1710 оны үед хангай нутгийн Хамар дайчин гэгч эр даялан явах үедээ онгон зэрлэг байгальтай, ан амьтан элбэгтэй, хүн огт суурьшаагүй, зэлүүд бөглүү нэгэн газрыг нээн илрүүлж, улмаар тэрхүү сайхан нутагт суурьшихаар шийджээ. Улмаар баруун тийшээ Өөлд нутгийг зорин тэндээс гэр бүлтэй болж гэнэ. Өрх тусгаарласан Хамар дайчинд хадам эцэг, эх тавин өрх айлыг өмч болгон өгчээ. Тэд тавин өрх айлаа өөрсдийн нутагт нүүлгэн авчраад, Аж богд уулынхойд биеэр суурьшуулжээ. Дараа нь Хамар дайчин өөрийн төрсөн нутаг, эцэг эхээ зорив. Хүүдээ тохиолдсон явдал, ахуй амьдралынх талаар сонссон эцэг эх нь түүнд зуун өрх тасалж өгчээ. Ингээд эцэг эхийн өмчлөн өгсөн зуун өрхийг мөн уулнаа нүүлгэн авчирчээ. Ингэж аглаг зэлүүд Аж богд уулнаа амьдрал өрнөж эхэлсэн аж.
Энэ цагт Аж богд уулын урд үзүүрийн нэгэн агуйд хорь орчим хоньтой, нэгэн хятад эр ганцаараа амьдардаг байв. Түүний нэрийг Цу-Ян гэдэг байж. Тэрээр Аж богд ууланд амьдрахаар ирсэн хүмүүстэй танилцан, улмаар хамтдаа амьдрах болов. Энэ үед Монгол, Хятад хүмүүс бие биенийхээ яриаг ойлгохгүй учир тэр хятадыг Ажаа гэж авгайлах болжээ.
Он жил улиран одох тусам хүмүүсийн хэл яриа хөгжиж, хятадыг авгайлдаг Ажаа нэрэн дээр Богд гэдэг үгийг залгаж Аж богд гэдэг нэрийг үүссэн түүхтэй. Хамар дайчин гэдэг хүн хурц үгтэй, уран цэцэн үг яриатай нэгэн байжээ. Зуун тавин айлыхаа тавийг нь Ар хөшөө гэдэг газраас хойш, зуун өрхийг нь урь биеэр нутаглуулсан ажээ. Өөрөө дунд хэсэг Хөшөө хэмээх газар амьдардаг байжээ. Нэгэн удаа зуун тавин өрх айл нь их хэмжээний найр хийж, Хамар дайчинг хошуу ноёнд өргөмжилжээ. Уг найран дээр Хамар дайчин "Нарийн зай” гэдэг дууг өөрөө зохиож дуулсан гэдэг.
Нарийн зайн чинь эхнээс нь
Нарийхан шиг шархлаараа /шаргал морь-өөлдөөр/ мэхүүлнэ /давхина-өөлдөөр/
Насан бага чамтайгаа
Насан бага чамтайгаа
Найрлаж суух минь бахтай
Хөшөөтийн чинь эхнээс
Хөөрхөн шиг шархалаараа мэхүүлнэ
Хөвөөжүүлээн /гэнэн бага-өөлдөөр/ үгүй чамтайгаа
Хөвнөж /ярьж-өөлд/ суух минь ч бахтай
Дархамтайн чинь эхнээс
Дааган халиунаараа мэхүүлнэ
Даамайжаан үгүй чамтайгаа
Даварч/хэтэрч/ суух минь бахтай
Дуунд гарч буй Хөшөөт, Дархан ламт гэдэг нэртэй газрууд одоо ч тус суманд бий. Мөн хамар дайчны Өөлдөд эхнэр авахдаа зохион дуулсан "Зүлэг сайт тал” гэдэг дуу байдаг ажээ. Өөлд Тавингийнхан цэнхэр дээл, Зунчивынхан цагаан чисчүү дээл өмсдөг байжээ. Өөлд Тавингийнхан одоогийн Алтай сумын Бадрал, Баянцагаан баг, Зунчивынхан нь одоогийн Уртын баг юм гэдэг. Уулын урд үзүүрт байх 100 гаруй метр урт том агуйг амьдарч байсан Хятадын нэрээр Цу-Ян гэж нэрлэжээ.
*Аж богд-Тавилангийн нуруу нь Алтайн нурууны том салбар уулс юм. Тэдгээр улс, Аж богд, Тавилангийн нуруу хэмээххоёр хэсгээс тогтоно. Барууун хойд хэсгийг Аж богд гэнэ. Аж богдын оргил нь далайн түвшнээс дээш 3566 метр Их хойт юм. Урт нь 150 км, өргөн нь 60 км. Аж Богдын өврөөр Ажийн хэмээх цэлгэр тал үргэлжилнэ. Их шар хөтөлийн даваагаар Алаг нуурын хөндий рүү тэр сүрлэг нурууны үзүүр хошууран орсон байдаг. Эвэр хуурмагт боржин, асмалжин гэх мэт гүний чулуулаг, хувирмал занар, элсэн чулуу гэх мэт хурдас чулуулгаас тогтсон уул юм. Болор, молрын илэрцтэй. Аргаль, янгир, ирвэс, хар сүүлт, зээр, чоно, үнэг гэх мэт амьтад элбэгтэй. Уулт хээрийн ба говь хээрийн ургамалтай.1949 онд энэ уулнаас олдсон "Аж богд”нь монголоос олдсон чулуун болон дицет солир юм. Том солир нь 910 кг жинтэй. "Аж богд-2” дицет төмөр солир нь Аж богд уулнаа одоогоос 140 гаруй жилийн өмнө унасан бөгөөд 582.2 кг жинтэй, 70 см урт ба одоо Үндэсний түүхийн музейд бий. Зургийг Д.Энхтайван
Аж нутгийн нэрээр нэрлэгдсэн бор ааруул нь яах аргагүй нэрийн хуудас нь болсон алдартай идээ билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23072
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих