотой эд өлгийн зүйлсэд дайсагнан хандах болсноор энэхүү хосгүй гайхамшигт бүтээлээ Монголчууд бид өөрсдөө устган үгүй хийжээ. Үүний нэг жишээ нь барилгын суурь агуулах, гараж зэргийг барих нэрийдлээр /1960 – 1975 он/ чулууг нь ашиглаж маш ихээр гэмтээжээ. Үнэндээ бол 1939 оны Халхголын дайны үед нэг ч бууны сум, бөмбөгний хэлтэрхийд өртөөгүй ба бидний дайсан хүртэл тэгтлээ их хүндэтгэн хайрлаж байсан байгаа юм шүү дээ.
Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүйн адилаар бурхан шашнаа чөлөөтэй шүтэх эрх эргээд сэргэх цагт 1996 онд уг бурхныг нөхөн сэргээх анхны оролдлого хийсэн боловч түүхийн дурсгалыг нөхөн сэргээх мэргэжлийн арга техник буруу байсан тул тэр чигт цемент нялаад улам муухай болгосон байна. Энэхүү бурхны бүтээлийн зураглал нь одоо Чойбалсан хотод аймгийн музейд хадгалагдан байгаа ба түүнийг хархад өөрийн эрхгүй дуу алдах болно.
Уг бурхныг нөхөн сэргээн, зөв горимд оруулах ажлыг 2007 оны засгийн газрын 303 тоот тогтоолоор тогтоосон ба 2008-2015 оны хооронд хэрэгжүүлэхээр баталсан байдаг байна. Биднийг 2016 оны 6 сарын дунд үест хүрч очиход бурхныг нөхөн сэргээх үйл явц хэдийнээ эхэлсэн байсан тул сайтар ажиглан хархад цементийн бохирдлыг цэвэрлэсэн байх нь анзаарагдаж байлаа.
За ингээд та бүхэн эрт орой хэзээ нэг цагт Дорнод аймагт хүрч очвол аймгийн музейгээр зочилж бүр болж өгвөл энэхүү гайхамшигт бүтээлийг зорьж очин үзэж мэлмий юугаа баясгаарай хэмээн хүсээд энэ удаагийн бичвэрээ өндөрлөж байна.
Монголын Утай гэгдэж байсан газар бурхан шашны утга агуулгатай эд өлгийн зүйлс ийнхүү эвдэрч гэмтсэн байдалтай таарах нь элбэг байдаг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22146
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих