Урд зүгээс нэгэн шар могой Монголыг зорин иржээ. Тэр могой аварга биетэй бөгөөд наранд гялалзсан сайхан шар хайрстай. Бас уурлахаараа цав цагаан өнгөтэй болдог. Энэ могой алс холын тэр нутгаас Монголыг зорьсны учир юу юм бол доо. Гүн цэнхэр далай, өндөр уулсыг даван хүний нутгаас монголын талд юуны учир ингэж их хөлс хөдөлмөр гарган ирэв.
Учирыг өгүүлбээс энэхүү могой нэгэн шулмын зараалаар иржээ. Түүнийг өмнөд нутгийн нэгэн хар уулын шулам илбэдсэн бөгөөд Монголд байгаа нэгэн бүсгүйг хорлуулахаар явуулжээ. Ингээд могой явсаар байгаад монголын хилээр давж орж ирлээ. Уулын оройгоор гулсах түүний биеийг алсаас ч харж болохоор тийм сүртэй могой байв. Могой урд төрөлдөө нэгэн хааны хатны үнэнч туслах байсан бөгөөд түүнтэй үй зайгүй найзууд байжээ. Хатан өглөө бүр могойгоо эрхлүүлэн тоглож цэцэрлэгт хамт зугаалан могой ч өндөр өндөр моддыг сүлжин хатныг зугаацуулдаг байжээ.
Хаан тэрхүү могойг зулзага байхад нь алсын аян дайнд мордож ирэхдээ бэлэг болгон авчирч өгчээ. Хааныг нэгэн удаа аян дайнд явсан хойгуур хатанд хор уулган түүнд атаархаж явдаг бага хатан нь хорлосон байв. Энэхүү мэдээг сонсоод хаан маш ихээр гуниглаж хөөрхий хатныг хамгаалж чадсангүй гэж могойг хэдэн хэсэг тасчин хаяжээ. Могой ч эзнээ алдсандаа маш их гунигласан бөгөөд өөрийгөө маш ихээр буруутгажээ. Харин хатан дараа төрөлдөө монголын нэгэн жирийн айлын охин болон төрсөн бөгөөд тэрээр урд насныхаа амьдралыг огтхон ч санадаггүй байлаа.
Гэхдээ хатныг үхэхэд нь нэг зөнч түүнийг хүүгийнхээ хүү болон мэндэлж гурав дахь үедээ эргэн ирж хаан ширээг залгамжилна гэж айлджээ. Энэ тухай сонссон бага хатан хэдий хүүгээ хаан болгож бүх эрх мэдлийг аваад байсан ч дараа төрөлдөө эргэн ирж өшөөгөө авах хатныг цагаас нь эрт үхүүлж өөр төрөлд шилжүүлэхийг хүсчээ. Энэхүү хүслээ хар уулын шуламд харуй бүрийгээр очиж хэлснээр тэд хэлэлцэн тохирч таван хэсэг тасчуулсан шар могойг далайн гүнээс олж бүтэн болгож тарнидаад тэрхүү гүнжийн араас нэхүүлэхээр болжээ. Ингээд амь орсон шар могой ачлал энэрлийг нь санан шулмын хүслийг биелүүлж тэрхүү охиныг алахаар ийнхүү Монголын нутагт ирсэн нь энэ ажээ. Могой амсхийн Богд уулын энгэрт хэвтэж байв. Богд уулын савдаг хангарьди харь холоос ирсэн энэ аварга могойг хараад учрыг мэдэж эзэнд нь дохио өгөхөөр нэгэн зүүдийг илгээжээ. Тэр шөнө охины ээж нэг том шар могойг зүүдэлсэн бөгөөд охиныг нь чиглэн явааг олж харжээ. Айсандаа яахаа мэдэхээ байсан ээж нь энэ муухай зүүднийхээ учрыг асуухаар нэгэн үзмэрч дээр очлоо.
Үзмэрч 41 чулуугаа татаж үзээд, охинд чинь аюул ойрхон байгаа нь харагдаж байна. Амь насанд нь ч халтай юм байна. Хамгаалалт хийж зүүх хэрэгтэй гээд нэгэн толийг өгчээ. Үүнийг байнга зүүж яваарай ерөөсөө биеэсээ салгаж болохгүй шүү гэжээ. Тэгээд тэр удган "Охинд чинь элдэв хий юм харагдаж зүүд нойр нь эвгүйтээд байвал над дээр дагуулж ирээрэй” гэжээ.
Ээж нь охин дээрээ ирж нөгөө толийг өгөхөд охин ихэд гайхаж
-Би энэ толиор яах юмбэ хүүхдүүд шоолно ш дээ, би ерөөсөө ийм юм зүүж чадахгүй ээ гэж цаараглаж гэнэ. Яадаг ч байсан охин минь зүүх хэрэгтэй. Ээж нь ойрд муухай зүүд зүүдлээд байна. Миний охин зүүчих л дээ, цамцныхаа цаагуур зүүчихгүй юу даа гэхэд охин ээжийнхээ сэтгэлийг бодоод зүүгээд ажилдаа явлаа. Гэвч ширээний ард тольдож суугаад нөгөө толио гэнэт санан аваад шургуулгандаа хийчихэв. Хүмүүс юу гэж бодох юм билээ, шал балай юм мухар сүсэг гэж тэрээр боджээ. Ингээд орой ажлаа тараад гэртээ харилаа. Ээж нь охиноо толио зүүгээгүй байгааг хараад бурхан минь чи яагаад толио зүүгээгүй юм бэ гэхэд
-Өө би авч тавиад мартчихаж гээд өрөө рүүгээ тоомжиргүйхэн явж оров.
Ээж нь санамсаргүй цонхоороо харвал хашаан дотор нь аварга том шар могой мушигралдан явж байлаа. Сандарсандаа утсаа шүүрч аван нөгөө удган руу утасдлаа. Та нэг хүрээд ирээч би сая аварга том могой хашаан дотор маань явж байхыг харлаа. Охин минь таны өгсөн толийг ажил дээрээ орхиод ирчихсэн байна гэхэд
За би одоо яваад очъё, би ч гэсэн тэр аварга могойг харж байна гэж тэрээр хэлэв.
Ингээд удган ирж тэднийд нэгэн зан үйл үйлдэхээр боллоо. Бүхий л онгод тэнгэрүүдээ дуудан энэхүү могойг яаж буцааж явуулах вэ гэж хэлэлцэж гэнээ. Удалгүй охинд нэгэн рашаан өгөхөд тэрээр ухаан нь балартан унаад өгөв. Охиныг зөөлөн дэвсгэр дээр хэвтүүллээ. Тэгээд удалгүй удган зан үйлийнхээ дунд хэсэгт нь "За одоо хаалгаа онгойлго” гэж хэлэв. Байшингийн хаалгийг онгойлгоход удалгүй гаднаас том шар могой гулсан орж ирлээ. Гэрт байсан хүмүүс айдаст автаж байхад удган тоосон шинжгүй
Битгий айж сандар, энэ охин энэ могой хоёр бие биенээ таних учиртай, тэд урьд насныхаа дотно харилцаа холбоог санах ёстой, тэгж чадвал охин аврагдаж могой ч эндээс явах болно гэж хэлэв . Могой орж ирэн орчин тойрноо ажиглан гэр дотор нь аяархан гулсан байснаа охиныг олж харан түүн дээр маш хурдан очлоо. Тэгснээ охины царайг харан нэг юм санасан бололтой эргэлзэн тойрон эргэлдэж байгаад түүний зүрхэн дээр толгойгоо тавин ямар нэг юм чагнах мэт удаан байв. Урдах амьдарлаа санасан бололтой могойн нүднээс том том нулимс бөмбөрөв. Тэгээд охиныг биеэрээ ороон яг л эх нь үрээ хайрлан тэврэх мэт өөртөө наагаад хацарт нь хацраа хүргэн хайр дүүрэн харцаар ширтлээ. Ингээд могой өмнөх төрлөө санаж охин ч аюулгүй болж. Тэр могой тэгээд буцаж явсангүй. Богд ууланд үүрээ засан охиныг үхэн үхтэл нь хамгаалж үлдэхээр болжээ. Охин ч өмнөх төрлөө санаж түүнтэй дотносож Богд ууланд очин шар могойтойгоо эрхлэн тоглох болжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих