МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ жил бүр "Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа 12 дахь жилдээ "Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний бодит оролцоо” сэдвийн хүрээнд ээлжит чуулганаа хийж байна.
"Чингис” зочид буудлын хурлын танхимд болж буй уг чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ "Энд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, чуулганы ажиллагаанд амжилт хүсч, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ бол иргэний нийгмийн байгууллагуудаас үйл ажиллагаа нь тогтворжсон, мэргэжлийн түвшинд үйл ажиллагаагаа явуулдаг, олон талын асуудлыг хөндөн тавьж төрийн байгууллагуудтай хамтарч нэлээд амжилтад хүрч чадсан сайн санаачилга байгаа юм.
2006 оноос хойш "Эмэгтэйчүүдийн нүдээр” гэж тодорхой асуудлуудыг сэдэв болгон авч чуулган хийж байгаа. Энэ чуулганаа тасралтгүй 12 дахь жилдээ авч явж байна гэдэг бол энэ байгууллагын үйл ажиллагааны чанарыг, тогтвортой, чадвартай байдлыг харуулж байгаа нэг үзүүлэлт гэж бодож байна.
Өмнө нь Эмэгтэйчүүдийн баяр, 3 дугаар сарын 8-ны өмнө чуулганаа хийдэг байсан. Чуулганаар хэлэлцсэн зүйлийг бид цуглаж ярилцдаг, 3 дугаар сарын 8-ны өглөө МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний идэвхтнүүдтэй миний хувьд уулзаж, чуулган дээр яригдсан зүйлүүд, тулгамдаж байгаа асуудлуудыг тухайн жилдээ яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар ярилцдаг ийм сайхан уламжлал тогтоод явж байгаа.
Ямар учраас иргэний оролцоо Монголд хэрэгтэй вэ гэдэг дээр бүгдээрээ нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй байгаа юм. Үүнийг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэхдээ цаашаа, ялангуяа албан тушаалтнуудад сайн ойлгуулах хэрэгтэй.
Манай Үндсэн хуульд "Иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулна” гэж маш тодорхой зааж өгсөн байдаг. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж хаана ч байхгүй. Иргэнээ гаднаа хаяад, иргэнээ ангид үлдээгээд байгуулдаг нийгэм гэж байхгүй. Иргэн нь оролцож байж л нийгэм өөрөө бий болно.
Улсын хөгжил гэж авч үзэх юм бол хэрэв иргэд нь оролцохгүй бол тэр хөгжил байхгүй. УИХ, Засгийн газар дээр гаргаж байгаа, орон нутгийн удирдлагын түвшинд гаргаж байгаа бүх бодлогод иргэд нь оролцохгүй, тэдний эрх ашиг тусаагүй бол тэр нь улсын бодлого болж чадахгүй. Иргэдээс ангид л зүйл болно.
Иргэд оролцох гэдэг бол бидний Үндсэн хуулиар сонгож авсан бүх зам дээр байж байгаа. Үндсэн хуульд маш чухал хоёр заалт байдаг. Хоёр заалтын нэгийг манайхан их сүрхий хэрэгжүүлж байгаа. "Иргэд өөрийн сонгосон төлөөллөөрөө болон өөрсдөө шууд оролцож төрийн эрхийг барина” гэж байдаг. Сонгосон төлөөллөө бол сонгуулиар сонгоод байгаа. Иргэдийнхээ шууд оролцоог орхиод байгаа. Ийм хандлага бий. Иргэдийн шууд оролцоог хангах гэж зүтгэж ажиллаж байгаа ийм нийгмийн хэсэг бол манай иргэний нийгмийн идэвхтнүүд юм. Хамгийн хүнд ачааг та бүхэн олон жил үүрч ирсэн.
Тийм учраас төр нь иргэдийнхээ сайн санаачилга, сайхан зүйлийн өөдөөс алхам хийх хэрэгтэй. Яагаад би иргэдийн оролцоо байх ёстой гэж байнга ярьдаг вэ гэхээр иргэд оролцоод ирэхээр л гаргаж байгаа бодлого хүнд наалддаг. Хүнд ээлтэй бодлого болдог. Хүнд хүнлэг бодлого болдог.
Өөр нэг сайхан зүйл бол иргэд оролцоод ирэхээр гарсан шийдвэрийн биелэлт хангагддаг. Иргэд өөрсдөө оролцоод гаргасан бол шийдвэрээ өөрсдөө биелүүлдэг. Тэдний төлөө шийдвэр учраас өөрсдөө ингэж биелүүлдэг.
Аль ч шатны төр, засаг, Ерөнхийлөгч, УИХ бүгдээрээ л иргэдээсээ сонгогдож байгаа. Иргэдийнхээ төлөө ажил хийнэ гэж амлаж гардаг. Тийм учраас иргэдээ оролцуулж, хоёр талаасаа оролцвол бидний бодлого зөв болох гээд байгаа юм.
Өөр бас нэг чухал зүйл байдаг. Иргэд оролцож байж чадавхитай болдог. Манай зарим хүнд сурталтны хэлдэг үг байдаг. "Иргэд эрхээ мэдэхгүй байна. Иргэд боловсрол муутай байна. Заавал энэ асуудал дээр иргэдийг оролцуулж яах юм” гэдэг. Хүн оролцоод ирэхээрээ л эрхээ мэдэж эхэлдэг шүү дээ. Хүн оролцоод ирэхээрээ л чадавхи нь бий болж эхэлдэг. Огт оролцуулахгүйгээр иргэний нийгмийг байгуулах, огт оролцуулахгүйгээр иргэдийнхээ үгийг сонсох боломж байхгүй. Хууль талаасаа, бидний зорьж байгаа нийгэм талаасаа үнэхээр энэ оролцоо чухал гэдэг нь харагддаг.
Өөр нэг зүйл бол Монголын онцлог байгаа юм. Монгол бол газар зүйн байршлын хувьд маш их онцлогтой орон. Дээр нь бид сонгож авсан замын хувьд, хөгжлийн сонголтын хувьд онцлогтой орон. Мөн Монголын өөрийн уламжлал, соёлын хувьд бас их онцлогтой орон. Бүх онцлогоос нь авч үзэх юм бол иргэд оролцож байж л Монголын хөгжил урагшлахаар болж байгаа юм.
Иргэд нь хүчтэй, санаачлагатай байх юм бол Монголын хөгжил урагшаа явна. Иргэд нь хүч муутай, санаачилга багатай, түүнийг нь төр, засаг дэмждэггүй байх юм бол Монголын хөгжил явахгүй гэсэн нэг онцлог байгаа юм.
Зарим оронд төв Засгийн газар нь их хүчтэй, төв удирдлага нь хүчтэй байх юм бол тэнд ажил яваад байдаг байж магадгүй. Монголын хувьд бол өөр. Уудам газар нутагтай, онцлог байршилтай, хүн ам цөөтэй ийм орны хувьд иргэн бүхнийхээ оролцоо, чадавхийг бэхжүүлж байж Монгол урагшилна. Тийм учраас энэ бол Монголын хөгжлийн зам, хөгжлийн философи болж хувираад байгаа. Үүнийгээ бид ойлгох ёстой юм.
1990 оноос хойш 27 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллага анх үүсссэнээс хойш өнөөдрийг хүртэл 30-аад мянган байгууллага Монголд үүсч, бүртгүүлсэн байдаг. Тэр 30-аад мянган байгууллага дотроос 6 байгууллага тутмын нэг нь идэвхтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарсан байна. Тэгэхээр Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн 5000 гаруй байгууллага байна.
Тэдний улс орны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, хүмүүсийн дуу хоолойг хүргэхэд оролцож байгаа маш олон ажил бий. Нэг байгууллагад дунджаар 5 хүн ямар нэг хэмжээгээр ажиллаж байна гэвэл хамгийн багаар бодоход наад зах нь 25 мянган хүн Монгол даяар иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байна гэсэн тоо гарч ирж байгаа.
Эндээс бид ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл иргэний нийгмийн байгууллага гэдэг ойлголт Монголд суурьшсан, Монголд нутагшсан, Монгол Улсын өөрийнх нь үзэгдэл, заавал байх ёстой зүйл болжээ. Иргэний нийгмийн байгууллага Монголын нийгэмд байр сууриа эзэлж чаджээ гэж дүгнэж болохоо байна.
Би энд гурван зүйлд анхаарлаа хандуулъя гэж бодсон.
Нэгд, манай иргэний нийгмийн байгууллагууд иргэний нийгмийн чиглэлд хийж байгаа ажил, дэвшилтэт хүрсэн амжилтаасаа ухарч болохгүй. Амжилт гэж үзэж байгаа л бол түүн дээрээ дөрөөлөөд цаашаа дахиад дэвшилтэт зүйл рүү шилжих хэрэгтэй гэж бодож байгаа. Эрх зүйн талаас нь сүүлийн жилүүдэд гарсан амжилт байна. Та бүхний, иргэдийн оролцоо, шаардлагын хүчинд гарсан амжилт байна.
Жишээлбэл, Мэдээллийн ил тод байдал, мэдэх эрхийн тухай хууль гэж байгаа. Тэр хуулийг бариад явахад маш олон асуудал, шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн шийдвэрийн үндэслэл, маш олон зүйлийг мэдэх, иргэдэд хүргэх, мэдээлэх асуудал байна.
Шилэн дансны хууль байна. Хүн бүхэн мэднэ. Харамсалтай нь, Шилэн дансны хууль энэ сонгууль болсноос хойш хэрэгжилтийн хувь нь маш их буурсан. Би бол шүүмжилж байгаа. Манай залуу гишүүд, УИХ-ын гишүүд шаардах хэрэгтэй. Энэ хуулийн хэрэгжилтээр аймгууд дээр, Улаанбаатарт, УИХ дээр сонсгол хийх хэрэгтэй. Хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтнуудтай хариуцлага тооцох цаг болсон. Энэ ерөөсөө явахгүй байгаа юм.
Нэг юм үнэн. Улстөрчдийн яриа иргэдэд сонин биш. Яг үнэндээ улстөрчид тэдний мөнгийг хэрхэн зарцуулж байна гэдэг л сонин байгаа. Санхүү тойрсон, мөнгө тойрсон зарцуулалт, тайлагнал, ил тод байдал, хариуцлага гэдэг зүйл энэ хуулиар бий болсон. Энэ их муу явж байна. Би хөдөөнөөс явуулсан нэг сурвалжлага харсан. Би маш их баярласан. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын цэцэрлэг Шилэн дансны хуулиар дотроо мэдээллийн самбар гаргаад, хуулийн хэрэгжилт, хяналт гээд 7 хоног бүхэн тайлагнаж байна. Хүүхдийн цэрцэрлэг шүү дээ. Тэгэхэд яг ийм ажил Сангийн яаман дээр алга. Манай арван хэдэн яам, гучин хэдэн агентлаг, хорин хэдэн аймаг, 400 сум дээр байхгүй, харагдахгүй байна.
Мэдээллийн технологи бий болчихсон, Сангийн яам, тэр бүх газарт нэгдсэн веб сайттай болчихсон, ороод үзэх боломжтой. Хуулийг сонгож хэрэгжүүлж эхлэх л юм бол утгагүй. Магадгүй, өнөөгийн эрх баригчид гарч ирээд Шилэн дансны хуулийг хүчингүй болгож чадахгүй байх. Энэ бол Монголын хувьд олсон ололт. Хууль сонгож хэрэгжүүлэхээр л ардчилал, бидний зорьж яваа үйл ажиллагаа утгаа алдаж байгаа нь харагдаж байгаа. Энэ бол дэвшил, гэхдээ үүнээс цааш хийх ажил бидэнд бий.
Захирааны ерөнхий хууль, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хууль гэж байгаа. Манай иргэний байгууллагынхан их сайн мэднэ. Энэ дээр нөгөө яриад байдаг стратегийн өмгөөлөл байгаа. Эрүүл мэнд, байгаль орчин, хүүхдийн эрхийн асуудал гээд явах боломжтой. Нийтийн эрх ашгийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхүүдийг тэнд зааж өгсөн.
Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Заавал Засгийн газар шийдээд бүх ажил явдаг, Засаг дарга нарын шийдвэр дандаа үнэн байдаг биш. Асуудал байгаа бол шууд шүүхэд хандахаар болсон.
Өнөөдөр Монгол Улсад жирийн иргэн Засгийн газрыг ялах боломжтой. Нэг малчин надад хэлж байсан. Би уул уурхайн том компанитай заргалдаад заргаа авсан гэж байсан. Малчин хүн уул уурхайн компанийг ялах боломж бий.
Манай иргэний нийгмийн байгууллагынхан тэр хуулийн боломжийг ашиглаад, өөрсдөө мэргэшээд явах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүстэй, хуульчидтай маргаад асуудлаа авна гэдэг та бүхэнд тийм амар биш. Энэ чиглэлээ бодвол энд маш том дэвшил гарсан. Үүнийг бид цаашдаа хэрэгжүүлээд явах ёстой.
Нэг маш том дэвшил бол Нийтийн сонсголын тухай хууль батлагдсан. Дагаж гаргах журмыг нь УИХ, Төрийн байгуулалтын байнгын хороо гаргасан. Энэ бол том дэвшил. Үүгээр дээрх бүх түвшинд нийтийн сонсгол хийнэ. УИХ дээр ч, аймагт ч, дүүрэг, сумын ИНХ дээр ч нийтийн сонсгол хийнэ. Энэ дээр л иргэд тодрох, иргэний нийгмийн байгууллага тодрох, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүд асуудлаа тавьж шийдүүлэх, иргэдэд асуудлынха ач холбогдлыг ойлгуулах хамгийн гол талбар юм. Урагшаа явж байгаа. Хууль талаас нь авч үзвэл их чухал шүү.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль байна. Хэдэн жил бид нар ярьсан билээ. УИХ-аас буцаж, яаж явж орсон билээ. Мэдээж, тэр хууль бүрэн биш. Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, эдгээрийг хянан шийдвэрлэх хуулиуд гарч байж энэ хууль бүтэн болно. Та бүхний анхаарал, хурц хараа энд хэрэгтэй.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Бид 20 мянга гаруй иргэдийн төлөөлөгч бэлдсэн. Үнэмлэхтэй болгосон. Өмнө нь тэтгэвэрт гарсан хүн орж ирээд шүүх хуралд сууж байгаад гараад явдаг байсан. Одоо иргэдийн төлөөлөгч оролцоод шүүхийн шийдвэрт саналаа хэлдэг болсон. Энэ хүн ийм гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ зүйлчлэл нь буруу байна. Энэ зүйлчлэл нь зөв байна. Энэ хүнд ийм ял өгөх ёстой гэж саналаа хэлдэг болсон. Хэрэв шүүхийн шийдвэртэй иргэдийн төлөөлөгч санал нийлэхгүй байгаа бол хуулиараа шүүхийн шийдвэрт заавал тусад нь бичдэг болсон. Энэ бол маш том дэвшил шүү. Энэ бол шүүхийн шинэчлэлд иргэдийн хяналт бий болж байгаа, эрх ашигт орж ирж байга асар том дэвшил. Үүнийг бид хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.
Сүүлд хууль тогтоомжийн тухай хууль гарсан. Энэ бол бас иргэдийн талд, хууль санаачлах талд их чухал, иргэдээ сонсдог, саналыг нь авдаг тэр шаардлагуудыг тусгасан гэж би ойлгож байгаа. Иймэрхүү хүрсэн ололтуудаасаа бид ухарч болохгүй. Үүнээс цаашаа явах, шийдвэрлэх олон асуудал бий.
Хоёрт, иргэний нийгмийн байгууллагуудад анхаарах зүйл байгаа. Иргэний нийгмийн байгууллагуудыг нэг талаас, төр, хүнд суртлын зүгээс юу гэж хардаг вэ гэхээр хямд ажиллах хүч гэж хардаг. Халаасны байгууллагууд бий болдог. Улс төрийн намууд, улстөрчид хажуудаа тийм байгууллагуудыг бий болгодог. Тэгж явуулах гэдэг. Улстөрчдийн, улс төрийн намын халаасны гэдэг юм уу, гологдсон гэхээр ажлыг хийлгэх гэж боддог. Нүүрнийхээ өмнө барьж явах гэж оролддог. Ийм хэлбэр рүү оруулах гэж оролддог.
Нөгөө талаас нь харвал иргэний нийгмийн байгууллагууд дээр чадавхижих, мэргэших, дотоод хариуцлага, ёс зүйгээ дээшлүүлэхтэй холбоотой олон асуудал бий. Бид үүнийг бүгдээрээ мэднэ. Нэр хүндтэй холбоотой асуудал бий. Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа бол хамгийн иргэнлэг замаар л явах ёстой. Энэ дээр шаардлагууд бий. Тодорхой сонирхолд автдаг. Мөнгө төгрөгт автдаг. Иймэрхүү зүйлүүд энд бий.
Бид аль аль талдаа энэ асуудалд анхаарч иргэний нийгмийн байгууллагынхаа нэр хүндийг авч явах шаардлагатай.
Дараагийн нэг тулгамдсан асуудал бол үндэсний иргэний нийгмийн байгууллагын хөгжлийн асуудал. Ихэнхдээ бий болохдоо дэмждэг, тусалдаг хүмүүс, байгууллагуудтай хамтарч ажилласан. Үндэсний хувьд иргэний нийгмийн байгууллагууд санхүүжилтээ бүрэн шийдсэн, үндэсний хэмжээнд зохион байгуулалтаа шийдсэн, бол үндэсний иргэний нийгмийн байгууллагын статус, чадавхи, хөгжлийн асуудлыг гаргаж ирэх хэрэгтэй.
Төр гэж харах юм бол хууль, дүрмээ хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Бизнес гэж харах юм бол материаллаг баялгийг бий болгодог. Иргэний нийгмийн байгууллага гэдэг бол жинхэнэ нийгмийн баялгийг бий болгодог байгууллага. Иргэний нийгэм гэдэг бол бий болсон бүтэц дотор амь нь тэнд байгаа юм. Хүнлэг нийгэм гэдгийн шүншиг нь, зүрх сэтгэл нь иргэний нийгмийн байгууллага юм. Ингэж харах хэрэгтэй.
Төр, хувийн хэвшил гээд хошуураад байдаг. Иргэний нийгмийн байгууллага маань хаягдсан байдалтай байгаа. Тийм учраас жинхэнэ нийгмийн баялгийг бий болгодог, нийгмийн сайн сайхныг бий болгодог, нийгэмд бий болж байгаа сайхан харилцаа, сайн үнэлэмжийг авч ирдэг, тогтоодог байгууллага бол иргэний нийгмийн байгууллага байгаа юм. Иргэний нийгмийн байгууллагаа дэмжинэ гэдэг бол нийгмээ, нийгмийн сайн сайхныг дэмжиж байгаа, амьдарч байгаа нийгэмдээ бий болж байгаа сайн сайхнаа дэмжиж байгаа үйл ажиллагаа шүү гэж хэлмээр байгаа юм.
Та бүхэн нэг хурал дээр хэлж байсан. Иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаа Улаанбаатарын хүрээнд л тодорхой байна. Орон нутагт бие даасан, чадавхитай иргэний нийгмийн байгууллагууд бий болж чадахгүй байна. Цөөхөн байна гэсэн хандлага байдаг. Энэ чиглэлд бид ажиллах ёстой болж байгаа. Орон нутагт ажиллаад амжилтад хүрч байгаа сайн жишээ би маш олныг сонссон. Жишээ нь, архидалттай холбоотой, сумынхаа ИНХ, сумынхантайгаа ярилцаад, манай сум, аймаг архигүй болъё, хамт олон архигүй болъё гээд явсан газар маш олон байгаа. Хуримтлалын бүлэг гэж та бүхний байгуулсан маш сайн ажил бий.
Улаанбаатар хот хогондоо дарагдсан байна. Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд хогийн 6 цэг байсан. Иргэд нь нийлээд, "Байгальд ээлтэй хөршүүд” гэж хөршийн холбоо үүсгээд, хогийн 6 цэгийг бүгдийг янзлаад, зөөгөөд хог хаядаг байсан газар дээрээ иргэд уулздаг, амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг цэгүүд бий болгосон. Энэ бол гайхамшигтай. "Энэ айл хогоо хаяж байна. Манайх хаях л ёстой” гэж суухаа больсон байна. Манайх хаяхгүй, танайх хаяхгүй, нийлээд өөд нь татах юм бол бүгдээрээ аятайхан орчинтой болох юм байна шүү дээ гээд явж байна. Бүх дүүрэг, хороо, гудамжинд энэ санаачилга хэрэгжих юм бол Улаанбаатар гоё газар болно.
Иймэрхүү маягаар, иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь юмыг ямар мундаг өөрчилж чаддаг юм бэ гэтэл нь ажиллах ёстой.
Хэнтийн Батширээт суманд иргэний нийгмийн байгууллага, ИНХ, Иргэний танхим хамгийн сайн ажиллаж байгаа. 30 хоног гаргаад, түүний 17-18, хориод хоногт нь Иргэний танхим дандаа хуралтай, асуудал хэлэлцэж байгаа. Хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь сургуулийн хичээл дээр хүүхэд гар утас хэрэглэх үү гэдгийг сумынхаа дотор хэлэлцээд хэрэглэхгүй байя гэсэн. Фейсбүүк, твиттерийн зөв хэрэглээ гэж юу байх вэ гэдгийг ярилцсан. Ингээд асуудлуудаа шийдэж байна. Энэ бол гайхамшигтай зөв шийдэл болж явж байгаа.
Өвөрхангайн Арвайхээр суманд иргэд нийлээд мөнгөний хуримтлалын бүлэг үүсгэсэн. Засаг даргадаа шаардаад, шинэ суурьшлын бүс бий болгоё гээд 100 гаруй айл очоод хамтарч худгаа гаргаад, хамтарч цахилгаанаа татаад, бүр гоё болгоё гэхээр орон нутгийн байгууллага нь дэмжээд замыг нь тавиад өгсөн. Ингэж нийлж байж бид улс нийгмээ өөд татаж авч явна.
Манай төрийн байгууллага, төрийн албан тушаалтнууд иргэний нийгмийн байгууллагаас хүнийрхэх, холдох, болгоомжлох хэрэггүй. Тавьж байгаа асуудал дээр нь өөдөөс нь тэврээд л хамтарч ажиллахад хамтын шийдэлд хүрч болно. Ингэж л явах юм бол Монголын нийгэм сайхан болох байх. Бид ингэх л гэж энэ замыг сонгосон. Өдөр бүхэн төр, засгаа хараагаад суугаад байдаг. Бид өөрсдөө өөрсдийнхөө амьдралыг сайнаар зохион байгуулах гэж л энэ нийгмийг сонгосон.
Болж өгвөл төрд, засагт хэн байгаа нь бүү мэд. Бидний амьдрал иргэдийн зохион байгуулалтаар сайжраад, шийдэгдээд явдаг л болох ёстой. Төр, засаг сайн шийдвэр гаргаад өгвөл сайн л биз. Гаргах үүрэгтэй. Энэ чиглэлд ингэж уялдуулж харах юм бол их зөв болох нь ээ гэж бодож байгаа.
Гуравт, үндэсний иргэний нийгмийн байгууллагын тогтолцооны асуудал гарч ирж байгаа. Энд нэр томьёоны асуудал яваад байгаа юм.
ТББ-ын тухай хуулийг 1997 онд баталсан. Манай иргэний нийгмийн байгууллагууд хүнд амьдралтай байгаа. Нэг шог яриа тэр үед байдаг байсан. Хүн хөдөө очоод "Би ТББ-аас явж байна” гэхээр хүмүүс нүд нь гэрэлтээд, том том хараад байдаг. "Энэ чинь ямар ноцтой нөхөр явж байна” гэдэг. Төрийн биш байгууллагаас явж байна гэхээр ноцтой этгээд гэж хардаг байсан. Одоо бол нэр томьёоны асуудлаа бодмоор юм билээ. Олон боломжит нэр томьёоноос нэгийг авсан.
Бид байгуулж байгаа нийгмээ иргэний нийгэм гэж байгаа. Аль нэг байгууллагыг бас иргэний нийгэм гээд бүтнээр нь нэрлэчихсэн нь зохимжтой биш байх. Би бодож бодож байгаад ерөөсөө л иргэний байгууллага гэж нэрлэе гэж бодсон. Иргэд л нийлж байгуулсан шүү дээ. Заавал нийгэм гээд байх шаардлагагүй. Иргэний байгууллага гэж нэрлэе. Энэ иргэний байгууллагатай холбоотой төрийн бодлогоо гаргая.
2012-2013 оны үед иргэний нийгмийн байгууллагыг хөгжүүлэх, дэмжих төрийн бодлого гэсэн чиглэл явж байсан. Манай УИХ-ын зарим гишүүн ирсэн байна. Энэ бодлогыг дэмжүүлж гаргах хэрэгтэй. Бид шинэчилж авсан нь дээр байх.
Манай хүмүүс мэдээлэл, мэдлэгтэй болсон. Энэ хууль, бодлогыг та бүхэн маш сайн хийж чадна. ТББ-ын хуулиа шинэчлээд гаргах хэрэгтэй.
Сонгогдсон УИХ-ын гишүүн, аймаг, дүүрэг, хотын ИТХ-ын төлөөлөгчтэйгээ иргэний нийгмийн байгууллагууд хамгийн ойр ажиллах ёстой.
Иргэд хууль санаачлах эрхгүй гээд үлдээд байдаг. Бусад ардчилсан орнуудад иргэд сайн санаачилга гаргаад, түүн дээр нь тухайн төлөөлөгч 3-8 хүн гарын үсэг зураад авч очиж хэлэлцүүлдэг. Та бүхэн маш сайн хууль санаачлаад, хэлэлцүүлсээр байгаад УИХ-ын 3 гишүүний гарын үсэг авлаа гэж бодъё. Тэр гурав "Би дэмжлээ, үүнийг би аваад оръё” гээд цаашаа авч очдог. Тэгвэл тэр хууль хамгийн амьдралтай болно. Иргэний санаачлагад ээлтэй, иргэний байгууллагад ээлтэй гишүүн болно. Энэ чиглэлээр та бүхэн их сайн ажиллаарай. Ажиллах боломжтой шүү.
Иргэний нийгэм амжилттай байхын тулд зайлшгүй нэг хууль хэрэгтэй. Тэр нь Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль. Сая энэ хуулийг санаачлаад оруулсан. Харамсалтай нь энэ хууль явсангүй. Манай улс төрийн амьдрал одоо юу болсон бэ гэхээр ардчилсан нийгэмд байдаг, иргэний нийгэмд байдаг улс төрийн амьдралаас салчихсан. Улс төрийг бид зөвхөн улс төрийн нам хийдэг гэж ойлгодог. Намд тэр улс төрийг хэн хийж байна вэ гэхээр намын удирдлага, удирдлагыг тойрсон хэсэг хүний асуудал болдог. Нам дотроо хэдэн хүн сонгогддог. Тэр сонгогдсон хүмүүсийн асуудал болоод байгаа юм. Ингээд Монгол Улс бүхэлдээ хаягдаад байгаа. Монгол Улс одоо хулгана толгойтой, заан биетэй нийгэм болоод байгаа. Хамгийн том биеэ хаяад хэсэг хүний шийдэл болж хувираад байгаа юм.
Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх гэдгийн цаана иргэд санал асуулга хийдэг, иргэд орон нутагтаа асуудал санаачилж шийдүүлдэг, иргэд улс төрийн асуудал шийдүүлдэг маш өргөн боломжууд байгаа. Энэ талаар дахиад хуулийн танилцуулга явуулна. УИХ дээрээс буцсан нь зөв байж магадгүй. Та нар нэг сайн хэлэлцэх хэрэгтэй. Энд нэмж саналууд оруулах хэрэгтэй.
Би хувьдаа Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хууль гарахгүй бол Монголд нийгмийн зөрчил, өнөөдрийн яригдаж байгаа асуудлууд их буруугаар шийдэгдэх магадлалтай. Харин энэ хууль гарах юм бол зөвөөр шийдэгдээд, энэ хоёрын хооронд уялдаа бий болно.
Заавал нэг хэсэг нь хэрэггүй гээд, түүнийг авч хаяад, бид гараад шийднэ гээд дахиад явах байх. Энэ нь эргээд ард түмэндээ, иргэддээ хэрэгтэй биш байгаа нь харагдаж байгаа. Тулгамдсан асуудлыг шийдвэр гаргадаг хүмүүс олж хараад, механизмаа оруулж шийдүүлэх хэрэгтэй. Иргэдийнхээ улс төрөөр илэрдэг оролцоог хангаж өгөх хэрэгтэй. Тэнд маш чухал хуулийн заалтууд байгаа. Монголын нөхцөлд асуудлыг ингэж шийдэхээс өөр аргагүй байгаа шүү.
Иргэнээсээ ангид, улсаасаа ангид Монголын улстөрчдийн давхарга гэдэг давхарга бий болчихлоо. Үүнийгээ яаж уяж өгөх вэ гэхээр иргэддээ улс төрийн эрхийг тавьж өгч байж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгож байж энэ асуудлыг шийдэх боломжтой. Өөр нэг зүйл бол улс төрийн түвшинд Хариуцлагын тухай хууль хэрэгтэй. Сонгогдсон, томилогдсон албан тушаалтан эрх мэдэлд хүрэхээрээ хариуцлага хүлээдэггүй тогтолцоо Монголд хорин хэдэн жил явлаа. Үүнийг шийдье. Тийм учраас тэр хуулийг оруулсан. Хариуцлага гэж хүн бүхэн ярьж байгаа. Ярьдаг юм бол Хариуцлагын тухай хуулиа батал гэж хэлж байгаа.
Мөн иргэний нийгмийн үндэсний байгууллагын чадавхийг бэхжүүлэх асуудал их чухал гэж бодож байгаа. Үүний цаана иргэний байгууллагаа санхүүжүүлэх, дэмжих, хөгжүүлэх бодлогууд чухал. ТББ-уудаа шинэчлэхтэй холбоотой асуудлууд бий. Энэ чиглэлд 3 багц хууль бид ярьдаг байсан. Иргэний байгууллагын тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай, Нийтэд тустай үйл ажиллагааны тухай гэсэн 3 хууль хэрэгтэй гэж бид ярьдаг.
Уг нь төслүүд нь бэлэн болсон. Сайн явахгүй байгаа. Эндээс энэ төслүүд гарах байх аа гэж бодож байна.
Төгсгөлд нь Монголын иргэний байгууллагын хувь заяа та бүхнээс их шалтгаална. Дахиад та бүхэн дээр ачаа ирнэ. Та бүхэн яаж ажиллахаас шалтгаална. Ерөөсөө Монголын нийгмийн хөгжил дэвшил иргэний нийгмийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаална. Монголын сайн сайхан бол иргэний байгууллагаасаа шалтгаална. Тэгэхээр ямар том ачаа, ямар чухал үүрэг ирж байгааг та бүхэн харж байгаа.
Жил бүхэн чуулганаа хийж, тодорхой сэдэв сонгож, тэр жилийнхээ үйл ажиллагааг тодорхойлж ажилладаг үндэсний сүлжээтэй болсон нь Монголын баялаг юм. Энэ бол манай нийгмийн баялаг. Үүнийг Ерөнхийлөгч нь, УИХ нь, засаг нь бүгдээрээ дэмжиж, улам цаашаа хөгжүүлэх хэрэгтэй. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Чуулганд оролцсон НҮБ-ын ХАС-гийн суурин төлөөлөгч Наоми Китахара Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг санаачлан батлуулахад ихээхэн зүтгэл гаргасанд нь болон иргэний нийгмийн байгууллагуудад тусалж дэмждэгт нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23063
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих