Тэр үед ...Арлын годгор чөтгөр
Азийн ноён болох гэж
Бузар дайныг хийгээд
Бут үсрэн сөнөлөө... гэдэг үгтэй шүлгийг хүүхэд бүхэн "Миний хэнз хурга”-наасаа ч илүү уншдаг, хүн бүхэн мэддэг байлаа. Тэр үед гарч байсан "Матар” сэтгүүлд шогчлон зурснаар л япон гэдгийг төсөөлж нэг их айхтар араа шүдээ хүртэл зэвсэглэсэн атигар чөтгөр шиг хүмүүс зэгс хулс шиг олуулаа манай нутаг руу дайрахаар нь Дандар баатар алаг морьтойгоо дайран орж дэрсэн толгойг нь тас тас сэлэмдээд хаячихсан юм байна гэж бодож байлаа. Энэ бол миний уураг тархинд бичигдсэн Японы тухай анхны ойлголт.
Тэгээд ч Халхын голын дайнд оролцож явсан одон тэмдэг гялалзуулсан хүдэр хөх өвгөдийг харахаар үлгэрийн баатрууд шиг санагдах... Хүүхэд бидний дунд Халхын голын дайн тулалдааны тухай ялангуяа Дандар баатрын тухай хэн нь зохиосон юм бүү мэд, зөндөө домог яригдах...
Алаг морьтой Дандар баатрыг цэргүүдээ хамаандлан дайсны зүг дайран ороход сэлэм нь сэнс шиг эргэн дайсны сум сэлмэнд нь тусч жин жин хийн ойдог суманд оногддоггүй баатар байсан юм гэх шиг. Дандар баатрын сэлмэнд өртсөн дайсны толгой бөндөс бөндөс өнхөрч байсан юм гэнэлээ ч гэх шиг. Түүнийг хорхойсон сонссон манай үеийн хэдэн жаахан юмнууд бүгдээрээ л Дандар баатар болж тоглож модон сэлмээрээ мөн ч олон дайсны толгойг тас цавчин хаясан даа. Бидний сэлмэнд өртсөн муусайн самурай болох өвс бутны толгой морин шарилж модны навчис өршөөх болтугай хөөрхийсийг.
Хүүхэд насанд юу эс мөрөөдөхөв. Тэр үед төрсөн би Дандар баатрын хороонд орж муусайн самурай нартай нэгийгээ үзэх байсан юм гэж хүртэл боддог байлаа. Харин 60-аад оны сүүлээр Японы "Зуурдын сэтгэл” гэдэг кино манай Ховд аймагт анх гарлаа. Япон залуусын хайр сэтгэлийн тухай кино сан. Нэг их сайхан охин харваас өөдгүй царайтай хөгшин хар юманд дурлаад тэр нь олны хөлөөс далд Япон тэнгисийн эрэг дээр аваачин үнсэж үлгэж байгаа явдал гардаг. Амьдралдаа анх удаа эр эм хүмүүсийн тэврэлдэж, үнсэлцэж үнгэлцэж байгааг кино хальснаас харж байгаа маань тэр. Энэ киног бидний хэдэн сөөсгөр юм мөн ч олон үзсэн дээ. Тэгээд ч тэр киноны дууг сурчихсан "Япон тэнгисийн эрэг дээр янаг хоёр уулзаж ээ...” гээд бараг л гадаа гэртгүй ганганаж гунганаж явдаг байлаа. Тэгэхэд миний сэтгэлд байсан япон хүний тухай төсөөлөл аяндаа өөрчлөгдөн тэр нэгэн хөөрхөн япон охиныг хайрлах сэтгэл төрсөн юм. Урлаг ийм агуу бөлгөө. Ингээд нас бие тэгширч эрийн цээнд хүрэх үед армид алба хаахаар татагдан ардын армийн 021 дүгээр анги буюу Маршил Чойбалсангийн нэрэмжит Барилгын цэргийн тавдугаар батальонд хуваарилагдан ирвэл ангийн маань захирагч хэн байсан гээч...
Нөгөө алдарт Дандар бaатрын дайчин нөхөр эх оронч хурандаа П.Чогдон байлаа. 1969 онд шүү дээ. Түүнээс гадна намын дарга нь Тоомсог Цэнд гэж нүд хөмсөг нь дурайсан ганган хурандаа, хүнсний албаны дарга нь Ж.Лхагвасүрэн генералын ихэр Ж.Зундуй, штабын дарга Цэрэнжамц гээд бүгд л Халхын голд япончуудтай нүдэлдэж явсан мундаг хүмүүс байх. Эд нарын дайн тулаанд оролцож явснаа дурсан ярьсан яриа одоо миний сэтгэлд тодхон санагдаж байна. Ялангуяа Чогдон хурандаагийн ярьсан хилийн харуулд арвуулаа явж байгаад гэнэт дайсны хороо цэрэгтэй тулгарч, нэгийгээ ар тал руу хэл хүргүүлэхээр явуулж есүүлээ хүч тэнцвэргүй тулалдаан орж, эцсийн сумаа дуустал тулалдаад дайсны хүчинд дийлдэн бүслэгдсэн тухай. Тэгээд бүгдээрээ дайсанд амьдаараа баригдахгүй гэж тангараглан сүүлчийн тамхиа хувааж татаад элсэн манханд нуун далдалж хэвтүүлсэн мориндоо ухасхийн мордож бүслэлтийг зад дайран гарсан тухай ярихад нүдэнд минь дайны талбар харагдаж хамарт утааны үнэр цоргих шиг болдог сон.
Ж.Лхагваүрэн генералтай усны дусал шиг адилхан нэгэн хошууч хүнсний албаны даргаар томилогдон ирсэн нь Ж.Зундуй моёор байлаа. Хүмүүсийн шивэр авир гэх нь нэлээд өндөр албанаас хусуулаад цол тушаал буурч гулсаж байгаа нөхөр гэнэ. Ангийн захирагч байхдаа нэг удаа Лхагвасүрэн генералыг анги хороо дээр нь ирэхэд анги хороогоо нэгтгэлгүй "Манай дүү манайд ирэх байх...” гээд гэртээ хоол цай хийж байгаад буруутсан ч гэх. Ер нь хөөрхөн паян сонсогдоно. Харин Халхын голын дайнд япончуудтай сайхан нүдэлдэж явсан дайчин эр. Салаатайгаа дайсанд бүслэгдээд нэг ч хохирлгүй бүслэлтээс эсэн мэнд гарч ирсэн гавьяа нь домог болон яригддаг юм. Энэ тухай өөрөөс нь асуухад газрын бартаа шөнийн харанхуйг ашиглаад гарчихсан юм аа. Харин манай салааныхан Японы цэргийн том цолтой гахай шиг бүдүүн нэг даргыг олзлон явч билээ. Өөрөө явж өгдөггүй эсэргүүцээд байхаар нь аманд нь алчуур чихчихээд чирээд явахаар хүнд жигтэйхэн. Бас мөрөөрөө байхгүй тийчилж ноцолдож чимээ гаргачих гээд болдоггүй. Тэгээд аргагүй л амыг нь бариулсан даа гэх мэт зөндөө юмыг хонинд яваад ирэхдээ үзсэн харснаа хүүрнэх шиг энгийн ярих. Дээдэст зусаргүй, доодост халгаагүй цэрэг нөхөддөө үнэн ч шулуун шудрага ёстой л жинхэнэ дайчин эр байсан юм билээ.
Тэгээд би самурайн тухай ... Бүүвэйн дуутай өлгий нутаг руу минь
Буу шагайж ирсэн самуурайд
Бүргэдийн зоригтой монгол эрс
Алганы амт үзүүлсэн юм аа.
Нэрээ марттал нь нам цохиод
Гэр нутагт нь хөөсөн юм аа.
Самуурай минь дээ. Самуурай минь
Ард Монголын дайчин эрсийн
Алганы амтыг нэг сана
Алаг морьтой Дандар баатраас
Шанаа авснаа ч битгий март... гэж шүлэг хүртэл бичиж байлаа.. 1990-ээд он гартал би нэг иймэрхүү л...
Энэ бүхнийг улиглан нуршихын учир гэвэл өнөөдөр би хөгшинтэйгөө Хирошимад сурч байгаа хүүхдүүдийнхээ урилгаар "Арлын годгор чөтгөр”- ийн нутаг руу нисч байгаад бөлгөө.
Өгүүлэх нь, бидний суусан онгоц Японы Нарита олон улсын нисэх онгоцны буудалд Монголын цагаар 17 цагийн үед газардахад орог саарал манантай бүүдгэр өдөр байлаа. Чухам хаана юу байгаа нь үл мэдэгдэх нэг л их онгоц хөөрсөн буусан олон хөлийн газар юм аа. Онгоц маань явгалсан галуу шиг газраар гүйсээр бараг цаг шахам явж байж сая л нэг юм зорчигчидоо буулгадах талбайд ирэв бололтой. Их л том талбайтай юм аа. Манай Чингис хаан буудлаас хэд дахин том юм аа даа гэж би бодож байлаа. Ингээд олноо даган бичиг баримтаа шалгуулан зорчигчдын танхимд орвол тосох хүн маань ч ирсэн байна. Япон оронд анх ирж байгаа болохоор үзсэн харсан юм бүхэн сонин содон. Тэр их бужигнасан олон хүмүүс хоорондоо мөргөлдөж харгалдаж хэрэлдэж хэмхэлдсэн юм ер алга. Ирэх буцах хүмүүс урсдаг шатаар дээшээ доошоо нэгэн зүг голын урсгал шиг хөврөн одох... Бүх юм нь цахим сүлжээнд холбогдсон бололтой. Энд тэнд тасалбар авах дараалалд шахцалдаж хараал ерөөл тавьсан хүн ер алга. Бүгдээрээ л намуухан болоод яаруу түргэн гүйлдэн одох нь буман шоргоолж бужигнах мэт.
Би Монголын цагаан сарын өмнөхөн очсон юмсан. Үр хүүхдүүд дээрээ очиж байгаа юм болохоор бас яаж хоосон байх вэ? Цагаан сарын ууц шүүсний мах, гавжийн дугуй энэ тэр хийчихсэн. Хэрдээ л хүндхэн ачаатай явлаа. Буудал дээр шалгадаг. Мах, хиам нөөшлөсөн хүнс энэ тэр гээд манай монголчуудын зөөдөг элдэв идэх уух юмыг хураагаад авчихдаг энэ тэр гэсэн яриа байсан тул яадаг бол хэмээн хулчийж зогстол аз болоход мэнд гарлаа. Ачаа барааг минь нэг их шалгасангүй юу эсвэл завсрын нэг хий таараад гарчихсан уу бүү мэд. Харин надтай хамт явсан хоёр эмэгтэй авч явсан жаахан мах хиам юмаа хуу хураалгаж өнөөгийн залуусын хэлдгээр шатчихаад уур бухимдал болсоор гарч ирлээ.
Хоорондоо ярилцах нь нэг хөөрхөн бээлийн чинээ бор хав хажуугаар нь гүйгээд ирэхээр ямар хөөрхөн нохой вэ гээд эрхлүүлж идэж байсан боов боорцогноосоо өгсөн юмсанж. Тэгтэл нөгөө хав нь ачаа баглаан нь үнэрлэн гүйж явснаа дээр суучихаад учиргүй хуцаж гэнэ. Гэтэл хоёр хянагч ирээд сав баглааг нь уудалж хамаг юмыг нь хураагаад авчихжээ. Мань хоёрын эрхлүүлээд өхөөрдөөд байсан нөгөө бяцхан хав нь жинхэнэ гаальчин үнэрч нохой нь байсан юмсанж. Тэрүүгээр явсан гайг энүүгээр дуудна гэдэг л болж дээ. Ер нь тэгээд энэ их идэх уух юм элбэгтэй газар руу тэндээс баахан юм чирч ирээд энд ингэж үйл тамаа эдэлж байх ямар хэрэг байна аа. Ер нь дахиад ирэхдээ зүгээр л хэдэн халтар төгрөг өвөрлөж санаа амар ирэх юм хуна гэж би бодож байлаа.
Ингээд тосож авсан хүүхдээ даган Нарита буудлаас галт тэргэнд суун хөдөлж хоёр цаг орчим давхиад Токио орж тэндээсээ унаа сэлгэн хурдны галт тэргэнд суун Хирошимагийн зүг мордлоо. Биднийг суулгаж өгсөн оюутан хүүхэд үлдэж бид хоёр хоёулхнаа цааш зорчих болсон тул газар мэдэхгүй мунгинуу дээр монголчуудын хэлдгээр ёстой л нөгөө "хэлгүй хоёр дада” дотроо жаахан айдастай хөдөллөө дөө.
Бид хоёрын чирч яваа хоёр цүнхийг үүдний хонгилд нэг тавцан дээр тавьчихсан тул би хэн нэг нь дэлсчих бий гэж санаа зовон байн байн босч эргэж харж явлаа. Энэ маань илүү зан болох нь төдхөн анзаарагдлаа. Завсрын буудал дээр зогсоход суусан буусан хүмүүс хоёр цүнхгийг минь юман чинээ тоож харахгүй байгаа нь илт харагдана. Бидний суусан хурдны галт тэрэг маань завсрын буудлууд дэрээрээ минут секундын ч зөрөөгүй зогсон хурдалсаар Хирошимад ирж зогсоход хүүхдүүд маань хүлээж байлаа.
Ийнхүү талын монголын хүү би арлын энэ оронд сар гаруй боллоо доо. Мэдээж хамгийн түрүүн атомын бөмбөг унасан газар нь очиж, музейг нь үзлээ. Үнэндээ зарим үзмэрийг нь нүд халтираад харж чадсангүй. Энэ тухай хүмүүс сайн мэдэх тул нэг их нуршаад яах вэ ? гэвч сонсох нүдээрээ үзэх хоёр үнэхээр тэнгэр газар шиг ялгаатай юм байна.
Тэр өглөөний найман цаг 15 минутад бөмбөг дэлбэрэхэд хот бүхэлдээ сүйдсэн боловч тухай үеийн худалдааны төв байсан ганц барилгын хана туурга бетон тоосгоор барьсан байсан тул нэг юм сэрийж үлдэж. Одоо тэр барилга халуун тамын дурсгал болон яг тэр хэвээрээ байна. Музейд сандлын олбогны чинээ тос нэвчсэн гэмээр хар бараан толботой ширээний тавцан хэрийн том саарал чулуу байна. Энэ нь яг тэр өглөө банк онгойхыг хүлээгээд үүднийх нь чулуун сандал дээр сууж байсан хүн. Бөмбөгөнд өртөж шатаж хайлаад улаадсан чулуунд уусан нэвчээд модон хавтсанд ууссан лааны тос шиг болоод байгаа нь энэ гэнэ. Харахад байтугай сонсоход аймаар.
За тэгээд тэр хэдэн мянган градусын халуунд шатаж хуйхарсан айж сандарч хүмүүс голруугаа харайлдан ороход гол нь буцалж байсан байдаг. Энд 170 гаруй мянган хүн бөмбөгдөлтөнд нас барж, цацраг туяа болон бусад хор хөнөөлөөс болж 100 гаруй мянган хөгшид өвгөд хүүхэд голдуу хүмүүс хорвоог орхисон аймшиг түүх энд байна. Харин Клод Изерли нарын амеркийн хоёр нисгэгчийн нэг нь бөмбөг хаяж байхад нөгөө нь зураг аваад явж байсан гээд боддоо. Тэр тухай ярих аа больё.
Харин хот тосгон нь хүн байтугай чөтгөр тогтохын аргагүй болчихоод байхад хирошимачууд амиа бодож хотоо орхиод зугатаж явсангүй. Амь насаа огоорон үхэн хатан тэмцэлдэж байгаад хотынхоо атомын бөмбөг цацраг туяаны хор хөнөөлийг арилган дахин шинэ сайхан хот босгоод авчээ.
Одоо тэнд зөвхөн түүх л үлдэж. Бөмбөг унасан газар нь эртний япон хийцийн сүрлэн ч юм уу модон ч юм уу гэмээр барилгын хийц загвартай хөшөө байна. Хажууд нь мөнхийн гал асна. Түүний архан талд цаасан шувууны дурсгалын цогцолбор Садако охины хөшөө байна.
Тэнд очиход аргагүй л Явуугийн Энхээгийн Цаасан шувууны тухай дуу "Зуун түмэн шувуу хийвэл ямар ч өвчнөөс ангижрана гэж зургаан тивийн хүүхэд бүхэн япон охинд захидал илгээжээ” хэмээн чихэнд сонсогдох биш зүрхэнд урсан орж ирж байлаа. Үнэхээр тэнд зургаан тивийн хүүхдүүдийн япон охинд илгээсэн зуун мянган цаасан шувуу байна. Дэлхий даяар амгалан тайван байхыг хүсч зургаан тивийн хүүхдүүдийн нисгэсэн цаасан шувууд энд далавчаа дэвэн дэвэн нисэн бууж байх мэт сэтгэл төрнө. Тэгээд би дэвтэр дээрээ
Америкийн нисгэгчид Хирошима голын энэ гүүрээр баримжаалан бөмбөг хаяжээ. Миний ард атомын бөмбөгдөлтөөс арай бүтэн үлдсэн ганц барилга болох олон улсын худалдааны төвийн байшингийн туурь
Тэнд Хирошимад атомын бөмбөг дэлбэрэхэд тэнгэр нурж, газар доргиж далай тэнгис буцалж байсан байна. Дүрэлзэн их галд шатсан чулуу нурам болж, нурман дундаас хүмүүс харин өндийн босч хөшөө болсон байна. Тэр хөшөө цоргисон их галд шатаж шаналсан хүмүүс юм Даргисан их голд үйж дүйсэн амьдрал юм.
Үргэлжлэл бий.
Нямжавын СҮХДОРЖ
/МЗЭ-ийн шагналт зохиолч яруу найрагч/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих