Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахар болоод байгаа билээ. Хэдийгээр уг хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн сахилга баттай болохоос авахуулаад эдийн засагт нийт 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орж ирэх нь таатай мэдээлэл ч гэлээ аливаа улс орон хүнд байдалд орсон үедээ л авдаг хөтөлбөр юм. Тиймээс энэ хөтөлбөрийг тэгтэл сайшаах шаардлагагүй бөгөөд хамгийн гол нь улс орныг ингэж дор оруулсан хүмүүст хариуцлага тооцох асуудлыг мартаж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр санууллаа. Тэрбээр өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр энэ талаар маш тодорхой байр суурь илэрхийлсэн юм.
Тодруулбал, тэрбээр "Яагаад ийм байдалд орчихсныг бүгдээрээ дор бүрнээ нэг бодоорой. ОУВС-гийн хөтөлбөрт орно гэдэг нэг их сайхан зүйл биш. ОУВС сайхан аврагч ч биш. Нөгөө талдаа гадаадын хөрөнгө оруулагч буюу зөвхөн эрх ашгийн төлөө явж байгаа хөрөнгө оруулалт бол монголын ард түмний төлөө биш байдаг гэдгийг мартаж болохгүй. Ч.Улаан гишүүн сая Оюутолгойн үр өгөөжийн талаар ярилаа. Манай монголын нэртэй улс төрч нэгэн цагт "Үүнээс хойш өдөр болгон гурван сая ам.доллар Монгол Улсын эдийн засагт ашиг болж орж ирнэ” гэж хэлж байсан.
Тухайн үед бид алга ташаад л баталж байсан. Бас нэг Ерөнхйи сайд маань Дубайд гарын үсэг зураад "Монгол Улс хөрөнгө оруулагчдад нээлттэй болж, хөрөнгө оруулалт тэрбум тэрбумаар орж ирнэ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр бахь байдгаараа л байна. Бид ийм тогтолцоогоо цуцлах хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэдэг маань Монгол Улсад орох орлогоо бид гаднын банкаар дамжуулна л гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс боломжоо алдаад , хөрөнгө оруулагчид барьцаа чангаруулсаар ирсэн эмгэнэлтэй дүр зураг харагдаад байх юм. Өнгөрснөас авах сургамж бол ердөө энэ. Монгол хүн эх орондоо эзэн болох хэрэгтэй. Үндэсний баялгаа өөрсдөө захиран зарцуулах эрхтэй. Эцсийн эцэст бидний олхиогүй, өөдгүй, арчаагүй байдал энэ шүү дээ. Үүн дээр гаднынхан тоглолт хийж байна, үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. ОУВС-гийн хөтөлбөрт ороод сайн сайхан болчихдог ч юм биш. Ийм байдалд оруулсан хүмүүс, улс төрийн нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна. Засгийн газраас үүнийг нэхмээр байна. Саяын сонгуулиар ард түмэн үүнийг л нэхсэн. Хариуцлага хаана байна, Хууль зүйн сайд аа” гэсэн юм. Үргэлжлүүлэн тэрбээр АН-ынхан шиг итгэл алдаж болохгүй гэдгийг намын нөхдөдөө буюу Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын удирдлагуудад ч сануулсан юм.
"Ард түмний итгэл алдарсан, одоо биднийх алдрах гэж байна. Гэхдээ бид эцсийн удаа итгэж байна. Одоо та бүхэн минь нэг олигтойхон байгаарай. Хэрэгтэй хэрэггүй авлига, албан тушаалын хэрэгт бүү орооцолдоорой. Ийм хүнд үед жинхэнэ эх оронч сэтгэл зүрх гаргаарай. Болсон болоогүй концесс тендерээс холхон байгаарай. Энэ хүнд нөхцөлийг чин үнэнчээр авч гарах хариуцлага үүрсэн гэдгээ ойлгоорой” гэсэн юм. Үнэндээ өнгөрсөн дөрвөн жилд АН засгийн эрх барих үедээ хариуцлага гээч зүйлийг уланд гишгэсэн, тэр ч утгаараа төрийн бүх шатанд авлига, албан тушаалын хямрал нүүрлэсэн гэдгийг өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тэр бүү хэл, төрийн толгойд байсан томчууд нь өнөөдөр "аавын хаалга” татах дээрээ тулчихаад яваа. Ийм учраас Ж.Энхбаяр гишүүн засгийн эрхэнд гарсан намынхны АН-ын муу түүхийг давтахгүй байх талаар сануулсан юм.
Цаашилбал тэрбээр, мөн л АН-ынхны өмнөх алдааг давтахгүй байх талаар "Засгийн газар төдийгүй орон нутагт ялсан хүмүүст уриалах хэрэгтэй. Ард түмний итгэл рүү ус цацсан жижиг алдаа чинь том улс төр болж хувирна гэдгийг онцгой анхаараарай. Ард түмэн дэндүү их итгэсэн. Одоо ч дахин итгэж байх шиг байна. Энэ итгэлийг бид нар төлөөлүүлж та нарт зөвшөөрч байгаа юм. Онцгой хариуцлага, нөхцөл байдал үүслээ гэдгийг дандаа санаж бодож яваарай. Монгол Улсын заяа буян Монголын ард түмнийг ивээх байлгүй гэж найдаж байна” гэсэн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=23597
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих